| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00154/и |
| Дугаар | 316 |
| Огноо | 2017-04-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 316
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сум, Дэлгэр баг, Сургуулийн хороонд оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОР68050901, Тайж овогтой Даалхайгийн Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Хяргас сумын Засаг даргад холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1993 онд Анагаах Ухааны Их сургуулийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Их сургуулиа төгсөөд Увс аймгийн Хяргас сумын Хүн эмнэлэгт хүүхдийн их эмчээр томилогдож ирж ажилласан юм. Миний бие Хяргас сумын Хүн эмнэлэгт тасралтгүй, тогтвор суурьшилтай 25 жилдээ ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд хүүхдийн эмчээр ажиллаж байгаад 2006 оноос Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр чөлөөлөгдсөн юм. Би 25 жилийн хугацаанд Хяргас сумын Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллах хугацаандаа сумынхаа ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хоёргүй сэтгэлээр өөрийн эрүүл мэнд амь амьдралаа үл хайхран зүтгэж хөдөлмөрлөж ирсэн билээ. Энэ хугацаанд ажлын алдаа, зөрчил, хууль бус үйлдэл гаргаж, сахилгын шийтгэл хүлээж арга хэмжээ авахуулж байгаагүй, харин ч сайн ажиллаж байсан юм. ... Миний бие ажил үүргээ норм журмын дагуу гүйцэтгэж байтал 2017 оны 1 дүгээр сарын 17-нд Улаангом суманд сургалтай гэж аймгийн Эрүүл мэндийн газраас дуудаж орж ирсэн. Уг сургалтын дараа эхийн эндэгдлийн талаар хурал болсон юм. Үүнээс өмнө манай сумын Эрүүл мэндийн төвд дээр эхийн эндэгдэл гарсан байсан юм. Энэ талаар надаас Эрүүл мэндийн газрын дарга зохих мэдээлэл авч хэлэлцээд ерөнхийдөө чамайг ажлаас чөлөөлөх саналыг сумын чинь Засаг даргад явуулна гэж хэлсэн юм. Ингээд намайг сумандаа ирэхэд ажлаас ноцтой зөрчил гаргасан гэх байдлаар ажлаас чөлөөлөх захирамж гаргаж, миний ажлыг өөр хүнд хүлээлгэж өгсөн юм. Засаг дарга намайг ажлаас чөлөөлөхдөө Увс аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 48 тоот албан тоотыг үндэслэн ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бие ажлаас хууль бусаар үндэслэлгүй халагдсандаа туйлын гомдолтой байна. Иймд 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 тоот Хяргас сумын Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлгүй байх тул намайг Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн томилж өгнө үү. ... Би 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр мэдээ гаргаад оройн 20 цаг хүртэл хугацаанд ажил дээрээ сууж байгаад гэртээ харьсан. Гэтэл талийгаач Одонхүү нь тэр өдрийн 16 цагийн үед ирж хэвтсэн байсан. Тухайн өдөр түүний эмчлэгч эмч Алтанхуяг жижүүртэй байсан ба түүнийг Алтанхуяг эмч өөрөө зааж хэвтүүлсэн байсан. Шөнөжингөө эхийн даралт ихсээд буухгүй байгаа талаар сувилагч нь түүний эмчлэгч эмчтэй утсаар холбогдоод яриад байсан байдаг. Надад энэ талаар огт хэлээгүй, мэдэгдээгүй. Хэрэв надад энэ талаар хэзээ ч байсан хамаагүй мэдэгдсэн бол би ямар нэгэн арга хэмжээ авч болох байсан. Тэгээд маргааш нь өглөө ажилдаа ирэхэд аль хэдий нь тархины цус харвалт явагдсан, аварах боломжгүй болсон байсан. Энэ байдлыг мэдээд Алтанхуяг эмч өөрийн өргөдлөө өгөөд ажлаас гарсан. Сувилагчид нь сахилгын арга хэмжээ авсан. Энэ үйл явдалд миний ямар нэгэн буруутай үйл ажиллагаа буюу эмчлэхээс татгалзах, зайлсхийх, эсхүл хайнга хандсан асуудал байсан бол өнөөдөр би ажилдаа эгүүлэн тогтоолгоно гээд зогсохгүй байсан. Намайг ажилдаа хожигдож ирсэн гэж хариуцагч тайлбартаа дурдсан байсан. Гэтэл манай байгууллага дотоод журамдаа өөрчлөлт оруулж, 8 цаг 30 минутад ажил эхлэхээр тохирсон байсан. Би ажлын цагаасаа хоцроогүй. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга Ц.Цэвээнравдан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус сумын иргэн Даалхай овоггой Лхагвасүрэн нь Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эргүүлэн томилуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн авах боломжгүй болно. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хүргүүлж байна. Тус сумын иргэн Д.Лхагвасүрэн их сургууль, их эмч мэрэгжлээр төгсөж Хяргас суманд томилогдож ирээд ажиллаж амьдрал ахуйгаа төвхнүүлээд 20 гаруй жил их эмчээр ажиллаж амьдарч байна. Д.Лхагвасүрэн эмч томилогдоод 10 гаруй жил сумын нийгэм эдийн засгийн хөгжилд өөрийн хариуцсан байгууллагыг удирдан ирсэн. Энэ хугацаанд байгууллагын үйл ажиллагааг доголдуулан ажилласан цаг хугацаа ч байна, мөн сайжруулан ажилласан цаг хугацаа байсан. Харин өнөөдөр өөрийн ажлын хариуцлагагүй үйлдлээсээ болж ажлаас 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр чөлөөлөгдсөн үнэн. ... Сумын эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдолтой байсан нь 2017 он гарангуут эхийн эндэгдэл гарснаас дүгнэж болно. Ер нь төрсөн эх хүүхэд болон жирэмсэн эхийн эндэгдэл 2016 онд төрсний дараа нярай хүүхэд эндсэн, 2017 он гараад эхний долоо хоногт залуухан жирэмсэн эх эндсэн. Энэ нь төрийн үйлчилгээнээс гадна тухайн байгууллагын үйл ажиллагаа буюу эрхлэгч эмч ажиллахгүй, ажил үүргээ стандартын дагуу явуулаагүйг нотлож байна. Засаг дарга миний бие ямар нэг шалтгаан хийсвэрээр гаргаж ирж Д.Лхагвасүрэн гэдэг хүнийг ажлаас чөлөөлөөгүй. Тус сумын Орших овогтой Одонхүү нь жирэмсэн эх ба 32 настай, нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байсан. О.Одонхүү нь жирэмсний хяналтанд эх баригч Алтанхуяг эмчид хянуулаад явж байгаад төрөхөөс 20 хоногийн өмнө биеэ үзүүлэхээр орж ирээд эмчид үзүүлээд эмчилгээ бичүүлээд Эрүүл мэндийн төвд хэвтэхээр болж 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн үдээс хойш хэвтэж эмчилгээ хийлгэж эхэлсэн ч хэвтсэн орой нь бие нь маш их муудаж сувилагчаараа эмч нарьг дуудуулсан ч нэг ч эмч ирээгүй бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 07 цагийн орчим бие муудаж эхэлсэн ба өглөө 08 цагийн орчимд ээлжийн сувилагч ирж Одонхүү гэдэг эхийн бие харвалтийн шинжтэй байсныг мэдэж холбогдох эмч нарыг дуудаж эмчилгээ хийж эхэлсэн бөгөөд тэр үед эрхлэгч эмч болон бусад цэвэрлэгч, үйлчлэгч, сувилагч нар ажлын цагтаа ирээгүй тэр тусмаа Эрүүл мэндийн төвийн дарга Д.Лхагвасүрэн нь хүндэрсэн эх 1 хоног хэвтээд эмчилгээ хийлгэж байхыг мэдэхгүйгээр ажлын цагаасаа хоцорсон. 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 09 цагаас хойш ирж мэдээд тухайн эхэд тусламж үзүүлэх гэсэн боловч амжихгүй, эх, хүүхэд эндэж сумын нэг залуу гэр бүл болон 2 хүүхэд нэг залуугийн амьдрал хариуцлагагүй эмч нарын буруугаас болж насан туршийн амьдралаар хохирсон асуудал болсон. Энэ сумын Засаг дарга Цэвээнравдан болон Эрүүл мэндийн дарга Отгонбаяр, сумын Нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөл, Аймгийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн хамтарсан хуралдаан Хяргас суманд 2017 оны 1 дүгээр сарын 03-ны шөнийн 22 цаг 18 минутанд болж эмчийн ажлын хариуцлага алдсан, ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн санал гарсан. 3асаг дарга Ц.Цэвээнравдан 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 тоот захирамж гаргаж төрийн үйлчилгээний доголдол арилгаж хуулийн хүрээнд яаралтай арга хэмжээг авч ажилласаар байна. Д.Лхагвасүрэн иргэний хувьд 2016 онд эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг санхүү төсвийн өр үүсгэж хариуцлага тооцох Эрүүл мэндийн газрын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 413 албан тоот суманд ирсэн байсан. Эрүүл мэндийн газрын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 589 тоот албан бичиг өгсөн ба уг үүрэг даалгаварын биелэлтийг ханган ажиллаагүй. Аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн эхийн эндэгдэл, ноцтой хүндрэлийг хэлэлцэх багийн хурлын тэмдэглэлийг үндэслэн 48 тоот албан бичиг ирүүлснийг танилцан шийдвэр гаргасан. Ажлаас чөлөөлөхөд Д.Лхагвасүрэн тэтгэвэрт гарахад 1 жил үлдсэн өөр ажлын байранд ажиллуулж өгөх өргөдөл гаргасан. Гэтэл энэ бүх нөхцөл байдал, холбогдох байгууллагын дүгнэлт, шийдвэрийг харж байж шийдвэрлэнэ гэж хариу өгсөн. Гэтэл эмч хүний ёс зүй, өргөсөн тангарагаа ноцтой зөрчсөн хүн өнөөдөр даргын ажлаа авна гэж нэхэмжлэл гаргасан нь ямар нэг бусдын шахалт болон хэтэрхий ёс зүйгүй байна. /Бүхэл бүтэн өрх гэрийн амьдрал хүнд байдалд байгааг санах л хэрэгтэй гэж үзэж байна/ Ажлаас чөлөөлөх үндэслэл болон иргэн Д.Лхагвасүрэнгийн талаар иргэдээс санал, асуулга явуулж болно. Үүнд: Эрүүл мэндийн тухай хуулийн 12.2, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө. 40.1 Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно. 40.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 31.1.8 хууль тогтоомжид заасан бол тухайн нутаг дэвсгэр дэх төсвийн байгууллагын ажилтанг холбогдох дээд байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх, 38.1.2 ажил олгогч санаачилсан” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн нь хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 тоот захирамж гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга Даалхай овогтой Лхагвасүрэнг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8 дахь заалт, аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 48 дугаар шийдвэр, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
1. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнгийн хөдөлмөрийн харилцааг өөрийн санаачилгаар дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан 7 үндэслэлийн аль үндэслэлээр дуусгавар болгосон нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар дуусгавар болгож байгаа нөхцөлд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах ба тухайн үндэслэлээ холбогдох нотлох баримтуудаар нотолсон байхыг шаардана.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлийг дурдсан байх боловч уг заалтад хөдөлмөрийн гэрээг цуцлах 2 өөр үндэслэл байгааг ялгаж зааглаагүй байх ба чухам аль үндэслэлийг өөрийн гаргасан шийдвэрийн үндэслэл болгосноо дурдаагүй байна.
2. Нөгөө талаар, хариуцагч нь “2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр эхийн эндэгдэл гарахад сумын Эрүүл мэндийн төвийн дарга буруутай, өөрийн албан үүрэгтээ хайнга хандсан” гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж, үүнийгээ нотлохоор 2017 оны 1 дүгээр сарын 03-ны шөнө 22 цаг 18 минутад тус сумын Засаг даргын өрөөнд болсон хурлын тэмдэглэл /хх-95-103/, мөн 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цагт эхэлсэн “Увс аймгийн Хяргас суманд эндсэн эх О-гийн эндэгдлийн эмнэлзүй, эмгэг судлалын хурын тэмдэглэл” /хх-82-94/, Эмгэг судлалын шинжилгээний “Протокол №Сум-1 эх” гэх дүгнэлт /хх-80-81/ “Эхийн эндэгдлийг магадлан хэлэлцэх” гэсэн нэр бүхий 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цаг 23 минутад эхэлсэн хурлын тэмдэглэл /хх-73-77/ зэргийг Увс аймгийн Эрүүл мэндийн газраас хуулбарлан ирүүлжээ.
Уг хурлын тэмдэглэлээс үзэхэд Хяргас сумын Эрүүл мэндийн дарга Д.Лхагвасүрэнгийн хувьд “Тус төвийн эмч, ажиллагсдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаагүй, хамтын ажиллагаа, уялдаа холбоо муутай байсан” гэсэн дүгнэлтэд хүрч, холбогдох этгээдүүдэд арга хэмжээ тооцуулах саналаа хүргүүлэхээр болжээ.
Харин Д.Лхагвасүрэнгийн хувьд эхийн эндэгдэл гарахад санаатай болон санамсаргүй байдлаар нөлөөлсөн, түүний “гэм буруутай” үйлдэл, эс үйлдэхүй байсан эсэх талаарх холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, мөн хуулийн байгууллагын гэм буруутайг нь нотолж, тогтоосон шийдвэр тус тус гараагүй байна.
Түүнчлэн Д.Лхагвасүрэнгийн Увс аймгийн Хяргас сумын Засаг даргатай 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-31-32/-ний 20 дугаар зүйлд “Ёс зүй, харилцаа хандлагын ноцтой зөрчил гаргасан, шалтгаангүй 8 цагаас дээш хугацаагаар ажил тасалсан, эмчилгээ үйлчилгээний ноцтой зөрчил гаргасан, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг 2-оос дээш удаа үл биелүүлсэн” тохиолдолд хөдөлмөрийн гэрээнд заасан “ноцтой” зөрчилд тооцож, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тохиролцсон байх ба тухайн заалтыг зөрчсөн эсэх, уг зөрчил тогтоогдсон эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд Увс аймгийн Хяргас сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Б/09 тоот захирамж нь хууль болон бодит байдалд нийцээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвасүрэнг Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогтой Даалхайгийн Лхагвасүрэнг Увс аймгийн Хяргас сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвасүрэн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга /Засаг даргын Тамгын газар/-аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА