Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 14

 

Ч.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2018/0012

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Прокурор: Ц.Ц,

Шүүгдэгч: Ч.Б- нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Э-ын эсэргүүцлээр Ч.Б-д холбогдох эрүүгийн 201623000196 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймагт 1964 онд төрсөн, эмэгтэй, 54 настай, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт, хэрэгт холбогдохын өмнө Хэнтий аймгийн Цагдаагийн газрын тооцооны нягтлан бодогч ажилтай байсан, урд ял шийтгэлгүй, Түмэндэмбэрэл овогт Ч.Б /РД:СЭ64041422/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт холбогджээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 74 дүгээр шүүгчийн захирамжаар: Уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор П.Э эсэргүүцэлдээ: Хэнтий аймаг дахь Бор-Өндөр дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ч.Б-д холбогдох хэргийг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь яллагдагч Ч.Б-д холбогдох хэргийг 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 74 тоот захирамжаар хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1, 33.2 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдааныг товлосон атлаа мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө гарах шийдвэрийн заалтыг баримтлан буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хийсэн эдийн засгийн шинжилгээгээр Ч.Б- нь 25.307.481.27 төгрөгийн суутгал хийсэн хэдий ч бусдын данс руу шилжүүлсэн нь 25.477.271.04 төгрөг байгаа учраас энэ дүнгээр хохирлыг тооцсон. Хохирлын зөрүүтэй байгаа гэж дүгнэж байгаа боловч энэ нь яллагдчийн гэм буруугийн хэр хэмжээ, хэргийн зүйлчлэл, шүүхээс гаргах шийдвэрт нөлөөлөхүйц байдал биш тул шүүхийн хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломжтой.

Албан хаагч нэг бүрээр гаргасан хүснэгтэнд Б.Б-ын нэрийг алгассан хэдий ч Б.Б нь хэрэгт хохирогчоор'тогтоогдож мэдүүлэг өгсөн, хохирол нөхөн төлөгдсөн.

Б.А-г тайлбараар асуусан байна. Ч.Б- нь Б.Атаррагчаагийн цалингаас 64.999.84 төгрөгийг суутган авч завшсан Б.А-гийн хохирлыг төлж барагдуулсан нь нотлогдож байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх Б.А-г хохирогчоор тогтоох боломжтой байна.

Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хохирогч нарын хохирол төлөлтийг хохирол төлөгдсөн дүнгээр дурьдсан, одоо 1.070.093 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба шүүгдэгч Ч.Б- нь өөрийн сайн дураар тодорхой хохирлыг төлж барагдуулсан, хохирол нөхөн төлөх асуудал нь шүүгдэгчийн эрхийн асуудал учир үүнд хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй юм.

Яллагдагч Ч.Б- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, төлөгдөөгүй хохирогч нарын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснээр түүний эрх зүйн байдал дордоогүй байна.

Иймд Ч.Б-д холбогдох Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 74 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Ч.Б-д холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлээр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Ч.Б- нь Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сарын хооронд аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдийн цалингаас давхардсан тоогоор 1124 хүнээс 25.307.481.27 төгрөгийн суутгал хийж бусдын данс руу 46 удаагийн гүйлгээгээр 25.477.271.04 төгрөгийг шилжүүлсэн болон хохирлын тооцооны талаарх нотлох баримтууд хавтас хэрэгт авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн ...”, “гэмт хэргийг хэн үйлдсэн”, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ”-г мөрдөн байцаалтын явцад нотлохоор заасан бөгөөд хэрэгт мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд прокурорт буцаасан үндэслэлээр хэргийг дахин шалгах шаардлагагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана”  гэж  заасны  дагуу нотлох баримтыг шалгах, үнэлэх байдлаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Ч.Б-д холбогдох хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Иймд прокурор П.Э-ын  эсэргүүцлийг хүлээн авч, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 74 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 74 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.СҮХГОМБО

                             ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                                                                 Б.ДЭНСМАА