Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 13

 

Н.О-т холбогдох эрүүгийн
 хэргийн талаар 
226/2018/0011

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Сүхгомбо нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга: А. Цэрэндулам,
Прокурор: Д.О,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Б,
Шүүгдэгч: Н.О- нарыг оролцуулан
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Ц.М-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.О-ын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн  1839001090059  дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.С-ын илтгэснээр хянан хэлэлцэв.
Хэнтий аймагт 1977 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 5-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 28 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 7 жил 7 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх Боржигон овогт Н.О /РД: СР77121915/
Н.О- нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 01-04 тоотод байх иргэн М.Үржингийн гэрийн тооноор нэвтэрч эмэгтэй хүний хос ээмэг 1 ширхэг, “Талын хар” нэртэй архи 1 ширхэг, түрийвчнээс 22500 төгрөгийг хулгайлж нийт 377000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
Хэнтий аймгийн Прокурорын газраас Н.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээ зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигин Овогт Н.О-ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Н.О-т Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 06 сар 25 хоногийг нэмж нэгтгэн, нийт биеэр эдлэх ялыг 1 жил 6 сар 25 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-т оногдуулсан 1 жил 6 сар 25 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.О-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж тус тус шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.О- нь давж заалдах гомдолдоо: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүхээс 1 жил 6 сар 25 хоног хорих ял оногдуулсан. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Прокурор Д.Э нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ Н.О-ын эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.
Н.О- нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 01-04 тоотод байх М.Үржингийн гэрийн тооноор нэвтэрч эмэгтэй хүний хос ээмэг 1 ширхэг, “Талын хар” нэртэй архи 1 ширхэг, түрийвчнээс 22500 төгрөгийг хулгайлж 377000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч М.Ү-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний алтан ээмэг, түрийвчинд байсан 22500 төгрөг, 1 шил архи алга болсон байсан. Хохирлоо төлүүлж авмаар байна ... гэх /хх-16-18х/
Насанд хүрээгүй гэрч Г.Отгончимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Гэртээ орох гэтэл дотроосоо түгжээтэй байсан. Тэгээд гэрийн  тооноор орж хаалгыг дотор талаас нь онгойлгосон. Ээж бид хоёр авдраа онгойлгож үзэхэд манай ээжийн алтан ээмэг, талын хар архи, түрийвчин дотор байсан бэлэн мөнгө алга болсон байсан ...гэх мэдүүлэг /хх-19 х/
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-11 х/
Эд хөрөнгийн үнэлгээний талаар шинжээчийн дүгнэлт /хх-29-31 х/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-6 х/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14 х/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 
Н.О-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчөөгүй, үйлдлийг зөв зүйлчилжээ.
Анхан шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Н.О- нь урьд нь шүүхээр ял шийтгүүлж, тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэсэн нь зөв, хохирогч М.Ү нь түүнийг өөрийн эд зүйлийг захиран зарцуулах эрхгүй гэснээс үзэхэд шүүгдэгч нь бусдын орон байранд нэвтэрч эд зүйлс хулгайлсан байх тул ялтны өмгөөлөгчийн ялыг хөнгөрүүлэн өөрчлөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон 

ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Н.О- нь шийтгэх тогтоол гарснаас хойш 67 /жаран долоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

Гурав. Шүүгдэгч Н.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Дөрөв. Тус шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдсугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ДЭНСМАА
    ШҮҮГЧ                                               Я.АЛТАННАВЧ
  Б.СҮХГОМБО