Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 1192

 

 

 

 

 

 

 

 

 

М.Түвдэндорж нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/00602 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Улаанбаатар шинэчлэл” ХХК болон М.Түвдэндорж нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Жиашидэ” ХХК-д холбогдох

 

Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 1 дүгээр орц, 1 давхарын 5 тоотод байрлах орон сууцыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох, 19 993 000 төгрөг гаргуулах тухай   нэхэмжлэгч М.Түвдэндоржийн үндсэн нэхэмжлэлтэй,

28 445 000 төгрөг гаргуулах тухай “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлтэй,

60 422 748 төгрөгийг М.Түвдэндоржоос гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.Түвдэндорж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Жавзмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Оюунбадам,

Хариуцагчийн өмгөөлөгч: М.Хувцагаан, Д.Батсүх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

   Нэхэмжлэгч М.Түвдэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Жиашидэ” ХХК-тай 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 5 тоот 60.01 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авахаар 30 хувийн урьдчилгаа 22 768 600 төгрөгийг бэлнээр төлсөн. Үлдэгдэл 70 хувийг 8 хувийн хүүтэй орон сууцны зээлээр авахаар болж, Голомт банк зээлийг судлаад 2011 оны 12 дугаар сарын 8-ны өдор 11/24 тоот албан бичиг ирүүлж “Жиашидэ”ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан бичиг баримтаа бүрдүүлэхийг албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл тус компани болон түүний удирдлагууд цагдаагийн байгууллагад эрүүгийн хэргийн улмаас шалгагдаж, энэхүү шалгагдаж байх үедээ үйл ажиллагаа явуулж байсан байрандаа ирэхээ больж, хаягаа өөрчилж, уг байрнаас нүүн олдохгүй болсон ба удирдлагууд нь монголоос гарч ямарч сураггүй болсон учраас “Голомт банк”-наас олгож байсан 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжгүй болж хохирсон. Иймд Баянгол дүүрэг 18 хороо, 4 хороолол, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 37 байрны 1 орц 1 давхарын 5 тоотын 60.01 м.кв талбайтай орон сууцыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоож өгнө үү. Мөн хариуцагч нь гэрээний 3.1-д заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3.3-д заасны дагуу 0,01 хувийн алданги 3 550 000 төгрөгийг “Жиашидэ" ХХК-иас гаргуулж өгнө үү. Түүнчлэн уг орон сууц нь гэрээнд заасан 60,01 м.кв талбайгаас 3.75 м.кв-аар дутуу байх тул түүний үнэ 4 462 500 төгрөгийг “Жиашидэ” ХХК-иас гаргуулж өгнө үү. Мөн “Жиашидэ” ХХК-ийн борлуулалтын албаны менежер н.Асралмаа нь орон сууцны гэрчилгээ гаргах гэж байгаа, манай захирлууд хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тул компанийн данс битүүмжлэгдсэн, мөнгө яаралтай хэрэгтэй байна гэж хэлээд үлдэгдэл 6 000 000 төгрөгийг авсныг гаргуулж өгнө үү. Мөн “Өгөөмөр мандал” ХХК-ийн захиалгаар баригдах дээрх орон сууцны дотоод засвар чимэглэл, үйлчилгээ бүрэн хийгдээгүй байхад миний бие өөрийн хөрөнгөөр дотоод засвар чимэглэл, үйлчилгээг бүрэн хийсэн тул шал хана, тааз гал тогооны хэсэг, 00-ын өрөө, обой, хаалга гэх мэт дотоод засвар, засал чимэглэлд зарцуулсан 5 980 500 төгрөг нийт 19 993 000 төгрөгийг  “Жиашидэ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Түвдэндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улаанбаатар шинэчлэл” ХХК болон “Жиашидэ” ХХК-иуд 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэх” гэрээ байгуулж гэрээний 3.1-д заасны дагуу захиалагч “Өгөөмөр мандал” ХХК, гүйцэтгэгч “Жиашидэ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ажлыг манай компани гүйцэтгэж, “Жиашидэ” ХХК гүйцэтгэсэн ажлын хөлсийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл “Жиашидэ” ХХК-ийн удирдлагууд оффиссын байрлалаа өөрчлөн, хаяг тодорхойгүй болж алга болсон. Иймд 2 компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлс 28 445 000 төгрөгийг “Жиашидэ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Түвдэндорж нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Жиашидэ” ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээг байгуулсан байдаг. Тэрээр “Голомт банк”-наас 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 11/211 тоот авчирч 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээний 2.1-д зааснаар орон сууцны нийт үнийн дүнгийн 30 хувь болох 22 768 600 тогрөгийг төлсөн байна. Үүний үндсэн дээр 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус 37 дугаар байрны 5 тоотод байрлах 63.76 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны түлхүүрийг гардуулж өгч, түүнээс хойш М.Түвдэндорж эзэмшиж байгаа болно. Гэрээний 4.2-т “Захиалагч нь орон сууцны төлбөрийг гэрээний хавсралтад заасан графикийн дагуу саадгүй төлнө” гэсний дагуу төлөх үүрэгтэй байна. Мөн гэрээний 1.3-т “Гүйцэтгэгч нь захиалсан орон сууны барилгыг барьж дуусган гэрээнд заасан төлбөрөө 100 хувь төлсөн захиалагчид хүлээлгэн өгөх нөхцөлтэй” хийгдсэн байдаг. Хариуцагчийн зүгээс М.Түвдэндоржийг маргаан бүхий 2 өрөө орон сууцны эзэмшигч гэдэгт маргах зүйлгүй байна. М.Түвдэндорж нь 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орон сууцаа авсанаас хойш одоог хүртэл 5 жил гаруй хугацаа өнгөрч байхад эзэмшиж байгаа орон сууцны үлдэгдэл төлбөрөө бүрэн гүйцэд төлөөгүй. М.Түвдэндож нь орон сууцаа 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээж авсан атлаа “Жиашидэ” ХХК-иас гэрээний 3.1-д зааснаар үүргээ биелүүлээгүй гэж гэрээний 3.3-т заасан 0.01 хувийн алданги тооцсон        3 550 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч гэрээ байгуулахдаа 2 өрөө байрыг 63.76 м.кв-аар тооцож хүлээн зөвшөөрч 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байрандаа орсон байна. Байрандаа орсон цагаасаа орон сууцны м.кв хэмжээг мэдэх боломжтой байсан, эсхүл нэн даруй шалгаж үзэж эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй төрлийн эд хөрөнгөөр солиулах зэргээр худалдан авагчаас шаардах эрхтэй байсаар атал шаардлага гаргаагүй байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлд зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин М.Түвдэндоржоос н.Асралмаагийн хувийн харилцах дансанд шилжүүлсэн гэх 6 000 000 төгрөгийг “Жиашидэ” ХХК-иас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Мөн тэрээр уг орон сууцанд 5 980 500 төгрөгийн засвар хийсэн нь, мөн хариуцагч нь доголдолтой орон сууцыг түүнд хүлээлгэн өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2012 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Жиашидэ" ХХК болон “Улаанбаагар шинэчлэл” ХХК-ийн хооронд “Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэх тухай гэрээ” гэж байгуулсан байдаг. “Жиашидэ” ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороололын Жалханц хутагг Дамдинбазарын гудамж, 37 дугаар байрны орон сууцны барилга угсралтын ажлыг 2008 оноос эхлэн 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хооронд барьж дуусгаж, 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 59/2011 дугаар актаар барилга байгууламжийг ашиглалтанд оруулахаар техникийн комисст хүлээлгэн өгч, улмаар 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Дээрх орон сууцны захиалагчид нь 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 72 айл буюу 80 хувь нь байрандаа орсон. 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус 37 дугаар  байрны СӨХ нь “Бат-Ундрага” нэртэйгээр байгуулагдсан. Үүнээс үзэхэд тус байрны сууц өмчлөгчид нь орон сууцны халаалт, халуун, хүйтэн, бохир, ариутгал, хог, цахилгаан зэрэг СӨХ-ны болон дундын өмчлөлийн ашиглалтын төлбөрийг өөрсдөө хариуцахаар хуульд заасан байна. Гэтэл “Улаанбаатар шинэчлэл” ХХК нь гэрээний 3.1-д заасны дагуу захиалагч “Өгөөмөр мандал” ХХК, гүйцэтгэгч “Жиашидэ” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ажлыг манай компани гүйцэтгэж “Жиашидэ” ХХК-д гүйцэтгэсэн ажлын хөлс гэж 28 445 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Хэрэгт байгаа нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримтууд нь шаардлага хангахгүй байна. Тухайлбал, 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын хоорондох УБ хотын хот тохижилт үйлчилгээний хог тээврийн баримт нь “Цүзүкү юмэ” ХХК-ийн нэртэй баримт өгсөн байгаагаас харахад уг баримт нь “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн хог тээврийн баримт гэж үзэхээргүй байна. Мөн “Цүзүкү юмэ” ХХК нэртэй баримтууд нь хэдэн сарын хэдний өдөр, аль дүүргийн, аль хорооны хогийн баримт болох нь тодорхойгүй, хогийн төрөл зүйл тэмдэглэлгүй, хог тээврийн компанийн ажилтны гарын үсэггүй, хог ачуулсан СӨХ, хорооны Засаг дарга, ажилтны овог нэр, хаяг, утасны дугаар, мөн он сар өдөргүй, гарын үсэггүй, тохижилт үйлчилгээний диспичерээс олгосон талон байхгүй, гагцхүү “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан байгаа нь уг баримтууд нь нотлох баримтын шаардага хангахгүй байна. Мөн энэ талаарх Иргэний хуулийн 75 дугаар зүлйийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэснийг хэтрүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

     Хариуцагч “Жиашидэ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Жиашидэ” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр М.Түвдэндоржтой үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих 91 тоот гэрээг байгуулсаныг нэхэмжлэгч тал үгүйсгэдэггүй. Гэрээний дагуу маргаж буй орон сууцыг М.Түвдэндоржид хүлээлгэн өгөх, 75 874 400 төгрөгийг “Жиашидэ” ХХК-д төлөх ёстой байсан. Компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлсэн боловч, М.Түвдэндорж өнөөдрийг хүртэл 53 105 800 төгрөгийн үлдэгдлийг төлөхгүй байгаа. М.Түвдэндорж нь үл хөдлөх эд хөрөнгө захиалан бариулах гэрээг хийж байрандаа орсон. Энэ байдлаас харахад “Жиашидэ” ХХК-ийг гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Харин М.Түвдэндорж тус гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 53 105 800 төгрөгийг төлөхгүй “Жиашидэ” ХХК-ийг хохироож байгаа тул гэрээнд заасан хугацаа хэтэрсэн алдангийг нөгөө талдаа төлөхөөр байна. Иймд М.Түвдэндоржоос гэрээний үлдэгдэл төлбөр 53 105 800 төгрөг, гэрээний 4.3-т заасан үндэслэлээр 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сар хүртэл 1502 хоногт тооцогдох алданги 7 316 948 төгрөг нийт 60 422 748 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

      Нэхэмжлэгч М.Түвдэндорж сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Гэрээний хувьд хүчин төгөлдөр. Бид гарын үсгээ зурж баталгаажуулсан. 53 105 800 төгрөгийг банкаар төлнө гээд төлөх график дээр баталгаажуулсан. Энэ компани 2011-2015 он хүртэл алга болчихоод одоо алданги нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. 

 

    Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Түвдэндоржид Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 5 тоот орон сууцыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алданги 3 550 000 төгрөг, орон сууцны талбайн зөрүү төлбөрт 4 462 500 төгрөг, орон сууцны үлдэгдэл төлбөрт төлсөн 6 000 000 төгрөг, орон сууцанд засвар хийсэн зардалд 5 980 500 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, 

    Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 77 дугаар зүйлийн 77.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Түвдэндоржид холбогдох, гэрээний үүрэгт 53 105 800 төгрөг, алданги 7 316 948 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Жиашидэ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг, хариуцагч “Жиашидэ” ХХК-д холбогдох, 28 445 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, 

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Түвдэндоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 353 төгрөгийг, нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК-иас төлсөн 300 175 төгрөгийг, хариуцагч “Жиашидэ” ХХК-иас төлсөн 495 379 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Жиашидэ” ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Түвдэндоржид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

               Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунбадам давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх зохигчийн хооронд 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний харилцаанд Иргэний хуулийн зарим зүйл, заалтыг илтэд буруугаар тайлбарлан хэрэглэсэн нь "... шүүхийн шийдвэр хууль ёсны байх ..." хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... 2011 оны 12 сарын 14-ннй өдрийн 91 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ байгуулагдах үед тухайн орон сууц хариуцагчийн өмчлөлд шилжсэн байх тул ..." гэсэн үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад нийцээгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд дотор маргаан бүхий орон сууц буюу Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 5 тоотын 63,76 м.кв талбайтай 2 өрөө сууц нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийнхөө хувьд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ тусгайлан гараагүй байсан. Харин "Жиашидэ" ХХК 95 хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээтэй, 110 айлын орон сууцны дуусаагүй барилгын өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Ү-2205037507 дугаарт бүртгүүлэн 2011 оны 10 сарын 26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нийт 5.664 м.кв талбайн хэмжээгээр гаргуулан авсан байсан. ''Жиашидэ"' ХХК-ийн захиалгаар баригдсан буюу Баянгол дүүрэг, 18 дугаар хороо. Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр хаягт байрлалтай үйлчилгээтэй орон сууцны барилгыг бүрэн барьж дууссаны дараа захиалагч тус бүртэй байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний 3.2-т заасныг үндэслэн төлбөрөө 100 хувь төлсөн захиалагчид нэг бүрийн шинжээр тодорхойлогдох орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг нь гарган өгч байсан. Анхан шатны шүүх "Жиашидэ" ХХК-ийн нэр дээрх 5.667 м.кв талбай бүхий үйлчилгээтэй 110 айлын орон сууцны дуусаагүй барилга буюу 95 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 37 дугаар байрны 5 тоотын 63,76 м.кв талбайтай 2 өрөө орон сууны өмчлөх эрхийн гэрчилгээ гэж үзэн зохигчийн хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээг Иргэний хуулнйн 243 дугаар зүлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн нь шийдвэр хууль ёсны байх тухай хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Анхан шатны шүүх "Жиашидэ" ХХК-ийн гаргасан гэрээний дагуу төлөх естой төлбөр 53 105 800 төгрөг, түүний алдангид нэхэмжилсэн 7 316 948 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд хэрэглэгдэх Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг  хэрэглээгүйгээс тус хуулийн зарим хэсгийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг зургаан жил байхаар хөөн хэлэлцэх тусгай хугацаа заасан. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн хооронд 2011 оны 12 сарын 14-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээний зүйл нь 37 дугаар байрны 5 оотын 63,76 м.кв талбайтай 2 өрөө орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасанчлан талуудын хооронд "Худалдах, худалдан авах гэрээ"-ний харилцаа үүссэн гэж үзвэл энэ гэрээний зүйл мөн л дээрх орон сууц буюу үл хөдлөх эд хөрөнгө гэж үзнэ. Иймд дээрх хоёр төрлийн гэрээний харилцааны аль нь ч байсан "...нэг талаас Үл хөдлөх эд хөрөнгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гэрээнд заасан хэмжээгээр төлөх үүрэг үүсэж байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 дахь заалтын зохицуулалт нь гэрээний төрлөөс үл хамааран тухайн гэрээний аль нэг талын үүрэгт үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үүрэг байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг 6 жил байх агуулгыг илэрхийлж байна. Шүүхийн шийдвэрт "... нэхэмжлэгч тухайн орон сууцыг 2012 оны 6 сараас эзэмшиж эхэлсэн ..." гэж заасан хугацаанаас Иргэний хуулийн 75.2.2-т заасан хугацаагаар тооцвол тухайн гэрээний үүргийн талаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 6 сард дуусахаар байна. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр орон сууцны үнийн үлдэгдлийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гэрээний дагуу нэхэмжилсэн алдангийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй  байна.

 

   Хариуцагч “Жиашидэ” ХХК-д холбогдуулж нэхэмжлэгч М.Түвдэндорж нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 1 дүгээр орц, 1 давхарын 5 тоотод байрлах орон сууцыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох, 19 993 000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 28 445 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл  тус тус гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, М.Түвдэндоржид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60 422 748 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

  Нэхэмжлэгч М.Түвдэндорж нь хариуцагч “Жиашидэ” ХХК-тай 2011 оны  12 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар барих гэрээ байгуулж, уг гэрээгээр “Жиашидэ” ХХК нь Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 1 дүгээр орц, 5 тоотод байрлах 63.76 м.кв талбайтай орон сууцыг хүлээлгэн өгөх, М.Түвдэндорж нь орон сууцны үнэ 75 874 400 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 5-10 дугаар тал/

 

   Гэрээний зүйл болох дээрх орон сууцыг “Жиашидэ” ХХК нь 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр барьж дуусгасан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актаар тогтоогдсон, уг компани орон сууцны өмчлөх эрхийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авсан байна. Иймд талуудын хооронд гэрээ байгуулагдах үед гэрээний зүйл нь “Жиашидэ” ХХК-ийн өмчлөлд шилжсэн буюу баригдаж дууссан орон сууц байсан тул анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /1-р хх-ийн 38, 2-р хх-ийн 369-373 дугаар тал/

 

   Худалдан авагч М.Түвдэндорж нь гэрээний урьдчилгаа төлбөрт 22 768 600 төгрөг төлж, 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш орон сууцыг эзэмшиж байгаа үйл баримтад талууд маргаагүй байна. Худалдагч “Жиашидэ” ХХК-ийн зүгээс гэрээний зүйл болох орон сууцыг худалдан авагч М.Түвдэндоржийн эзэмшилд өгөхөд маргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 37 дугаар байр, 1 дүгээр орж, 5 тоотод байрлах 63.76 м.кв талбайтай орон сууцыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

    Түүнчлэн нэхэмжлэгч М.Түвдэндорж нь үндэслэлгүйгээр гэрээний үүрэгт  6 000 000 төгрөг төлсөн, орон сууц доголдлын улмаас хийсэн засварын зардалд 5 980 500 төгрөг  зарцуулсан гэж нэхэмжилсэн байх боловч тэрээр уг шаардлагуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж мэтгэлцээгүй байх тул анхан шатны шүүх дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасантай тус тус нийцсэн байна.

 

  Маргааны зүйл болох орон сууцны талбайн хэмжээ талуудын гэрээгээр тохиролцсон талбайн хэмжээнд хүрэхгүй 3.68 м.кв-аар дутуу болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх боловч доголдолтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэхэмжлэгч нь орон сууцыг эзэмшилдээ авсан 2011 оноос тоолоход дууссан байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэж, орон сууцны талбайн зөрүү төлбөр гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Доголдолтой холбоотой үүсэх шаардлага гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа хамаарна.

 

     Харин худалдагч нь худалдан авагчид өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй зөрчил үргэлжилсэн хэвээр буюу эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх үндсэн үүрэгт хамаарах хөөн хэлэлцэх хугацаа  дуусаагүй байхад нэхэмжлэгч нь гэрээний 3.1, 3.3-т заасан уг үүрэгтэй холбоотой алданги төлөх нэмэлт үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэж, уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх боловч энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитов зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

 

  Анхан шатны шүүх талуудын үндсэн үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг буруу тодорхойлж, гэрээний үндсэн үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх үндсэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байх”  зохицуулалтыг хэрэглээгүй нь  буруу байна.

 

 Иймд талуудын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй, худалдан авагч М.Түвдэндорж нь гэрээний үлдэгдэл төлбөр 53 105 800 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагч “Жиашидэ” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

  Харин талууд худалдах, худалдан авах гэрээний 4.2, 4.3-т алданги тооцох нөхцөлийг “гэрээний графикаар тогтоосон хугацаа зөрчвөл”  гэсэн агуулгаар тохиролцсон байх боловч уг гэрээний хавсралтад /графикт/ үлдэгдэл төлбөрийг хэзээ төлөх хугацааг тодорхой заагаагүй, хариуцагчаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөөгүй байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч буюу худалдан авагчийн төлбөр төлөх үүрэг зөрчигдсөн хугацааг тогтоох боломжгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги гаргуулах үндэслэлгүй тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс алдангид 7 316 948 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. /1-р хх-ийн 9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК, хариуцагч “Жиашидэ” ХХК-ийн хооронд 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг тээвэрлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Улаанбаатар шинэчлэл” ХХК нь барилгын хог хаягдал цуглуулж, тээвэрлэн зөөх, “Жиашидэ” ХХК нь 1 сард 520 000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /2-р хх-ийн 422-423 дугаар тал/  Иймд Анхан шатны шүүх аталуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Харин нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК нь дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу 28 445 000 төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч  шүүх нотлох үүргийн хуваарилалтыг буруу тодорхойлж, хариуцагч “Жиашидэ” ХХК нь 28 445 000 төгрөг төлөөгүй гэх үйл баримт тогтоогдоогүй гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулав. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлс  шаардахын тулд тухайн өртөг бүхий ажлыг гүйцэтгэсэн гэдгээ  нотлох шаардлагатай.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/00602 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Түвдэндоржоос 53 105 800 төгрөг гаргуулж хариуцагч “Жиашидэ” ХХК-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас алданги 7 316 948 төгрөг гаргуулах болон хариуцагч “Жиашидэ” ХХК-д холбогдох 28 445 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

3 дахь заалтын “… нэхэмжлэгч М.Түвдэндоржид олгосугай” гэснийг “нэхэмжлэгч М.Түвдэндоржид олгож, нэхэмжлэгч М.Түвдэндоржоос 423 479 төгрөг гаргуулж хариуцагч “Жиашидэ” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541 107 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                     ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                    ШҮҮГЧИД                                          А.ОТГОНЦЭЦЭГ       

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ