Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 1158

 

 

 

 

 

 

 

 

 

С.Баянхангайн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00563 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Баянхангайн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Тээвэр хөгжлийн банк” ХХК-д холбогдох

 

Нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 60 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Еркебулан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Болдбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сүрэнхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь банк, санхүүгийн мэргэжилтэй бөгөөд сүүлийн 15 жилийн хугацаанд арилжааны банкны салбарт тасралтгүй ажилласан. 2013 онд Хадгаламж банкны дэд захирлаар ажиллаж байх үед Тээвэр хөгжлийн банкны тухайн үеийн хувьцаа эзэмшигч нарын зүгээс тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллах саналыг удаа дараа тавьсан. Уг хүсэлтийн дагуу 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Тээвэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллах болсон. С.Баянхангай Тээвэр хөгжлийн банкинд ажиллаж байх хугацаандаа ажлын хариуцлага болон сахилгын шийтгэл авч байгаагүй. Тээвэр хөгжлийн банкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэж ажиллаж байсан. С.Баянхангайд дараах нөхцөлийг санал болгож ажилд авсан байдаг. Үүнд: орон сууцны зээлийн асуудлыг шийдвэрлэх, унах машины нөхцөл боломжоор хангах, өмнө ажиллаж байсан байгууллагад авч байсан цалингийн хэмжээнээс дордуулахгүйгээр цалин, хөлс олгох зэрэг боломжийг амлаж байсан. Хэрвээ ажил олгогчийн санаачлагаар С.Баянхангайг ямар нэгэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохолдолд 1 сарын өмнө мэдэгдэх, мөн үүний дараа 1 жилийн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох талаар талууд тохиролцсон. 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3 дахь хэсэгт ажилтан болон ажил олгогчийн санаачлагаар эсхүл хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, ТУЗ шинэчлэн байгуулагдсан гэх зэрэг ямар нэгэн шалтгаанаар ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор талууд хатуу тохиролцсон. Мөн уг гэрээнд төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байдаг. Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 25-ны 02 тоот тогтоолоор гүйцэтгэх захирал С.Баянхангайг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэдэг үндэслэлээр С.Баянхангайг ажлаас чөлөөлсөн. Уг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд тэтгэмж олгох талаар гэрээний 10.3 дахь хэсэгт заасан бөгөөд үүнд тус гэрээг 10-р зүйлийн 10.1-10.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгож байгаа тохиолдолд гүйцэтгэх захиралд 1 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажил олгогчоос 1 сарын хугацаанд олгоно гэж заасан. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон уг тэтгэмжийг олгох талаар Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан н.Энхтайван гэдэг хүнд бичгээр хандаж өргөдөл гаргасан байдаг. Уг хүсэлтийг хүлээж авсан боловч хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.Баянхангай нь Тээвэр хөгжлийн банкинд ажиллах хугацаанд анх 10 000 000 төгрөгийн цалин авч байсан бол сүүлд өөрчлөлт оруулж 5 000 000 төгрөгийн цалин авдаг болсон. Тиймээс сүүлд авч байсан цалин болох 5 000 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнийг 1 жилийн хугацаагаар тооцож 60 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сүрэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баянхангай нь Тээвэр хөгжлийн банк ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгэх захирлаар томилогдсон байдаг. Ажил үүргийн төлөвлөгөө, зорилгыг батлуулж, хөлслөгдөн ажиллаж байсан. Ямар байгууллагад ажиллаж байгаа гэдэг онцлогоос хамаарч Тээвэр хөгжлийн банк ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулж, хөгжлүүлнэ гэсэн амлалтыг өгсөн байдаг. Гэхдээ Монголбанкнаас тавьсан шаардлагыг хангаж ажиллаж чадаагүй байдаг. Өнөөдөр нэхэмжлэгч С.Баянхангай уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй боловч ёс суртахууны хувьд гаргах эрхгүй байсан. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд тухайн үед С.Баянхангайг урьж ажиллуулсан хөрөнгө оруулагч нар амлалт өгч, хэрвээ хөдөлмөрийн гэрээ дуусгавар болвол 1 жилийн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 60 000 000 төгрөгийг олгох талаар тохиролцоо хийсэн нь үнэн. Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа С.Баянхангай нь Тээвэр хөгжлийн банктай удаа дараа уулзаж, тохиролцох талаар уулзаж байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч үнэн байдалтай нийцэхгүй байна. Учир нь банкны зүгээс уулзах талаар удаа дараа хүсэлт тавьж байсан боловч нэхэмжлэгч өөрөө ирдэггүй байсан. Татварын тухай хууль болон нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу цалин хөлснөөс суутгах шимтгэлд тодорхой хэмжээний мөнгийг суутгадаг. Тийм учраас 60 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. С.Баянхангай нь энэ талаар ямар хүнтэй тохиролцсон, тэр хүнээсээ уг мөнгийг авах нь зүйтэй гэж бодож байна. Тийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

    Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.-д заасныг баримтлан хариуцагч Тээвэр хөгжлийн банк ХХК-иас 60 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баянхангайд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 457 950 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэрлэжээ.

 

                Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ нь ямар төрлийн гэрээ болох талаар зөв үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагч нар нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр шинэчлэгдэн, улмаар 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүрэн шинэчлэгдэн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон гүйцэтгэх захирал шинээр томилогдсон болно.С.Баянхангай нь гэрээний дагуу хүлээсэн ажил үүргээ маш хангалтгүй биелүүлсэн бөгөөд арилжааны банкны үйл ажиллагаанд хуулийн дагуу хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгдөг Монголбанкнаас удаа дараа шалгаж, Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагааг нь хангалтгүй байна хэмээн үнэлсэн. Өөрөөр хэлбэл С.Баянхангайг гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үед өгсөн албан ёсны үнэлгээ юм. Эдгээр нотлох баримтыг шүүх зохих ёсоор үнэлж, хуульд нийцсэн бодитой шийдвэр гаргаагүй тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэг цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч С.Баянхангай нь хариуцагч “Тээвэр хөгжлийн банк” ХХК-д холбогдуулан нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 60 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

            Хариуцагч “Тээвэр хөгжлийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд нэхэмжлэгч С.Баянхангай нь 2013 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс томилогдон ажиллаж, 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр чөлөөлөгдсөн үйл баримтын талаар талууд маргаагүй, энэ талаархи бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ. /хх-ийн 7-14 дүгээр тал/

 

Ажил олгогч Тээвэр хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол нь Банкны тухай хуулийн 31.3.2, Тээвэр хөгжлийн банкны дүрмийн 19.1.4-т заасныг удирдлага болгож, С.Баянхангайн ажилд өгсөн үнэлгээ нь хангалтгүй, түүний ажиллах хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр             ажилтан С.Баянхангайг ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 11 дүгээр тал/

 

Ажилтныг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийн нэг буюу хариуцагчийн татгалзал болох ажилтны мэргэжил, ур чадварт Монголбанкнаас өгсөн үнэлгээ хангалтгүй байсан гэх тайлбарыг анхан шатны шүүх ажилтныг ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын  албан ёсны дүгнэлт гаргаагүй тул үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн байна гэж зөв дүгнэсэн байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3-т “Тус гэрээг 10.1.1-10.1.6-д заасан үндэслэлээр дуусгавар болгож буй тохиолдолд энэ тухай гүйцэтгэх захиралд 1 сарын өмнө мэдэгдэж, 1 жилийн үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг ажил олгогчоос 1 сарын хугацаанд олгоно” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд хийсэн байна.

 

Нэхэмжлэгч С.Баянхангай нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халагдсаны тэтгэмжийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

 

Хариуцагч “Тээвэр хөгжлийн банк” ХХК нь ажилтан С.Баянхангайд хөдөлмөрийн гэрээний 10.3-т заасан тэтгэмжийг олгоогүй талаар маргаагүй, ажилтан нь сард 5 000 000 төгрөгийн үндсэн цалинтай байсан болох нь цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 13-14 дүгээр тал/

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжид 60 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                           Ц.ИЧИНХОРЛОО

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Б.НАРМАНДАХ           

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ