| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00250/и |
| Дугаар | 282 |
| Огноо | 2017-03-30 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 282
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 10 дугаар баг, 3-12 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ76031915, Булгадар овогтой Баяраагийн Алтаншоогийн нэжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом политехник коллежид холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 1.519.686 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтаншоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь боловсролын байгууллагад 19 дэх жилдээ, Увс аймгийн Улаангом политехник коллежийн сургалтын албаны менежерийн албан тушаалд 2013 оноос хойш томилогдон ажиллаж байгаад Улаангом политехник коллежийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/33 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн юм. Намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг миний бие үндэслэлгүй гэж үзэн шүүхэд хандсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаангом политехник коллежийн шинээр томилогдсон захирал Э.Балжинням надтай харилцан зөвшилцөж, тохиолцсоноор Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 31 дүгээр шүүгчийн захирамжаар бидний эвлэрлийг баталж, хэргийг шийдвэрлэсэн юм. Ингэснээр би Улаангом политехник коллежийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаар хуучин ажилдаа буцаж орсон. Иймд Улаангом политехник коллежоос миний 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг дуустлах хугацаанд буюу ажилгүй байсан хугацааны цалинд нийт 1.519.686 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Балжинням шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Увс аймгийн Улаангом Политехник коллежийн сургалтын албаны менежер Б.Алтаншоогийн нэхэмжлэлтэй танилцаж ажилгүй байсан хугацааны цалин 1.519.686 төгрөг, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэж өгөхийг зөвшөөрч харилцан тохиролцов” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Алтаншоо шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежийн захирал Э.Балжиннямын хариу тайлбартай танилцлаа. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтаншоо нь хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежид холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 1.519.686 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч Б.Алтаншоо хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь дээрх үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Алтаншоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39.265 төгрөгөөс 19.632,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 19.632,5 төгрөгийг, хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежээс 19.632,5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Алтаншоод олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллеж нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 1.519.686 /нэг сая таван зуун арван есөн мянга зургаан зуун наян зургаа/ төгрөгийг төлөх, мөн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхээр нэхэмжлэгч Б.Алтаншоогийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Алтаншоогийн тэмдэгтийн хураамжид төлсөн 39.265 /гучин есөн мянга хоёр зуун жаран таван/ төгрөгөөс 19.632,5 /арван есөн мянга зургаан зуун гучин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 19.632,5 /арван есөн мянга зургаан зуун гучин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Увс аймгийн Улаангом политехник коллежээс 19.632,5 /арван есөн мянга зургаан зуун гучин хоёр төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Алтаншоод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА