Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 287

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОБ63111909, Таргуд овогтой Тогтохын Алтанчимэгийн,

       Д.Эрдэнэцогтын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

        Нэхэмжлэгч Т.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Д.Эрдэнэцогт нь 1966 онд төрсөн, 51 настай. Тэрээр 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нефть баазад тасралтгүй 10 жил 6 сар ажилласан. Д Эрдэнэцогтын ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд байгаа боловч хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн тул улсад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм. Д.Эрдэнэцогтийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд, хамт ажиллаж байсан А.Ноолой, Р.Нармандах нарын хөдөлмөрийн дэвтэр зэрэг гэрчийн нотлох баримтуудыг гарган өгч байна. Иймд Д.Эрдэнэцогтийн шүүхэд өгсөн нотлох баримтыг үндэслэн 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Увс аймгийн Нефть баазад ачигч буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. ... Миний бие өндөр настай ээж Ургамалыг сахиж, эмчилгээ хийлгэж байгаа тул 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зарлагдсан улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү”  гэжээ.     

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Т.Алтанчимэг нь Д.Эрдэнэцогтын ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.

          Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 100 тоот лавлагаанд: “Увс аймгийн Нефть баазын цалинг шүүн үзэхэд Д.Эрдэнэцогттой холбоотой баримт гараагүй нь үнэн” гэсэн байх боловч хэрэгт БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Увс аймаг дахь Нефть баазын даргын 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 44 тоот “Ажилчин авч ажиллуулах тухай” тушаалд: “Нэг. Дэмбэрэл овогтой Эрдэнэцогтыг 6 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ачигч буулгагчаар авч ажиллуулсугай. Хоёр. Д.Эрдэнэцогтод төсөвт цалин бодож олгохыг ахлах ня-бо Лхамаад зөвшөөрсүгэй. Дарга Ө.Чойдон” гэж, Увс аймгийн Нефть баазын даргын 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 91 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Өөр газар шилжих болсныг үндэслэн Тушаах нь: Нэг. Ачигч буулгагчаар ажиллаж байсан Дэмбэрэл овогтой Эрдэнэцогтыг өөр газар шилжих болсон тул 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй. Хоёр. Д.Эрдэнэцогттой холбогдох тооцоо хийж дуусгахыг санхүүд зөвшөөрсүгэй. Нефть баазын дарга Х.Сайжрах” гэсэн байна.  

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Р.Нармандах, А.Ноолой нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Нармандах: “Би 1986 онд Тээврийн яамны харьяа Нефть баазад ажилд ороход Д.Эрдэнэцогт ачигч, буулгагчаар ажиллаж байсан. Надаас өмнө ажилд орсон, ажиллаж байсан ба би яг хэдэнд онд ажилд орсныг нь сайн мэдэхгүй байна. Д.Эрдэнэцогт бид нар 1986 оноос хойш 1993 он хүртэл хамт ажиллаж байсан учраас мэднэ. Д.Эрдэнэцогт бид хоёр нас цачуу, үе тэнгийн хүмүүс юмаа. Ачигч буулгагч нь бензин, тосыг ачиж буулгадаг, няравын доор ажилладаг байсан. Манай байгууллагын нэр нь 1991 онд Нефть хангамжийн газар, 1994 онд НИК хувьцаат компани болон өөрчлөгдөж байсан. Д.Эрдэнэцогт 1992 оны дуустал ажиллаад ажлаас чөлөөлөгдөж байсан. Тухайн үед манай байгуулагын даргаар Ө.Чойдон, Х.Сайжрах, н.Мажиг, Г.Баттөмөр гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч А.Ноолой: “Би 1980 онд Тээврийн яамны харьяа Увс аймгийн Нефть баазад цахилгаанчнаар ажилд орон, ажиллаж байхад Д.Эрдэнэцогт 1982 онд ачигч, буулгагчаар ажилд орж байсан. Тэр цагаас хойш нэгнээ таньж мэддэг болсон. Д.Эрдэнэцогт нь 1982 оноос 1992 оныг дуустал тухайн байгуулагад ачигч, буулгагчаар ажиллаж байсан. Би 1993 оны 7 дугаар сар хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Ачигч буулгагч гэдэг нь бензин, тосыг ачиж буулгадаг, няравын доор ажилладаг байсан юмаа. Манай байгууллагын нэр нь 1991 онд Нефть хангамжийн газар, 1994 онд НИК хувьцаат компани болон өөрчлөгдөж байсан. Тухайн үед манай байгуулагын даргаар Ө.Чойдон, Х.Сайжрах, н.Мажиг, Г.Баттөмөр гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Эрдэнэцогтын 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нефть баазад ачигч, буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэцогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бургалтай овогтой Дэмбэрэлийн Эрдэнэцогт /регистрийн дугаар ТЗ66022072/-ын 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нефть баазад ачигч, буулгагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Д.Эрдэнцогтын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА