Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1274

 

 

 

 

 

 

 

 

 

О.Өлзийсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/00835 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: О.Өлзийсайханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Мөнхцэцэг, У.Мөнх-Алдар нарт холбогдох

 

  Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Лхагвадорж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Жамц,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Баасанжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцыг 54 000 000 төгрөгөөр О.Намнандоржоос худалдаж авсан бөгөөд улсын бүртгэлийн 00435830 дугаар гэрчилгээгээр уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш хувийн асуудлаас шалтгаалан түр хугацаанд өөр газар амьдарч байсан ба орон сууцны түлхүүрийг ахдаа үлдээсэн байсан. Гэтэл миний орон сууцанд танихгүй хүмүүс болох У.Мөнх-Алдар, Д.Мөнхцэцэг нар хууль бусаар амьдарч байх тул орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид уг орон сууцанд хууль ёсны дагуу оршин сууж байгаа. Бид Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцыг н.Батсүх, н.Намнандорж нараас 90 000 000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд 65 000 000 төгрөгийг нь төлж барагдуулсан. Энэ асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. н.Батсүх, н.Намнандорж нартай уг орон сууцыг худалдаж авсан талаар гэрээ, хэлцэл байгуулаагүй. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Д.Мөнхцэцэг, У.Мөнх-Алдар нарын хууль бус эзэмшлээс Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Өлзийсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 407 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 20 000 төгрөгийг нөхөн гаргуулж Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 дүгээр дансанд оруулж, хариуцагч Д.Мөнхцэцэг, У.Мөнх-Алдар нараас улсын тэмдэгтийн хураамжид 427 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Өлзийсайханд олгуулахаар  шийдвэрлэжээ.

 

    Хариуцагчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоот орон сууцыг анх барьж ашиглалтад  оруулсан этгээд нь нэхэмжлэгчийн төрсөн ах О.Намнандорж бөгөөд тэрбээр уг орон сууцны зориулалттай барилгыг барих явцдаа хөрөнгө санхүүгийн дутагдлын улмаас М.Батсүхээс тодорхой хэмжээний санхүүжилт хүссэн ба эргүүлэн төлөх нөхцөлөө орон сууцаар өгөхөөр тохиролцсон. Ингээд орон сууц нь ашиглалтад бүрэн орсны дараа О.Намнандорж дээрх тохиролцооны дагуу М.Батсүхэд 2 байр өгсөн ба ийн өгөхдөө  уг 2 орон сууцны бүртгэлийн гэрчилгээг хоёуланг нь өөрийн төрсөн дүү болох нэхэмжлэгч О.Өлзийсайханы нэр дээр гаргаж, түр барьцаанд тавьсан байгаа, та байранд хүн оруулж бай, удахгүй гэрчилгээг нь суллаад өгнө гэсний дагуу маргааны зүйл болох орон сууцыг У.Мөнх-Алдарт худалдахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 65 000 000 төгрөг авсан. О.Намнандорж нь уг мөнгөнөөс 3 000 000 төгрөгийг нь гэрчилгээ гаргуулахад хэрэглэнэ гэж авсан байдаг. Ингэсний дараа гэрчилгээг хурдан гаргаж өгөхийг хүлээн 5-6 сарын хугацаа алдаад бүр асуудал хүндэрсэн тул М.Батсүх нь цагдаагийн байгуулагад хандаж гомдол гаргаснаар О.Намнандоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсч, шалгагдаж байгаа. Жишээлбэл, Хариуцагч У.Мөнх-Алдарын мэдүүлэг болон уг мэдүүлгийг нотлох 65 000 000 төгрөгийг М.Батсүх рүү ХААН банкаар шилжүүлсэн баримт, хохирогч М.Батсүхийн эрүүгийн хэрэгт өгсөн "О.Намнандоржид хөрөнгө оруулалт хийсэн тухай болон орон сууц төлбөрт тооцон авсан тухай, уг орон сууцаа У.Мөнх-Алдарт худалдаж түүнээс мөнгө шилжүүлэн авсан" тухай удаа дараагийн мэдүүлгүүд, мөн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдах явцдаа О.Намнандоржийн өөрийн гараар бичиж хэрэгт хохирлын тооцоог орон сууцаар хэрхэн барагдуулж буй талаараа гаргаж өгсөн гар бичмэл баримт зэргээр энэхүү маргаан бүхий орон сууцтай холбоотой эрүүгийн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж буй болох нь нотлогдоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д "уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" үндэслэл нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болж байгаа ба мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт уг үндэслэл нь шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хуульд заасан дээрх үндэслэл тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эсхүл түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус анхан шатны шүүхэд гаргасан боловч хүсэлтүүдийг хэрэгсэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Гэтэл өмгөөлөгч миний дээр дурдсан нотлох баримтуудаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг нь нэхэмжлэгч О.Өлзийсайханы нэхэмжлэлийн шаардлага болох Хан-Уул дүүргийн 15 хороо, Үйлдвэр туул гол гудамж. 93 байр, 2 давхрын 5 тоот орон сууцтай холбоотой болох нь бүрэн тогтоогдож байгаа бөгөөд дээрх эрүүгийн хэрэгт хариуцагч У.Мөнх-Алдар нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, өөрийн хуулийн дагуу үнийг нь төлж худалдаж авсан, түүнээсээ хойш өдийг хүртэл оршин сууж амьдарч байгаа орон сууцаа нэхэмжилсэн байдал нь эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуусахаас өмнө энэхүү иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй байдлыг нотлох нотолгоо мөн юм. Ийм байхад уг хүсэлтийн үндэслэлийг нотлох баримтуудад тулгуурлан анхаарч авч үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Үүнээс гадна шүүхэд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргах этгээд нь өөрөө уг эд хөрөнгийнхөө хууль ёсны өмчлөгч болохыг хуульд заасны дагуу нотлох үүрэгтэй. Гэтэл шүүхэд гаргасан маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн байгууллагад нэхэмжлэгчийн гаргасан төрсөн ах, дүү нарын хооронд хийгдсэн гэрээ нь 2015 оны 08 сарын 28-ны огноотой боловч нотариатч 27-ны өдрөөр гэрээг баталсан байна. Шүүхэд өмгөөлөгч миний бие хүсэлт гаргасны дагуу Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтууд дахь дээрх гэрээнд яг энэ нотариатчийн гарын үсэг зурж, огноо тавьсан сүүлчийн хуудас авагдаагүй ирсэн зөрчил байгааг анхан шатны шүүхэд анхаарч үзэхийг хүссэн боловч анхаарч үзээгүй болно. Энэ байдалд дүгнэлт хийвэл нэхэмжлэгч О.Өлзийсайхан нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн эсэхэд эргэлзэх байдал бий болж байна. О.Өлзийсайхан нь хууль ёсны өмчлөгч мөн юм бол уг орон сууцны төлбөрөө хуулийн дагуу худалдагч тал болох өөрийн төрсөн ахдаа бүрэн төлсөн байх шаардлагатай. Энэ баримт ч хэрэгт авагдаагүй бөгөөд өөрийн ахтайгаа нийлж бусдыг залилан мэхэлж байгааг үгүйсгэхгүй, энэ нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хэрэг шалгалтын дүнд илрэх байхад түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь гомдол гаргах үндэслэл болж байна. Иймд өмгөөлөгч миний гаргаж буй давж заалдах гомдлын үндэслэлүүдийг анхааран үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч О.Өлзийсайхан нь хариуцагч Д.Мөнхцэцэг, У.Мөнх-Алдар нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо,  Үйлдвэр туул гол гудамж, 93 дугаар байр, 5 тоотод байрлах 54.39 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч О.Өлзийсайхан бүртгэгдсэн байна. /хх-ийн 4 дүгээр тал/ Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “… маргааны зүйл  болох орон сууцыг  нэхэмжлэгч О.Өлзийсайханы төрсөн ах О.Намнандоржоос 90 000 000 төгрөгөөр худалдан авсан, биднийг О.Намнандорж нь залилсан талаархи эрүүгийн хэрэг хянагдаж байгаа” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч О.Өлзийсайхан нь хэдийгээр орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн, бусдын хууль бус эзэмшлээс өмчлөлийн зүйлээ чөлөөлүүлэх эрхтэй боловч орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэх хариуцагч нар бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авах болсон үндэслэлийг тодруулах шаардлагатай.

 

Өөрөөр хэлбэл, О.Намнандоржид холбогдох эрүүгийн хэрэгт хариуцагч У.Мөнх-Алдар нь иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа болох нь түүнийг байцаасан Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байхад анхан шатны шүүх хариуцагч нар нь эрүүгийн хэрэгт хохирогчоор оролцоогүй тул уг хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй гэж үндэслэлгүйгээр дүгнэж, хэргийн оролцогчоос гаргасан үндэслэл бүхий хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. /хх-ийн 71-72 дугаар тал/ Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Өлзийсайханы нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.8-д нийцэхгүй.

 

Талуудын хооронд үүссэн харилцаанд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал байгаа эсэх нь хэргийн оролцогчийн нотлох  асуудал, маргааны зүйлийг тодорхойлоход ач холбогдолтой. Энэ талаар  хэргийн оролцогч хүсэлт гаргасан байтал шүүх хамаарахгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

 

            Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь заалтад заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2017/00835 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч У.Мөнх-Алдараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 950 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ                                     

                                                          ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ                                                                                                          

                                                                                                          Г.ДАВААДОРЖ