Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2023/0243

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн төлөөлөгч Д.Батмагнай

Нэхэмжлэгч: “Т” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын ХВ-013570, ХВ-013571 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0042 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, С.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2022/0739/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газар, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмалын хайгуулын ХВ-013570, ХВ-013571 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0042 дугаар шийдвэрээр: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6, 16 дугаар зүйлийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг баримтлан “Ашигт малтмалын хайгуулын ХВ-013570, ХВ-013571 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах” тухай “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 42 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар гомдол гаргаж байна.

3.1. Хариуцагч байгууллага 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлахад энэ тухай бидэнд огт мэдэгдээгүй буюу захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан “Захиргааны акт мэдэгдэх” үүргээ биелүүлээгүй байсан. Мөн энэ талаар талууд маргаагүй байхад шүүх маргаагүй асуудалд дүгнэлт хийсэн болно. Бид цуцалсан болохыг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч байгууллага “хуулбар үнэн” дардастай бидэнд танилцуулснаар олж мэдсэн учир энэ асуудлаар “хүндэтгэн үзэх шалтгаантай” байснаа тайлбарлаж өргөдөл гаргасан.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр нь Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.7 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын татвар бөгөөд манай компани дээр дурдсанаар татварыг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанд нь төлж чадаагүй юм. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41а дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж “эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа” зэрэг шалтгааныг ойлгохоор хуульчилжээ. Өөрөөр хэлбэл хүндэтгэн үзэх шалтгаан байвал түүнийг тайлбарлаж сэргээж болдог буюу хугацаа нь дууссан гэж өргөдөл гаргах эрхгүй шүүх үзсэн нь үндэслэлгүй байна.

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн 3 удаа 3 жилийн хугацаагаар сунгуулах эрхтэй холбоотой албан ёсны тайлбар байхгүй. Хэдий тийм ч үгийн шууд утгаар тайлбарлавал 3 удаа сунгуулахдаа 3 жилийн хугацаатай ашиглахыг ойлгоно. Өөрөөр хэлбэл 1 удаа сунгахад 3 жил ашиглахыг ойлгоно. Манай тохиолдолд нэхэмжлэгч сүүлийн 3 дахь удаагаа сунгуулахдаа 3 жилээ ашиглаж чадаагүй буюу сунгаад 1 жилийн дараа цуцалсан байдаг. Хэдий ашиглах эрх нь нэхэмжлэгчид нээлттэй хэдий ч ашиглаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан тухай тайлбарлаж, нотлох баримт гаргаж өгснийг шүүх үнэлээгүй нь үндэслэлгүй болно.

3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан баримтыг бид “хүндэтгэн үзэх шалтгаан”-ыг хүлээн авсан тохиолдолд гаргаж өгөх боломжтой. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэгт заасан “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт”-ыг эрх бүхий байгууллага баталгаажуулж, хүлээн авснаар бид өгөх боломжтой. Гэтэл бид “хүндэтгэн үзэх шалтгаантай” байсан учир хайгуулын ажил хийж, тайлан гаргаж чадаагүй. Тиймээс эрх бүхий байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт “Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна” гэж заасны дагуу авч баталгаажуулж өгөхгүй.

Харин “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай байсан өргөдлийг хүлээн авснаар бид баримтаа гарган өгч сунгуулах эсэхээ шийдүүлж, хугацаагаа сэргээлгэх боломжтой болно.

3.4. Эс үйлдэхүй нь татгалзсан шийдвэр болон огт шийдвэрлээгүй эс үйлдэхүйгээр илэрдэг бөгөөд манай тохиолдолд татгалзсан шийдвэр гарсан. Маргаан бүхий албан бичигт хугацаа хэтрүүлсэн тул өргөдлийг шийдвэрлэх боломжгүй гэсэн байдаг. Бидний хувьд хугацаа хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай тул өргөдлийг шийдвэрлэж өгөөч гэх агуулгаар өргөдөл гаргасан. Гэтэл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг үнэлж дүгнэлгүй татгалзсан нь манай байгууллагын эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа үндэслэлгүй шийдвэр байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт нэхэмжлэлийн төрлийг тодорхойлсон байдаг. Даалгах нэхэмжлэлийн зүйл нь захиргааны хууль бус татгалзал байх бөгөөд энэ нь дараах хоёр хэлбэртэй байна. Үүнд: захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй, эсхүл татгалзсан шийдвэр акт байна гэж тайлбарласан байх бөгөөд манай тохиолдлын хувьд хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлбөрөө төлж чадаагүй тул тусгай зөвшөөрлийн гэрчилгээг сунгаж өгөх талаар холбогдох захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээс татгалзсан байх тул бид татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргаж байна.

Даалгах нэхэмжлэл нь 1. Захиргааны акт гаргахаас татгалзан шийдвэр юм уу, эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон, 2. Нэхэмжлэлээр шаардаж буй захиргааны акт гаргах хангалттай үндэслэл байгаа бол үндэслэлтэй гэж үзлэг. Тус тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газар нь “Т” ХХК-ийн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас татвараа хугацаанд нь төлж чадаагүй тул тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан байх тул даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөлийг хангаж байх юм.

Энэ утгаараа “бидний хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сунгуулах өргөдлөө хугацаандаа өгөөгүй” байдлыг судлахгүйгээр сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад гаргах хугацаа дуусгавар болсон гэж шууд хүлээж авахгүй байгаа буюу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болно. Тодруулбал, нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд Ашигт малтмалын тухай хуульд заасан “хугацаа сунгуулах өргөдөл, уг өргөдлийг гаргах хугацааны талаар болон хугацаандаа гаргасан, эс гаргасан талаарх” зохицуулалтын талаар маргахгүй байна. Харин өөрт нь тохиолдсон учрал шалтгааны улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хугацаандаа гаргаж чадаагүй. Уг шалтгаан хүндэтгэн үзэх шалтгаан байсан талаар гаргасан өргөдлийг үндэслэлтэй шийдвэрлээгүй талаар маргаж байна” гэжээ.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг, Далангийн гашуун нэртэй газарт 914.81 гектар талбай, мөн сумын Зүүн далан нэртэй газарт 2,145.77 гектар талбайд тус тус ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХВ-013570, ХВ-013571 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг “Т” ХХК-д олгосон байх ба хариуцагч байгууллагаас 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл буюу нийт 3 удаа сунгасан байна.

3.1. Дээрх ашигт малтмалын хайгуулын ХВ-013570, ХВ-013571 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2020 оны ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 143 дугаар шийдвэрээр цуцалжээ.

3.2. Улмаар маргаан бүхий тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигч “Т” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 01 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх хуульд заасан хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбарлан маргасан байна.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална” гээд 56.1.2-т “тусгай зөвшөөрлийн эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан.

4.1. “Т” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХВ-013570, ХВ-013571 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2020 оны төлбөрийг төлөөгүй, хариуцагч захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлүүдийг хуульд заасан үндэслэлээр цуцалж, цуцалсантай холбоотой мэдэгдлийг нэхэмжлэгчид албан бичгээр хүргүүлсэн байх ба нэхэмжлэгчээс тухайн үед маргаагүй, 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаантай холбоотой баримт хавсаргаагүй бөгөөд захиргааны байгууллагаас хүсэлтийн хариуг хуульд заасан хугацаанд өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.2. Анхан шатны шүүхээс “... 2 жилийн өмнө цуцлагдсан тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдөл гаргах ... хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөлийг нийт 3 удаа сунгасан бөгөөд үүнээс цааш хугацаа сунгуулах хууль зүйн боломжгүй ... захиргааны байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/2875 тоот албан бичгээр “хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгсөн байх тул өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй эс үйлдэхүй гэж үзэхгүй ... 2020 оны тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй цуцлагдсаныг 2022 онд мэдсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй ... компанийн гүйцэтгэх удирдлага 2021 онд солигдсон, шинэ удирдлага нь 2022 оноос өвчтэй байсан гэх боловч төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацаанд хамааралгүй тул хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзаагүй гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасантай нийцэж байна.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 143 дугаар шийдвэрийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” 8/1969, 8/1970 дугаартай албан бичгүүдийг “Т” ХХК-ийн баталгаат хаягаар хүргүүлсэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д заасан “Захиргааны актыг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын 5 өдөр, орон нутагт ажлын 10 өдөр өнгөрсний дараа уг актыг мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэн гэж үзэхээр байна.

5.1. Түүнчлэн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэсэн тайлан, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайлан баталгаажуулах гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэдэг тул 2020-2022 оны хүртэл хоёр жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл цуцлагдсан талаар мэдээгүй гэж нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. Нэхэмжлэгчээс “Ашигт малтмалын хайгуулын ХВ-013570, ХВ-013571 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газар, Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

6.1. Гэвч “Т” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Хүсэлт гаргах” тухай 01 тоот албан бичгээр хариуцагч захиргааны байгууллагад хүсэлт гаргасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/2875 тоот албан бичгээр “... Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргах бөгөөд захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна ...” гэсэн хариуг өгчээ.

6.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ ...” гэж тус тус заасны дагуу “Т” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж, тодорхой хариу өгсөн байх тул хариуцагч захиргааны байгууллагаас эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй бөгөөд нэгэнт шийдвэрлэсэн хүсэлтийг дахин хүлээн авч шийдвэрлэхийг даалгах боломжгүй.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:                                      

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ