| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00247/и |
| Дугаар | 289 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 289
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, 8-14 тоотод оршин суух, 1973 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ73031407, Монголмууд овогтой Урианхайн Золжаргалын,
Т.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Эрдэнэчимэг нь Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 68-55 тоотод амьдардаг. Увс аймгийн Наранбулаг суманд 1970 оноос 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд аав, ээжийн хамтаар 1978 оны 5 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал хонь, ямаа маллаж байгаад Улаанбаатар хотод явж сургуульд сурч, улмаар Улаанбаатар хотын Төмөр замд тасралтгүй 29 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон юм. Ингээд бичиг баримт бүрдүүлэхэд Т.Эрдэнэчимэгийн мал малласан үеийн хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа байсан боловч тухайн ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал байхгүй учир нийгмийн даатгалаас “Шүүхэд ханд” гэсний дагуу танай байгууллагад хандаж байна. Иймд Т.Эрдэнэчимэгийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.Золжаргал нь Т.Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Түвшин овогтой Эрдэнэчимэгийн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Алдар бригадад 1978 оны 5 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Мөн Т.Эрдэнэчимэгт Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний 1978 оны 5 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн бичсэн байх ба энэхүү баримт нь аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолттой тохирч байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн М.Чулуун, П.Хулгана нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч М.Чулуун: “Би 1978 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд мал маллаж байсан. Би бага наснаасаа мал малласан малчин хүн юмаа. Т.Эрдэнэчимэгийг би сайн мэднэ. Аавыг нь Түвшин гэдэг, манайхан айл саахалт байсан. Тухайн үед яг хэдэн онд Т.Эрдэнэчимэг малчин болж байсныг би сайн санахгүй байна. Т.Эрдэнэчимэг нь 8 дугаар ангиа төгсөөд ганц хоёр жил мал маллаж байгаад сургуульд суралцахаар явж байсан. Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаар н.Цэвээн гэх хүн байсан” гэж, гэрч П.Хулгана: “Би 1977 оноос эхлэн Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал мал маллаж байсан. Т.Эрдэнэчимэгийг түүний аав, ээжээр нь сайн мэднэ. Т.Эрдэнэчимэг нь 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болж байсан ба 2 жил мал маллаж байгаад сургуульд суралцахаар явж байсан. Манай хүүхэдтэй үе тэнгийн найз нөхөд учраас сайн мэдэж байна. Манайхан айл хошоо байж, нэг баг бригадад хамт мал маллаж байсан хүмүүс юмаа. Т.Эрдэнэчимэг нь 1978 оны 5 дугаар сараас 1980 оныг дуустал тус нэгдэлд мал маллаж байсан. Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаар н.Цэвээн гэх хүн байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т..Эрдэнэчимэгийн 1978 оны 5 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч У.Золжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монголмууд овогтой Түвшингийн Эрдэнэчимэг /регистрийн дугаар ЧЖ62092102/-ийн 1978 оны 5 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар У.Золжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА