Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 286

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамжны 25-д байрлах, улсын бүртгэлийн 9016001011, регистрийн 2693321 дугаартай, Хаан банкны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-15 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ80102112, Борлууд овогтой Сайнжаргалын Сүхбаатар,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 8-15 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ81030482, Тайж овогтой Гангаагийн Пүрэвсүрэн нарт холбогдох,

       Зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.881.880,79 төгрөг, зээлийн хүү 1.708.519,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.280,67 төгрөг, нотариатын төлбөр 22.000 төгрөг, нийт 14.647.680,79 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны  1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайнжаргал, хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Хаан банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Ж.Сайнбилэг шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар нь 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хаан банкны Увс салбараас ЗГ/4932 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 25.000.000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 13-23-Б тоотод байрлах, 1000 м.кв талбай бүхий газар, уг газар дээр байрлах 28 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн хамт, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, Ж.Бэгзжавын хашааны доод талын 3 тал, 843.2 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байрлах, 860.9 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутагт байрлах хадлангийн зориулалттай 30 га газар, 8 ханатай, эсгий бүрээстэй, битүү шалтай Монгол гэр, өнгөт зурагт, хөлдөөгч, хөргөгч, угаагч, гэрийн тавилга, УВ32744 улсын дугаартай, улаан өнгийн Хурд маркийн мотоцикль, эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материал, 2 адуу, 3 үхэр, 48 хонь, 35 ямаа зэргийг тус тус барьцаалсан.  Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.3.1, 5.2.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 12.118.119,21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8.362.900,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 68.027,97 төгрөг, нийт 20.549.047,43 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй 222 хоног хугацаа хэтэрсэн, мөн банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 5.2.16-т заасан үүргээ биелүүлээгүй тул банкнаас 2016 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдөр зээлийг төлөх мэдэгдлийг хүргүүлсэн боловч гэртээ байгаагүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд банк шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ/4932 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.881.880,79 төгрөг, зээлийн хүү 1.708.519,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.280,67 төгрөг, нотариатын төлбөр 22.000 төгрөг, нийт 14.647.680,79 төгрөгийг гаргуулах, зээл төлөгдөхгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан хөрөнгөө болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулж, зээлийг төлүүлж өгнө үү. ... Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд хүү болон нэмэгдүүлсэн хүү 665.551 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү ” гэжээ.

        Хариуцагч Г.Пүрэвсүрэн, С.Сүхбаатар нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хаан банкнаас нэхэмжилсэн нийт 15.313.232 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин зээлийн барьцаанд тавьсан эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмж нь муудаж, дахин ашиглах боломжгүй болсон, тухайн үед барьцаалж байсан бараа материал нь байхгүй, мөн 88 тооны мал зуданд бүгд үрэгдсэн. Ачааны автомашин нь галд өртөж үгүй болсон зэрэг асуудал байгаа шүү гэдгийг хэлье. Би энэ мөнгийг төлж чадахгүй ч гэсэн бусад барьцаа буюу үл хөдлөх эд хөрөнгөө зарж борлуулаад ч гэсэн төлнө. Түүнд миний хөрөнгө хангалттай хүрнэ” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Хаан банк нь хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлах, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.881.880,79 төгрөг, зээлийн хүү 1.708.519,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35.280,67 төгрөг, нотариатын төлбөр 22.000 төгрөг, нийт 14.647.680,79 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн тус шүүхэд гаргажээ.

         Зээлдэгч буюу хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар Хаан банктай 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/4932 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 25.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй зээлж авсан байх ба мөн өдрийн “Барьцааны гэрээ”-ээр зээлийн барьцаанд: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 13-23-Б тоотод байрлах, 1000 м.кв талбай бүхий газар /улсын бүртгэлийн Г-1520001516, гэрчилгээний 000047582 дугаартай/, уг газар дээр байрлах 28 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн хамт /улсын бүртгэлийн Ү-1520002576, гэрчилгээний 000061659 дугаартай/, УВА 42-47 улсын дугаартай, Исузи маркийн цэнхэр өнгийн, аралын NPR66L7424365 дугаартай ачааны автомашин,  8 ханатай, эсгий бүрээстэй, битүү шалтай Монгол гэр, өнгөт зурагт, хөлдөөгч, хөргөгч, угаагч, гэрийн тавилга, УВ32744 улсын дугаартай, улаан өнгийн Хурд маркийн мотоцикль, эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материал, 2 адуу, 3 үхэр, 48 хонь, 35 ямаа зэргийг барьцаалсан байна.

         Түүнчлэн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/6340-1 тоот “Зээлийн гэрээ” байгуулан, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/4932 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2 сараар сунгасан байх ба мөн өдрийн БГҮХХ/6340-1 тоот “Барьцааны гэрээ” байгуулан, зээлийн барьцаанд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 13-23-Б тоотод байрлах, 1000 м.кв талбай бүхий газар, уг газар дээр байрлах 28 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн хамт, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, Ж.Бэгзжавын хашааны доод талын 3 тал, 843.2 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, мөн хаягт байрлах, 860.9 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутагт байрлах хадлангийн зориулалттай 30 га газар, 8 ханатай, эсгий бүрээстэй, битүү шалтай Монгол гэр, өнгөт зурагт, хөлдөөгч, хөргөгч, угаагч, гэрийн тавилга, УВ32744 улсын дугаартай, улаан өнгийн Хурд маркийн мотоцикль, эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материал, 2 адуу, 3 үхэр, 48 хонь, 35 ямаа зэргийг тус тус барьцаалжээ.

          Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т  заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээлдэгч нарын тайлбар зэргээр нотлогдож байх тул Хаан банк гэрээг цуцалж, хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн гэрээг цуцалснаас учирсан хохирол тус тус нэхэмжлэх эрхтэй байна.

         Хариуцагч нар Хаан банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал нийт 15.313.232 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.

        Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/4932 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдрийн БГҮХХ/4932 тоот “Барьцааны гэрээ”, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/6340-1 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдрийн БГҮХХ/6340-1 тоот “Барьцааны гэрээ”-г тус тус цуцалж, хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.881.880,79 төгрөг, зээлийн хүү 1.708.519,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 700.832,06 төгрөг, нотариатын төлбөр 22.000 төгрөг, нийт 15.313.232 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгож шийдвэрлэлээ.  

        Түүнчлэн хариуцагч нар сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 13-23-Б тоотод байрлах, 1000 м.кв талбай бүхий газар /улсын бүртгэлийн Г-1520001516, гэрчилгээний 000047582 дугаартай/, уг газар дээр байрлах 28 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн хамт /улсын бүртгэлийн Ү-1520002576, гэрчилгээний 000061659 дугаартай/, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, Ж.Бэгзжавын хашааны доод талын 3 тал, 843.2 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар /улсын бүртгэлийн Г-1520002996, гэрчилгээний 000285813 дугаартай/, мөн хаягт байрлах, 860.9 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар /улсын бүртгэлийн Г-1520002997, гэрчилгээний 000285814 дугаартай/, Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутагт байрлах хадлангийн зориулалттай 30 га газар /гэрчилгээний дугаар 000490018/, 8 ханатай, эсгий бүрээстэй, битүү шалтай Монгол гэр, өнгөт зурагт, хөлдөөгч, хөргөгч, угаагч, гэрийн тавилга, УВ32744 улсын дугаартай, улаан өнгийн Хурд маркийн мотоцикль, эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материал, 2 адуу, 3 үхэр, 48 хонь, 35 ямаа зэргээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

     Харин нэхэмжлэгч “зээлдэгчийн бусад эд хөрөнгөөс зээлийн төлбөрийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хариуцагч Г.Пүрэвсүрэн, С.Сүхбаатар нар зээлийн барьцаанд тавьснаас өөр ямар бусад эд хөрөнгөтэй болох талаар нотлох баримт хэрэгт ирүүлээгүй байна.  

         Нөгөө талаар, нэхэмжлэгч Хаан банк, хариуцагч Г.Пүрэвсүрэн, С.Сүхбаатар нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдахдаа банкны зүгээс тэднийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангах боломжтой үнийн дүн бүхий эд хөрөнгийг барьцаалан авсан нь дээрх гэрээнүүдээс тогтоогдож байгаа бөгөөд гэрээгээр тохиролцоогүй, Г.Пүрэвсүрэн, С.Сүхбаатар нарын зээлийн барьцаанд барьцаалаагүй “бусад эд хөрөнгө”-өөс шүүх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

         Хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нар “Зээлийн барьцаанд тавьсан эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмж нь муудаж, дахин ашиглах боломжгүй болсон, тухайн үед барьцаалж байсан бараа материал нь байхгүй, мөн 88 тооны мал зуданд бүгд үрэгдсэн. Ачааны автомашин нь галд өртөж үгүй болсон” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар мөн хариуцагч нар нотолсон баримтаа ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251.713 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нараас 251.713 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.   

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ЗГ/4932 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдрийн БГҮХХ/4932 тоот “Барьцааны гэрээ”, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/6340-1 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдрийн БГҮХХ/6340-1 тоот “Барьцааны гэрээ”-г тус тус цуцалж, хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.881.880,79 төгрөг, зээлийн хүү 1.708.519,33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 700.832,06 төгрөг, нотариатын төлбөр 22.000 төгрөг, нийт 15.313.232 /арван таван сая гурван зуун арван гурван мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

        2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нарын зээлийн барьцаанд тавьсан Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 13-23-Б тоотод байрлах, 1000 м.кв талбай бүхий газар /улсын бүртгэлийн Г-1520001516, гэрчилгээний 000047582 дугаартай/, уг газар дээр байрлах 28 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн хамт /улсын бүртгэлийн Ү-1520002576, гэрчилгээний 000061659 дугаартай/, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, Ж.Бэгзжавын хашааны доод талын 3 тал, 843.2 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар /улсын бүртгэлийн Г-1520002996, гэрчилгээний 000285813 дугаартай/, мөн хаягт байрлах, 860.9 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар /улсын бүртгэлийн Г-1520002997, гэрчилгээний 000285814 дугаартай/, Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутагт байрлах хадлангийн зориулалттай 30 га газар /гэрчилгээний дугаар 000490018/, 8 ханатай, эсгий бүрээстэй, битүү шалтай Монгол гэр, өнгөт зурагт, хөлдөөгч, хөргөгч, угаагч, гэрийн тавилга, УВ32744 улсын дугаартай, улаан өнгийн Хурд маркийн мотоцикль, эсгийний үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материал, 2 адуу, 3 үхэр, 48 хонь, 35 ямаа зэрэг үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “бусад эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251.713 /хоёр зуун тавин нэгэн мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Сүхбаатар, Г.Пүрэвсүрэн нараас 251.713 /хоёр зуун тавин нэгэн мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкинд олгосугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.ГЭРЭЛТУЯА