Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/79

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: А.Г,

Өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт АГд холбогдох 2028000900112Т тоот гурван хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгч А.Г нь Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нартай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, Баян бор нуруу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 115.590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Гг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ж.Б гэх залуу над руу анх сайн уу, Өмнөговь аймагт байгаа юу гэж утсаар ярьсан. Маргааш өдөр нь Өмнөговь аймагт ирсэн байна уулзмаар байна гэж залгасан. Би гэртээ аваачиж хоол хийж өгөөд, ярьж сууж байгаад архи уусан. Алтанд явж байгаа гэдгээ хэлж байсан. Би тэр үед 2 шил архи ууж согтсон байсан. Би сахарын өвчтэй учраас маш хурдан согтдог. Яаж явснаа санахгүй байгаа. Тухайн үед зөвшилцсөн зүйл байхгүй. Ж.Б намайг судалж байгаад нутгийн нэг хүнийг цуг авч очих зорилготой байсан юм билээ. Түүнийг нь би мэдээгүй. 03 дугаар сард хүйтэн байхад хөнжил, гудасгүй ганц куртик өмсөөд машинд хамгийн ард талд нь суугаад явсан. Шөнө нь очоод намайг том машинд оруулаад унтуулсан. Хаана ч ирснээ мэдэхгүй өглөө босоод хоол идчихээд байж байхад цагдаа нар ирсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Шинжээчийн дүгнэлтээр газрын хэвлийд 77.340 төгрөгийн хохирол учирсныг Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 2 дахин нэмэгдүүлж 154.680 төгрөг, газрын хөрсөнд учирсан 14.600 төгрөгийн хохирлыг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 3 дахин нэмэгдүүлж 43.800 төгрөг, ургамалд учирсан 20.520 төгрөгийн хохирлыг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар 5 дахин нэмэгдүүлж 102.600 төгрөг агаарт учирсан 2.650, газрын эдэлбэрт учирсан 480 төгрөг нийт байгаль орчинд учирсан хохирол нь 304.210 төгрөг, биологи болон техникийн нөхөн сэргээлтэд 174.760 төгрөг 478.970 төгрөгийг нэхэмжилнэ. /2хх-ийн 131-132-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 02-38 ӨВО улсын дугаартай портер маркийн автомашиныг Солонгосоос дөнгөж орж ирсэн гээд 12.000.000 төгрөгөөр авсан. Надаас нэг ажилд явж ирээд 14.000.000 төгрөгөөр худалдаж авъя гээд байхаар нь явж ирээд мөнгөө өг эсвэл миний машиныг өгөөрэй гэж хэлээд явуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 51-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: О гэдэг хүн манай нөхрийн холын хамаатан болдог юм. 2019 оны зун 06 сард хөдөө ажил хийж байгаад өгье гэж хэлээд 52-14 УН трактор болон паажуурыг надаас аваад явсан. Тэгтэл 2020 оны зун 05 сарын үед байх. Цагдаагаас залгаад таны эзэмшлийн техник, паажуур хураагдсан гэж хэлсэн. Өөрийн эзэмшлийн техник багаж зэргийг 2020 оны 06 дугаар сард бүрэн хүлээж авсан. Би өөрийн эзэмшлийн унагалдай 52-14УН трактор, паажуур зэргийг задлаад бүгдийг нь зарчихсан. Одоо юу ч байхгүй. /2хх-ийн 135-136-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч П.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Одоо би уг авто машинаа Баруунбаян-Улаан сумын нэг хүнд 2020 оны 09 билүү 10 сард 10 гаруй сая төгрөгөөр зарсан. Од өдрийн 50.000 төгрөгөөр хөлсөлсөн. Ойрхон хөдөө явж юм зөөнө л гэж хэлсэн шиг санагдаж байна. Тухайн үед би ч бас нэг их сайн асууж шалгаагаагүй. /2хх-ийн 140-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны хавар 05 дугаар сард бүрэн гүйцэт хүлээн авсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан. Би өөрийн 65-07 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2020 оны намар 10 сард зарчихсан. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /2хх-ийн 142-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны зун 06 дугаар сарын эхээр бүрэн бүтэн хүлээн авсан. Гинжит механизм нь одоо байхгүй. 2020 оны 08 дугаар сарын эхээр Ганбаа гэх хүнд Улаанбаатар хот руу зарчихсан. Хуурай паажуур нь манай хашаанд байгаа. Миний эзэмшлийн гинжит механизм 91-56 УБ улсын дугаартай, бичиг баримттай байсан. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /2хх-ийн 148-р хуудас/

Шинжээч З.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай лабораторид Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч цагдаагийн ахмад Т.Төгөлдөрөөс шинжээч томилсон тогтоолын хамт 7336 гэсэн дугаартай ногоон шуудайтай шороо, 7337 гэсэн дугаартай бор шуудайтай шороо нийт 2 ширхэг шуудайтай шороо ирсэний дагуу буталж холин нэгэн төрөл болгож 2 шуудайтай шорооноос тус бүр 30 грамм буюу нийт 60 грамм шороог авч шинжлэхэд эхний 7336 гэсэн дугаартай шорооны дээж болох 30 грамм шороонд 1.91 мг/кг алтны агууламж 7337 дугаартай шорооны дээж болох 30 грамм шорооноос 40.56 мг/кг алтны агууламж илэрсэн. 1.91 мг/кг алтны агууламж гэдэг нь 1 кг шороо тутамд 1.91 мг алт агуулагдаж байна гэсэн үг. 40.56 мг/кг алтны агууламжтай гэдэг нь мөн адил 1 кг шороо тутамд 40.56 мг алт агуулагдаж байна гэсэн үг. Тухайн шуудай шороог тус бүрт нь буталж холин нэгэн төрөл болгож хаанаас нь ч авч шинжилсэн алтны агууламж яг ижил хэмжээтэй гарна гэсэн үг. Тиймээс уг шуудайтай шорооны нийт алтны агууламжийг олохын тулд 7336, 7337 дугаартай хоёр шуудайтай нийт жинг алтны агууламжаар үржүүлэхэд гарч ирнэ. Шинжлээгүй үлдсэн 7336 дугаартай шуудайтай шороонд 1 кг тутамд 1.91 мг алт, 7337 дугаартай шуудайтай шороонд 1 кг тутамд 40.56 мг алт агуулагдаж байгаа учраас алтны агууламжтай гэсэн үг. /1хх-ийн 97-98-р хуудас/

Гэрч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний зорилго бол экскеватор бариад цалин мөнгө авах. Харин бид нарыг дагуулж очсон О Г нар алт ухах зорилготой байсан. Гэхдээ бид нар цалин хөлсний талаар огт ярилцаагүй. Бид хэдийг О ахалж яваа. Миний харснаар Г гэж дууддаг ах ухах газрыг зааж өгөн бид нарыг замчилж явж байсан. /хх-ийн 63-р хуудас/

Гэрч Ш.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид нар тэндээсээ хөдлөхөөсөө өмнө Б, П 2 Г гэж дууддаг нэг ахыг дагуулаад ирчихсэн байсан. Бид хэдийг Г О нар замчилж алт ухах газар руу оруулсан. Шөнөдөө бид нар техник хэрэгслээ буулгаад амарцгаасан. /хх-ийн 65-р хуудас/

Гэрч Г.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:...Шөнөдөө аймгийн төв орж хоноод өглөө эрт Г гэх хүнийг аваад тус аймгийн Баяндалай сумын төвөөр дайрч гараад нурууны ар гэх газар руу явсан. Замдаа явж байх үед Г ах зам заан О ах болон хамт явж байсан хүмүүс дээр очсон. /хх-ийн 74-р хуудас/

Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Миний хуучны танил дүү болох О хэд хоногийн өмнө надтай уулзаад та надтай хамт Өмнөговь аймаг руу яваад өгөөч. Би 2 жилийн өмнө очиж байсан. Алт гардаг нэг газар байгаа юм гэж хэлсэн. Би тухайн үед саналыг хүлээж аваад өөрийн танил Өмнөговь аймагт байдаг Г ах руу утсаар холбогдож хамт явах санал тавьсан. Тэр үед Г ах миний саналыг хүлээж авсан. Тэгээд би 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн төвөөс өөрийн хамаатны дүү болох Пийн хамтаар түүний эзэмшлийн суудлын машинаар Өмнөговь аймгийн төвөөс Г ахыг авахаар гарсан. /хх-ийн 77-р хуудас/

Гэрч Я.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...О П хоёр юм хийгээгүй. Өмнө шөнө нь даланзадгад сум руу явчихсан байсан. Г Б 2 хоол хийж байх шиг байсан. Н Д, Л бид нар хий эргэсэн байдалтай байсан. Харин Л экскеватороор жалганд нэг шанагадсан. /хх-ийн 91-р хуудас/

Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... О П хоёр юм хийгээгүй. Өмнө шөнө нь даланзадгад сум руу явчихсан байсан. Г Б 2 хоол хийж байх шиг байсан. Н Д, Л бид нар миний унаж байсан ногоон өнгийн экскеваторыг ажиллаж байна уу гэдгийг нь шалгаад ерөнхийдөө хийх зүйлгүй байсан. /хх-ийн 92-р хуудас/

Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 06 дугаар  сарын 15-ны өдрийн 583 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 600 литр дизель түлшний үнэ 1.500.000 төгрөг, 380 литр А80 бензиний үнэ 684.000 төгрөг /1хх-ийн 100-р хуудас/

Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: цахилгаан жанамтай паажуурын үнэ 1.000.000 төгрөг, цахилгаан мотор 2 ширхэгийн үнэ 600.000 төгрөг /1хх-ийн 103-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000743 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 65-07 ӨВР улсын дугаартай, “FUSO” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 төгрөг /3хх-ийн 207-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000747 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: DX300 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөг, /3хх-ийн 208-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000744 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 89-19 ӨВА улсын дугаартай Ranger маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөг /3хх-ийн 211-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000745 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  52-14 УН улсын дугаартай robex 300LC маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.800.000 төгрөг /3хх-ийн 213-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000742 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 02-38 ӨВО улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөг /хх-ийн 215-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000741 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 99-01 ӨВО улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 төгрөг /хх-ийн 217-р хуудас/

“Грийн ассестмент” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20/010 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Асуулт 1. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт баг Баян бор нурууны өвөр хэсэг Ёл гэх газарт хууль бусаар ашигт малтмал хайж олборлосон байх тул байгалийн нөөцөд хэдий хэмжээний хохирол учирсан байна вэ?

Хариулт 1. Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 315.59 мян.төг /Нэг зуун арван таван мянга таван зуун ерэн төгрөг/ байна. Ухаж сэндийчсэн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө) шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 290.35 мян.төг /Хоёр зуун ерэн мянга гурван зуун тавин төгрөг/ байна.

Асуулт 2. Хэчнээн га талбайд эвдрэл үүссэн байна вэ?

Хариулт 2. Олборлолт явуулах зорилгоор ухаж сэндийчсэн гэх талбайн дундаж өргөн 4-6 м, дундаж урт 5-7 м байна. Харин ухаж сэндийчсэн талбай нь гүн ухагдаагүй, мөргөцөг, эрэг үүсээгүй байсан тул ухмал овоолго, сэндийчиж сийрэгжүүлсэн талбайн дундаж гүнийг өнгөн хөрсний дундаж давхарга буюу 0.2 м, газрын хэвлийн дундаж гүнийг 0.3 м, нийт газрын гадарга, хэвлийг хөндсөн дундаж гүнийг 0.5 м-ээр тус тус тооцов. Хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн нийт талбайн хэмжээ 260.0 м2 буюу 0.026 га талбай байна.

Асуулт 3. Байгалийн нөөцөд хэдэн төгрөгийн хохирол учирсан байна вэ?

Хариулт 3. Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газар, газрын хэвлий, агаарын бохирдол, хөрсөн бүрхэвч, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд энэ нь байгалийн бүрдэл хэсэг буюу байгалийн нөөц юм. Тиймээс Байгаль орчинд учруулсан хохирол, байгалийн нөөцөд учруулан хохирол 2 нь нэг ойлголт юм.

Асуулт 4. Эвдэрсэн талбайд хэдэн төгрөгийн нөхөн сэргээлт хийгдэх вэ?

Хариулт 4. Ухаж сэндийчсэн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна.

Асуулт 5. Шинээр нөхцөл байдал илэрвэл дүгнэлтэд тусгах. Хариулт 5: Тийм зүйл байхгүй. /хх-ийн 128-129-р хуудас/

“Грийн ассестмент” ХХК-ийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ: Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, “Ёл” гэх нэртэй газарт Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б, А.Г нарын хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон дүнг үндэслэн дараах дүгнэлтийг өгч байна. Үүнд: Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Хоолт багийн “Ёл” гэх нэртэй газарт Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Щ.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б, н.Гавьяа нарын 2020 оны 3 дугаар сарын 31 -ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэх бөгөөд ашиглалт явуулсан талбай нь цөлөрхөг хээрийн уулархаг толгодын өмнө энгэрт 4 хэсэг гуу жалга, толгодын урагш буусан тэгш талбай хөндсөн байна. Хэрэгт холбогдогч нарын хууль бусаар ашигт малтмал олборлосон үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон тайланг боловсруулахад Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон холбогдох материалууд байхгүй тул Өмнөговь аймгийн Сэрвэй сумын байгаль орчны суурь судалгаанд үндэслэн гүйцэтгэв. Олборлолт явуулах зорилгоор ухаж сэндийчсэн гэх талбайн дундаж өргөн 4-6 м, дундаж урт 5-7 м байна. Харин ухаж сэндийчсэн талбай нь гүн ухагдаагүй, мөргөцөг, эрэг үүсээгүй байсан тул ухмал овоолго, сэндийчиж сийрэгжүүлсэн талбайн дундаж гүнийг өнгөн хөрсний дундаж давхарга буюу 0.2 м, газрын хэвлийн дундаж гүнийг 0.3 м, нийт газрын гадарга, хэвлийг хөндсөн дундаж гүнийг 0.5 м-ээр тус тус тооцов. Хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн нийт талбайн хэмжээ 260.0 м буюу 0.026 га талбай байна. Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 115.59 мян.төг /Нэг зуун арван таван мянга таван зуун ерэн төгрөг/ байна. Техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 80.87 мян.төг /наян мянга найман зуун далан төгрөг/ байна. Биологийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 81.7 мян.төг /наян нэгэн мянга долоон зуун төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө) шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 290.35 мян.төг /Хоёр зуун ерэн мянга гурван зуун тавин төгрөг/ байна.

Шүүгдэгч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би ажил хийж хэдэн төгрөг олъё гэж бодоод явсан. Би машинд суугаад дахиад архи уугаад тасарчихсан байсан. Нэг сэрсэн чинь хөдөө сэрсэн. Намайг хоол идэж байхад цагдаа нар ирсэн. Өөр зүйл болоогүй учраас яллагдагчаар мэдүүлэг өгөхгүй. /3хх-ийн 22-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-26-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-41-р хуудас/

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 212-р хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 222-р хуудас/

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ /хх-ийн 237-238-р хуудас/

Тээврийн хэрэгсэл эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 04-10-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Г нь Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нартай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, Баян бор нуруу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 115.590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх шүүгдэгч А.Ггийн шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадлагаа, эрх бүхий байгууллагуудын албан тодорхойлолт зэргээс дүгнэн шүүх хуралдаанд тодорхойгүй хугацаагаар биечлэн оролцох боломжгүй нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу шүүгдэгч А.Гд холбогдох хэргийг тусгаарлан шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дунд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.", 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төрийн өмчид авчээ.

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч А.Г нь Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нартай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар  сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, Баян бор нуруу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч А.Г нь шүүх хуралдаанд ...би тэр үед 2 шил архи ууж согтсон байсан. Би сахарын өвчтэй учраас маш хурдан согтдог. Яаж явснаа санахгүй байгаа. Тухайн үед зөвшилцсөн зүйл байхгүй. Ж.Б намайг судалж байгаад нутгийн нэг хүнийг цуг авч очих зорилготой байсан юм билээ. Түүнийг нь би мэдээгүй. ...Хаана ч ирснээ мэдэхгүй өглөө босоод хоол идчихээд байж байхад цагдаа нар ирсэн гэх мэдүүлгийг өгсөн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заажээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.

Шүүгдэгч А.Ггийн гэм буруутай үйлдэл нь:

Гэрч Д.Лн мэдүүлэгт: ...Миний зорилго бол экскеватор бариад цалин мөнгө авах. Харин бид нарыг дагуулж очсон О Г нар алт ухах зорилготой байсан. Гэхдээ бид нар цалин хөлсний талаар огт ярилцаагүй. Бид хэдийг О ахалж яваа. Миний харснаар Г гэж дууддаг ах ухах газрыг заажөгөн бид нарыг замчилж явж байсан. /хх-ийн 63-р хуудас/, гэрч Ш.Лгийн мэдүүлэгт: “...Бид нар тэндээсээ хөдлөхөөсөө өмнө Б, П 2 Г гэж дууддаг нэг ахыг дагуулаад ирчихсэн байсан. Бид хэдийг Г О нар замчилж алт ухах газар руу оруулсан. Шөнөдөө бид нар техник хэрэгслээ буулгаад амарцгаасан. /хх-ийн 65-р хуудас/, гэрч Г.Пийн мэдүүлэгт:...Шөнөдөө аймгийн төв орж хоноод өглөө эрт Г гэх хүнийг аваад тус аймгийн Баяндалай сумын төвөөр дайрч гараад нурууны ар гэх газар руу явсан. Замдаа явж байх үед Г ах зам заан О ах болон хамт явж байсан хүмүүс дээр очсон. /хх-ийн 74-р хуудас/, гэрч Ж.Бийн мэдүүлэгт: ...Миний хуучны танил дүү болох О хэд хоногийн өмнө надтай уулзаад та надтай хамт Өмнөговь аймаг руу яваад өгөөч. Би 2 жилийн өмнө очиж байсан. Алт гардаг нэг газар байгаа юм гэж хэлсэн. Би тухайн үед саналыг хүлээж аваад өөрийн танил Өмнөговь аймагт байдаг Г ах руу утсаар холбогдож хамт явах санал тавьсан. Тэр үед Г ах миний саналыг хүлээж авсан. Тэгээд би 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн төвөөс өөрийн хамаатны дүү болох Пийн хамтаар түүний эзэмшлийн суудлын машинаар Өмнөговь аймгийн төвөөс Г ахыг авахаар гарсан. /хх-ийн 77-р хуудас/, гэрч Я.Өын мэдүүлэгт: ...О П хоёр юм хийгээгүй. Өмнө шөнө нь Даланзадгад сум руу явчихсан байсан. Г Б 2 хоол хийж байх шиг байсан. Н Д, Л бид нар хий эргэсэн байдалтай байсан. Харин Л экскеватороор жалганд нэг шанагадсан. /хх-ийн 91-р хуудас/, гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ... О П хоёр юм хийгээгүй. Өмнө шөнө нь Даланзадгад сум руу явчихсан байсан. Г Б 2 хоол хийж байх шиг байсан. Н Д, Л бид нар миний унаж байсан ногоон өнгийн экскеваторыг ажиллаж байна уу гэдгийг нь шалгаад ерөнхийдөө хийх зүйлгүй байсан. /хх-ийн 92-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Г нь тухайн цаг хугацаанд согтуу байсан, унтаад сэрэхэд цагдаа нар ирсэн гэх байдлаар мэдүүлэг өгч байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж хууль сануулж баталгаа гаргуулж авсан гэрч нарын мэдүүлгээр түүний үйлдэл холбогдол хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Түүнчлэн А.Г нь би газар ухаагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заажээ.

Хууль бусаар ашигт малтмал хайх ашиглах олборлох гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчин хүний амь нас эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, хууль бусаар ашигт малтмал хайж, ашиглаж, олборлосноор төгсдөг гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл газрын хэвлийд халдаагүй бол энэ төрлийн гэмт хэрэг биш гэж үзэх боломжгүй буюу шүүгдэгч А.Г нь сайн дураар өөрийн хүсэл сонирхлын дагуу хууль бусаар алт олборлох гэж байгаа Ж.Б, Г.П нартай хамт явахаар санаа нэгдэж, тэдэнтэй хамт тэдний тээврийн хэрэгслээр тухайн газар руу явснаар үйлдлээрээ нэгдэн гэмт хэрэг эхэлсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Өмгөөлөгч шүүх хуралдаанд энэ гэмт хэрэгт А.Ггийн оролцсон оролцоо байхгүй. Тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй учраас А.Ггийн хувьд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй гэж үзэж байна. Тиймээс гэм буруугүйд тооцож өгнө үү? гэх дүгнэлтийг гаргасан боловч шүүгдэгч А.Г нь тухайн гэмт хэргийг үйлдэхээс татгалзаж, мөн гэмт хэргийг таслан зогсоох арга хэмжээ авсан тохиолдолд өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжтой юм.

Шүүгдэгч А.Г нь Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нартай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр Баян бор нуруу гэх газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулахад хамтран оролцсон нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Г нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүй хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.

Мөн шүүгдэгч А.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ би согтуу байсан. Шөнө нь очоод намайг том машинд оруулаад унтуулсан. Хаана ч ирснээ мэдэхгүй өглөө босоод хоол идчихээд байж байхад цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж байна. 

Иймд шүүгдэгч А.Г нь шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нартай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар  сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, Баян бор нуруу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн шинжийг бүрэн хангаж байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд учирсан хохирол хор уршгийн төлбөр 478.970 төгрөгийг нэхэмжилсэн ба улмаар Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрийг төлж барагдуулсан болно.

Шүүгдэгч А.Г нь Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нартай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэм буруу зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл, тээврийн хэрэгслийн үнийг ялгамжтай гаргуулж шийдвэрлэсэн.

Шүүгдэгч А.Г нь тухайн гэмт хэрэгт үйлдлээрээ санаатай нэгдэж байгаа хэдий ч газрын хэвлийд хохирол учруулаагүй гэх үндэслэлээр шүүгдэгч А.Ггаас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.Г нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй” /хх-ийн 222-р хуудас/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнссэн Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн /хх-ийн 223-р хуудас/ гэснээр, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 212-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялын санал гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч А.Г-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь таван мянга дөрвөн зуун  нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Уг гэмт хэрэг Монгол улсын Тусгай хамгаалалттай газар болох Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газрын Сэврэй сумын нутаг Баянбор нуруу гэх газарт гарсан байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т иргэн байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 7 дугаар зүйлд “байгаль орчныг хамгаалах” гэдэгт байгаль орчныг бохирдохоос урьдчилан сэргийлэх, байгалийн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг нь алдагдуулахгүйгээр, байгалийн даацад нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагаа хамаарна гэж тус тус хуульчилжээ.

Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1-т Байгаль орчин гэдэгт хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлдөг Монгол Улсын нутаг дэвсгэрийн чулуун мандал, усан мандал, шим мандал, агаар мандлын харилцан шүтэлцээт хүрээлэл хамаарах ба байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл / эс үйлдэхүй/ нь байгаль орчинд хортой нөлөөлсөн үйлдэлд хамаарна гэжээ.

Иймд байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн этгээд байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлж, Говь Гурвансайхан байгалийн цогцолборт газрын Сэврэй сумын нутаг Баянбор нуруу гэх газарт эвдэн сүйтгэсэн, бохирдуулсан талбай тус бүрийг нөхөн сэргээж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1–т зааснаар шүүгдэгч А.Г-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг, Баянбор нуруу гэх тусгай хамгаалалттай газарт учирсан хор уршгийг арилгаж, нөхөн сэргээх ажлыг Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нартай хамтран гүйцэтгэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Д овгийн А.Г-г Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1–т зааснаар шүүгдэгч А.Г-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг, Баянбор нуруу гэх тусгай хамгаалалттай газарт учирсан хор уршгийг арилгаж, нөхөн сэргээх ажлыг шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нартай хамтран гүйцэтгэх үүргийг хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч А.Г-д холбогдох хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.
  6. Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА