Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 14 өдөр

Дугаар 12

 

Г.Б   холбогдох эрүүгийн

 хэргийн талаар

226/2018/0010

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: А. У  ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Г 

Шүүгдэгч: Г.Б   нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б   давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн  1839000260018  дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймагт 1989 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар баг, Олцон гэх газар оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Б   овогт Г   Б   /РД: СЭ89091371/

Г.Б  нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Олцон” гэх газраас иргэн Ш.Х   90 тооны хонь, ямааг хулгайлж, 4972500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газраас Г.Б   үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 51 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б үжин овогт Г   Б  бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б нь давж заалдах гомдолдоо: Би 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Олцон” гэх газраас Х 90 тооны хонь, ямааг нь хулгайлаагүй учраас зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өдөр манай хонинд 70-80 тооны хонь, ямаа нийлсэн байсныг 2 хоног хоньтойгоо хариулж байгаад 25 тооны ямааг нь хувьдаа хэрэглэсэн. Би санаатайгаар хулгайлаагүй тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ Г.Б эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ноос 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Олцон” гэх газраас иргэн Ш.Х 90 тооны хонь, ямааг хулгайлж, 4972500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ш.Х мөрдөн байцаалтанд өгсөн: Туяа ах 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр Баасандоржийн дүү Будаас хонь ямаагаа асуусан гэсэн. Тэгээд Баасандоржийн хониноос миний 39 тооны хонь, ямааг ялгаж авсан байсан. Манай хонь, ямаанууд бүгд имгүй. Зарим ямаанууд эвэртээ цэнхэр улаан будгаар будсан байгаа. Одоо манай 40 хонь, ямаа дутаад байгаа. Бусад хонь, ямаануудаа Будын хонь ямаанаас авсан. Одоо нийт 40 тооны мал буюу 29 тооны ямаа, 11 хонь байхгүй байгаа ... гэх /хх-13-16 х/

Гэрч Ш.Т  мөрдөн байцаалтанд өгсөн: Хонь, ямааны сүүлд явдаг хүрэн алаг ишиг байхгүй байхаар нь хонио тасарсан гэдгийг мэдсэн. Маргааш нь 15 цагийн үед “Олцон” уулаас зүүн тийш нутагладаг Баасандоржийнд очсон. Би Будаас манай хонь, ямаа танай хониор байна уу гэж асуухад манай хонь, ямаанд хурга ишиг голдуу нийлээд 4-5 хонож байгаа гэсэн. Тэгээд би Будын хониноос 39 тооны хонь, ямаа ялгаж авсан ...гэх  /хх-21-23 х/

Гэрч Г. Ш   мөрдөн байцаалтанд өгсөн: Золбообаатар, Оюунсүрэн, нөхрийн хамт Б   очсон. Гэрийнх нь гадаа 25 тооны ямаа хашаатай байсан. Цогоотой утсаар ярьж хонь, ямааг нь худалдаж авахаар болж Б   гэрийн гадаа ажиллуулсан ... гэх  /хх- 24-25 х/

Гэрч М.Ц   мөрдөн байцаалтанд өгсөн Улаанбаатар хотоос ирээд Будынд очиж хоносон. Маргааш өглөө нь Б мөнгөний хэрэгтэй байна. Хэдэн ямаа борлуулдаг юм билүү гэж хэлсэн. Тэгээд Б намайг махны ченж олоод өгчих гэж надтай утсаар ярьсан. Би Шүрэнцэцэг махны ченжтэй холбож өгсөн ... гэх  /хх- 32 х/

Гэрч Д.О  мөрдөн байцаалтанд өгсөн: Шүрэнцэцэг намайг ямааны гэдэс арилгаад өгөөч гэсэн юм.  Намайг нэг мал нядлах хүн олчихоорой гэсэн болохоор нь би өөрийн хамаатны залуу Золбообаатарыг мал нядлуулахаар авч явсан. Би тэр ямаануудын гэдсийг нь арилгасан ... /хх-26 х/ гэх мэдүүлгүүд.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6х/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-7х/

Шинжээчийн дүгнэлт /хх-61-67х/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Г.Б холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчөөгүй, үйлдлийг зөв зүйлчилсэн, оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байна.

Алдуул мал гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос шалтгаалахгүйгээр ижил сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг, бэлчээрээсээ холдож, өөр нутаг бэлчээрт буюу орон нутагт шилжин байрлаж өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхой мэдэгдэхгүй байгаа малыг хэлнэ.

Гэтэл шүүгдэгч Г.Б нь хохирогч Ш.Х  хотноосоо 2-3 км зайд буюу байнга идээшсэн нутагтаа бэлчээрлэж байсан хонь, ямааг эзнийг нь мэдсээр  байж өөрийн малдаа нийлүүлэн, эзэмшилдээ авч, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-19-20, 37-41х/ хэргийн газрын схем зураг зэргээр нотлогдож байх тул түүний   “алдуул мал завшсанаар зүйлчилж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

 

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Г.Б нь шийтгэх тогтоол гарснаас хойш 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

Гурав. Шүүгдэгч Г.Б урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Дөрөв. Тус шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                               ШҮҮГЧ                                                О.БААТАРСҮХ

     Б.ДЭНСМАА