| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/00297/И |
| Дугаар | 00386 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 00386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-уул суманд 1964 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багт оршин суух, Борог овогт Пүрэвжавын Долгорхүү /РП64020703/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч 155/2017/00297/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаабүд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Долгорхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Пүрэвжавын Долгорхүү нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын сургуульд 3 дугаар ангиа төгсөөд 1975 оноос хойш аав ээжийн хамт мал маллаж байгаад 1980 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн албан ёсоор буюу насанд хүрээд Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн Агар багт хоньчноор ажиллаж эхэлсэн. 1980-1989 он хүртэл ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт хагас дутуу бичигдсэн, тамга тэмдэг нь даргадаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймээс миний Бадрал нэгдэлд 1980 оны 01 сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-нийг хүртлэх нийт 10 жилийн ажилласан хугацааг сэргээж өнгө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Раднаабүд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пүрэвжав овогтой Долгорхүү нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
П.Долгорхүү нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 01 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч П.Долгорхүү нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 01 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь Пүрэвжав овогтой Долгорхүүгийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар дансны хуулбарууд, гэрч М.Баатар, М.Мөнхбаяр нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борог овогт Пүрэвжавын Долгорхүүгийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдлийн 01 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Долгорхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН