Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2023/0197

 

Д.Х-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н

Нэхэмжлэгч: Д.Х

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Д.Х-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах”

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн төлөөлөгч С.Н нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 110/2022/0058/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгахаар шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: "Өлгий сумын иргэн Д. Х-ны нэхэмжлэлтэй, аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтэст холбогдох Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2023/0006 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр гомдол гаргаж байна. Үүнд: 1. Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээнд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хортой халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг баримталж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасан нөхцөлийг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоодог юм. Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хортой, халуун нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтад Хөдөлмөрийн хүнд нөхцөл гэсэн 4 дүгээр бүлэгт ажил мэргэжлийг салбараар нь, нэрээр нь баталсан байдаг.

2. Уг жагсаалтын "Хөдөлмөрийн хүнд нөхцөл" 4 дүгээр бүлгийн 1-т заасан ДКВР, КЕ, КВТС болон тэдгээртэй адилтгах байнгын ажиллагаатай уурын зуухны машинч" гэсэн ажил мэргэжил нь зөвхөн Эрчим хүчний салбарт хамааралтай юм. Гэтэл Нийтийн ахуй үйлчилгээний салбарын уурын зуухны машинистыг эрчим хүчний салбарын байнгын ажиллагаатай уурын зуухны галч машинисттай адилтгаж үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж гомдол гаргаж байна Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2023/0006 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Д.Хаас “өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан.

2.Нэхэмжлэгч Д.Х нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2022 оны 07 дугаар сард өргөдөл гаргасан ба тус хэлтсээс өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу өгч, уг шийдвэрийн талаар Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргажээ[1].

3.Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 42 дугаар тогтоолоор[2] “...холбогдох баримтыг судлан үзэж, “С” ХХК-д уурын зуухны галч-машинистаар ажилласан хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд оруулан тооцож тэтгэвэр тогтоох боломжгүй” гэсэн хариуг өгсөн байна.

4.Батлан хамгаалах яамны батлан хамгаалах төв архивын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 3882 дугаар архивын лавлагаагаар[3] нэхэмжлэгч Д.Х нь 2 жил 2 сар 10 хоногийн хугацаанд цэргийн алба хаасан гэдэг нь тогтоогдож байх тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу түүний цэргийн алба хаасан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.

Мөн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 130/ШШ2022/00536 дугаар шийдвэрээр[4]  нэхэмжлэгч Д.Хыг Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон "С” ХХК-ийн уурын зууханд 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал галч, машинистээр ажиллаж байсныг тогтоосон.

5.Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь 18 жил 9 сар 30 хоногийг хугацаанд галч, машинистээр, 2 жил 2 сар 10 хоног цэргийн алба хаасан тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт  хугацааг 21 жил 10 хоног гэж үзэх үндэслэлтэй байна.

6.Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр[5] “нэхэмжлэгчийн ажиллаж байсан  “С” ХХК-ийн “Р” халуун усны газрын уурын зуухыг дулаан үйлдвэрлэх, мөн 30 хүний /цагт/ халуун усыг технологийн дагуу халаах зориулалттай тул эрчим хүчний байгууламж гэж үзэж болохоор байна,

...мөн нэхэмжлэгчийн галчийн ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны хөдөлмөрийн сөрөг хүчин зүйлийн нөлөөлөл, ажилтнуудтай хийсэн хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн бусаар тусгасан байдал,  ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны нөхцөлийг хэвийн бусаар тусгасан байдал, ажлын байрны хэмжилтийн дүнгээр шуугианы хэмжээ нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэвийн хэмжээнээс өндөр байгаа зэргээс үзэхэд хэвийн бус нөхцөлтэй" гэж тус тус дүгнэжээ.

7.Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь нийт 21 жил 10 хоногийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, галч, машинистээр 18 жил 9 сар 30 хоног ажилласан бөгөөд түүний галч, машинистээр ажиллаж байсан ажлын байр нь эрчим хүчний байгууламж бөгөөд эрүүл ахуйн хүнд нөхцөл байсан гэж үзэхээр байна.

8.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд Даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй",

...8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана",

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:” 3 дахь заалтад “нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, ...бол тус тус өөрийн хүсэлтээр”,

...6 дугаар зүйлд "Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно" гэж тус тус заажээ.

9.Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77 дугаар тушаалаар баталсан "Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын 4 дэх хэсгийн 1-д зааснаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд  “Эрчим хүч үйлдвэрлэлийн байнгын ажиллагаатай уурын зуухны галч”-ийн ажлын байр хамаарахаар зохицуулсан байна.

10.Дээрх хууль болон журамд зааснаар нэхэмжлэгчийн ажлын байрыг эрчим хүч үйлдвэрлэлийн байнгын ажиллагаатай уурын зуухны галчаар ажиллаж байсантай дүйцүүлэн үзэж, түүнийг хөдөлмөрийн халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил хийж байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн “хөдөлмөрийн хүнд нөхцөлд оруулан тооцож тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж нэхэмжлэгчийн тэтгэврийг тогтоохоос татгалзсан үйлдэл нь хуульд нийцээгүй бөгөөд энэхүү хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгчийн хуульд зааснаар хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

11.Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “жагсаалтын "Хөдөлмөрийн хүнд нөхцөл" 4 дүгээр бүлгийн 1-т заасан ДКВР, КЕ, КВТС болон тэдгээртэй адилтгах байнгын ажиллагаатай уурын зуухны машинч" гэсэн ажил мэргэжил нь зөвхөн Эрчим хүчний салбарт хамааралтай юм. Гэтэл Нийтийн ахуй үйлчилгээний салбарын уурын зуухны машинистыг эрчим хүчний салбарын байнгын ажиллагаатай уурын зуухны галч машинисттай адилтгаж үзэж байгаа нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 10 дахь тал

[2] Хэргийн 11 дэх тал

[3] Хэргийн 4 дэх тал

[4] Хэргийн 2-3 дахь тал

[5] Хэргийн 100 дахь тал