Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 298

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 9 дүгээр баг, 7-10 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ85052200, Зөөд овогтой Дүгэрсүрэнгийн Сэргэлэнгийн, 

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Ахлах 2 дугаар сургуульд холбогдох,

            Ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 119.740 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Д.Сэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1985 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн. Улаанбаатар хотод Нийгэм эдийн засгийн “Тэнгэр” дээд сургуулийг Нийгмийн ажилтан мэргэжлээр төгссөн. Би сургуулиа төгсөөд цэцэрлэгийн туслах багшаар, мөн 2013 онд энэ байранд багшаар ажиллаж байсан. 2016 онд дотуур байрны багш тэтгэвэрт гараад оронд нь орсон. Албан үүрэгт ажлаа би үүрэг хуваарийн дагуу гүйцэтгэж байсан. Суруулийн захирал Г.Энхбат 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр албан тушаал буулган олимпиадын байрны үйлчлэгчийн ажилд томилон тушаал гаргасан. Би ажилдаа алдаа тутагдал гаргаагүй. Гэтэл ямар үндэслэлээр албан тушаал бууруулсан нь тодорхойгүй байгаа явдалд миний бие гомдолтой байна. Иймд намайг үндсэн ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 119.740 төгрөг нөхөн гаргуулж өгнө үү” гэжээ. 

        Нэхэмжлэгч Д.Сэргэлэн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие нь ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо ажилдаа орох болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

          Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад      

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Д.Сэргэлэн нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 2 дугаар сургуульд холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 119.740 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.        

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 2 дугаар сургуулийн захирал Г.Энхбат нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохоор болсон байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

          Иймд нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн төлсөн 4.550 төгрөгийн 50 хувь буюу 2.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2.275 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Сэргэлэнд олгох нь зүйтэй.

                  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖИЛАХ нь:

             1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 2 дугаар сургуульд холбогдуулан гаргасан “ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 119.740 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Д.Сэргэлэн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн 50 хувь буюу 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Д.Сэргэлэнд олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.    

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Н.ГЭРЭЛТУЯА