Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/37

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ, 

Хохирогч: *******,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ******* овогт *******ын *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000010027 дугаартай, 146/2021/0031/Э индекстэй хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын ** дугаар баг, ******** оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД: ********/ гэв.

                                   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Эрүүл мэндийн төвийн зүүн талын уулзвар, засмал зам дээр ******* улсын дугаартай Тоёота Авенсис маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 13.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг мөргөж, Даюун маркийн мотоциклын зорчигч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дүүгийнхээ машинаар ажилдаа явсан. Орой ажлынхаа цагийг дууссаны дараа хөгжим зөөж *******тэй байж байсан чинь ажлынхан гал тогооны ард пиво ууж байсан. Тэгээд пиво ууж дууссаны дараа нь н.******* эгчийг явсны дараа ******* бид хоёр ******* эгчийг аваад явсан. Тэгээд урд мотоциклтой хүн явж байхаар нь дохиогоо өгч гүйцэж түрүүлэх гэсэн чинь урдуур гэнэт мотоцикл ороод ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би хохирлоо төлнө гэв.

Хохирогч *******гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 12 цагт ажилдаа яваад 22 цагийн үед ажлынхаа хоёр залуутай харих гэж явж байгаад гүүрний уулзвар гарах гэж явж байсан чинь машин ирээд мөргөсөн. Тухайн үед машинд байсан бүх хүн согтуу байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний төлбөрөө авч чадахгүй болохоор байгууллагаасаа мөнгө зээлсэн. Би 10 дугаар сараас хойш ажилгүй байгаа. Би баруун талын хөлдөө хагалгаанд орно. Удахгүй зүүн хөлөндөө хагалгаанд орох шаардлагатай гэсэн корона гээд явж чадахгүй байна. Эм тариа байнга хэрэглэж байгаа. Хохиролд 11.275.840 төгрөг, цалин 5.200.000 төгрөг нэхэмжилж байна. Эм тариа байнга хэрэглэдэг. Зарим эм тариа нь нэхэмжилж байгаа мөнгөнд ороогүй... гэв.

Насанд хүрээгүй хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би 2020 оны 10 дугаар сард Жем цэвэр усны үйлдвэрт ачигчаар ажилд орсон юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 28-ны орой 22 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад *******, ******* нарын хамтаар *******ын мотоциклд сууж гэртээ хүргүүлэх гээд сууж явсан. Хужирт сумын Эрүүл мэндийн төвийн хажуу талын засмал зам дээр явж байгаад урагшаа шороон зам руу эргэж байтал ард явж байсан автомашин араас ирээд мөргөсөн. ...Тиймээ би ******* ахын мотоциклыг жолоодон, ******* ах ард талд, ******* эгч голд суучихсан явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Тухайн өдөр би өөрийн ажил Жем усны үйлдвэрт ажиллаж байгаад орой 22 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад хамт ажилдаг ******* эгч, ******* нарын хамтаар гэр рүүгээ харихаар явсан. Тэгээд Хужирт сумын Эрүүл мэндийн төвийн хажуу талд засмал замаас шороон зам руу эргээд шороон зам руу орохын даваан дээр араас автомашин ирээд мөргөчихсөн. ...Тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлсэн юм гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Гэрч *******эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай ажил болох Элма Хужирт рашаан сувиллын 15 жилийн ой болох гээд 2020 оны 10 дугаар сарын 28-ны орой ажил дээрээ түүнд бэлдэж байсан. Тэгээд би манай ажлын гал тогооны ар талын өрөөнд ********г байгаа гэхээр нь *******ийн хамт орсон тэгтэл ********, ********, ********, *******, ******** гэх хүмүүс сууцгааж байсан. ******* бид 2 “Бор хул” нэртэй дэлгүүрээс 2 литрийн 2 ширхэг пиво авсан түүнийгээ гаргаад тэгээд бид хэд бөөнөөрөө ууцгаасан. Тэгтэл ********, ********, н.******* нар пиво ууж дуусгаад гараад явсан. Тэгээд удалгүй байж байтал ******* хүн хүргэж өгье гээд гол гарахаар Элма Хужирт рашаан сувиллын үүдээр гараад Ананд хужирт рашаан сувиллын үүдэн дээрээс ********ийг аваад явсан төв замаар ертөнцийн зүгээр баруун зүгт явж байтал урд мотоциклтой хүн гуйваад явж байсан тэгэхээр нь *******ид наадах чинь нэг бол согтуу хүн байна үгүй бол гурвуулаа явж байгаа хүн байна гэж хэлсэн тэгээд ******* гүйцэж түрүүлэх гээд зүүн гар тал руугаа дартал мотоциклын жолооч ямар ч дохио өгөлгүй гэнэт зүүн гар тал руугаа дараад урдуур нь ороод осол болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “...1. *******гийн биед зүүн эгэм, зүүн далны шонтонгийн зөрүүтэй, зүүн 3, 4 дүгээр хавирганы зөрүүтэй далд хугарал. Зүүн эгэм, далны холбоосны тасарсан урагдал. Зүүн тахилзуур ясны толгой хэсгийн шахагдсан хугарал, ясны эдийн няцрал, зүүн шилбэний эрээн булчингийн урагдал. Баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний арын эврийн хөндлөн, урд чагтан холбоосны урагдал, баруун дунд чөмгөний гадна хажуу хэсэг, ар хэсэг, шаантын гадна хажуу хэсгийн ясны эдийн няцрал, баруун шаантын гиалин мөгөөрсний хугарал, баруун өвдөгний арын чагтан холбоосны суналт, дотор холбоосны сэмэрсэн урагдал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал. Дух, зүүн шилбэнд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 13291 дугаартай дүгнэлт, /хх-ийн 66-69 дүгээр хуудас/,

2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ******* улсын дугаартай цайвар ногоон, саарал өнгийн Тоёота Авенсис маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* овогтой ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн

3.7а дахь хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”

13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр;

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн:

12.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас уг осол болсон байх үндэслэлтэй байна... гэх 01 дугаартай мөрдөгчийн магадалгаа, /хх-ийн 57 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-4 дүгээр хуудас/,

Зам тээврийн ослын газарт хэмжилт хийсэн схем, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/,

Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-26 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 157 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 28-ны орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Эрүүл мэндийн төвийн зүүн талын уулзвар, засмал зам дээр ******* улсын дугаартай Тоёота Авенсис маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 13.4 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас улсын дугааргүй Даюун маркийн мотоциклыг мөргөж, Даюун маркийн мотоциклын зорчигч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 .1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч *******гийн мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг, гэрч *******ын мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, 13291 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч *******эгийн мэдүүлэг, шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь гэрч *******эгийн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, согтуурлыг багажаар шалгаж ******* гарын үсгээ зурсан тэмдэглэл, гэрэл зургаар нотлогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байснаа хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүгдэгч *******ийг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчид эмчилгээний зардалд 3,120,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлж, 7000000 төгрөгийг цаашид төлж барагдуулахаа бичгээр илэрхийлж хохирогч, шүүгдэгч гарын үсэг зурсан баталгааг шүүхэд гаргаж өгсөн байна. Хохирогчийн өмгөөлөгчөөс бичгээр гаргасан баталгааг хүлээн зөвшөөрч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхийг хүссэн, улсын яллагч хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул тэнсэж өгөх дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь хувийн малтай, орлоготой байх тул шүүхээс шүүгдэгчийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэв.

Шүүгдэгчид тэнссэн хугацаанд хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй.

Хохирогч ******* 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл энэ гэмт хэргийн улмаас Мөнгөн гүүр эмнэлгийн гэмтэл согогийн тасагт мэс засалд орж, хэвтэн эмчлүүлсэн нь хэрэгт авагдсан Мөнгөн гүүр эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх, үзлэгийн тэмдэглэл, мэс засал эмчилгээний өмнөх эмч нарын хамтарсан үзлэг, мэс заслын өмнөх бэлтгэл шалгах хуудас, мэс заслын сувилагчийн хяналтын хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч шүүх хуралдаанд эмчилгээний зардал 11,275,840 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 5,200,000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд гаргаж өгсөн эмчилгээний зардлын дараах баримтуудыг үндэслэн эмчилгээний зардалд шүүгдэгчээс 10,119,650 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Үүнд: 9577200 төгрөгийн Мөнгөн гүүр эмнэлгийн “Жем хужирт” ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэх, “Жем хужирт” ХХК-ийн тодорхойлолт, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тус бүр 15000 төгрөгийн Мөнгөн гүүр эмнэлэг шархны боолт, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хэвлийн эхо, цээж тодосгогч, хүзүү нуруу, толгойн  эхо 395000 төгрөг /395000 төгрөгөөс 325000 төгрөгийн зардал 9577200 төгрөгийн нэхэмжлэхэд орж тооцсон тул хасаж 43000 төгрөгийг тооцсон/, мөрний зураг 35000 төгрөг, эмчийн үзлэг 25000 төгрөг,  зарлагын баримт 123000 төгрөг, Энхмойлт ХХК-ийн 12000 төгрөг, Цонхлонбүрэн ХХК-ийн 47750 төгрөг, Мөнгөн гүүр фарм 6500 төгрөг, 18800, 60000, 20900, 1400, 20100, 27500, 10900, 12400, 73350, 23900, 110850, 1800, 53000, 30300 төгрөгийн баримтууд, Сод монгол шатахууны 20000 төгрөг, Чулуун овоо шатахууны 20000 төгрөгийн баримтуудыг үнэлж нийт хохирогчид 10,419,650 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байна. Үүнээс шүүгдэгч 300000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул хассан мөн Мөнгөн гүүр эмнэлгийн 9577200 төгрөгийн нэхэмжлэхийн баримтуудыг хасаж тооцсон болно.

Гандантэгчэнлин хийд 15000 төгрөг, Оргил центр 33150 төгрөг, 8180 төгрөг, 51660 төгрөг, Урьхан 3200 төгрөг, Миний сүлжээ 30910 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ны Саппоро центр 8700 төгрөг,  Түшиг тэнгэр 10540 төгрөг,  зам зуур 54000 төгрөгийн зардлууд нь эмчилгээний зайлшгүй гаргах зардалд тооцох боломжгүй болно.   

Нийт 11,275,840 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилснээс дээрх хүнс, бараа бусад зардал, нотлох баримтгүй нэхэмжилсэн нийт 856190 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Мөн хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн баримт нь дутуу байх тул цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

******* улсын дугаартай Тоёота Авенсис маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч ********ийн ...ах *******ид уг машиныг жолоодохыг зөвшөөрсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, ********ын ...2021 оны 03 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд миний мотоциклд сэлбэг авч ирж өөрөө засаж янзалж өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/ байх тул ********, ******** нарыг нэхэмжлэх зүйлгүй гэж үзлээ.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 10,119,650 төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгож,  856,190 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч цалин болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцсугай.

            7. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.

            8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ДУЛМАА