Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/75

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Ц.Б,

Хохирогч: Г.И,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,              

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ийн Б-д холбогдох 2128000000054 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Мөнхбуурал хайрхан” ХХК-ийн барилгын ажилчдын амрах гэрт Г.Итой маргалдан улмаар уг барилгын талбайн зүүн хойд талд зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Быг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогч Г.И шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр бид ажлаа хийх гэж гарсан боловч ажлын талбай дээр материал байхгүй байсан. Цалин мөнгөө өгөхгүй байсан учраас яаж цалингаа авах талаар ярилцсан. Урд өдөр нь Ц.Быг 100.000 төгрөгөөр ажилд авч явсан байсан. Ц.Б найзтайгаа уулзана гэж гарч яваад бид нарыг нэг шил архи уугаад сууж байхад орж ирсэн. Тэгээд бид хэд юм яриад сууж байхад би 14 жил шоронд явсан гэх асуудлыг ярьсан. Тэгэхээр нь би архи ууж байхад битгий шорон яриад бай гэж хэлсэн. Урд өмнө нь бид нар хэрүүл хийж байгаагүй. Надад гомдол тээсэн зүйл байхгүй байх. Яагаад гэнэт намайг дуудаж гаргаж цохьсон талаар би ойлгохгүй байгаа. Зүгээр гарч яваад зодуулсандаа гомдолтой байна. Намайг ухаан алдаад унасан дараа гэрт ороод үхсэн байх гэж хэлсэн байсан. Намайг чирээд гэрт орохгүй яасан юм бол гэж би бодож байна. Хүнийг 2 удаа цохиход хүний эрүү 2 хугарахгүй байх. Би хүнээс 4.000.000 төгрөг, 10 хувийн хүүтэй зээлсэн. Энэ хүн надад 1.000.000 төгрөг төлсөн. Би эмчилгээний зардлаа төлүүлж гомдолгүй болмоор байна. Би 6 сарын дараа эрүүний хагалгаанд орно. Одоохондоо хатуу зүйл идэж чадахгүй байгаа.

Хохирогч Г.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би одоогоос сарын өмнө “Мөнхбуурал хайрхан” ХХК-д өрлөгчнөөр ажилд орсон бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирээд Даланзадгад сумын төвд баригдаж байгаа 42 айлын орон сууцны барилга дээр ажиллаж эхэлсэн. 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр цалингаа аваагүй гээд би 1 шил 0.75 граммын хар “Экс” архи 14 цагийн үед аваад хамт ажилладаг С, Б бид гурав хувааж уусан. Түүний дараа Б дахин 0.75 граммын “Экс” архи авсан. Тэрийг С, Б бид гурав хувааж барилгын хашаанд байрладаг гэртээ ууцгаасан. Тэгээд архи уугаад сууж байхад Б би 14 жил шоронд явсан гээд би атман байсан гээд бид нарыг жаахан дээрэлхээд байсан. Тэгэхээр нь би Б-д хандаад шорон яриад хэрэггүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Б намайг гэрээс гаръя гэсэн. Тэгээд би гарах гэсэн чинь Б надад “ахаа та энэ миний хутгыг халаасалчих” гээд хутга өгөхөөр нь би аваад халаасандаа хийсэн. Бид хоёр гэрээс гараад хашааны хаалгаар гарсан чинь Б надад хандаад юм хэлээгүй шууд намайг мөргөөд авсан. Би мөргүүлээд газар унасан. Тэгээд юу болсон мэдэхгүй. Нэг мэдсэн чинь би эмнэлгийн гадаа ирчихсэн байж байсан. Тэгээд эмнэлэг рүү намайг О-ийн, С нар намайг авч орсон юм. Эмнэлэгт үзүүлсэн чинь миний эрүүг хугарсан байна гэж хэлсэн юм. Эмчилгээнд гарсан зардлуудыг нэхэмжилнэ. /хх-ийн 14-15-р хуудас/

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би барилгын ажилд хүн авна гэсэн зарын дагуу “Мөнхбуурал хайрхан” ХХК-ны оффис дээр очиж анкет бөглөөд ажилд орохоор болоод Улаанбаатар хотод Вокзал дээр хийж байсан барилгын заслын ажлаа дуусгаад 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймаг явахаар болж Б гэх залуугийн хамт Өмнөговь аймаг руу явсан юм. Өмнөговь аймаг дээр ирээд Даланзадгад сумын төвд баригдаж байгаад зогссон 4 давхар барилга дээр ирсэн. Б бид хоёрыг Улаанбаатар хотоос ирэхэд бид нарыг хариуцаж байсан Ж. гэдэг залуу И, Л, А, Ц гэх мэт хүмүүс байсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс ажлаа эхэлсэн юм. 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө ажилдаа гарсан боловч барилгын материал дууссан шалтгаанаар бид нар амарсан юм. Барилгын хашаанд бид нарын байрладаг 2 гэр байдаг бөгөөд би өдөр 15 цагийн үед урд гэрт буюу биднийг хариуцдаг О-ийн гэрт байж байхад хойд гэрээс С гээд хашхирсан. Тэгэхээр нь яваад ороход гэрт И, Л, А, А ах нар 0.75 граммын “Экс” нэртэй архи тойруулаад юм яриад сууж байсан бөгөөд намайг гэрт ороход надад архи хийж өгсөн. Ингээд бид нар тэр архийг ууж дуусахад энэ архийг зээлээр авсан гэж И хэлсэн учраас би эхнэртэйгээ ярьж мөнгө аваад И, Л бид гурав бид нарын барьж байгаа барилгын замын урд талд байх “Элбэг” нэртэй хүнсний дэлгүүр орж урд тавьсан архины өрийг дараад 1 шил “Экс”, 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 1 ширхэгийг аваад буцаж гэртээ очсон. Тэгэхэд хойд гэрт Б, Цагаанаа, А ах, А нар байж байсан. Тэгээд бид нар архиа тойруулж эхэлсэн. Тэгж байхад О-ийн архи уухгүй байгаа юм чинь Цагаанаа чи бас архи уугаад яах вэ бүгдээрээ согтоод дэмий байх гэж И хэлсэн. Тэгсэн Цагаанаа архи ууна гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би авч ирсэн пивоо Цагаанаад өгөөд наад пивоо цааш нь тавьж байгаад уучих гэж хэлсэн. Тэгээд архиа тойруулаад ууцгаагаад юм яриад сууж байхад Б, И нар шоронгийн талаар ярьж байгаад сүүлдээ шоронгийн атман гээд яриад байсан. Л, А бид гурав өөр юм яриад сууж байсан. А ах унтаад өгсөн. Тэгээд ууж байсан архи дуусах үед А цаанаасаа 2 шил Экс архи гаргаж ирээд нэгийг нь надад өгсөн. Нөгөөхийг нь Ит өгсөн. Тэр үед И босоод хувцсаа өмсөхөөр нь архинд явах гэж байгаа юм байна гэж ойлгоод энд архи байна шүү дээ гэсэн чинь И буцаад суусан. Тэр архийг Л тойруулсан байх. Ит хийгээд өгсөн чинь И нэг татчихаад сууж байхад Б, Ит хандаад ах хоёулаа гаръя гэсэн. Тэгэхээр нь би хаачих гээд байгаа юм бэ гэсэн чинь хаачих ч үгүй ээ гээд хүзүүгээрээ нийлж тэврэлдээд гарсан. Тэгээд нэг их удаагүй Б эргээд ганцаараа гар нь цус болчихсон гэрт ороод ирсэн. Б би Иийг зодчихлоо бараг үхсэн байх цагдаа дууд гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад барилгын хашаан дотор хайсан боловч байхгүй байсан. Тэгээд урд гэр рүү ороод О-ийнд Б, Иийг зодсон гээд байна гэж хэлсэн. О-ийн бид хоёр гэрээс гараад Иийг хайсан. Тэгсэн чинь И барилгын хойд хаалгаар орж ирж байгаа харагдсан. Тэр үед гэгээ тасраагүй байсан учраас Иийг харсан чинь нүүр нь хавдсан байдалтай шороо тоос болчихсон байсан. И хойд гэр рүү ороод Баа ахын дүү яаж байгаа юм бэ гээд байсан. Тэгчихээд Ан ахын хажуугаар ороод хэвтсэн. Тэгсэн О-ийн наадахыг чинь эмнэлэг авч явахгүй бол болохгүй юм шиг байна гэсэн. Тэгээд Отгон- Эрдэнэ эхнэрийн хамтаар Иийг эмнэлэг рүү аваад явсан. Тэр үед Б урд гэрт орсон. Бид нарын ууж байсан архи байхгүй болчихсон байсан. Би хойд гэрт эхнэртэйгээ утсаар яриад байж байхад Б хойд гэрт орж ирээд орон дээрээ хэвтээд өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Ийм зүйл болсон юм. /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “Мөнхбуурал Хайрхан” ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ажилд орсон. Намайг ажилд ороход Б ажилд орчихсон байсан бөгөөд И 3-4 хоногийн дараагаар ажилд орсон юм. Би 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймагт 9 хүний хамтаар ирсэн. Бидний араас Б, Э ах хоёр ирсэн юм. Бид нар Даланзадгад сумын 3-р багт баригдаж байгаад орхигдсон барилгыг үргэлжлүүлэх ажил авсан бөгөөд бид нар ажлаа хийж байгаад 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр барилгын материал дууссан учраас тухайн өдөр амарцгаасан. Бид нар гэрт амарч байхад Э ах, И ах нар гадуур гарна гэхээр нь би цуг гаръя гээд бид гурав гэрээс гараад явж байгаад бидний байрлах гэрийн замын урд талд байдаг “Элбэг” нэртэй хүнсний дэлгүүр рүү 13 цагийн үед И ах ганцаараа орсон. Бид хоёр гадаа нь сууж байсан чинь И ах дэлгүүрээс 1 шил хар “Экс” архи, Сэлэнгэ гэдэг ундаатай аваад гараад ирсэн. Тэгээд бид нар буцаж байрлаж байгаа гэртээ ирж хойд талын гэрт орж бид гурав нөгөө архиа задалж ууж байхад гаднаас Лхагвасүрэн орж ирсэн. Араас нь Э ах орж ирсэн. Удаагүй араас нь Б хөл бөмбөгийн бөмбөг аваад ирлээ гээд гэрт орж ирсэн. Тэгээд бид нар архи ууцгаасан. Цагаанаад архи өгөхгүй эрүүл байлгана гэж И ах хэлсэн. Бид нар тэр архиа ууж дуусахад дахиад архи авахаар болцгоосон. Тэгсэн чинь Б 15.000 төгрөг гаргаж өгсөн. Э ах эхнэртэйгээ яриад 50.000 төгрөг авсан. Тэгээд Э ах, И ах бид гурав гэрээс гараад “Элбэг” хүнсний дэлгүүр орж 1 “Элекс” нэртэй 0.75 граммын архи 2.5 литрийн Сэнгүр, 1 лаазтай пиво, 1 Тэрэлж, 1 Сэлэнгэ зэргийг авсан. Тэгээд тэр архиа гэрт авч очоод Б, Э, Э, И, Лхагвасүрэн нарын хамтаар ууцгаасан. Бид нар архи уугаад талдаа орж байхад дэлгүүр 18 цагаас хаана шүү дээ юм аваарай гэж И ах хэлсэн. Тэгээд О-ийн ахаас нэг нь 60.000 төгрөг зээлээд Цагаанаад өгсөн. 17 цаг 20 минутын үед Цагаанаа бид хоёр “Элбэг” дэлгүүр рүү явж 2 шил 0.75 граммын Элекс архи 11 ширхэг бэлэн гоймон, 6 лааз пиво зэргийг авч буцаж ирсэн. Тэгээд би гэрт ороод нэг шил архийг нь Э ахад нэгийг нь И ахад өгсөн. Тэр үед И ах Б нар хоорондоо юм яриад байсан. Тэгж байгаад Б олон жил шоронд явсан гэж ярьсан чинь И ах олны дунд сууж байж битгий шорон яриад бай гэж уурласан. Тэгээд тэр хоёр бага зэрэг ам муруйгаад байсан. Тэгж байгаад нэг харсан чинь Б, И ах нар гэрээс гараад явчихсан байсан. Тухайн үед би 00 орох гээд явсан юм байхдаа гэж бодоод сууж байхад Б гаднаас гар нь цус болчихсон орж ирсэн. Тэгэхээр нь гар хуруу чинь яасан юм бэ гэсэн чинь Б, И ахыг зодчихлоо цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь Э ах Иийг хайна гээд гэрээс гараад явсан. Хэсэг явж байгаад олдохгүй байна гээд ороод ирсэн. Тэгээд орж ирээд байж байсан чинь И ах нүүр нь цус, шороо болоод хавдчихсан байдалтай орж ирээд Б-д хандаад ахыгаа яаж байгаа юм бэ чи гэж хэлчихээд ор руу хэвтсэн. Тэгсэн чинь О-ийн ах эмнэлэг авч явна гээд аваад гарсан. Тэгээд бид нар бужигнаж байх хооронд Цагаанаа, Б хоёр И ахад өгсөн байсан архийг задлаад уусан. Би бас тэр архинаас нь 2 татчихаад урд гэр рүү ороод унтсан. Өглөө сэрсэн. Ийм зүйл болсон юм. /хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотод байж байгаад зарын дагуу “Мөнхбуурал хайрхан” ХХК-д өрлөгчнөөр ажилд орж вокзал дээр 7 хоног ажиллаад Өмнөговь явж ажиллахаар болоод энэ залуучуудын хамтаар Өмнөговь аймагт ирсэн юм. Өмнөговь аймагт ирээд Даланзадгад сумын 3-р багт баригдаж байгаад дутуу баригдаж орхигдсон барилга дээр ажиллахаар болсон юм. 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хоолны дараагаар материал дууссан учраас бид нар гэрт байж байхад И, Т бид хоёрт хандаад гарч дэлгүүр оръё гэсэн. Тэгээд бид гурав яваад замын урд талд байх “Э” хүнсний дэлгүүрийн гадаа ирсэн чинь Т бид хоёр маскгүй байсан учраас И ганцаараа дэлгүүр орсон. Дэлгүүр ороод гараад ирэхдээ 1 шил архи 1 ундаа аваад гараад ирсэн. Тэгээд бид гурав буцаж яваад барилгын хашаанд байх бид нарын байрладаг гэрт орж нөгөө архиа Т, С, Л, И, Б бид нар хувааж ууцгаасан. Тэр архийг ууж байхад ямар нэгэн асуудал байгаагүй. Ингэж ажиллана тэгж ажиллана гэж ярилцаж сууж байгаад эхний 1 шил архийг ууж дуусгасан. Тэр архи дууссан дараагаар С архинд явсан байх. 1 шил архи оруулж ирээд задалсан. Би тэрнээс нь ууж эхлээд тасраад унаад өгсөн. Маргааш өглөө нь сэрсэн чинь Иийг Б зодоод эмнэлэг, цагдаа болсон гэж хэлж байсан. Өөр надад мэдэж байгаа зүйл байхгүй. /хх-ийн 25-р хуудас/

Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймагт барилгын ажил хийхээр 2021 оны 03 дугаар сарын 20-ны өглөө ирсэн юм. Би хэсэг хүмүүсийн хамтаар ирсэн бөгөөд араас Б, С нар ирсэн. Даланзадгад сумын төвд ирээд хуучин баригдаж байгаад орхисон байсан байшинг барихаар болсон бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн барилга дээр ажиллаж байгаа. 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр барилгын материал дуусаад бид нар үдээс хойш амарсан юм. Бид нар барьж байгаа барилгынхаа хашаанд байх 2 гэрт хуваагдаж байрлаж байгаа юм. Тухайн хэрэг болдог өдөр би урд талын гэрт байж байгаад хойд талын гэрт яваад ороход Т, И, Б, Э, Э нар архи уугаад сууцгааж байсан. Намайг ороод очиход И ах надад хандаад ахын дүү битгий уугаарай нэг нь ч гэсэн эрүүл байсан дээр гэж хэлсэн учраас би уухгүй орой гал түлнэ гээд мод хагалаад нүүрс дөхүүлж байгаад эргээд хойд гэрт ороод гар утсаараа тоглоод хэвтэж байгаад босоод урд гэр рүү ороод О-ийн ах түүний эхнэр Амарзаяа нартай юм ярьж байгаад харанхуй болсон дараагаар хойд гэр рүү гал түлэх гээд орсон. Тэгээд гэрт ороход баруун талын том нааран дээр И, Э, Б, Т, Л нар суугаад архи тойруулаад сууж байсан. Тэгээд би гал түлчихээд нөгөө хэдийн хажууд очиж суугаад хийж өгсөн архийг нь уусан. Би угаасаа архи ууж чадахгүй ганц хоёр татаад муудчихдаг юм. Тэгж байхад Б, И ах хоёр гэрээс гараад явсан. Удалгүй Бын гар нь цус болчихсон ороод ирсэн. Тэгсэн Баас нэг нь яагаад гар чинь цус болчихсон юм бэ гэсэн. Тэгсэн араас нь удаагүй И ах ороод ирсэн. И ахын нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд наад нүүр ам чинь яачихсан юм бэ гээд шуугилдаад явчихсан. Бид нарын шуугих чимээнээр бид нарыг хариуцаж байгаа О-ийн ах урд гэрээс орж ирээд та нар чинь юу болоод байгаа юм бэ гээд И ахыг хувцаслаад эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараагаар цагдаа нар ирээд Б, Э ах бид гурвыг авч яваад эрүүлжүүлсэн. Ийм зүйл болсон юм. /хх-ийн 27-28-р хуудас/

Гэрч Ж.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “Мөнхбуурал хайрхан” ХХК-д 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өрлөг, шавар, заслын чиглэлээр ажилд орсон юм. Энэ компанид ажилд ороод Төмөр замд орон сууцны засвар дээр ажиллаж байгаад Өмнөговь аймагт ажил хийхээр болоод би захирлын хэлснээр хэсэг хүмүүс хариуцаж ажиллахаар болоод Өмнөговь аймаг руу ирсэн юм. Өмнөговь аймагт ирээд хуучин баригдаж байгаад орхисон байсан 42 айлын орон сууцны барилга дээр ажиллахаар болж уг барилга дээр хамт ирсэн хүмүүсийн хамтаар ажиллаж эхэлсэн. 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр барилгын материал дууссан учраас үдээс хойш амарсан юм. Манай барьж байгаа барилгын хашаанд байх 2 гэрт бид нар байрлаж байгаа бөгөөд би урд талын гэрт эхнэр Амарзаяа, хамт ажилладаг Лхагва-Очир эхнэрийн хамтаар бид 4 урд гэрт байрладаг. Хойд гэрт И, Ц, Б, Э, Э, Т нар байрлаж байгаа бөгөөд тухайн үед “Мөнх буурал Хайрхан" ХХК-ийн захирал Эрдэнээ гэдэг хүн цалингаа өгнө гэж хэлчихээд өгөхгүй байсан учраас манайхан мөнгө төгрөгөө авч чадахгүй байна гээд бухимдацгаагаад байсан юм. Тэгээд намайг урд гэртээ байж байхад хойд талын гэрт манайхан архи уугаад байгаа бололтой байсан. Тэгж байхад 16 цагийн үед И дэлгүүр дээр байна. Энд өр тавьчихсан төлмөөр байна гэж залгахаар нь би тэр дэлгүүрийн өрийг нь төлж өгсөн. Тэгээд 18 цагийн үед барилгын захиалагч Батдорж ирж бид нартай уулзсан. Тэгчихээд би гэртээ орсон. Хойд гэрт манайхан чанга чанга яриад байсан. Тэгж байгаад би 20 цагийн үед эхнэрийн хамтаар халуун усанд орчихоод ирээд байж байхад Э гэрт орж ирээд Иийг Б зодсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Этай хамт гараад хашааны гадуур хайсан чинь И олдохгүй байсан. Э бид хоёр хэсэг гадуур явж хайж байгаад би даараад гэр рүү ороод хувцас өмсөөд буцаад ороод ирэхэд И хойд гэрт ороод ирчихсэн байсан. Иийн нүүр нь цус, шороо болчихсон байсан. И эрүү мултарчихлаа гэхээр нь Иийг аваад эмнэлэг рүү авч явсан юм. И бид хоёртой хамт Л эхнэрийн хамтаар мөн манай эхнэр бид 5 явсан юм. Эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь эрүү нь хугарсан байна гээд зураг авсан. Тэгсэн эмнэлгийн эмч цагдаад дуудлага өг гэж хэлсэний дагуу би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Ингээд цагдаад дуудлага өгсөн дараагаар цагдаа нар эмнэлэг дээр ирж уулзаад явсан. Эмнэлгээс Иийг авч яваад өглөө ир гэсний дагуу бид нар Иийг байрладаг гэртээ аваад очсон дараагаар цагдаа нар ирж Б, Ц, Э нарыг аваад явсан. Тэгээд маргааш өглөө нь Иийг эмнэлэгт аваачиж үзүүлэхэд яаралтай Улаанбаатар хот руу явуулахгүй бол болохгүй гэхээр нь зараар унаа хайж байгаад нэг машин олоод суулгаад явуулсан. Ийм зүйл болсон юм. /хх-ийн 30-р хуудас/

Гэрч Б.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр барилгын материал дууссан шалтгаанаар бид нар амарцгаасан бөгөөд тухайн өдрийн өдөр нь И, Т, Э нар дэлгүүр орохоор яваад эргэж ирэхдээ 1 шил архи, ундааны хамтаар авч ирсэн. Тэр архийг Э, Т, Э, И бид нар хувааж уугаад сууж байхад Б гаднаас бөмбөг бариад ороод ирсэн. Тэгээд бид нартай нийлээд архи ууцгаасан. Архи дуусч байх үед Энхсайхан ах энэ архийг хэн хаанаас авсан юм бэ гэхэд И ах замын урд талын “Э” дэлгүүрээс зээлээр авсан гэж хэлсэн. Тэгсэн чинь Энхсайхан ах эхнэр рүүгээ яриад мөнгө авчихаад зээлийг нь төлнө гээд Энхсайхан, И, Т нар гараад явсан. Ирэхдээ 1 шил Элекс нэртэй архи, 2.5 литрийн пиво 1 ширхэг, 3 лаазтай пиво, ундаа зэргийг авч ирсэн. Тэр архийг И, Б, Т, Э, Э бид нар хувааж уусан. Ц ганцаараа пиво уусан. Тэр архийг уугаад эхлээд нэлээд явж байхад Э ах согтоод унтаад өгсөн. Тэгээд тэр архийг уугаад дуусах үед дахин нэг шил архи задлах гэж байхад И, Б нар гэрээс гараад явсан. Ямар шалтгаанаар гарсан эсэхийг нь мэдээгүй. Тэр хоёр гараад нэг их удаагүй байхад Б гэрт гар нь цус болсон байдалтай орж ирээд би Иийг алчихлаа цагдаад дуудлага өг би хэргээ хүлээж байна гэж хэлсэн. Тэгсэн Э гарч яваад хэсэг байж байгаад ороод ирсэн. Түүний дараагаар И ах гэрт орж ирсэн. И ахын нүүр нь цус, шороо болсон байсан. И ах Б-д хандаад ахыгаа яаж байгаа юм бэ чи арай дэндүүлж байна шүү гэж хэлчихээд баруун талын орон дээр хэвтсэн. Мөн тэр үед урд гэрээс О-ийн ах гэрт орж ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд И эрүү мултарчихсан юм шиг байна гэсэн чинь О-ийн ах Иийг эмнэлэг рүү авч явахгүй бол болохгүй гээд аваад гарсан. О-ийн, И ах хоёртой хамт би болон манай эхнэр, О-ийн ахын эхнэр нар хамт явсан. Бид нар И ахыг эмнэлэг дээр аваачаад үзүүлэхэд зураг авхуул гэсэн. Тэгээд зураг авахуулсан чинь эрүү нь хугарсан байна. Яасан юм бэ гэж асуухаар нь хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэгсэн эмч цагдаад дуудлага мэдээлэл өг гэсний дагуу О-ийн ах цагдаад дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг дээр И ахад дусал хийж байхад цагдаа нар ирсэн. Дусал хийлгэж дуусахад эмч И ахыг гэртээ аваачиж амраагаад маргааш өглөө эрт ирж үзүүл гэсний дагуу гэр рүү буцаагаад аваад явсан юм. Бид нартай цагдаа нар цуг яваад гэрт байсан Ц, Б, Э нарыг авч явсан. Бид нар гэртээ амарсан юм. /хх-ийн 33-34-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Иийн биед хамар ясанд хугарал, таславчийн муруйлт, орчны эдэд зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн дотор хананд цөмөрсөн, эрүү ясанд хоёрлосон, зөрөөтэй хугарал, духанд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, доод уруул, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Г.Иийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Г.Иийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 39-40-р хуудас/

Шүүгдэгч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Иийг гараараа 2 удаа цохиж авсан. Газар унасан дараагаар нь үснээс нь барьж байгаад нүүрээр нь 1 удаа газар мөргүүлсэн. Дараа нь мөр рүү нь нэг удаа өшиглөж авсан. Өөрөөр цохьсон зүйл байхгүй. Би зэвсэг хэрэглэж гэмтээсэн бол үнэнээ хэлнэ. Иийг 2 удаа цохиж авахад И ухаан алдаад унах шиг болсон. Бид нар хамт ажиллаж байхад хүн нэг бүрт ногдсон ажлыг компаниас зааж өгч тэр ажлыг нь хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд миний хувьд бүх хүмүүсээс түрүүлээд ажлаа хийгээд дуусдаг байсан. Ажил удаашрах гол явц нь блок зөөх бөгөөд миний хувьд блокийг хурдан хугацаанд зөөж дуусгадаг ба блок зөөхөд нуруу их өвддөг тул И, Э нар нь өөрсдийн зөөх хувиартай блокийг намайг зөө гэх зэргээр компанийн захирлын тушаалгүйгээр надаас шаарддаг байсан. Энэ мэт асуудлаас болж намайг гадуурхдаг муулдаг асуудал зөндөө байсан. Тэгээд энэ асуудал болдог орой И намайг өрлөгийн ажил хийхээ боль туслахын ажил хий гэх зэргээр дарамталсан. Тэгэхээр нь би өөрт оногдсон ажлаа л хийнэ. Захирлын тушаал гараагүй байхад өөр ажил хийхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь И ах намайг чи олон үгтэй бацаан минь чамайг хотод газар гишгүүлэхгүй. Хорлоожавын Эрдэнэбаатарыг чи мэдэх үү. Тэр чинь миний найз байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би та намайг битгий намайг сүрдүүлэх гээд бай. Би наадахаас чинь айхгүй. Би ч гэсэн алдаж онож үзсэн эр хүн. Надад элдэв янзын асуудал алга. Мөрөөрөө амьдарч явна гэж хэлсэн. Тэгсэн И ах намайг гаръя гэсэн. Тэгээд бид хоёр гарсан юм. /хх-ийн 82-р хуудас/

Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас /хх-ийн 52-р хуудас/

Ай ти дүрс оношилгооны төвийн томограффикийн шинжилгээ /хх-ийн 54-р хуудас/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 55-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 57-58-р хуудас/

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 61-64-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86-р хуудас/

Тод бат андууд ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 90-р хуудас/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 91-р хуудас/

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 92-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94-р хуудас/

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 97-99-р хуудас/

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 100-106-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Мөнхбуурал хайрхан” ХХК-ийн барилгын ажилчдын амрах гэрт Г.Итой маргалдан улмаар уг барилгын талбайн зүүн хойд талд зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Бын үйлдлийн улмаас хохирогч Г.Иийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Иийн биед хамар ясанд хугарал, таславчийн муруйлт, орчны эдэд зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн дотор хананд цөмөрсөн, эрүү ясанд хоёрлосон, зөрөөтэй хугарал, духанд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, доод уруул, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Г.Иийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Г.Иийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 39-40-р хуудас/ гэснээр  тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ц.Бын санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Ит хүндэвтэр хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.     

Шүүгдэгч Ц.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Иийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Г.И нь шүүхийн хэлэлцүүлэгт 7.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Баас нэхэмжилсэн ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн нэхэмжлэлээс 1.310.158 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 4.689.842  төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Учир нь:

Хохирогч Г.Иийн эрүүл мэндэд бодитоор учирсан хохирол болох 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Эрүү нүүрний мэс засал-14.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ай ти лаборатори-16.500 төгрөг, Нүүрний ясны хугарлын мэс заслын төлбөр-3.008.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ай ти лаборатори-30.000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ай ти лаборатори үзлэг-54.000 төгрөг, 2021 оны 04 сарын 07-ны өдөр Өмнөговь Монос ХХК-аас  эм авсан- 17.342 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Ай ти лабораторид Толгойн КТГ зураг авахуулсан-100.000 төгрөг, нийт 3.239.842 төгрөг, мөн Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу ирж очсон зардал 300.000 төгрөг, байрны түрээс 150.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны авах ёстой цалин 2.000.000 төгрөг нийт 5.689.842 төгрөг байна.

Шүүгдэгч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт 1.000.000 төгрөгийг хохирогч Г.Ит төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Г.И шүүх хуралдаанд 5.689.842 төгрөгөөс шүүгдэгч Ц.Б 1.000.000 төгрөгийг төлсөн, би түүнийг зээлийн хүүд өгсөн, эмчилгээний зардлаа тусад нь нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргасан боловч шүүгдэгч Ц.Бын гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрт төлсөн 1.000.000 төгрөгийг 5.689.842 төгрөгөөс хасаж тооцон, үлдэгдэл 4.689.842 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгч Ц.Баас гаргуулан  хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Г.И нь авч байсан цалингийн талаарх тодорхойлолт, лавлагаа зэргийг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй боловч “Тод бат андууд” ХХК-д барилгын ажил хийж байсан ба эрүүл мэндэд нь хохирол учирсны улмаас ажлаа цааш үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон нөхцөл байдал хэргийн хүрээнд авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацааны авах ёстой байсан цалинг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх ...иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж заасан ба шүүгдэгч Ц.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа эмчилгээний зардал, байрны түрээс, авах ёстой байсан цалин, Даланзадгад сумаас Улаанбаатар хот руу ирж очих замын зардал зэрэг хохирол төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.

Түүнчлэн шүүгдэгч Ц.Б нь хохирогч Г.Ит 4.689.842 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлье гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Бад гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, 4.689.842 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны  өдрийн дотор хохирогч Г.Ит төлөх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч Г.И нь шүүх хуралдаанд нийт 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан боловч 1.310.158 /нэг сая гурван зуун арван мянга нэг зуун тавин найм/ төгрөгийг нотлох баримтгүй нэхэмжилсэн тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Бын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдсэн”  /хх-ийн 94-р хуудас/, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 97-99-р хуудас/, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 100-106-р хуудас/ гэснээр, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86-р хуудас/, “Тод бат андууд” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолтод: Өмнөговь аймгийн мянган айлын хөтөлбөрт ажлын хүрээнд Даланзадгад суманд баригдаж буй 42 айлын орон сууцны барилгын ажил дээр Ц.Б нь ажиллаж байгаа нь үнэн болно /хх-ийн 90-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 91-р хуудас/ зэргээр тус тус тодорхойлогдож байна.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бад 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Б нь шүүхээс оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Баас 4.689.842 Г.И-т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Иийн нэхэмжлэлээс 1.310.158 /нэг сая гурван зуун арван мянга нэг зуун тавин найм/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ц.Бад гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, 4.689.842 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дотор хохирогч Г.Ит төлөх үүргийг хүлээлгэсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

9. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Г.Ит 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА