| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2022/0341/З |
| Дугаар | 221/МА2023/0223 |
| Огноо | 2023-04-06 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2023/0223
“НТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0043 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “НТ” ХХК
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч “НТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М
Хэргийн индекс: /З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0043 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “НТ” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-00000 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: ““НТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
1. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн аваагүй тухай:
Анхан шатны шүүх шийдвэртээ “... “НТ” ХХК-аас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө.. 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн мэргэжилтэнд биечлэн өгөх гэсэн боловч аваагүй буцаасан гэж тайлбарладаг ч гэрчүүдийн мэдүүлэг, энэхүү үйл баримтыг нотлох боломжтой гэж үзэж цуглуулсан нотлох баримт, үзлэгээр хуульд заасан сүүлийн өдөр өргөдлөө хариуцагч байгууллагад өгөхөөр хандсан бодит нөхцөл тогтоогдсонгүй” гэжээ.
Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хандсан боловч тус газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Н.Х компанийн хүсэлтийг байгаль орчны менежментийн төлөвлөгөө дутуу хэмээн хүлээн аваагүй. Энэ тухай урьдчилан шийдвэрлэх журмаар буюу 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А21-23 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22/001 тоот албан бичгээр гаргасан гомдолд тодорхой дурдаж, хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт хүлээн авч шийдвэрлэхийг хүсэж байсан. Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр захиргааны байгууллагад хандахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан баримтуудаас өөрт байгаа бүрдүүлэх шаардлагатай, сунгуулах өргөдөлд хавсаргасан нотлох баримтыг захиргааны байгууллагад тус өдөр болон гомдол гаргах бүрд хавсарган тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар ханддаг. Гэтэл Ашигт малтмал газрын тосны газраас бидний гаргасан гомдолд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 8/5605 дугаар албан бичгээр хариу өгөхдөө “..Коронавируст халдварын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж өргөдлийн баримт бичиг дутуу ч хуулийн хугацаандаа ирүүлсэн хугацаа сунгуулах өргөдлийг бүртгэж байгаа” гэж дурдсаныг үзвэл захиргааны байгууллагаас нийт тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт хүндэтгэн үзэх шалтгаан үүссэнийг харгалзан үзэж байсан боловч зөвхөн нэхэмжлэгчийн хуулийн хугацаандаа ирүүлсэн өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь хүн, хуулийн этгээдэд ялгавартай хандсан, эрх ашгийг хохироосон үйлдэл гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд нэхэмжлэгчийн хүсэлтээр Ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтэн Н.Х болон Б.П нарыг гэрчээр асуусан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “НТ” ХХК-ийн геологич тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар ирсэн эсэх тухай зөрүүтэй мэдүүлэг өгдөг. Иймд нэхэмжлэгчийн зүгээс мэдүүлгийн зөрүүг нягтлахын тулд геологич Г.Бын тухайн өдөр гадагшаа гарсан дуудлагын лавлагааг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хангаагүй. Тус дуудлагын бүртгэлийг хувь хүн, хуулийн этгээд авах боломжгүй, зөвхөн эрх бүхий байгууллагын шийдвэрээр гаргуулах боломжтой баримт болно. Анхан шатны ашигт малтмал газрын тосны газрын үүдний камерын бичлэгт үзлэг хийсэн боловч бичлэгийг ердөө нэг сарын хугацаатай хадгалдаг тул үзлэг хийх боломжгүй болсон, мөн тус газарт цар тахлын үеийн иргэдийн орсон, гарсан хөдөлгөөнийг бүртгэж байсан бүртгэлийг дэвтрийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тус бүртгэл нь тодорхойгүй шалтгаанаар олдоогүй байдаг. Захиргааны хэргийн шүүхийн ажиллагааны онцлог нь шүүх нотлох зарчимтай буюу шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг нягтлан үзээгүй байж нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар хуулийн хугацаанд хандсан эсэх тухай бодит нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, зөвхөн өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах шаардлага гаргасан бөгөөд энэ шаардлагын хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй үйл баримтыг тодруулахгүйгээр тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө захиргааны байгууллагад хандаагүй гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүхээс Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буюу хуулийн хугацаанд захиргааны байгууллагад хандсан байхад тус хугацаанаас өмнө хандах боломжтой, өмнө хандаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа мэт тайлбарласныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
2. Хүндэтгэн үзэх шалтгаан үүссэн тухай:
Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө аливаа хэлбэрээр өгөөгүй, өгөөгүйтэй холбоотой талууд маргадаггүй, түүнчлэн ковид-19 цар тахлын улмаас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тал өргөдөлдөө байгаль орчны менежментийн төлөвлөгөө хавсаргаж өгч чадаагүй гэх тайлбар нь бусдаас эсхүл хүндэтгэн үзэх шалтгаанаас биш гагцхүү нэхэмжлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас хамааралтай ” гэжээ. Улсын дээд шүүхийн холбогдох тайлбар, зөвлөмжид заасан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт нь нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал болон геологичийн коронавирусын халдвар авсан, тусгаарлалтын дэглэм сахисан нөхцөл байдал хамаарахаар байна. Тодруулбал “НТ” ХХК нь гүйцэтгэх захирал болон геологич гэсэн үндсэн 2 ажилтантай бөгөөд тэдгээр нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хоолой өвдөх, халуурах, хуурай ханиах зэрэг коронавирусын халдварын шинж тэмдэг илэрч, өрхийн эмчийн заавраар өөрийгөө тусгаарлаж, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу халдварын сэжигтэй шинж тэмдэг илэрсэн үеэс эдгэрч шинж тэмдэг арилах хүртэл өөрийгөө тусгаарлаж, шинж тэмдгийн дагуу гүйцэтгэх захирал нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ПГУ-ийн шинжилгээгээр эерэг, геологич нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжилгээгээр эерэг гарсан тул эрх бүхий байгууллагаас тогтоосон 14 хоногийн хугацаа дуустал буюу 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тусгаарлалтын дэглэмийг сахисан нь баримтаар нотлогддог. Энэ хугацаанд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу гүйцэтгэх захирал болон үндсэн үйл ажиллагаа хариуцсан геологич нар тусгаарлалтын дэглэм сахисан буюу компанийн бүхий л үйл ажиллагаа зогссон бөгөөд тусгаарлах 14 хоногийн хугацааг дууссан даруй буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бид Дорноговь аймгийн Д сумын Засаг даргад байгаль орчны менежментийн төлөвлөөг гаргуулах, 2021 оны 10 дугаар сарын 29- ний өдөр ашигт малтмал газрын тосны газарт хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан хугацаа олгох тухай хүсэлтүүдийг гаргаж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн удирдлага нь коронавирусын халдвар авсан, тусгаарлагдсан тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн, тусгаарлалтын хугацаа дууссан даруйд бид холбогдох баримтыг бүрдүүлж ажилласан бөгөөд энэхүү нөхцөл байдал нь эрх бүхий Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйл мөн болохыг тогтоож гэрчилгээ олгосон байхад шүүхээс гэрчилгээг хэрхэн үнэлж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас дүгнэсэн нь тодорхойгүй, дүгнэлт өгөөгүй хэр нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
1. Нэхэмжлэгч “НТ” ХХК-аас гаргасан “ашигт малтмалын хайгуулын XV-00000 дугаартай тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр буюу хуулийн хугацаанд захиргааны байгууллагад хандсан, энэ талаарх гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг анхан шатны шүүх нягтлаагүй....” гэжээ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “НТ” ХХК-ийн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Дэлгэр нэртэй газарт 2769.37 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар байна.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “тусгай зөвшөөрлийн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, ...ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг ... батлуулсан баримт”, 22.1.4-д “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж тус тус заасан.
4.1. “НТ” ХХК нь хуулийн дээрх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө, хавсаргах баримт бичгийг бүрэн хавсаргаагүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан баримтыг хавсаргаж, өргөдлийг гаргаагүй болох нь хэрэгт авагдсан “НТ” ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр, 01 дүгээр сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар хандсан баримтууд, гэрч Н.Хийн мэдүүлэг, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Монгол шууданд хийсэн баримт, 11 дүгээр сарын 04-ний өдөр баталж өгсөн гэх баримт зэргээр тогтоогдсон байна.
4.2. Нэхэмжлэгч нь цар тахлын улмаас дээрх хуульд зааснаар өргөдөлд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж хавсаргах боломжгүй байсан талаар тайлбарлах боловч уг төлөвлөгөөг шинэчилж гарган батлуулахаар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Засаг даргын Тамгын газарт 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө хүргүүлсэн баримт байхгүй, тухайн байгууллагаас биечлэн ирэхийг шаардсан, эсхүл төлөвлөгөөг хүлээн авахгүй, батлахаас татгалзах зэргээр нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар төлөвлөгөөгөө батлуулж чадаагүй буюу өргөдөлдөө хавсаргах боломжгүй байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхийн “... хуулийн энэхүү шаардлагыг биелүүлээгүй нь нэхэмжлэгчээс шалтгаалсан, ... “хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй” гэх нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
5. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “... ерөнхий геологич Г.Б нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан Covid-19-өөр халдварласан тухай “Тэгш эрүүл мэнд өрхийн эрүүл мэндийн төв”-ийн магадалгаа, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл өвчтэй байсан тул ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлал, гүйцэтгэх захирал Д.Б нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан Covid-19-өөр халдварласан тухай “Амгалан өрх эрүүл мэндийн төв”-ийн магадалгаа, 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд өвчтэй байсан тул ажлаас чөлөөлснийг магадалсан эмнэлгийн баримт, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад 10 хоног эмчлэгдсэн тухай тодорхойлолтууд зэргээр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болох нь нотлогдож байна” гэж гэрчилгээ олгосон нь хэрэгт авагдсан.
5.1. Гэвч хугацаа сунгуулах өргөдлийг компанийн захирал заавал өөрийн биеэр өгөх үүрэггүй бөгөөд нэхэмжлэгч компанийн ерөнхий геологич Г.Б нь “... 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хугацаа сунгуулах өргөдлөө өөрийн биеэр өгөхөөр очиход аваагүй” гэж тайлбар, гэрчийн мэдүүлэг өгснөөс үзвэл өвчний улмаас хугацаа сунгуулах өргөдлөө гаргах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь “манай хувьцаа эзэмшигч нь нэг этгээд болох “Элемент сток” ХХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрөл 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр яг адил хугацаа нь дуусахаар байсан. Манай геологич Г.Б хоёуланг сунгуулах гэж 09 дүгээр сарын 28-ны өдөр очсон, нэг тусгай зөвшөөрлийн өргөдлөө өгөхгүй байх боломжгүй, ... шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн” гэх боловч “НТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөр компанийн нэхэмжлэлтэй, өөр орон нутагт байрлах талбай бүхий тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах талаарх маргаантай адил шийдвэрлэх үндэслэлгүй.
7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “НТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ