Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/363

 

 

 

 

 

 

 

2021       05          27                                      2021/ШЦТ/363

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,                                              

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Ц.Д-, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Ц.Д-ад холбогдох эрүүгийн 2109000000593 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ... тоотод түр оршин суух, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн /РД: ... / ... овогт ... Ц.Д- нь:

 

- 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6-53 тоот хашаанд байсан хохирогч Ц.Баасанжавын 3 сартай Монгол банхрын гөлгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 9 /

 

Хохирогч Ц.Баасанжав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ..2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн үед гэртээ нохойндоо хоол чанаад гарч ирэх хооронд 3 сартай монгол банхар нохой алга болсон байсан. Тэгээд 102-т дуудлага өгөхөд удалгүй цагдаа нар ирсэн. Сүхбаатар дүүргийн 6 дугаар гудамжны камер шүүхэд манай хашааны үүднээс улаан куртиктэй нэг залуу манай нохойг дуудахад нохой хашаанаас гарч ирмэгц дагуулаад явсан. Би хоббигоороо монгол банхар үржүүлдэг. Монголын нохой судлалын холбооноос 2020 онд үржлийн эрх, гэрчилгээ авсан. Алдсан нохой албан ёсны гэрчилгээ болон микро чип, удмын бичигтэй. Хүмүүст 500.000 төгрөгийн үнээр зардаг. Одоо нохойгоо олсон болохоор гомдол саналгүй гэжээ. / хх 20-21 /

 

Хохирогч Ц.Баасанжавд “Улаан халтар өнгийн 3 сартай Монгол банхар нохойн гөлгийг” хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 11 /

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Бичлэг нь 31 секундын бичлэг байх ба дээгүүрээ цайвар өнгийн саравчтай малгай өмссөн улаан хүрэн өнгийн хүрэмтэй эрэгтэй ганцаараа байх ба уг хашааны харалдаа гудамжинд байгаа цагаан өнгийн машины хажууд зогсож байгаад гудамжны шавхай тойрон очиж уг хашааны хаалгыг онгойлгоход жижиг нохойн гөлөг гарч ирэхэд тэвэрч аваад гүйж хашааны булан тойрч байгаа бичлэг байв” гэжээ. / хх 15 /

 

Гэрч Г.Сүхболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 15 цагийн үед Ц.Д- улаан хүрэн өнгийн куртик, шар малгай, хар өмдтэй манайд ирээд 16 цагийн үед манайхаас гарч явсан. Тэгээд цагдаа нар ирээд Ц.Д-ын зургийг үзүүлээд энэ залуу хаана гэж асуухаар нь би зааж өгсөн гэжээ. / хх 29 /

 

Гэрч Д.Лхагва мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тухайн өдөр хөл хориотой гэртээ байж байтал хашааны хаалга дуугараад нохой хуцсан. Гараад хартал манай хажуугийн айлын Ц.Д- нэг нохойн гөлөг хөтөлсөн орж ирээд “Танай хашаанд түр уячихъя” гэж хэлээд уяад явсан. Удаагүй цагдаа нар орж ирээд нохойг аваад явсан гэжээ. / хх 32 /

 

“Дамно” ХХК-ний хулгайд алдагдсан 3 сартай Монгол банхарын гөлгийг 350.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний №СБ2-21-289 дугаар тайлан / хх 39 /

 

Яллагдагч Ц.Д- мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр найз Сүхболдын гэрт очиж хамт нүүрсэнд явсан. Тэгэхэд айлын хашаанд Монгол банхар нохойн гөлөг байхыг харсан. Сүхболдын гэрт нүүрсийг нь аваачиж өгөөд буцаж явах замдаа нөгөө хашаанаас гөлгийг нь аваад гэр рүүгээ явсан. Тэгээд гөлгөө хажуу айлын Лхагвын хашаанд уясан гэжээ. / хх 6-7 /

 

Шүүгдэгч Ц.Д-аас 2021 оны 05 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 6-7 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 46 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Ц.Д- нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6-53 тоот хашаанд байсан хохирогч Ц.Баасанжавын 3 сартай Монгол банхрын гөлгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:   ...Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх 9 /,    ...Монгол банхар нохойн гөлгөө хулгайд алдаж гудамжны камер шүүлгэхэд манай хашааны үүднээс улаан куртиктэй нэг залуу манай нохойг дуудахад нохой хашаанаас гарч ирмэгц дагуулаад явсан байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Баасанжавын мэдүүлэг / хх 20-21 /,    ...Хохирогч Ц.Баасанжавд “Улаан халтар өнгийн 3 сартай Монгол банхар нохойн гөлгийг” хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 11 /,   ...Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Бичлэгт саравчтай малгай өмссөн улаан хүрэн өнгийн хүрэмтэй эрэгтэй гудамжны шавхай тойрон очиж уг хашааны хаалгыг онгойлгоход жижиг нохойн гөлөг гарч ирэхэд тэвэрч аваад гүйж хашааны булан тойрч байгаа бичлэг байв” гэжээ. / хх 15 /,     ...Тухайн өдөр Ц.Д- улаан хүрэн өнгийн куртик, шар малгай, хар өмдтэй манайд ирээд 16 цагийн үед манайхаас гарч явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Сүхболдын мэдүүлэг / хх 29 /, ...Хажуугийн айлын Ц.Д- манай хашаанд нэг нохойн гөлөг хөтөлсөн орж ирээд уяад гарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Лхагвын мэдүүлэг / хх 32 /,    ...“Дамно” ХХК-ний хулгайд алдагдсан 3 сартай Монгол гөлгийг 350.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний №СБ2-21-289 дугаар тайлан / хх 39 /,      ...Тухайн айлын хашаанаас гөлгийг нь аваад гэр рүүгээ явсан. Гөлгөө хажуу талын Лхагвагийн хашаанд уясан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ц.Д-ын мэдүүлэг / хх 6-7 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Д-ад ял шийтгэл оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Д- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогч Ц.Баасанжавд нохойн гөлгийг буцаан өгч / хх 11 /, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-г журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил үүрэг гүйцэтгэх, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, хохирогч Ц.Баасанжав нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй / хх 69 / гэх тул Ц.Д- нь бусад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт Ц.Д-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2.2, 2.3, 2.5-д зааснаар дээрх хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш сидиг хэрэгт хавсаргаж, Ц.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 7.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Ц.Д- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ц.Д-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Ц.Д-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ