| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2021/0035/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/39 |
| Огноо | 2021-06-07 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/39
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Б.Эрдэнэбаяр,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Эрдэнэбаярын шүүгдэгч ******** овогт ********гийн ********д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2127000130019 дугаартай, 146/2021/0035/Э индекстэй хэргийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ** дугаар баг, ******** дугаар гудамж, ******** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******** овогт ********гийн ******** /РД: ********/ гэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “********” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр урттай 18 ширхэг шинэс мод бэлтгэж, ******** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ********ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Мэдүүлэг өгөхгүй... гэв.
Шүүгдэгч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би модоо ганцаараа бэлтгэсэн бөгөөд эхнэр ********ийг хань болгоод аваад явсан юм. Тэрнээс биш би модоо ганцаараа бэлтгэж хийсэн. Өөрийн амьдарч байгаа хашаагаа янзлах, тал хэсгээр нь гэрийн шал хийх гэж байсан юм. ...Би өөрийнхөө эзэмшлийн улаан өнгийн цахилгаан хөрөөгөөр хийсэн. ...Мөн өөрийн эзэмшлийн ******** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 100-102 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ж.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...******** надаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ...Тухайн хүний хийсэн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдвол тухайн хүн байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус хүн нь байгаль орчны улсын байцаагчийн гаргасан актад тусгагдсан мөнгөн торгуулийг төлөх ёстой. Тэрийгээ төлчихвөл өөр ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,
Гэрч ********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би хамт мод бэлтгээгүй. Манай нөхөр намайг хамт явъя гэж хэлсэн. Тэгээд би хань болоод нөхөртэйгөө цуг явсан. ...Тухайн үед манай гэрт цагдаа нар ирээд модоо авчирч журмын хашаанд буулга гэж хэлсэн. Тэгээд нөхрөөсөө ямар учиртай модоо хураа гэж хэлж байгаа юм бэ гэж асуусан чинь би зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би нөхрийгөө зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар нь мэдсэн юм. ...Бид 2 гэр бүл болоод 2 жил болж байна. Одоохондоо гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Манай нөхөр ганцаараа модоо хөрөөдөөд ганцаараа ачсан. Модоо ачихдаа банзан дээр тээглүүлж байгаад ачсан. Би газрынх нь нэрийг сайн мэдэхгүй байна. Манай нөхөр хэлэхдээ ******** гэдэг газар гэж хэлсэн. 18 ширхэг мод бэлтгэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “...Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн 2 метр урт 10 ширхэг мод нь “Шинэс” төрлийн нойтон, 2.3 м урттай 8 ширхэг мод нь “Шинэс” төрлийн хуурай мод байна. ...Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу ойн 1 дүгээр мужлалд нойтон шинэс төрлийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 570216 төгрөг, бүх төрлийн хэрэглээний хуурай модны нэг шоо метр модны экологи эдийн засгийн суурь үнэлгээ 168655 төгрөгөөр, нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэглээний бөөрөнхий модон материалд шилжүүлж тооцох ашиглалтын гарцын итгэлцүүрийг 1.8-аар тооцдог. ...Дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан нийт хохирлын үнэлгээ 1.233.253 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай Улсын байцаагчийн акт /хх-ийн 22 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10 дугаар хуудас/,
Шүүгдэгч ********ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ******** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүгдэгч ********ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47, 58-59 дүгээр хуудас/,
Шүүгдэгч ********ийн гэмт хэрэг үйлдэж олсон 18 ширхэг шинэс модыг битүүмжилсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54-57 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч ********д Прокурорын газраас 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “********” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр урттай 18 ширхэг шинэс мод бэлтгэж, ******** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч ******** нь 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэрч ********ийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.Батмөнхийн мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, улсын байцаагчийн акт, сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт, 18 ширхэг шинэс модонд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ********ийг 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн нутаг “********” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2 метр урттай 18 ширхэг шинэс мод бэлтгэж, ******** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч нь нойтон, хуурай шинэс мод ойгоос бэлтгэж байгаль орчинд 1,233,253 төгрөгийн хохирол учруулсан нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай ойн байцаагчийн актаар тогтоогдож байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр ногдуулах хуулийн зохицуулалттай тул 3,699,759 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь нөхөн төлбөр 3,699,759 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тодорхой хэмжээний өрхийн орлоготой зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь өөрийнх нь эзэмшлийнх байх тул хурааж улсын орлогод оруулах нь хуульд нийцэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан 126000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 2 метр 30 см урттай 10 ширхэг нойтон шинэс мод, 8 ширхэг хуурай шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн ******** улсын дугаартай, портер маркийн 4100000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж, худалдан борлуулж төлөгдөөгүй нөхөн төлбөрийг төлүүлж илүүг улсын орлогод оруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөө нэг ширхгийг устгах, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овогт ********гийн ********ийг хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** овогт ********гийн ********ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан нөхөн төлбөр 3,699,759 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан 126000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 2 метр 30 см урттай 10 ширхэг нойтон шинэс мод, 8 ширхэг хуурай шинэс модыг хурааж улсын орлогод оруулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгчийн эзэмшлийн ******** улсын дугаартай, портер маркийн 4100000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг хурааж, худалдан борлуулж төлөгдөөгүй нөхөн төлбөрийг төлүүлж илүүг улсын орлогод оруулсугай.
6. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүй, бусад эрхийг хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн цахилгаан хөрөө нэг ширхэгийг устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА