| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00187/и |
| Дугаар | 318 |
| Огноо | 2017-04-14 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 318
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар баг, 6-13 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ66011329, Шавгууд овогтой Дэндэвийн Танягийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд холбогдох,
Тус сургуулийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот “Менежерийн ажлаас чөлөөлж, багшаар авч ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болор-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Б.Цолмонхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Таня шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Таня миний бие боловсролын байгууллагад тасралтгүй 29 жил ажилласан. 1992 оноос 1998 онд Хархираа сумын 8-н жилийн дунд сургуульд хүмүүжлийн эрхлэгч, дуу хөгжмийн багш, 2000 оноос 2006 онд Улаангом сумын 4 дүгээр сургуульд хүмүүжлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, 2006 оноос 2013 онд Шинэ-Ирээдүй цогцолбор сургуульд ахлах нийгмийн ажилтан, 2013 оноос 2016 онд Улаангом сумын ахлах 4 дүгээр сургуулийн захирал, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Ахлах 3 дугаар сургуулийн сургалтын менежерээр тус тус ажилласан. Ажиллаж байх хугацаандаа удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэхэд сургалтанд шат дараатай суралцан мэргэжлээ тогтмол дээшлүүлсэн. ... Боловсролын байгууллагын өөрийн мэргэжлийн ажлыг үр бүтээлтэй хийхийн зэрэгцээ 2008 оноос 2012 он, 2012 оноос 2016 онуудад Улаангом сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр 2 удаа сонгогдон ард иргэдийнхээ төлөө чин сэтгэлээ зориулан шударга ажиллаж ирсэн. Гэтэл Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний № Б/66 тоот захирамж гарган Ахлах 4 дүгээр сургуулийн захирлын ажлаас улс төрийн зорилгоор чөлөөлж, Ахлах 3 дугаар сургуулийн захирал Д.Батбилэгийн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний № Б/22 тоот тушаалаар сургалтын менежерээр томилогдон ажилласан. Сургалтын менежерээр ажиллах 4 сарын хугацаанд сургалтын чанар, үр дүн, багшийн ур чадвар, арга зүйг дээшлүүлэхэд анхаарч нийт 89 багшийн хичээлд сууж зөвлөгөө өгч, 56 хичээлийн хэлэлцүүлэг зохион байгуулж сайжруулан заалгаж, багшийн арга зүйн цагтай болж хамтарч багш нар хичээлээ бэлтгэх боломж бүрдүүлэн ажиллахаас гадна сургуулийн сургалтын таатай орчин бүрдүүлэх, багш сурагчдын харилцаа, хандлагыг өөрчлөх, эцэг эх хамтын ажиллагааг бэхжүүлэх, багшийн арга зүйг сайжруулах олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулан ажиллаж байсан. Гэтэл сургуулийн захирлаар томилогдсон Б.Цолмонхүү нь ажилдаа томилогдон ирэнгүүтээ “Дээрээс намайг хал гээд байна, хамтарч ажиллахгүй” гэсэн ба багш нараас ямарч нэр хаяггүй “Хариуцсан менежертэйгээ хамтарч ажиллах уу” гэсэн ганцхан асуулттай хууль бус судалгаа ганцаараа авч, ганцаараа нэгтгэж, “Багш нар чамтай хамтарч ажиллахгүй гэж байна” гээд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот тушаал гаргаж сургалтын менежерийн ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар “Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэж заасан байтал хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг тушаалд дурдаагүй нь энэхүү тушаал нь илт хууль бус болохыг баталж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1 нь “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ хугацаагүй” гэж заасан байдаг энэ заалт ажлаас чөлөөлөгдөхөд ямар нэгэн холбогдолгүй заалт гэж үзэж байгаа бөгөөд Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын А/278 тоот тушаал нь ажлаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Би Ахлах 3 дугаар сургуульд 4 сар ажиллах хугацаа болон боловсролын байгууллагад 29 жил ажиллахдаа ямарваа нэгэн зөрчил гаргаагүй, төрийн ажлыг чин шударгаар хариуцлагатай гүйцэтгэж ирсэн. Захирал Б.Цолмонхүү нь ажилдаа ирээд 10 ч хоноогүй байж намайг сургалтын менежерийн ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Төрийн ажил тэр тусмаа төрийн үйлчилгээний байгууллагын ажлыг улс төр болгож намайг шат дараалсан 2 ажлаас чөлөөлсөн нь цаанаа улс төрийн шалтгаантай гэж үзэж байна. Энэ нь Үндсэн хуульд зааснаар эрх, эрх чөлөөг минь зөрчиж ялгаварлан гадуурхах үйлдэл юм. Намайг чөлөөлөхдөө ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Ахлах 3 дугаар сургуулийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот тушаалыг хүчингүй болгож намайг тус сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд буцаан томилуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн захирал Б.Цолмонхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд нэхэмжлэл гаргасан Д.Танягийн нэхэмжлэлд хариуцагч миний бие дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Б.Цолмонхүү би 2016 оны 11 дүгээр саын 29-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар саргуулийн захирлаар томилогдон ажил хүлээж авсан. Ажил авсан өдрөөс эхлэн нийт ажилтнууд багш нартайгаа танилцах, хэн нь ямар ажил үүрэг гүйцэтгэдэг гэдгийг мэдэх зорилгоор бичиг баримт, хувийн хэрэгтэй нь нэг бүрчлэн танилцсан. Энэ үед менежерүүдийн хувийн хэрэг бичиг хэрэг хариуцсан ажилтанд байхгүй учраас хувийн хэргээ өгөөрэй гэж нийгмийн ажилтнаар хэлүүлсэн. Мөн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нийт багш ажилчнуудын цуглаан хийж, ажил төрлийн яриа хийхээс гадна бүх хүнээс сургуулийн захирлын зүгээс энэ сургуулийн ажлыг сайжруулахын тулд ямар ажлыг хийх нь зүйтэй вэ? /сургалтын орчин, хөрөнгө оруулалт г.м/ сургалтын менежерийг үргэлжлүүлэн ажиллуулах уу? хэрэв үгүй бол шалтгаанаа бичнэ үү гэсэн санал асуулга явуулсан. Энэ асуулгын дүнд Нийгмийн ухааны ахлах, дунд ангийн багш нарыг хариуцсан менежер Д.Таняад 24 хүн санал өгснөөс 16 нь хамтарч ажиллахгүй, 5 нь хамтарч ажиллана, 3 нь яасан ч яахав гэсэн санал өгсөн байлаа. Шалтгаан нь мэргэжлийн бус, харьцааны соёлгүй, удирдах ажилтны ёс зүйгүй. Зан харьцаа ширүүн, сурагчдын хажууд хүн загнадаг, хичээлийн технологи мэдэхгүй, бичиг цаасаар дардаг зэргийг бичсэн байв. Ажилд томилогдсон өдрөөс эхлэн багш нараас энэ хүнийг сольж сайн баг бүрдүүлж ажиллахыг хүссэн хүсэлтүүд бас ирж байсан. Д.Танятай урд нь 1 дүгээр сургуульд хамт ажиллаж байсны хувьд бас мэддэг байсан. 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Д.Таняд санал асуулгын дүнг танилцуулж, хувийн хэрэгтэй нь танилцахад диплом байхгүй байсан. Зөвхөн хавсралт байсан. Танай шүүхэд өгсөн материалд бас л диплом байхгүй байсан ба сүүлд хүсэлт гарган авахуулахад тухайн хуулбараас эрс зөрүүтэй хавсралтаа өгсөн нь тогтоогдсон. Ингээд нэгэнт “Таны удирдах, та мэргэжил арга зүйгээр хангаж ажиллах ёстой багш нар таныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бас менежерийн нийтлэг шаардлага хангахгүй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/278 тоот ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүргийг биелүүлэх боловсрол мэдлэг илэрхий таарахгүй байна” гэдгийг нь хэлж “Та иргэний боловсрол амьдрах чадварын багш хийнэ үү” гэж хэлсэн. Гэтэл “Хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гээд уурлаад гарсан. Сургалтын менежерийн үндсэн гол үүрэг нь хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх /үүнд: тухайн түвшний боловсролын сургалтын цөм хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, сургуулийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хичээл сургалтын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, багш нарын бүх ажилд нь зөвлөн туслах/ бага ангийн сургалтын менежерийг бага ангийн мэргэжлийн багш хийдэг, дунд ахлах ангийн сургалтын менежерийг 10 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй багшилсан дунд ахлах ангийн мэргэжлийн багш хийдэг. Д.Таня нь мэргэжлийн хувьд цэцэрлэгийн багш, цэцэрлэгийн арга зүйч хийх боломжтой бөгөөд Нийгмийн ажил сэдвээр магистр авсан нь цэцэрлэгийн эрхлэгч хийх болзолыг л биелүүлсэн байна. Д.Таняг менежерийн ажлаас чөлөөлж, боловсролд олон жил ажилласан туршлагад нь таарах амьдах чадвар, иргэний боловсролын багшийн ажилд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр томилсон болно. Түүнээс биш улс төрийн талаар юу ч яриагүй, тийм зорилгоор ажлыг нь өөрчлөөгүй болно. Зан харьцааны хувьд удирдах ажилтны ёс зүйн хэм хэмжээг сахин ажиллах чадвар дутуу. Мэргэжлийн биш байтлаа захирал хүртэлх ажлыг хийсэн. Хэнд мэдлэг чадвар, авъяас дадлага туршлага байна тэр хүнд боломж гарч түүнийхээ дагуу хөдөлмөрөө үнэлүүлдэг энэ салбарт ямар нэгэн улс төрийн шалтгаан нөхцөл байгаагүйг дахин хэлье” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Таня нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот “Менежерийн ажлаас чөлөөлж, багшаар авч ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн захирал 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот “Менежерийн ажлаас чөлөөлж, багшаар авч ажиллуулах тухай” тушаалаар нэхэмжлэгч Д.Таняг мөн өдрөөс эхлэн Сургалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж, Иргэний боловсрол, амьдрах ухааны хичээлийн багшаар ажиллуулахаар шийдвэрлэжээ.
Уг шийдвэрийг гаргахдаа “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 23 дугаар зүйлийн 23.2.1, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Нийтлэг шаардлага, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” А/278 тоот тушаалын сургалтын менежерт тавигдах нийтлэг шаардлага” заалтуудыг тус тус үндэслэсэн байна.
Гэтэл уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг удирдлага болгосон атлаа тухайн зүйлд заасан чухам аль үндэслэлээр Д.Таняг сургалтын менежерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байх ба хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Д.Танягийн эзэмшсэн “мэргэжил” нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй байгаа гэх бөгөөд Улсын багшийн дээд сургуулиас 1992 онд олгосон 14697 тоот диплом нь “хуурамч” хэмээн тайлбарлаж байна.
Хэрэгт хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн дээрх дипломыг эх хувиар гаргуулан авсан ба тухайн эх диплом нь хавсралтын хамтаар хэргийн 14 дүгээр хуудаст авагдсан мөн дугаар бүхий дипломын хавсралттай зөрж байгаа хэдий ч тухайн дипломыг “хуурамч”, “хууль бус аргаар олж авсан” гэдгийг нотолж, тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр хэрэгт авагдаагүй байна.
Хариуцагчийн тайлбараар “Д.Таня нь сургалтын менежер болон дунд, ахлан ангид хичээл заах мэргэжил, мэдлэггүй” гэх атлаа 2017 оны Б/01 тоот тушаалаараа нэхэмжлэгчийг Иргэний боловсрол, амьдрах ухааны хичээлийн багшаар томилсон нь ойлгомжгүй болжээ.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаас үзэхэд ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь “тогтоогдсон” байвал түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохыг заасан ба Д.Танягийн хувьд сургалтын менежерийн ажил, албан тушаалд “тэнцэхгүй” гэх албан ёсны, эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байна.
Мөн Д.Таня сургалтын менежерээс гадна дунд болон ахлах ангийн сурагчдад хичээл заах мэдлэг, мэргэжилгүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдохгүй байгаагаас гадна хэргийн 11-37 дугаар хуудаст авагдсан холбогдох мэргэжлийн сургалтад хамрагдсан тухай сертификатууд, гэрчилгээ, ажлын болон мэргэжлийн үнэмлэх, диплом, шагналын үнэмлэх зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагч нь “Судалгаа авахад Д.Таняг харилцааны доголдолтой, ширүүн зан араншинтай тул хамтран ажиллахгүй гэсэн саналыг багш нарын зүгээс илэрхийлсэн” гэсэн тайлбар гаргаж байгаа боловч тухайн “судалгаа”-г хэзээ, ямар зорилгоор хэний шийдвэрээр авсан нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг хариуцагчаас ирүүлээгүй бөгөөд тухайн судалгааны дүнг үндэслэн ажилчныг “ёс зүйн хувьд доголдолтой” гэж үзэхгүй ба Д.Танягийн ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэсэн холбогдох боловсролын салбарын Ёс зүйн хорооны дүгнэлт хэрэгт авагдаагүй байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар Д.Таняд ажил олгогчоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, өөр албан тушаалд шилжүүлэх болсноо нэг сарын өмнө мэдэгдээгүй байна.
Хариуцагч шийдвэртээ “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Нийтлэг шаардлага, ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” А/278 тоот тушаалын сургалтын менежерт тавигдах нийтлэг шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэл заасан байх ба тухайн тушаал, хавсралтыг судлан үзэхэд Д.Таня нь “Менежер”, “Арга зүйч”-д тавигдах шаардлага хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайлбал, 3.1-т “Менежер, арга зүйч нь багш мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна” гэж, 3.2-т “Менежер, арга зүйч нь багшлах эрхтэй, багшаар 10 болон түүнээс дээш жил үр бүтээлтэй ажилласан, “Тэргүүлэх” болон түүнээс дээш зэрэгтэй байна” гэж тус тус заасан байх ба хэргийн 13 дугаар хуудаст Д.Танягийн “Нийгмийн ажилтан” мэргэжлийн магистрын Е20050415 тоот дипломын хуулбар, Увс аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас олгосон S10830100130225 дугаар болон 2017/27 дугаартай “Тэргүүлэх багш” үнэмлэх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 2 дугаар сарын 27-ны өдөр олгосон “Багшлах эрхийн үнэмлэх”-ний хуулбар зэрэг баримтуудаар дээрх журамд заасан нөхцөл, шаардлагыг нэхэмжлэгчийн хувьд хангасан гэж үзэх боломжтой байна.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот “Менежерийн ажлаас чөлөөлж, багшаар авч ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Таняг тус сургуулийн Сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулиас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/01 тоот “Менежерийн ажлаас чөлөөлж, багшаар авч ажиллуулах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Таняг тус сургуулийн Сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Танягийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3 дугаар сургуулиас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА