Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1272

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Даш-Өлзийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00506 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Даш-Өлзийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: П.Болортольд холбогдох

 

  Бетонон даланг нэн даруй инженерийн тооцоотой хийж, хөрсний гулгалт, нуралтын аюулыг зогсоохыг даалгах, 8 100 000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Н.Даш-Өлзий,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Болдбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг Жамсранжавын гудамжны 37 тоот буюу Гэмтлийн эмнэлгийн зүүн талд байрлах амины орон сууцны бичил хороололд амьдардаг юм. Бидний байр хамгийн урд талд байрладаг. Бид 1992 оны үед энэ газрын зөвшөөрөл авч Монголын хамгийн анхны амины орон сууцны хороолол барьж эхэлсэн түүхтэй. Бид хашаандаа 21 төрлийн мод, жимс, бут тарьж ногоон орчинд амьдарч байгаа ба энэ байрныхаа газар 0,7 га-г гэр бүлээрээ хувьчилж авсан юм. Энэ үеэс хашааныхаа өмнө байгаа шорооны нуралтаас хамгаалсан налуу даланг өмчилж авсан газрын аюулгүй бүрэн бүтэн байдлын салшгүй хэсэг гэж үзэж энэ инженерийн байгууламжаа хашиж хамгаалсан билээ. Бидний амины орон сууцны өмнө талд хөрсний гулгалтаас сэргийлсэн инженерийн байгууламж болох даланг анх хуучнаар ЗХУ-ын барилгачид 4-р хорооллын барилгыг барих явцад барьсан болно. Эдгээр амины орон сууц нь Жамсранжавын гудамжны дагуу байгуулсан далангийн хойд талд хувийн өмчийн газар дээр байрлалтай бөгөөд далангийн урд талаар явган хүний зам төлөвлөгдөн хийгдсэн юм, Мөн энд бохирын болон дулааны шугам байрладаг болно. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2011 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 115 дугаар захирамжаар иргэн П.Болортольд автомашины угаалгын газар байгуулах зориулалтаар энэ далангийн газрыг эзэмшүүлэх болсон байна. Үүнийг эсэргүүцэж бид 2011 оны 6 дугаар сарын 20-нд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж өрөгдөл гаргасны дагуу 2011 оны 10 дугаар сарын 10-нд 07-11/2034 тоот хамгаалалтын далангийн тухай дүгнэлт гаргасан юм. Дүгнэлтэд: “Газрыг эзэмшүүлэхээр олгохдоо дээр дурдсан хөрсний гулсалтаас сэргийлэх зориулалттай даланг нурааж иргэн Н.Даш-Өлзийгийн өмчилсөн газрын урд хэсэг, хашааг нураах нөхцлүүдийг бүрдүүлсэн байгаа тул газар олгосон шийдвэрийг эрх бүхий байгууллагаар дахин нягтлуулах нь зүйтэй байна.  Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн газарт даланг нураан барилга угсралтын ажил эрхэлж иргэн Н.Даш-Өлзийгийн өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болохыг анхааруулж байна” гэж бичсэн байна. Бид өмчилж авсан газрынхаа гулсалтаас хамгаалсан налуу даланг уг газрын салшгүй хэсэг гэж үздэг бөгөөд энэ даланг хамгаалан 13 000 000 төгрөг /зах зээлийн өртгөөр тооцож үзсэн/ зарцуулан төмөр хашаа барьж хамгаалсан юм. Гэтэл 2014 оны 7 дугаар сарын 12-13-ны амралтын өдрүүдэд бидний Хүй долоон худагт морио уралдуулж явах эзгүй хойгуур бидний өмч болох хашааг нураан сүйтгэж инженерийн байгууламж болох хамгаалалтын бетонон даланг нурааж ухан манай ногоон байгууламж бидний өмч хөрөнгөнд хууль зөрчин бүдүүлгээр халдсан. Хөрсний гулгалт нуралтаас хамгаалсан даланг нураасан учир гулсалт нуралт үүсэх аюул бий боллоо. Бидний амины сууцнаас хэдхэн метрийн зайтай угаах төв байгуулах нь харагдах орчин ч үгүй болгож эрүүл орчинд амьдрах боломжгүй болгож байгаагаараа асар их хохирол учруулж байна. Энэ барилга нь явган хүний зам, шугам хоолойн дээр байрлахаар төлөвлөгдсөн нь олон хууль тогтоомжийг зөрчиж байгаа юм. Иймд иргэн Н.Даш-Өлзийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг Жамсранжавын гудамжны 37 тоот буюу Гэмтлийн эмнэлгийн зүүн талд байрлах амины орон сууц, түүнд хамаарах хувийн өмчлөлийн газрын өмнөх хамгаалалтын бетонон даланг нэн даруй инженерийн тооцоотой хийж хөрсний гулгалт нуралтын аюулийг зогсоохыг даалгах,  амины орон сууц, түүнд хамаарах хувийн өмчлөлийн газрын инженерийн байгууламж болох хамгаалалтын бетонон даланг хамгаалж 90 метрийн урт төмөр хашааг нурааж устгасны улмаас учирсан хохирол 13 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийн хамт иргэн П.Болортолиос гаргуулж өгнө үү. Нэхэмжпэлийн шаардлагаа багасгаж шинжээчийн үнийн дүнгээр 8 100 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч өмнө нь мөн л өөрийнх нь хууль ёсны эрх ашиг сонирхол болон эд хөрөнгөнд хохирол учрууллаа хэмээн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд Н.Даш-Өлзийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс "...нэхэмжпэгч Н.Даш-Өлзий, П.Халиун нарын газар эзэмших, өмчлөх эрхийг зөрчөөгүй байна" гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан болно. Түүнчлэн миний бие тухайн газарт барилга байгууламж барихдаа барилгын инженер хайгуул үйлдвэрлэл үйлчилгээний "Экогео" ХХК-иар "Инженер геологийн судалгааны дүгнэлт" гаргуулсны үндсэн дээр барилгын ажпаа эхлүүлж гүйцэтгэсэн тул нэхэмжлэгчийн "Инженерийн тооцоогүй" гэсэн гомдол нь үндэслэлгүй юм. Мөн хашаанд учруулсан хохирол 13 000 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь бидний зүгээс иргэн Н.Даш-Өлзийн өмчлөх эрхэнд огт халдаагүй бөгөөд харин эсрэгээрээ иргэн Н.Даш-Өлзий нь миний газар эзэмших эрхэнд хууль бусаар халдсан үйлдэл гаргасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

             Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Болортолиос 8 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Даш-Өлзийд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн бетонон даланг нэн даруй инженерийн тооцоотой хийж хөрсний гулгалт нуралтын аюулыг зогсоохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч П.Болортолиос шинжээчийн ажлын хөлсөд 88 000 төгрөгийг гаргуулан "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-д олгож, нэхэмжлэгч Н.Даш-Өлзийгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Болортолиос улсын тэмдэгтийн хураамжид 144 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Даш-Өлзийд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхтөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу хамгаалалтын бетонон даланг өмнө байсан байдалд нь сэргээлгэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг дор дурдсан үндэслэлүүдээр эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй ба бетонон далан нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл биш байх тул хариуцагчид бетонон даланг нэн даруй инженерийн тооцоотой хийж хөрсний гулгалт нуралтын аюулыг зогсоохыг даалгах үндэслэлгүй байна." гэжээ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй бөгөөд анхан шатны шүүх хэрэг маргааныг хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа хэрэглэвэл зохих энэ хуулийн заалтыг хэрэглэлгүй үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадсангүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах ёстой атал анхан шатны шүүх дор дурдсан хэрэгт чухал ач холбогдол бүхий доорх баримтыг үнэлж, дүгнэж үзсэнгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 10 сарын 10-ны 07-11/2034 тоот дүгнэлт авагдсан бөгөөд уг дүгнэлтэд газрыг эзэмшүүлэхээр олгохдоо дээр дурдсан хөрсний гулсалтаас сэргийлэх зориулалттай даланг нурааж иргэн Н.Даш-Өлзийн өмчилсөн газрын урд хэсэг, хашааг нураах нөхцөлүүдийг бүрдүүлсэн байгаа тул газар олгосон шийдвэрийг эрх бүхий байгууллагаар дахин нягтлуулах нь зүйтэй гээд эрх бүхий байгууллага зөвшөөрөлгүйгээр тухайн газарт даланг нураан барилга угсралтын ажил эрхэлж иргэн эд хөрөнгөд хохирол учруулсан тохиолдолд буруутай этгээд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болохыг анхааруулсан. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох хамгаалалтын бетонон даланг өмнө байсан байдалд нь сэргээлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна. Гэм хорын хариуцлага хүлээлгэхэд гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу дээрх урьдчилсан нөхцөл, бүрэлдэхүүн хангагдсан байх ёстой байдаг. Гэтэл шүүх хариуцагчийн үйлдэлд гэм хорын хариуцлага хүлээх хуулийн эдгээр урьдчилсан нөхцөл хангагдахгүй байхад хариуцагчийг гэм буруутай байна хэмээн түүнээс 8 100 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Маргааны агуулгыг гэм хорын бүрэлдэхүүн тус бүрт нь задлан авч үзвэл: 1.  Төмөр хашаа байсан гэх газар нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийнх биш. Тэрээр өөрийн эзэмшил, өмчлөлийн бус газарт, өөрийн хөрөнгөөр ямар санаа зорилгоор, хэзээ, 90м урт төмөр хашаа барьсан болох нь тогтоогдоггүй. Мөн нэхэмжлэгчид бусдын эзэмшил газарт дур мэдэн төмөр хашаа хатгах эрх хуулиар олгогдоогүй байна. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: "2009 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр 90 метрийн урт төмөр хашаа барьсан болох нь тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь тус ажил гүйцэтгэх гэрээ гэх баримт нь агуулгын хувьд 90 метрийн урттай хашааг хийнэ, хийхэд 13 000 000 төгрөгийн төсөв орно, өгнө гэсэн төлөвлөгөө болохоос ажил гүйцэтгэгч нь хийж өгсөн ажлын гүйцэтгэлийн үр дүн биш юм. Мөн 2009 оны 09 сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2009 оны 10 сарын 17-ны өдрийн төмөр хашаа хийсэн материалын гүйцэтгэлийн тооцоо гэх баримтууд нь хэлбэрийн хувьд гэрээнд тавигдах хуулийн болон нотлох баримтын шаардлага хангадаггүй. Мөн нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр шүүгчээс “таны эд хөрөнгөнд яг ямар хохирол учирсан юм бэ?  Бетонон даланг нураахдаа төмөр хашаа биет байдлаа алдаагүй бүгд байсан юм биш үү? гэсэн асуултанд нэхэмжлэгч "тиймээ төмөр хашаа бүтэн байсан. Гэхдээ би айлын хашаанд байхаар нь аваагүй юм” гэсэн тайлбараар эд хөрөнгөнд хохирол учраагүй болох нь нотлогддог. Төмөр хашааг буулгасан гэх фото зургийг дарж явахын оронд төмөр хашаагаа өөрийн өмчлөлийнх, хөрөнгө, мөнгөө зарж хийсэн юм бол хураан аваагүй нэхэмжлэгч өөрөө энэхүү үйлдэлдээ гэм буруутай байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэхдээ "хариуцагч нь өөрийн эзэмшил газарт барилга барихдаа нэхэмжлэгчийн барьсан төмөр хашааг нураасан болох нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн №07-11/2034 дүгнэлт, мэргэжлийн хяналтын газрын №02-02/914 албан бичигүүдээр тогтоогдож байна" хэмээн нотлох баримтад буруу үнэлэлт, дүгнэлт өгсөн. Учир нь энэхүү Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн №07-11/2034 дүгнэлтийн 1 дэх хэсэгт дурдагдсан "...П.Даш-Өлзийн өмчилсөн газрын урд хэсэг хашаа” гэдэг нь далангаас дээшхи нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын урд талын газартай тоосгоор бэхлэгдсэн, дундаа бетонон тусгаарлалттай төмөр хашаануудыг хэлсэн бөгөөд бетонон далангаас доошхи буулгаж тавьсан төмөр хашаануудыг хэлээгүй болно. Гэтэл шүүх хэрэгт ач холбогдолгүй мэргэжлийн хяналтын дүгнэлтийг буруу үнэлж, дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд гэм хорын урьдчилсан нөхцөл болох объект /хамгаалагдсан эрхийн зөрчил/ нь тогтоогдохгүй байна. 2. Гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл: П.Болортолийн эзэмшил газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 115 дугаар захирамжаар худалдаа үйлчилгээний зориулалтаар хариуцагчид эзэмшүүлсэн. Хариуцагч нь эрх бүхий байгууллагуудад хандан барилга барих зөвшөөрлийг авч, газрыг чөлөөлүүлж төмөр хашааг буулган хураасан байдаг. Ийнхүү газрыг чөлөөлүүлээгүй тохиолдолд тэрээр газар эзэмших эрхээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэх байсан. Энд нэхэмжлэгчийн эд хөрөнгө гэхээс илүүтэй П.Болортолийн газар эзэмших эрх хөндөгдөж байгаа юм. Газар эзэмших эрхээ хэрэгжүүлсэн хариуцагчийн үйлдэл нь хууль тогтоомж зөрчсөн, нийгмийн зан суртахуунд харш үйлдэл биш юм. Иймд хариуцагчийн үйлдэлд гэм буруугийн хариуцлага хүлээх объектив талын шинж тогтоогдохгүй байна. 3. Үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо: Хариуцагч газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхийн тулд бетонон далангийн доод хэсгийг хашиж хамгаалсан байсан төмөр хашаануудыг хурааж тавьсан үйлдэл нь хууль бус биш. Төмөр хашаа буюу эд хөрөнгөнд хохирол учраагүй одоо ч эдгээр төмөр хашаа нь байгаа. Иймээс хариуцагч нь хашааг эвдэлж сүйтгэсэн хууль бус үйлдэл хийгээгүй бөгөөд нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учраагүй тэдгээрийн хооронд шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. 4. Гэм хор учруулагчийн гэм буруу. /субъектив тал/ Хариуцагчийн үйлдэлд төмөр хашааг нураасан гэх гэм буруугийн санаатай болон болгоомжгүй үйлдлийн аль аль нь тогтоогдохгүй, газар эзэмших эрхээ л хэрэгжүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид хандан 2014 оны 08 сарын 12-ны өдөр "өөрийн эзэмшлийн газраа манай газартай нийлүүлээд барилга баръя, барилгаасаа зохих хэмжээний талбайг өгнө хоёулаа хамтарч ажиллая" гэсэн санал тавьсан байдаг. Энэхүү саналаа тодорхойлолт гэх бичигт тусган хувийн тамгаа дарж тухайн өдрөө үйлдэж өгсөн байдаг. Түүний энэхүү хамтран ажиллах саналыг П.Болортоль хүлээн зөвшөөрөөгүй, өөрийн эзэмшлийн газартаа өөр үйл ажиллагаа явуулах болсноор нэхэмжлэгч нь үндэслэлгүй шалтгаанаар удаа дараа захиргааны болон иргэний хэргийн шүүхэд дуудаж хариуцагчийн цаг, зав, хөрөнгө мөнгө, сэтгэл санааны хувьд хохироож байна. 2009 оны 08 сарын 12-ны өдрийн тодорхойлолт бичгээр  бол нэхэмжлэгч төмөр хашааг бусдын газар эзэмших эрхэд санаатай саад хийх зорилгоор хашсан гэж үзэхээр байна. Энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт "иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн төдийгүй бусдын газар эзэмших эрхэд санаатайгаар, зориуд саад хийсэн үйлдэл гаргасан тэрээр өөрөө хариуцлага хүлээх үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй шийдвэр гаргасан байх тул шийдвэрээс 8 100 000 төгрөг төлүүлэхтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                  ХЯНАВАЛ:

                                                                                                                                                  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч Н.Даш-Өлзий нь хариуцагч П.Болортольд холбогдуулан бетонон даланг нэг даруй инженерийн тооцоотой хийж, хөрсний гулгалт, нуралтын аюулыг зогсоохыг даалгах, 8 100 000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

 Учир нь, зохигчдын хоорондын эрх зүйн маргааны гол зүйл болох гэм хорын улмаас учирсан хохирлын хэмжээг тодруулахаар анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2016/03402 дугаар захирамжаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-ийн 68-72 дугаар тал/

 

 Анхан шатны шүүх шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна. Тодруулбал, “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогч нартай ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар” Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заажээ.

 

Шүүх дээрхи ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч  дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00506 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас төлсөн 144 550 төгрөгийг тус тус буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ                                      

                                                          ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ                                                                                                            

                                                                                                          Г.ДАВААДОРЖ