Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 20

 

П.Б , Ш.Э , Х.М  нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2017/0121/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                          

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                               Н.Анхбаяр

           Шүүгдэгч                                                П.Б , Ш.Э ,  Х.М

           Шүүгдэгч нарын өмгөөлөгч                  Д.Оюунчимэг   

           Хохирогч                 Д.Түвшинбаяр, Д.Оюунцэцэг, С.Итгэлтөгс /онлайнаар/

           Нарийн бичгийн дарга                          С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 114 дүгээр захирамжтай П.Б , Ш.Э , Х.М  нарт холбогдох 201706000034 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Б.Батхишигийн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , урьд ял шийтгэлгүй, Д овогт П. Б .

Монгол Улсын иргэн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Т овогт Ш.Э .

Монгол Улсын иргэн, , 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , урьд ял шийтгэлгүй, Бовогт Х.М .

 Шүүгдэгч П.Б  нь Булган аймгийн Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Пуужинтай хөшөө” гэх газарт 2017 оны 01 дүгээр сарын 19-ний сарын 18 цаг 30 минутын орчимд Х.М ын эзэмшлийн Даевоо маркийн 94-25 ОРО улсын дугаартай автомашиныг жолоодож яваад тоормосны хийн даралтын гуурс нь салж асфальтан зам дээр зайлшгүй зогсолт хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.7-д заасан заалтыг зөрчин тээврийн хэрэгслээ зорчих хэсгээс бүрэн гаргалгүй зогсож байхад нь Улаанбаатар хотоос Булган аймгийн Рашаант сумын чиглэлд явж байсан Estima маркийн 47-42 УБА улсын дугаартай автомашин араас нь мөргөн улмаар Т.Сарантуяагийн жолоодон явсан Lexus 570 маркийн 12-96 УНҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас Б.И , Н.Б , М.Г нарын амь насыг хохироосон,

шүүгдэгч Х.М  нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрчээр “...2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагийн үед Улаанбаатар хот Эмээлтийн цэгээс Өвөрхангай аймгийн Баянтээг сум руу нүүрс ачих ажлаар Ш.Э , Б  нарын хамтаар би өөрийн машинаа бариад явж байсан юм...” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

шүүгдэгч Ш.Э  2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрчээр “...Х.М ын эзэмшлийн машинтай явсан, өөрөө машинаа байнга барьж явсан. Бид хоёрын зүгээс огт машин бариагүй ...” гэж мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 114 дүгээр захирамжаар:

  Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан П.Б , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш.Э , Х.М  нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч П.Б , Х.М  нарт авсан хувийн батгалгаа гаргах, шүүгдэгч Ш.Э ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Батхишиг эсэргүүцэлдээ:

“... Эрүүгийн 201706000034 дугаартай П.Б , Ш.Э , Х.М  нарт холбогдох хэргийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд Тээврийн Прокурорын газраас Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжинд заасан хэрхэн гүйцэтгэж ажиллагаа хийсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэснийг зөрчиж хэргийг ирүүлсэн байх тул дээрхи ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг Тээврийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 33.1 дүгээр зүйлийн 6, 33.3 дугаар зүйлийн 1.3, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн Захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр эсэргүүцэл бичих нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

П.Б  нарт холбогдох эрүүгийн 201706000034 дугаартай хэрэг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн 229 дугаартай захирамжаар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Тээврийн прокурорын газарт ирүүлсэн хэргийг прокурор хянаад хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгүүлэхгүйгээр Ш.Э ын Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгэгдсэн 2017 оны 10 дугаар сарын  03-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолыг хэрэгт хавсаргаж 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг хүргүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл эрүүгийн 201706000034 дугаартай П.Б , Ш.Э , Х.М  нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдээгүй, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 130 дугаартай яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д зааснаар яллагдагч П.Б , Ш.Э , Х.М  нарт 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 114 дугаартай шүүгчийн захирамжийн тэмдэглэх хэсэгт “...Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн...” гэж хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Б  нарт холбогдох эрүүгийн 201706000034 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 210 дугаарт бүртгэн дардас даран хүлээж аваад яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамж гаргасан атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдврлэх тухай хуулийн 33.1 дэх хэсгийн 6-д заасан “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх ” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь хуулийг буруу хэрэглэсэн байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 114 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Анхбаяр дүгнэлтдээ: “… Прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна  ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Анхан шатны шүүх П.Б , Ш.Э , Х.М  нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр Прокурорын буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

            Учир нь: Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 229 дугаартай захирамжаар яллагдагч Ш.Э т холбогдох 201714000351 дугаартай эрүүгийн хэргийг П.Б , Ш.Э , Х.М  нарт холбогдох 201706000034 дугаартай хэрэгт нэгтгэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэх үндэслэлээр хэргийг Тээврийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Тээврийн Прокурорын газар нь дээрх хэрэгт Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хуулбар үнэн тэмдэг дарсан боловч огноогүй/-ыг хавсарган хэргийг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлжээ.

Хэргийн оролцогч хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргах эрхтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан “...хэргийн газарт дахин үзлэг хийлгэх, ... дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах...” хүсэлт /хх 187/,

мөн хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэнгийн гаргасан “...Вишн Фанд ББСБ-ыг иргэний хариуцагчаар татаж өгнө үү...” гэх хүсэлт /хх 193, 196/-үүдийг шийдвэрлэлгүй орхигдуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1-д заасныг зөрчсөн байна.

Мөн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д заасан ажиллагааг хийж гүйцэтгээгүйн улмаас өмгөөлөгч нарын хуулиар олгогдсон эрх зөрчигдөх үндэслэл болжээ.

Түүнээс гадна шүүгдэгч Ш.Э  нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 294 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө 201706000034 дугаартай хэрэгт холбогдсон байх бөгөөд түүнд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял шийтгэл оногдуулж болохгүй.

Иймд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны зарчимд нийцүүлэн түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх зайлшгүй шаардлагатай, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам болон оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон, түүнчлэн дээрх асуудлаар оролцогч гомдол, хүсэлт гаргасан тохиолдолд анхан шатны шүүх хуралдаанаар дээрх гомдол, хүсэлтийг шийдвэрлэж болно.

Харин шүүгчийн захирамжинд Эрүүгийн хуулийн холбогдох хэсгийг буруу бичсэн байх тул прокурорын эсэргүүцэлд дурьдсан энэ хэсгийг хүлээн авч хуулийн заалтыг зөвтгөж, прокурорын эсэргүүцлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 114 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын “...2.1...” гэснийг “... 4.2...” гэж өөрчилж, захирамжлах хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцэлд дурьдагдсан “ ...хуулийн заалтыг буруу бичсэн...” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч П.Б , Ш.Э , Х.М  нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                               ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           С.УРАНЧИМЭГ                        

              ШҮҮГЧ                                                               С.ЦЭЦЭГМАА

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ё.БЯМБАЦЭРЭН