Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1981 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 42 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, Хужихай овогт Хуягцоожийн Бямбачулуун /РК81051631/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1965 онд төрсөн, 51 настай, эрэгтэй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 22 дугаар гудамжны 08 тоотод оршин суух, Боржигин овогт Ренчингийн Мөнхбат /ЛЮ65090334/-д холбогдох,

7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагч Р.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Бямбачулуун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Мөнхбаттай харилцан тохирч 2014.08.06-ны өдөр Мөрөн сумын 13-р багийн 22-р гудамжны 15 тоотод байрлах 6*8 харьцаатай өвлийн сууцтай хашааг худалдаж авахаар урьдчилгаа 7.500.000 төгрөгийг өгч 15 сая төгрөгөөр хашаа байшинг нь худалдаж авсан боловч 2015.6.15-нд хашааны бичиг баримтаа өгнө гэсэн боловч шилжүүлж өгөөгүй. Одоо хашаа байшингаа Мөнхбат өгөхгүй болсон учир Мөнхбатаас урьдчилгаа болгож өгсөн 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Бямбачулуун Мөнхбат нар харилцан тохиролцож 15.000.000 төгрөгөөр Мөрөн сумын 13 дугаар багийн 22-15 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Бямбачулуун худалдан авах болсон байдаг. Бямбачулуун тус өдрөө 7.500.000 төгрөгийг Мөнхбатад хүлээлгэн өгч гэрээ гэрчилгээг нь авах гэхэд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон байдаг юм. Бямбачулуун тус үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн доголдолтой гэж мэдээгүй байсан. Мөнхбатын өөрийнх нь зөвшөөрлөөр Бямбачулууны эцэг, эх тэр хашаа байшинд нь амьдарч байсан. Тэгээд тохиролцсон 6 дугаар сарын 10-ны өдөр болоход Мөнхбат уулзахгүй сураггүй болсон. Банкны зээлийн эдийн засагчаас тус хашаа байшин банкны барьцаанд байгаа тухай мэдэж мөн гэрээ гэрчилгээ өгөхгүй байсан учраас наймаагаа буцаахаар болсон. Иймд Р.Мөнхбатаас хашаа байшингийн урьдчилгаанд өгсөн 7.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Р.Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 8-р сарын 6-нд Хуягцоож овогтой Бямбачулуунд өөрийн өмч болох 13-р хорооны 22-15 тоот хашаа байшинг 15 саяд худалдаж харилцан тохиролцож урьдчилгаа 7.5 сая төгрөгийг бэлнээр авсан нь үнэн бөгөөд үлдэгдэл 7.5 сая төгрөгийг 2015 оны 6-р сарын 10-нд авахаар тохиролцож гэрээ хийсэн ба тухайн үед бэлнээр мөнгө өгөөгүй учир би хашаа байшингийн бичиг баримтаа өгөх боломжгүй байсан. Иймээс иргэн Ренчин овогтой Мөнхбат би нэхэмжлэгч Хуягцоож овогтой Бямбачулууны нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин одоо өөрийн хашаа байшингийн үлдэгдэл төлбөр болох 7.5 сая төгрөгөө бэлнээр авсны дараа хашаа байшингийн бичиг баримтаа өгнө. Нэхэмжлэгч Бямбачулуун нь манай хашаа байшинд амьдарч байгаад гараад өөрийн эцэг эхээ манай байшинд амьдруулж байгаа гэжээ.

Хариуцагч Р.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Бямбачулуунд 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар бар 22 дугаар гудамжны 15 тоотод байрлах хашаа, байшингаа 15.000.000 төгрөгөөр зарж, худалдах худалдан авах гэрээ байгуулсан, гэрээнд 2016 оны 6 дугаар сарын 10-нд үлдэгдэл 7.500.000 төгрөг өгч хашаа байшингийн гэрээ гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон боловч Х.Бямбачулуун нь гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл мөнгөө өгөөгүй тул хашаа байшингийн бичиг баримтаа шилжүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Харин надад Х.Бямбачулуун үлдэгдэл 7.500.000 төгрөг өгөх ёстой гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Бямбачулуун нь хариуцагч Р.Мөнхбатад холбогдуулан 7.500.000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Х.Бямбачулуун нь 2014 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 22 дугаар гудамжны 15 тоотод байрлалтай 6х8 хэмжээтэй өвлийн сууцыг хашааны хамт 15.000.000 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч Р.Мөнхбаттай тохиролцож урьдчилгаа болгон 7.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон талуудын 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан Хамтран тохиролцсон гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 2-р тал/,

Гэрээний талууд хүсэл зорилгоо илэрхийлэн, сайн дурын үндсэн дээр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 22 дугаар гудамжны 15 тоотод байрлалтай 6х8 харьцаатай өвлийн сууцыг хашааны хамт 15.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан, талууд гэрээнд гарын үсэг зурж, хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн байх ба дээрх хэлцэл ёсоор нэхэмжлэгч Х.Бямбачулуун нь 7.500.000 төгрөгийг хариуцагч Р.Мөнхбатад бэлнээр өгч, үлдэгдэл 7.500.000 төгрөгийг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгөх, хариуцагч Р.Мөнхбат нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 22 дугаар гудамжны 15 тоотод байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ гэрчилгээг Х.Бямбачулууны нэр дээр шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцжээ.

Зохигч нь хашаа байшин худалдан авахад урьдчилж өгсөн 7.500.000 төгрөг болон хэсэгчлэн төлөх үнийн хэмжээ буюу 7.500.000 төгрөг дээр маргаагүй ба нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон хугацаандаа үлдэгдэл мөнгөө аваад очиход Р.Мөнхбат нь уулзахгүй, зугтаад байсан ба тэр өдрөө банкны зээлийн эдийн засагчаас тус хашаа байшин нь банкны барьцаанд байгаа тухайг мэдсэн ба одоо өөр хүний нэр дээр бүртгэлтэй Р.Мөнхбатын өмчлөлийн эд хөрөнгө биш байх тул урьдчилгаа болгож өгсөн 7.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч нь үлдэгдэл 7.500.000 төгрөгөө авч байгаад хашаа байшингийн гэрээ гэрчилгээг шилжүүлж өгье гэж ярьж тохиролцсон боловч тухайн үед надад мөнгийг өгөөгүй учраас өнөөдрийг хүртэл гэрээ, гэрчилгээгээ Х.Бямбачулуунд шилжүүлж өгөөгүй гэж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөл нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбогдох баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр хуульд заажээ.

Худалдах- худалдан авах гэрээний тухайд хэлбэрийн хувьд заавал бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлага байхгүй ч худалдах худалдан авах гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө байгаа тохиолдолд гэрээг бичгээр хийх гэсэн хуулийн шаардлага нь Иргэний хуулийн 109-р зүйлийн 109.2-д байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ.
Мөн хэлцлийн хэлбэрийн хувьд нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлэхээр заасан байх ба талуудын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хийгдсэн хамтран тохиролцсон гэрээ нь хуулийн дээрх шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл юм.

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1/263 дугаартай албан бичиг, Y-1723004134 дугаарт бүртгэгдсэн Мөрөн сумын 13 дугаар багийн 22 дугаар гудамжны 13 тоотод байрлах 48 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Үхэр онход овгийн Гонгорын Жаргалсайхан бүртгэлтэй талаарх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаас харахад дээрх зохигчийн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн доголдолтой болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдсан эд хөрөнгө доголдолтой байвал худалдан авагч нь уг доголдлыг арилгуулах, төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг ижил төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, худалдагч дээр дурдсан байдлаар доголдлыг арилгах үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Х.Бямбачулуун нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 22 дугаар гудамжны 13 тоотод байрлах 6х8 хэмжээтэй өвлийн сууцны байшинг хашааны хамт худалдан авахаар урьдчилгаа болгон өгсөн 7.500.000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан хариуцагч Р.Мөнхбатаас 7.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Бямбачулуунд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Р.Мөнхбатаас 7.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Бямбачулуунд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Мөнхбатаас 134.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН