Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2019/0016/з |
Дугаар | 16 |
Огноо | 2019-10-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: "Г.С" Төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргад холбогдох,
14 сая төгрөгийг шилжүүлэх үүргийг гүйцэтгэхгүй байгаа Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 14 сая төгрөгийг"Г.С" ТББ-д шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч "Г.С" ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "Г.С" ТББ-ыг төлөөлж удирдах зөвлөлийн дарга Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа” ... Манай "Г.С" ТББ нь 570 гаруй гишүүн, 150 гаруй өрхтэй, 12 нөхөрлөлтэй. Нутгийн иргэд үүн дээр түшиглэж, тусгай хамгаалалттай газраа хамгаалж ирсэн. "Г.С" ТББ-ийн аргал хамгаалах, байгаль хамгаалах гэсэн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд зориулж Засгийн газрын 46 дугаар тогтоолоор 50 хувийн санхүүжүүлэлтийг улсын төсвөөс гаргах хуулийн зохицуулалтай байгаа. "Г.С" ТББ нь менежмент төлөвлөгөөгөө боловсруулаад дээд шатны байгууллагад өгсөн.Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 24 хүн баталж, 28.000.000 төгрөгийн санхүүжилт гаргуулахаар болсон. Гэтэл 14.000.000 төгрөгийг өгсөн.Үлдсэн14.000.000 төгрөгийг өгөөгүйгээс болж "Г.С" ТББ-ын төлөвлөсөн ажлууд хийгдэхгүй байна. Үлдсэн 14.000.000 төгрөгийн санхүүжилтийг Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга нь Б гэх хүний 9 хүний бүрэлдэхүүнтэй нөхөрлөлд өгнө гээд өчигдөр тухайн санхүүжилтийг шилжүүлсэн байсан. Увс аймгийн Бөхмөрөн сумын 8 нөхөрлөл болон Сагил сумын 4 нөхөрлөлийн ажил зогсонги байдалд орж улмаар ажлаа хийж чадахгүй байна. Иргэдийн Хурлын баталж өгсөн санхүүжилтийн мөнгийг гаргаж өгөхгүй хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна. Яагаад тухайн санхүүжилтийг манай нөхөрлөлд өгөхгүй байгааг тодруулахад Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга хэлэхдээ намайг Б дарга томилсон учир би Б даргын санал болгосноор Б-н нөхөрлөлд санхүүжилтийн мөнгийг гаргаж өгөх ёстой гэж хэлсэн. “Гулзат" ОНТХГН-ын ан, агнуурын менежмент хариуцагч байгууллагаар "Г.С" ТББ нь 2011-2016 он, 2018 оноос одоог хүртэл ажиллаж байна. 2017 онд Г Н Х ТББ хууль бусаар ан агнуурын менежментийг хэрэгжүүлсэн. МУ-н Засгийн газрын 2013 оны 93 тоот тогтоолоор тухайн жилд агнуулсан ангийн хураамжийн 50 хүртэл хувийг ан, агнуурын менежмент хариуцагч байгууллагад шийдсэний дагуу жил бүхэн дээрх хувь хэмжээний мөнгийг авч байгаль хамгаалах, био техникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд зориулдаг. Иймд 14.000.000 /Арван дөрвөн сая төгрөг/-ийг "Г.С" ТББ-д шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бусад тооцож, манай төрийн бус байгууллагын Голомт банкны 6200000476 тоот дансанд иилжүүлэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Г.С" ТББ байгуулагдсан цагаасаа хойш Гулзатын ан агнуурын менежментийг хариуцаж ирсэн. 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Засаг дарга А/166 тоот захирамж гаргаж уг эрхийг цуцалсан. Дээд шатны шүүхээр яваад 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Улсын Дээд шүүхийн 158 тоот тогтоолоор "Г.С" ТББ-ын агнуурын менежментийн эрх сэргэсэн. Увс аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/277 дугаар захирамжаар дахин "Г.С" ТББ-ын агнуурын менежментийг хариуцах эрхийг цуцалсан. 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 28 тоот шийдвэрээр Засаг даргын захирамж хүчингүй болж “Г С” ТББ-ын агнуурын менежментийг хэрэгжүүлэх эрх сэргэсэн. "Г.С" ТББ нь 2018 онд агнуурын менежментийг хэрэгжүүлсэн. Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 9/09 дугаартай менежментийн төлөвлөгөөг дэмжих тухай тогтоол гарсан. Уг тогтоолд Төсвийн тухай хуулийн 58.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Байгалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1 дэх заалт, Засгийн газрын 43 дугаар тогтоолын 2.2 дугаар зүйлийн 2, 3.4 дэх заалтуудыг үндэслэн Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцагч байгууллагад 28.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлэх тухай тогтоол гарсан. 2 дугаар заалтаар “Дээрх хөрөнгийг ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцагч, хэрэгжүүлэгч байгууллагад шийдвэрлэхийг Засаг дарга Төртогтоход зөвшөөрсүгэй гэсэн тогтоол гарсан. Уг тогтоолын дагуу 28.000.000 төгрөгөөс 14.000.000 төгрөгийг нь "Г.С" ТББ-д шилжүүлсэн. Үлдсэн 14.000.000 төгрөгийг удаа дараа нэхсэн боловч шилжүүлээгүй.Танай байгуулалагад биш ”Г Н Х” ТББ-д өгнө гэсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. "Г.С" ТББ нь ан агнуурын менежмент хариуцагч байгууллага гэдгээ нотолсон учраас энэ байгууллагад ирэх ёстой мөнгөний 50 хувийг өгөхгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, 14.000.000 төгрөгийг олгохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд хандсан. Шүүхийн ажиллагааны явцад 7 хоногийн өмнө Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга захирамж гаргаж төрийн санд хадгалагдаж байсан 14.000.000 төгрөгийг “Г.Н.Х" ТББ-д олгохоор шийдвэрлэсэн байна. "Г.С" ТББ нь 2017 оны Улсын Дээд шүүхийн 158 дугаар тогтоол, 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар шийдвэр, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шийдвэр гэсэн 3 удаагийн шийдвэрээр ан агнуурын менежментийг хариуцагч гэдгээ нотолсон. Мөн “"Г.С" ТББ нь тухайн санхүүжилттэй холбоотой тайлангаа сумын Засаг даргад өгсөн байхад өгөөгүй гэсэн хариу тайлбар хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн байна. Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг нь Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын газар нутгийг дамнан оршдог учраас Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга нь дангаараа хяналт тавьж зөвшөөрөл олгодог эрх бүхий этгээд биш. Увс аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан комисст өөрсдийн хийсэн ажлын тайланг танилцуулж дүгнүүлдэг журамтай байхад өөрт байхгүй эрхийг байгаа мэтээр хийсвэрлэж надад тайлан өгөөгүй учир үлдсэн санхүүжилтийг өгөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү”гэв.
Хариуцагч Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: "Г.С" төрийн бус байгууллагын нэхэмжлэлттэй танилцлаа.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2018 оны 12 сард ан агнуурын менежмент төлөвлөгөөг хэрэгжүүлэгч байгууллагад 28.000.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж тогтоол гарсан. Үүнээс "Г.С" ТББ-д 14.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 14.000.000 төгрөгийг хэрхэн зарцуулсан тухай үйл ажиллагааны тайлангаа ирүүлээгүй учир дараагийн санхүүжилт хийгдэхгүй байгаа” гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхэд "Г.С" ТББ нь 14 сая төгрөгийг шилжүүлэх үүргийг гүйцэтгэхгүй байгаа Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 14 сая төгрөгийг “Г С” ТББ-д шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч "Г.С" ТББ-аас “Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 9/09 дугаартай тогтоолоор менежментийн төлөвлөгөөг хариуцагч байгууллагад 28 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн ба сумын Засаг дарга 14 сая төгрийг шилжүүлж үлдэх мөнгийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан өгч болохгүй гэж хэлсэн гэсэн үндэслэлээр 14 сая төгрөгийг шилжүүлэхгүй байгаа хууль бус” гэж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгч дэмжиж оролцов.
Увс аймгийн Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 9/09 дугаартай тогтоолоор Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4.6 дахь хэсэг, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Засгийн газрын 43 дугаар тогтоолоор батлагдсан байгалийн нөөцийн төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах тайлагнах журмын 2.2.2 болон 3.4-т заасныг баримтлан “Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцагч байгууллагад 28 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж хоёр дахь заалтаар дээрх хөрөнгийг ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцагч, хэрэгжүүлэгч байгууллагад шийдвэрлэхийг сумын Засаг даргад зөвшөөрсүгэй гэжээ.
Дээрх тогтоолын дагуу 14 сая төгрөгийг "Г.С" ТББ-д шилжүүлсэн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар тайлбар гаргасан, энэ талаар маргаангүй байгаа болно.
Харин үлдэх 14 сая төгрөгийг шилжүүлээгүй үндэслэлээ хариуцагч “хурлын тогтоолд Г С' ТББ-д олгоно гэж нэр заагаагүй мөн 14 сая төгрөгийн санхүүжилтийн тайлан ирүүлээгүй” гэж тайлбарлаж байна.
Гулзат орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг өөр байгууллагад хариуцуулсантай холбоотой маргаан Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэгдэж байсан байх ба Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 52, 2018 оны 09 сарын 24-ний өдрийн 28 , 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 10 дугаартай шийдвэрүүд, хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 158 дугаартай тогтоол зэрэг нь хэрэгт хавсаргагджээ.
Дээрх шийдвэр, тогтоол зэргээс үзэхэд нэхэмжлэгч "Г.С" ТББ нь “Гулзат” орон нутгийн тусгай хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 13-ны өдрийн А/583 дугаартай захирамж болон 2015 оны 03 сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэгч хуулийн этгээд байна.
Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан “хурлын тогтоолд "Г.С" ТББ-д олгоно гэж нэр заагаагүй” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсэгт төсвийн жилд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор хуваарилсан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгө багтана” гэж,мөн зүйлийн 13.5-д төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газар батална гэж заажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 02 сарын 14-ний өдрийн 43 дугаартай тогтоолоор “Байгаль орчныг хамгаалах,нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг хавсралтаар баталсан байна.
Тус журмын 2.1, 2.2, 4.1 дэх хэсгүүдэд сумын Засаг дарга тухайн жилийн байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төсвийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, 3.4 дэх хэсэгт зааснаар зарцуулалтыг хийж, тайланг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор аймаг нийслэлийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагад хүргүүлэх, мөн журмын 3.6-д байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг аймгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллага,агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч хуулийн этгээд, байгаль хамгаалах нөхөрлөл,байгаль орчны мэргэжлийн болон төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ гэжээ.
Үүнээс үзэхэд сумын Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээг “Гулзат” орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцагч байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр байна.
Сумын Засаг дарга, "Г.С" ТББ-ууд байгаль хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээг холбогдох журмын дагуу авсан эсэх, арга хэмжээнд хуваарилагдсан төсвийн зарцуулалтын тайлан, хяналт шинжилгээг хамтран хийхээр байхад "Г.С" ТББ-ыг урьд авсан санхүүжилтийн тайлан ирүүлээгүй гэх үндэслэлээр үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болж, нэхэмжлэгчийн “Гулзат” орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг хариуцагч байгууллагын хувьд эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хөнджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4 дэх хэсэгт захиргааны байгууллагын татгалзсан шийдвэр эс үйлдэхүй хууль бус тохиолдолд тухайн захиргааны акт гаргахыг даалгахаар заасан тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу үлдэх 14 сая төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгч байгууллагад олгохыг Бөхмөрөн сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч "Г.С" төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Бөхмөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 9/09 дугаартай тогтоолоор байгаль хамгаалах,байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэгдсэн 14 сая төгрөгийн санхүүжилтийг "Г.С" ТББ-д олгохгүй байгаа Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, 14 сая төгрөгийн санхүүжилтийг “Г С” ТББ-д олгохыг Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Г С” төрийн бус байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Г С” төрийн бус байгууллагад олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.