Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 301

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 1-3 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ59021580, Зуутраг овогтой Буянжаргалын Энэбишийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн ав, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Энэбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

         Нэхэмжлэгч Б.Энэбиш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1959 онд төрсөн 58 настай, ам бүл 2, хүүгийнхээ хамт амьдардаг. Анх ажлынхаа гарааг 20 настайдаа буюу 1979 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн клубын үйлчлэгчээр ажилд орж ажилласан ба 1984 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тухайн клубын ажлаас чөлөөлөгдөж, хүүхдийн яслид тогоочоор ажиллаж байсан. 1990 онд ясли татан буугдсанаас хойш одоо хүртэл хүсний зах дээр хүсний бараа зарж амьдарч байна. Миний бие 1979 онд Нэгдэл дундын үйлдвэрт клубын үйлчлэгчээр орж ажилласан талаар П.Дашхүү даргын тушаал, мөн тухайн ажлаас 1984 онд чөлөөлөгдсөн тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгох шаардалгатай болсон. Иймд миний Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн клубын үйлчлэгчээр 1979 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан 5 жилийг сэргээн тогтоож өгнө үү”  гэжээ.     

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Энэбиш нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.

         Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 166 тоот лавлагаанд: “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Буянжаргал овогтой Энэбишийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1979 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 76 тоот “Ажилд томилох тухай” тушаал, мөн даргын 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 96 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалууд эх хувиараа авагдсан байна.

           Дээрх тушаалаас үзэхэд Буянжаргал овогтой Энэбишийг 1979 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн клубын үйлчлэгчээр томилж, 1984 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон уг ажлаас нь чөлөөлж, аймгийн ХНХ-ийн мэдэлд шилжүүлсэн байна.

          Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн С.Ганболд, Б.Иванов нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч С.Ганболд: “Би 1978 оноос 1992 он хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчноор ажиллаж байсан. Тухайн үед Б.Энэбиш нь Нэгдэл дундын үйлдвэрийн клубын үйлчлэгчээр ажиллаж байсан. 1979 оноос 1984 оныг дуустал хугацаанд Б.Энэбиш бид хоёр хамт нэг байгууллагад ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр нь маш том байгууллага байсан. Нийтдээ 2000 гаруй хүн ажилладаг байсан. Бүхий л сумдын нэгдэлд үйлчилдэг, үйлчилгээний байгуулага байсан. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар П.Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Б.Иванов: “Би 1971 оноос 1995 он хүртэл хугацаанд Увс аймгийн нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилчин, няраваар тус тус ажиллаж байсан. Б.Энэбиш нь Нэгдэл дундын үйлдвэрийн клубын үйлчлэгчээр 1979 оноос 1985 он хүртэл хугацаанд ажиллаж байсан. Тухайн үед би няраваар ажиллаж байсан учраас Б.Энэбишийн ажиллаж байсан байдлын талаар мэднэ. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр нь бүхий л сумдын нэгдэлд үйлчилдэг, үйлчилгээний маш том байгууллага байсан. Б.Энэбиш нь ажилдаа идэвхи зүтгэлтэй, сайн ажилчин байсан. Манай байгуулага нь нийтдээ 2000 гаргуй ажилчинтай. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар П.Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох гэрч Б.Ивановын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч С.Ганболдын ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 148 тоот шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

          Иймд дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Энэбишийн 1979 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуустал хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт клубын үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Энэбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогтой Буянжаргалын Энэбишийн 1979 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 1984 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуустал хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт клубын үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Б.Энэбишийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.   

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА