Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 296

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 9 дүгээр баг, 4-5 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОР80012015, Борлууд овогтой Насандоржийн Цогтсайханд холбогдох,

           Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөг, зээлийн хүү 1.546.896 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.047 төгрөг, нотариатын зардал 15.500 төгрөг, нийт 13.572.443 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.Цогтсайхан нь тус банкнаас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1250023953 тоот зээлийн гэрээг байгуулан 12.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 26,4 хувийн хүүтэйгээр түүхий эдийн худалдааны эргэлтийн зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 9 дүгээр баг 4-5 тоотод байрлалтай, 45 м.кв талбайтай хувийн орон сууц /улсын бүртгэлийн дугаар Ү-1520002570/, мөн тоотод байрлах 1890,8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар /гэрчилгээний 000044103, улсын бүртгэлийн Г-1520001169/, мөн суудлын, 57-52 УВХ улсын дугаартай, Isuzu Wizard маркийн, 1997 онд үйлдвэрлэгдсэн автомашин зэрэг барьцаа хөрөнгө барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 8 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгчтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардсан боловч Н.Цогтсайхан нь “Цалин буухаар, мөн хүнээс мөнгө авч төлнө” гэж тайлбар хэлж зээл төлөхөөс зайлхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний 6.6.1-д заасан “Зээл хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хэсэгчлэн болон бүрэн төлөх үүрэгтэй” гэсэн заалтаар гэрээний үүргээ зөрчсөн байх тул Банкны зүгээс гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221.3, 225.2-т заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1- дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2017 оны 2 дугаар сарын 09-ний/ байдлаар Н.Цогтсайханы төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл нь 12.000.000 төгрөг, зээлийн хүү 1.546.896 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.047 нийт 13.556.943 төгрөгийг төлөх үүрэгтэй байгаа, мөн холбогдох материал нотариатаар баталгаажуулсны зардал 15.500 төгрөг зарцуулсан тул нийт 13.572.443 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Н.Цогтсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Хас банкнаас авсан зээлээ төлөх болно. Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 13.572.443 төгрөгийг төлж бараглууна. Зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болон бүх төрлийн бизнесийн эх үүсвэрээр төлүүлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

            Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: “Харилцагч Н.Цогтсайханы гаргаж өгсөн тайлбартай танилцлаа. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Н.Цогтсайханд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 12.000.000 төгрөг, зээлийн хүү 1.546.896 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.047 төгрөг, нотариатын зардал 15.500 төгрөг, нийт 13.572.443 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Иргэн Н.Цогтсайхан Хас банктай 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1250023953 тоот зээлийн гэрээ байгуулан, 12.000.000 төгрөгийг, жилийн 26,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, түүхий эдийн худалдааны эргэлтийн зориулалтаар авсан байх ба зээлийн барьцаанд Увс аймаг, Улаангом сум, 9 дүгээр баг, 29 дүгээр гудамжны 4-5 тоотод байрлалтай, 45 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1520002570 дугаартай хувийн орон сууц, хашааны хамт, мөн Увс аймаг, Улаангом сум, 9 дүгээр баг, Буянт хороололд байрлах, 1890,8 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-1520001169 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, мөн 57-52 УВХ улсын дугаартай, аралын UCS69GW7106200, Исузу Визард маркийн саарал өнгийн суудлын автомашин зэргийг тус тус барьцаалсан байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Цогтсайхан нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох нийт 13.572.443 төгрөгийг төлөх, зээлдэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Хариуцагч Н.Цогтсайхан нь үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.812 төгрөгөөс 112.906 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 112.906 төгрөгийг, хариуцагч Н.Цогтсайханаас 112.906 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Цогтсайхан нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардал нийт 13.572.443 /арван гурван сая таван зуун далан хоёр мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөг төлөх, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225.812 /хоёр зуун хорин таван мянга найман зуун арван хоёр/ төгрөгийн тал хувь буюу 112.906 /нэг зуун арван хоёр есөн зуун зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ХААН банк дахь 150000941 тоот данснаас 112.906 /нэг зуун арван хоёр есөн зуун зургаа/ төгрөгийг, хариуцагч Н.Цогтсайханаас 112.906 /нэг зуун арван хоёр есөн зуун зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ГЭРЭЛТУЯА