Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

      Гомдол гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У-ийн  дүгнэлттэй,

Хариуцагч: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй,халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Г-т холбогдох,

            Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй,халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Г-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0172897 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У, хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Г,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:”Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Г нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан Увс аймаг Улаангом сумын 11 дүгээр багт Төрийн банкны ажлын зураг төслийг гүйцэтгэж байгаа "Тоонот констракшн" ХХК нь эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийлгэж дүгнэлт гаргуулаагүй" гэх зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 0172897 дугаартай шийтгэлийн хуудсаар 250.000 төгрөгийн торгууль ногдуулж шийдвэрлэсэн байна. Дээрх материалыг хянахад "Тоонот констракшн" ХХК нь эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийлгэж дүгнэлт гаргуулахгүйгээр "Төрийн банк"-ны барилгын үйл ажиллагаа явуулсан байхад улсын байцаагч Б.Г нь "Тоонот констракшн" ХХК-ний захирал А.Б-ийг тухайн зөрчлийг үйлдсэн мэтээр шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн материалд иргэн А.Батцэнгэл нь "Тоонот констракшн" ХХК-ны захирлаар ажилладаг ба 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр холбогдогчоор мэдүүлэг авсан ба энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт "Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эрх бүхий албан тушаалтан хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно.." гэснийг зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

 

         Иймд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 0172897дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

        Прокурор П.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын шүүхэд гаргасан дүгнэлтийг дэмжиж байна. Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Г нь Увс аймгийн Улаангом сумын 11-р багт Төрийн банкны Увс аймаг дахь салбарын барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгаа “Тоонот констракшн” ХХК-ийн зүгээс эрүүл ахуйн урьдчилсан хяналт шалгалт хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй гэх зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн. Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 0172897 дугаар шийтгэлийн хуудсаар 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Уг шийдвэрийг прокурорын байгууллага шалган үзэхэд эрүүл ахуйн дүгнэлт гаргуулахгүйгээр Төрийн банкны Увс аймаг дахь салбарын барилгын үйл ажиллагаа явуулсан “Тоонот констракшн” ХХК-ийн гаргасан зөрчлийг тухайн компанийн захирал А.Б-ийг зөрчил гаргасанаар арга хэмжээ авч шийтгэл оногдуулсныг буруу гэж үзсэн. Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож зөрчил шалгах ажиллагаанд оролцуулдаг. А.Б-ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон зүйл хэрэгт байхгүй. Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн хууль зөрчсөн ажиллагаа тогтоогдож байгаа учраас Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэл оногдуулсан 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 0172897 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү ”гэв.

       Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй,халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Г шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “Би хуулийн этгээд зөрчил гаргасан байхад хууль ёсны төлөөлөгчийг тогтоохгүйгээр Тоонот констракшн ХХК-ийн захирал Батцэнгэлийг архитехтор,гүйцэтгэгч гэдэг утгаар нь хувь иргэнээр торгох шийтгэл оногдуулсан нь буруу болсон тул прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”гэв.

       Гуравдагч этгээд А.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “А.Б миний бие барилгын зураг төслийн “Тоонот констракшн” ХХК-ийн захирал,архитектороор ажилладаг бөгөөд манай компани 2018 онд Увс аймаг,Улаангом сумын 11-р хороонд баригдах Төрийн банкны салбарын барилгын зураг төслийн ажлыг давтан хэрэглэх зураг төслөөр холболт хийж боловсруулж,эскиз болон ажлын зургийг аймгийн ОБГазар, ГХБХБГазар, ерөнхий архитектортой тус тус зөвшилцсөн.Тухайн үед ажлын зураг төсөлд Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийлгэж дүгнэлт гаргуулдаг журам хэрэгжиж эхлээгүй байсан. Харин Төрийн банк өөрийн эзэмшлийн газар болон хажуу талын газрыг худалдан авч нэгтгэж барихаар төлөвлөсөн ба газрын гэрчилгээ 2019 онд албажиж гарсны дараа зураг төсөлд магадлал хийлгэхээр БХТ-д хандсан боловч заавал эрүүл ахуйн хяналт хийлгэж дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон тул зургийг хянуулахаар хүсэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах шийтгэл авч зураг төсөлд хяналт хийж,дүгнэлт гаргах боломжтой гэсний дагуу шийтгүүлж,дүгнэлт гаргуулсан болно” гэжээ.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

            Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй,халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Г-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0172897 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

            Шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч,хариуцагчийн тайлбар,гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй,халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Г-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0172897 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

      Шүүх хуралдаанд оролцсон прокурор нь прокурорын дүгнэлтээ дэмжиж, улсын байцаагч Б.Г нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэж хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтныг эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг эрх бүхий албан тушаалтан хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэснийг зөрчиж хуулийн этгээдэд бус иргэнд шийтгэл оногдуулсан гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар  тайлбар гаргаж оролцов.

      Хариуцагч хяналтын улсын байцаагчийн зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбараа дэмжиж “Зөрчил шалган шийдвэрлэхдээ хуулийн этгээдэд бус иргэнд хариуцлага хүлээлгэсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохыг зөвшөөрч байна” гэх тайлбар гаргав.

       Гуравдагч этгээд буюу зөрчилд холбогдогч А.Б “2018 онд ажлын зураг төсөлд эрүүл ахуйн урьдчилсан дүгнэлт гаргуулдаг журам хэрэгжээгүй байсан.Хяналтын байцаагч Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах шийтгэл авч зураг хяналт хийж, дүгнэлт гаргах боломжтой гэсний дагуу шийтгүүлж дүгнэлт гаргуулсан” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

       Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Г-ийн үйлдсэн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0172897 дугаартай шийтгэлийн хуудсаар “Тоонот констракшн” ХХК-ийн захирал А.Батцэнгэлийг  Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар барилгын зураг төслийг гүйцэтгэхдээ хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй гэх зөрчилд 250000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

        Хяналтын улсын байцаагч Б.Г нь холбогдогч А.Б “Төрийн банкны барилгын зураг төсөлд эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй нь үнэн бөгөөд хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг үндэслэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

        Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Г 2019 оны 08 сарын 21-ний өдрийн 20/03/048/193 дугаартай дүгнэлтээр Улаангом сумын 11-р багт баригдах Төрийн банкны барилгын ажлын зураг төслийг боловсруулж байгаа “Тоонот констракшн” ХХК-ийн ажлын зурагт хяналт хийхэд эрүүл ахуйн талаас татгалзах зүйлгүй талаар дүгнэжээ.

          Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Барилга байгууламж барих газрын байршил тогтоох,барилгын зураг төсөл зохиох, барилга барих,ашиглалтад оруулах,өргөтгөх,зориулалтыг нь өөрчлөхөд холбогдох хяналтын байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй бол учруулсан хохирол,нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх төгрөгөөр,хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.

             Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан “хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэжээ.

              Улаангом сумын 11-р багт байрлах Төрийн банкны барилгын зураг төслийг “Тоонот констракшн” ХХК боловсруулсан байтал эрх бүхий улсын байцаагчаас хуульд заасны дагуу хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчийг томилохгүйгээр, зөрчилд иргэн А.Б-ийг холбогдуулан шалгаж, шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Зөрчил,зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж заасан хууль ёсны зарчмыг  зөрчсөн байна.

          Иймд хариуцагч хяналтын улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Зөрчлийн тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан дээр дурдсан журмыг зөрчиж иргэн А.Б-д шийтгэл оногдуулсан байх тул прокурорын дүгнэлт бүхий гомдлыг хүлээн авч Эрүүл ахуй,халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Ганчимэгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0172897 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

        Мөн түүнчлэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдал гэх хэсэгт хэн ямар үйл ажиллагаа явуулахдаа дүгнэлт эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй талаар тодорхой тусгагдаагүй байгааг дурдав.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 6.17 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.У-ийн  2019 оны 08 сарын 27-ны өдрийн  05 дугаартай дүгнэлт бүхий гомдлын шаардлагыг хангаж Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй,халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Г-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0172897 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.