Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ373

 

 

 

 

 

 

 

 

2021       05          28                                     2021/ШЦТ373

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                       

улсын яллагч Н.Түвшинбаяр,

хохирогч Д.Энхгал,

гэрч Д.Дамдинсүрэн, Б.Ганболд, С.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Ү.Т-, түүний өмгөөлөгч Д.Дарханбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт Ү.Т-д холбогдох эрүүгийн 1909004580781 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, одоо “...” ХХК-д хөтөч, орчуулагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: ... / ... овогт Ү.Т- нь: 

 

- Үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Энхгалын Э.Мөнхдөлд зээлдүүлсэн 20.000.000 төгрөгийг авч өгнө гэж 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Монголын Зохиолчдын эвлэлийн байранд байрлах нотариатын газарт иргэн Э.Мөнхдөлтэй зээлийн гэрээ байгуулж 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Э.Мөнхдөлөөс 19.180.000 төгрөгийг авсан боловч түүнээс мөнгө аваагүй гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан,

- Мөн хохирогч Д.Энхгал нь 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн орчимд байхдаа эхнэр Б.Батзаяагийн 5023211567 дугаарын данснаас Ү.Т-ын 5030335865 дугаарын данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг Ү.Т- нь Дархан-Уул аймагт байрлах найзынхаа объектыг барьцаалаад 3 тэрбум төгрөгний зээл аваад 300.000.000 төгрөгийг нь “Би өөрөө авна, үнэлгээний мөнгө 10.000.000 төгрөг хэрэгтэй байна. Өгсөн мөнгөө хоёр нугалаад авна” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан,

- 2018 оны 04 дүгээр сард хохирогч Б.Даваасүрэнд ах нь найзынхаа үйлдвэрийн объектыг барьцаалаад Хаан банкнаас 3 тэрбумын зээл гаргуулан авч үүнээс 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авах гэж байгаа юм. Чиний 9 сая төгрөг чинь надад хэрэг болоод байна. Тэр мөнгөөр зээл гаргаж өгөх хүмүүстэй уулзахад ашиглана. Зээлээ аваад 9 сая төгрөгийг чинь 20 сая төгрөг болгож өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Хаан банкны АТМ-с 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 6.500.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн 5030335865 дугаарын дансанд шилжүүлэн авч нийт 9.000.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.Энхгалаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх 11 /

 

Хохирогч Д.Энхгал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Миний танил Э.Мөнхдөл  2017 оны 12 дугаар сард “20.000.000 төгрөг зээлээч. Мөнгөний хэрэг байна. Би 14 хоногийн дараа өгчихье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 20.000.000 төгрөгийг бэлнээр түүний гэрт нь аваачиж өгсөн.Тухайн үед мөнгө өгөхөд н.Мөнхдөл бид хоёроос өөр хүн байгаагүй. Түүнээс хойш Э.Мөнхдөл мөнгөө өгөхгүй удаж бид хоёр мөнгөнөөс болж их маргалдсан. Тэгтэл миний таньдаг Ү.Т- гэх урьд нь цагдаад ажилладаг байсан ах, надад хандаж “Ах нь хууль сайн мэднэ. 20.000.000 төгрөгийг чинь аваад өгье. Хариуд нь би 10 хувь буюу 2.000.000 төгрөгийг авъя” гэхээр нь бид хоёр тохирсон юм. Тэгтэл нэг өдөр надтай уулзаад “10.000.000 төгрөгний хэрэг байна. Чи ахдаа зээлчих. 14 хоногийн дараа чамд 20.000.000 төгрөг болгоод буцаагаад өгье” гэхээр нь би Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн эцэст машинд явж байхдаа эхнэр Батзаяагийн 5023211567 дугаартай Хаан банкны данснаас Ү.Т-ын 5030335865 дугаартай Хаан банкны данс руу 10.000.000 төгрөгний гүйлгээ хийж шилжүүлсэн бөгөөд тухайн үед 2018 оны 04 дүгээр cap байсан. Тэгээд Ү.Т-ыг зээлсэн 10.000.000 төгрөгөө өгөхийг нь хүлээлгээд, мөн Э.Мөнхдөлөөс 20.000.000 төгрөгийг авч өгөхийг хүлээсээр утсаар холбогдоход “Мөнгийг чинь эргүүлээд өгнөө. Ахынх нь ажил төрөл арай бүтээгүй, мөнгө ирээгүй байна” гэж ярьдаг.

...Ү.Т- нь надад “Мөнхдөлөөс 20.000.000 төгрөгийг ах нь аваад өгье” гэхээр нь зөвшөөрсөн. Үүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Ү.Т- над дээр Дамдинсүрэн, Ганболд гэх 2 хүнтэй орж ирээд “Ах нь банкнаас 3 тэрбум төгрөгний зээл авах гэж байна” гэхээр би “Яаж зээл авах гэж байгаа юм” гэхэд найзынхаа Дарханд байдаг объектыг барьцаалан зээл аваад 300.000.000 төгрөгийг нь би өөрөө авах юм. Одоо үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний мөнгө 10.000.000 төгрөг хэрэгтэй байна. Ах нь одоо дундаас нь 300.000.000 төгрөг өгөх гэж байж нөгөө хүнээсээ авалтай нь биш дээ” гэхэд нь би бичиг баримт байгаа юм уу гэхэд маргааш нь Дарханд байрлалтай объектын зураг төсөл надад үзүүлээд итгэхгүй бол банкны хүнтэй нь уулзаж үз гээд Хаан банкинд ажилладаг Болор-Эрдэнэ гэж хүнтэй уулзуулсан. Тэр хүн нь “Энэ зээл үнэхээр гарна, уртдаа л 14 хоноод гарчихна. Чи мөнгөө өгөх юм бол өгсөн мөнгөө 2 нугалаад авна” гэж хэлэхээр нь би итгээд ахаас 10.000.000 төгрөг 10 хувийн хүүтэй өгье гэж хэлээд зээлж аваад маргааш нь Бэлхээс хот руу уруудаж явахдаа эхнэрийн данснаас 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн гэжээ. / 1хх 37-40 /

 

Хохирогч Б.Даваасүрэнгээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх 118 /

 

Хохирогч Б.Даваасүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ү.Т- нь анх надаас 9.000.000 төгрөгийг 2 хувааж 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болон 23-ны өдрүүдэд зээлэхдээ “Дархан хотод байрладаг хуучны үйлдвэрийн объектыг барьцаалж зээл авсныхаа дараа мөнгийг минь 20.000.000 төгрөг болгож буцааж өгнө “ гэж хэлж авсан. Надаас анх мөнгө зээлэх үедээ 14 хоногийн дараа буцааж төлөхөөр тохиролцсон.

9.000.000 төгрөг зээлсний дараа банкны зээл бүтэхгүй юм шиг байна. Авсан мөнгөө буцааж өгнө гэж байсан гэжээ. / 1хх 129-130, 199 /

 

Хохирогч Б.Даваасүрэнгээс 5030335865 тоот данс руу 9.000.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга / 1хх 120 /

 

Хохирогч Б.Даваасүрэнд хохирол барагдуулсан тухай баримт, хүсэлт / 1хх 241 /        

Хохирогч Д.Энхгалын эхнэр Б.Батзаяагийн “Хаан” банкны дансны хуулга / 1 хх 75 /

Шүүгдэгч Ү.Т-ын “Хаан” банкны дансны хуулга / 1хх 88-93 /

 

Гэрч Э.Мөнхдөлийн “Хаан” банкны дансны хуулга / 1хх 65-72 /

 

Фото зургаар бэхжүүлсэн баримт хүлээн авсан тэмдэглэл / 1хх 25-31 /

 

Гэрч Э.Мөнхдөл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 10 дугаар сарын сүүлээр хүлэмжийн тоног төхөөрөмжийн мөнгө нэхэгдээд байхаар нь би Энхгалаас 19.500.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж, хоорондоо гэрээ маягийн юм өгч авсан. Нэг сарын дараа Д.Энхгал над руу залгаад “Манай ах авсан мөнгөө заавал нотариатаар батлуулахгүй бол болохгүй гэнэ. Та хоёр нотариатаар батлуулаадхаач” гэж хэлсний дагуу Зохиолчдын эвлэлийн байрны 2 давхарт гэрээ хийж батлуулсан. Тухайн үед Д.Энхгалын ах Ү.Т- нь “ Надад мөнгөний хэрэг болоод байна. Нэг сарын дотор олж барагдуул “ гэж шаардсан. Тэгээд нэг сарын хугацаатай төлж барагдуулна гэсэн гэрээг Д.Энхгалын хажууд Ү.Т-тай байгуулсан.

Гэрээ байгуулснаас хойш Ү.Т-ын 5030335865 дугаарын данс руу бага багаар шилжүүлж байсан. Тэгээд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөгийг Ү.Т-ын данс руу шилжүүлсэн. Нийтдээ 19.680.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй бөгөөд 2018 оны 08 дугаар сард Д.Энхгалын найз Гааяатай тааралдахад “ Та зээлсэн мөнгөө өгөөгүй байгаа юм уу “ гэж асуухад нь  “ Аль хэдийн 5 сард төлөөд дуусгасан. Ах нь мэдэж байгаа “ гэж хэлсэн. Тэрний дараахан Д.Энхгал өөрөө над руу залгаад “ Та мөнгөө өгөөд дуусгасан юм уу. Надад мөнгө өгч дуусаагүй байгаа гэж хэлээд байгаа “ гэж хэлсэн гэжээ. / 1хх 49-51 /

 

Гэрч С.Болор-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Дамдинцэрэн гэж хүнтэй би найзаараа дамжуулан 2018 онд танилцаад үүнээс хойш холбоотой байгаа. Тухайн үед надад өөрийгөө Дархан-Уул аймагт объект барьцаалж зээл авна гэж ярьж байсан. Сүүлд нь Дамдинцэрэн намайг урт цагааны тэнд дуудахаар нь очиход Ү.Т-, Ганболд гэх 2 хүнтэй цуг байсан ба тэр үед л анх харж байсан. Дараа нь намайг хүрээд ирээч гэхээр нь очиход Дамдинсүрэн, Ганболд нартай уулзахад арслан зааны соёо зарна гэж ярьж байхад нь би өөр хүмүүстэй холбогдуулж өгч байсан. Дархан-Уул аймаг дахь объектыг барьцаанд тавих гэж байгаа материалтай танилцахад боломжгүй байсан учраас би боломжгүй гэдгийг нь хэлсэн. Тэрнээс Д.Энхгал гэж хүнтэй уулзаад энэ зээлийг бүтнэ, мөнгө төгрөгтэй болох талаар ярьж байгаагүй гэжээ. / 1хх 53-55 /

 

Гэрч Г.Мөнхнайрамдал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Ү.Т-д спорт цогцолборын үйл ажиллагаанд хөрөнгө оруулчихаар хүн байгаа талаар ярилцаж байсан. Ерөнхийдөө хөрөнгө оруулчих, хүү багатай зээл өгчих хүн байгаа талаар ярилцсан. Одоо ч гэсэн ярилцаад явж байгаа. Нилээн хэдэн жилийн өмнө нь болж өнгөрсөн болохоор яг хэдэн төгрөгийн барьцаанд тавих талаар ярилцаж байснаа санахгүй байна. Аль болох боломжтой талаас нь ярилцаж байсан. Хөрөнгө оруулах төсөлд ашиглах талаар барилгатай холбоотой баримтыг ашиглаж байсан гэжээ. / 1хх 202 /

 

Гэрч Ш.Лхагвасүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Мөнхтуяа гэдэг хүнийг таньдаг. Би энэ хүнээс авлагадаа Дархан-Уул аймагт байрлах спорт цогцолборыг 2016-2017 оны орчим авсан /он сарыг нь санахгүй байна/. Миний өмчлөлд спорт цогцолборын баригдсан барилга байсан. Энэ барилгыг Мөнхтуяа гэх хүнээс авлагадаа аваад барилгыг өөр хүнд зараад 1 жил гаруй болж байна. Би нас өндөр болсон тул юм хийж чадахгүй гээд зарсан.

Би утга учрыг нь бол мэдэхгүй байна. Тухайн үед надад гачигдал гарсан байхад Мөнхтуяа нэг залуутай ирээд гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Би уг гэрээний доторх агуулгыг бол мэдэхгүй байна. Юм хөөцөлдөж байгаа бүтвэл таныг дуудна гэж хэлж байсан. Тэгээд би эзнийг нь дуудаж байж мөнгө төгрөг шилжүүлэх юм байна гэж бодоод гарын үсгээ зураад өгчихсөн юм. Тухайн үед хуулийн байгууллагад ажиллаж байсан гээд залуу байсан. Ямар залуу байсныг нь бол одоо санахгүй байна. Мөнхтуяа “Найзуудтайгаа мөнгө хөөцөлдөж байгаа. Гадны хөрөнгө оруулалт оруулж ирнэ “ гэж ярьж байсан. Яг хаана барьцаанд тавих гэж байсан талаар мэдэхгүй байна гэжээ. / 2хх 79-80 /

 

Гэрч Б.Ганболд мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би арслан зааны соёо дээр сийлбэр хоёр жилийн хугацаатай хийгээд одоо дуусаад зарж борлуулах гэж байгаа. Уг бүтээлд Ү.Т- хөрөнгө оруулалт хийсэн. Яг хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг санахгүй байна. Уг бүтээл одоо манай гэрт байгаа. Хөрөнгө оруулсан мөнгөө бүтэн авна. Түүнээс борлуулж өгөх юм бол 20 хувийг авах ёстой. Би найз нөхдийн хувиар хөрөнгө оруулалт хийгээд өгөөч гэж гуйсан гэжээ. / 1хх 46-48 /

 

Гэрч Д.Дамдинсүрэн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би тэр соёог одоогоос бараг жилийн өмнө урландаа хийж байхад очиж харж байсан. Уг соёог хийж дуусахад Ү.Т- мөнгө хэрэгтэй гэж ярьж байсан. Ү.Т- надад хэлэхдээ Д.Энхгалаас мөнгө авч байсан гэж ярьж байсан гэжээ. / 1хх 52 /

 

Шүүгдэгч Ү.Т-аас 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1хх 4-6, 178-179, 2хх 71-72 /

 

Шүүгдэгч Ү.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөрийн хяналтгүй, болгоомжгүй, сайн судлаагүйгээс болоод би өөрөө ашиглахгүй бусдад өгч алдсан ч гэсэн би ийм үйлдэл хийсэн нь үнэн. Миний энэ үйлдлээс болоод хүн хохирсон байгаа учраас би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.Энхгалд 11.003.000 төгрөг, Даваасүрэнд 9.000.000 төгрөг төлсөн. Үлдэх 18.700.000 төгрөгийг төлнө.

 Хамгийн бага ял оногдуулж өгнө үү. Хувь хүний зүгээс шалтгаалахгүй зүйлс гарсан. Ийм байдалд орохыг тэнэг хүн л хүсэх байх. Шүүх шийднэ байх гэж бодож байна гэв.

 

Хохирогч Д.Энхгал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ү.Т- нь манай эмээгийн дүүгийн хүүхэд. Эмээ маань нас бараад удаагүй байна.

Би анх хүнээс мөнгө зээлж, өөрийнхөө машиныг барьцаанд тавьж тэр 20.000.000 төгрөгийг олсон. Мөнхдөл хугацаандаа өгөөгүй учраас тухайн процессыг Ү.Т-д би хэлсэн. Тэгэхэд “ Ах нь авч өгнө “гэж хэлж байсан. Аваад өөр юманд зарцуулна гэж надад ерөөсөө хэлээгүй. Тэгээд Ү.Т- бид хоёрын хооронд маргаан гарсан. Маргаан гарахаас өмнө сүүлийн 10.000.000 төгрөгөө өгсөн. Тэр 10.000.000 төгрөгийг надаас авахдаа “ Банкнаас зээл авах гэж байна. Тэр зээлийг авахад мөнгө хэрэгтэй байна. Найзынхаа объектыг тавьж зээл авна. Зээл аваад 10.000.000 төгрөгийг чинь би 2 нугалаад өгье “ гэж хэлсэн. Тэрнээс хойш Мөнхдөлөөс мөнгө авсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Тэрнээс хойш 30.000.000 төгрөгийн өрөнд орж, 3 жилийн хугацаанд би хүүгийн хамт нийт 50.000.000 гаруй төгрөгийн зээлийг төлсөн. Энэ мөнгийг гэр бүлээ тэжээхийн хажуугаар давхар ажил хийж, өдөр шөнөгүй хүний хийж болох бүх л ажлыг хийж олно гэдэг үнэхээр хэцүү байсан. 3 жилийн хугацаа өнгөрөхөд надад үнэхээр хохиролтой санагдаж байна. Би маш их хохирсон.

Би хэвлэлийн газар ажиллуулж байсан бөгөөд мөнгөө авахын тулд Ү.Т-ын хэлсэн зүйлийг хэвлэж өгч байсан. Мөн өөрийн машинаар ажилд нь явж өгсөн. Энэ бүхэн мөнгөө авахын тулд хийсэн болохоос биш хамтарч ажилласан асуудал биш юм. 1 жил гаруй хугацааны өмнө Ү.Т-аас мөнгө авсан бөгөөд яг хэдэн төгрөг авснаа сайн мэдэхгүй байна. Ү.Т-аас огт бэлэн мөнгө авч байгаагүй, дандаа дансаар л мөнгө авч байсан.

Үлдэгдэл 18.177.000 төгрөгийг нэхэмжилж байна. Маргах зүйл байхгүй. Хохирол төлөх хугацаа тогтоож өгнө үү гэв.

 

Гэрч Б.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ү.Т- бид хоёр найзууд бөгөөд арслан зааны соёогоор бүтээл урлаад үнэд хүргэх тал дээр ярилцсан. Тухайн үед би соёгоо сийлж эхлэхдээ Ү.Т-аас туслалцаа хүссэн. Алмаазан хошуу зэрэг үнэтэй материал авахаар болсон тул мөнгө хэрэгтэй болсон. Энэ ажил дээр хамтарч ажиллах уу гэж Ү.Т-д хэлсэн. Бүтээлээ шилэн хоргонд хийхэд 3.000.000 төгрөг болсон. Уг мөнгөнөөс гадна Америкаас тусгай зориулалтын хагардаггүй барьцалдуулдаг цавууны мөнгийг гаргуулсан. Арслан зааны соёог 2016 оны сүүлээс хийж эхлээд 2017 оны 03 дугаар сард хийж дуусгасан учир 2017 онд миний нэр дээр гэрчилгээ гарсан.

Бүтээлээ зарах гэсэн боловч хил хаагдсан учраас зарагдахгүй байна. Би хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сард Хятад улсад гэрээ хийгээд ирсэн. Ү.Т- бид хоёр бүтээлээ өндөр үнээр зарвал 50, 50 хувиар нь авъя гэж ярьсан. Д.Энхгал энэ бүтээлийг хийх явцыг мэдэхгүй. Тухайн үед Тайланд улс руу явж энэ бүтээлээ заръя гээд Д.Энхгалыг дагуулж ирсэн. Д.Энхгалаас орчуулагч бид хоёрын зардлын 5.000.000 төгрөгийг авсан. Д.Энхгал нь бүтээл зарахаар хөөцөлдөхөд машинаараа зөөж хүнд үзүүлж байсан гэв.

 

Гэрч Д.Дамдинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дарханд байрлах объектыг зээлийн барьцаанд тавих зээлийн төслийг би бичсэн. Би С.Болор-Эрдэнэ гэх хуурай дүүдээ хандаж “Банкнаас зээл авмаар байна. Энэ дээр туслаач. Би санхүүгийн хүн учраас төслийг бичье” гэж хэлээд С.Болор-Эрдэнээр туслуулж байсан. Д.Энхгал зээлд оролцоогүй ч зээл хөөцөлдөж байгааг мэдэж байсан. 2016 онд тухайн объект Ш.Лхагвасүрэнгийн нэр дээр байсан гэв.

 

Гэрч С.Болор-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сард Дамдинсүрэн ах надтай уулзаад “Дарханы объект дээр залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх төсөл хэрэгжүүлэх гээд байна. Үүнд санхүүгийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна. Банкнаас зээл авахгүй бол болохгүй. Чи банканд ажиллаж байсан хүний хувьд зөвлөгөө өгөөд туслаач” гэж хэлсэн. Тэгээд би зээл хөөцөлдөж материалыг Хаан банканд өгч байсан. Хаан банкнаас орлого хүрэлцэхгүй, боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ нь 3 тэрбумын зээл байсан. Зээл бүтээхийн тулд зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөг аваад сар бүр зээлийн хүүг төлж, 3 сарын дараа буцааж өгсөн.

Би Д.Энхгалтай Туушингийн тэнд 1 удаа, 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хажууд байрлах гандангийн тэнд 1 удаа буюу 3 удаа таарч байсан. Д.Энхгал машин бариад явж байсан болохоос надтай яриа өрнүүлээгүй гэв.

 

Шүүгдэгч Ү.Т- нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Энхгалыг түүний Э.Мөнхдөлд зээлдүүлсэн 20.000.000 төгрөгийг авч өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Монголын Зохиолчдын эвлэлийн байранд байрлах нотариатын газарт иргэн Э.Мөнхдөлтэй зээлийн гэрээ байгуулж, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Э.Мөнхдөлөөс 19.180.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан,

- Мөн хохирогч Д.Энхгалд “ Би Дархан-Уул аймагт байрлах найзынхаа объектыг барьцаалаад 3 тэрбум төгрөгний зээл аваад 300.000.000 төгрөг авна. Үнэлгээний мөнгө 10.000.000 төгрөг хэрэгтэй байна. Өгсөн мөнгийг чинь 2 нугалж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн орчимд байхдаа түүний эхнэр Б.Батзаяагийн 5023211567 дугаарын данснаас өөрийн 5030335865 дугаарын данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 29.180.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2018 оны 04 дүгээр сард хохирогч Б.Даваасүрэнд “ Ах нь найзынхаа үйлдвэрийн объектыг барьцаалаад “Хаан” банкнаас 3 тэрбумын зээл гаргуулан авч, үүнээс 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авах гэж байгаа юм. Чиний 9.000.000 төгрөг чинь надад хэрэг болоод байна. Тэр мөнгийг зээл гаргаж өгөх хүмүүстэй уулзахад ашиглана. Зээлээ аваад 9.000.000 төгрөгийг чинь 20.000.000 төгрөг болгож өгье “ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Хаан” банкны АТМ-с 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 6.500.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 2.500.000 төгрөгийг өөрийн 5030335865 дугаарын дансанд шилжүүлэн авч, бусдад нийт 38.180.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хохирогч Д.Энхгалаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх 11 /,  ...“Ах нь хууль сайн мэднэ. 20.000.000 төгрөгийг чинь аваад өгье. Хариуд нь би 10 хувь буюу 2.000.000 төгрөгийг авъя” гэхээр нь бид хоёр тохирсон юм. Тэгтэл нэг өдөр надтай уулзаад “10.000.000 төгрөгний хэрэг байна. Чи ахдаа зээлчих. 14 хоногийн дараа чамд 20.000.000 төгрөг болгоод буцаагаад өгье” гэхээр нь би эхнэр Батзаяагийн 5023211567 дугаартай Хаан банкны данснаас Ү.Т-ын 5030335865 дугаартай Хаан банкны данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 2018 оны 08 сарын үед Мөнхдөлтэй  ярихад “ Би танай ах Ү.Т-д 2018 оны 01-05 сарын хооронд 20.000.000 төгрөгийг тасалж өгөөд дуусгасан “ гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Энхгалын мэдүүлэг / 1хх 37-40 /,  ...Хохирогч Б.Даваасүрэнгээс гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1хх 118 /,    ...Ү.Т- нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр болон 23-ны өдрүүдэд “Дархан хотод байрладаг хуучны үйлдвэрийн объектыг барьцаалж зээл авсныхаа дараа мөнгийг минь 20.000.000 төгрөг болгож, 14 хоногийн дараа буцааж төлнө гэж 2018 оны 04 дүгээр сарын 17, 23-ны өдрүүдэд 9.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Даваасүрэнгийн  мэдүүлэг / 1хх 129-130, 199 /,   ...Хохирогч Б.Даваасүрэнгээс 5030335865 тоот данс руу 9.000.000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны дансны хуулга / 1хх 120 /,   ...Хохирогч Б.Даваасүрэнд хохирол барагдуулсан тухай баримт, хүсэлт / 1хх 241 /, ...Хохирогч Д.Энхгалын эхнэр Б.Батзаяагийн Хаан банкны дансны хуулга / 1 хх 75 /, ...Шүүгдэгч Ү.Т-ын Хаан банкны дансны хуулга / 1хх 88-93 /,   ...Гэрч Э.Мөнхдөлийн “Хаан” банкны дансны хуулга / 1хх 65-72 /,   ...Фото зургаар бэхжүүлсэн баримт хүлээн авсан тэмдэглэл / 1хх 25-31 /,   ...Д.Энхгалаас 19.500.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж авахдаа хоорондоо гэрээ маягийн юм өгч авсан. Д.Энхгалын ах Ү.Т- нь “Надад мөнгө хэрэг болоод байна. Нэг сарын дотор олж барагдуул“ гэж шаардсан. Тэгээд нэг сарын хугацаатай төлж барагдуулна гэсэн гэрээг Д.Энхгалын хажууд Ү.Т-тай байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш Ү.Т-ын 5030335865 дугаарын данс руу бага багаар шилжүүлж, 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 19.680.000 төгрөгийг Ү.Т-ын данс руу шилжүүлсэн. Гэтэл 2018 оны 08 дугаар сард Д.Энхгалын найз Гааяатай тааралдахад “Та зээлсэн мөнгөө өгөөгүй байгаа юм уу“ гэж асуухад нь “Би аль  5 сард төлөөд дуусгасан. Ах нь мэдэж байгаа гэж хэлсэн” гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Мөнхдөлийн мэдүүлэг  / 1хх 49-51 /,   ...Дамдинсүрэн, Ганболд нартай уулзахад арслан зааны соёо зарна гэж ярьж байхад нь би өөр хүмүүстэй холбогдуулж өгч байсан. Дархан-Уул аймаг дахь объектыг барьцаанд тавих гэж байгаа материалтай танилцахад боломжгүй байсан учраас би боломжгүй гэдгийг нь хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч С.Болор-Эрдэнийн мэдүүлэг / 1хх 53-55 /,   ...Би Мөнхтуяа гэдэг хүнээс авлагадаа Дархан-Уул аймагт байрлах спорт цогцолборыг 2016-2017 оны орчим авсан /он сарыг нь санахгүй байна/. Миний өмчлөлд спорт цогцолборын баригдсан барилга байснйг өөр хүнд зараад 1 жил гаруй болж байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ш.Лхагвасүрэнгийн / 2хх 79-80 /,    ...Би арслан зааны соёо дээр сийлбэр хоёр жилийн хугацаанд хийж дуусаад зарж борлуулах гэж байгаа. Уг бүтээлд Ү.Т- хөрөнгө оруулалт хийсэн. Яг хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн гэдгийг санахгүй байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Ганболдын мэдүүлэг / 1хх 46-48 /,     ... Би тэр соёог одоогоос бараг жилийн өмнө урландаа хийж байхад очиж харж байсан. Уг соёог хийж дуусахад Ү.Т- мөнгө хэрэгтэй гэж ярьж байсан. Ү.Т- надад хэлэхдээ Д.Энхгалаас мөнгө авч байсан гэж ярьж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Дамдинсүрэнгийн мэдүүлэг / 1хх 52 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ү.Т-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ү.Т-д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Даваасүрэнд учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Д.Энхгалд учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, хохирогч Д.Энхгалын буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ү.Т- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шунахайн зорилгоор шууд санаатай гэмт хэрэг үйлдсэн, түүний гэм буруут үйлдлийн улмаас бусдад 38.180.000 төгрөгний хохирол учирсан, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирлын талаар: Шүүгдэгч Ү.Т- нь хохирогч Д.Энхгалд 29.180.000 төгрөгний хохирол учруулснаас 11.230.000 төгрөгийг нөхөн төлсөн тул үлдэх 18.770.000 төгрөгийг түүнээс гаргуулан хохирогч Д.Энхгалд олгож, хохирогч Б.Даваасүрэнд 9.000.000 төгрөгийг нөхөн төлсөн тул түүнд төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш флаш дискийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ү.Т- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдаж шийдвэрлэв.

 

Гэрч Э.Мөнхдөл нь нийт 19.680.000 төгрөгийг Ү.Т-ын данс руу шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн / 1 дүгээр хавтас 49-51 / боловч 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн 500.000 төгрөг нь Дэнсмаа гэгчийн 5554125728 дугаарын дансанд орсон / 1 дүгээр хавтас 65 / байх тул улсын яллагчаас шүүгдэгч Ү.Т-ыг 19.180.000 төгрөгний хохирол учруулсан гэж ялласан нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дарханбаатараас хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч Ү.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.Үүнд:

 Шүүгдэгч Ү.Т-д хохирогч Д.Энхгалыг залилсан үйлдэлд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан / 1хх 1-3 /, мөн хохирогч Б.Даваасүрэнг залилсан үйлдэлд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан / 1хх 107-108 / байх ба уг тогтоолд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” /энэ заалтыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, мөн хуулийн 1.5-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн” /энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж зааснаар шүүгдэгч Ү.Т-ын гэмт хэрэг үйлдсэн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

            Мөн шүүгдэгч Ү.Т-д торгох ял оногдуулж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Ү.Т- нь гэмт хэрэг үйлдсэнээс хойш одоог хүртэл хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, “ Юу Би Найзууд Жуулчин” ХХК-д 2020 оны 10 сарын 05-ны өдрөөс хөтөч, орчуулагчаар ажилд орсон гэсэн тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн боловч нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар байхгүй, Ковидын нөхцөл байдлын улмаас ажил нь түр зогссон байгаа, хил нээгдвэл ажил нь эхлэнэ гэж түүний өмгөөлөгч нь тайлбарласан, торгуулийн ял нь түүний гэм буруу болон хувийн байдалд тохирохгүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ... Ү.Т-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ү.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ү.Т-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1ш флаш дискийг хэрэгт хавсаргаж, Ү.Т- нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ү.Т-аас 18.770.000 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Энхгалд олгож, хохирогч Б.Даваасүрэнд төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

5. Ү.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ү.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ОЮУНЧИМЭГ