| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00205/и |
| Дугаар | 288 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 288
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОБ63111909, Таргуд овогтой Тогтохын Алтанчимэгийн,
Г.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Алтанчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Г.Эрдэнэчимэг нь 1965 онд төрсөн, 52 настай. Тэрээр Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №49 тоот тушаалаар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад шаварчин, будагчнаар 1992 оныг дуустал 11 жил 5 сар тасралтгүй ажилласан. Г.Эрдэнэчимэгийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учир улсад ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байгаа юм. Г.Эрдэнэчимэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан Ж.Дэлэг, С.Отгон нарын хөдөлмөрийн дэвтрийг гэрчээр оролцуулахаар холбогдох нотлох баримтыг гарган өгч байна. Иймд Г.Эрдэнэчимэгийн шүүхэд өгсөн нотлох баримтыг үндэслэн 1981 оны оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 он дуустал буюу 11 жил 5 сарын хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. ... Миний бие өндөр настай ээж Ургамалыг сахиж, эмчилгээ хийлгэж байгаа тул 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зарлагдсан улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Алтанчимэг нь Г.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 87 тоот лавлагаанд: “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй нь үнэн болно” гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн боловсон хүчнээс 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Гомбосүрэнгийн Эрдэнэчимэгт олгосон 058448 тоот хөдөлмөрийн дэвтэр авагдсан байна.
Уг хөдөлмөрийн дэвтэрт: “1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн Барилгын бригадад будагчнаар ажиллуулав, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөр газар шилжих болсон тул өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлөв” гэсэн бичилт хийгджээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ж.Дэлэг, С.Отгон нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ж.Дэлэг: “Би 8 дугаар ангиа төгсөөд 1983 онд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт өрлөгчнөөр ажилд орон 1992 оныг дуустал ажилласан. Г.Эрдэнэчимэг нь намайг ажилд ороход тухайн байгуулагад шаварчин, будагчнаар ажиллаж байсан. Бид хамтдаа 10 гаруй жил ажилласан. Нэгдэл дундын үйлдвэр нь 1992 оны 4 дүгээр сард “Нэгдэлчин” компани болсон. Би тэр үед ажлаас гарсан. Компани болоход 300 гаруй ажилчнаас 50 гаруй хүн нь үлдэж бусад нь ажлаас халагдаж байсан. Г.Эрдэнэчимэг нь “Нэгдэлчин” компанид ажиллаад үүлдсэн. Бид нэг бригад болон олон барилга дээр ажиллаж байсан учраас сайн мэднэ. Тухайн үед манай байгууллагын даргаар П.Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч С.Отгон: “Би 1983 онд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт засалчнаар ажилд ороход Г.Эрдэнэчимэг нь тухайн байгуулагад шаварчин, будагчнаар ажиллаж байсан. Тэр цагаас хойш бид хамтдаа 1994 он хүртэл ажилласан. Нэгдэл дундын үйлдвэр нь 1992 онд “Нэгдэлчин” компани болсон. Үйлдвэрийн дарга хаана очиж ажилла гэнэ, тэр газарт бригад болон очиж ажилладаг байлаа. Г.Эрдэнэчимэг бид хоёр нэг бригад болон олон сумдын болон аймагт баригдсан барилгын ажил хийдэг байсан. Г.Эрдэнэчимэг нь хүнтэй эелдэг зөөлөн харьцдаг, ажилдаа идэвхи зүтгэлтэй сайн ажилчин байсан. Тухайн үед манай байгууллагын даргаар П.Дашхүү, н.Зоригоо гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.
Гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн бичилтээс үзэхэд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр нь 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, “Нэгдэлчин” ББХК болсон байх тул Г.Эрдэнэчимэгийн 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд тус “Нэгдэлчин” ББХК-д ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Эрдэнэчимэгийн 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд “Нэгдэлчин” ББХК-д тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хотон овогтой Гомбосүрэнгийн Эрдэнэчимэг /регистрийн дугаар ТИ65071666/-ийн 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд “Нэгдэлчин” ББХК-д тус тус шаварчин, будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Г.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА