Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 324

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Шанд баг, Оргил худалдааны 1-9 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА76091430, Дөрвөд овогтой Дашнямын Эрдэнэбатад холбогдох,

           Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.088.235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Эрдэнэбат нь 2013 онд Сум хөгжүүлэх сангаас 7.000.000 төгрөгийг монгол гэр, эмээл тааруулах төслийн хүрээнд 7.000.000 төгрөгийг жилийн 2 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатайгаар авсан болно. Уг зээлийн гэрээний дагуу төлөгдөж дуусаагүй үлдэгдэл болох 4.983.580 төгрөг нь гэрээний хугацаа дуусаад зургаан сараар хугацаа хоцролттой явж байна. Энэ хугацаанд ажлын хэсэг албан мэдгдэл, Засаг даргын албан шаардлага хүргүүлэн ажилласан болно. Иймд үндсэн зээл болох 4.983.580 төгрөг алданги 104.655 төгрөг, нийт 5.088.235 төгрөгийг нэхэмжилж байгаа болно” гэжээ.    

            Хариуцагч болон хариуцагч Д.Эрдэнэбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээл 5.088.235 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг шийдэж өгнө үү” гэжээ.

            Нэхэмжлэгчийн Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Эрдэнэбатын тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг дарга нь хариуцагч Д.Эрдэнэбатаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.088.235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Эрдэнэбат нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 5.088.235 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хариуцагч нь үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Эрдэнэбатаас 5.088.235 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 96.362 төгрөгийн 50 хувь буюу 48.181 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн Хаан банк дахь 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Эрдэнэбат нь 5.088.235 /таван сая наян найман мянга хоёр зуун гучин тав/ төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Эрдэнэбатаас 48.181 /дөчин наяман мянга нэг зуун наян нэг/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 1500000941 тоот дансанд оруулсугай.

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Н.ГЭРЭЛТУЯА