Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00146

 

 “А Ф”ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01574 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1975 дугаар магадлалтай,

“А Ф”ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй

Н.Ат холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 18 480 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Н.Аийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжин, хариуцагч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А Ф”ББСБ ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Н.Аийн хүсэлтийг үндэслэн, түүнтэй ЗГ/17/07 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 14 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 30 хоногийн 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлдүүлэгчээс үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор А.Сугармаа, А.Доржцэнгэл нарын өмчлөлийн 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж БГ/17/07 тоот барьцааны гэрээ байгуулсан. Н.А нь зээлийн эргэн төлөлтийн графикт хуваарийг зөрчиж, зээл авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн буцаан төлүүлэхээр шаардаж байна. Иймд үндсэн зээл 14 000 000 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 4 480 000 төгрөг, нийт 18 480 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Түүнчлэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох А.Сугармаа, А.Доржцэнгэл нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 2 дугаар байрны 69 тоотод байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01574 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн1, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Аээс бүгд 18 480 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А Ф”ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.А энэхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаар бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, 11-р хороолол, 2-р байр, 69 тоот, 40 м.кв, гурван өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А Ф”ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354 962 төгрөгөөс 320 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас илүү төлсөн 34 412 төгрөгийг буцаан гаргуулан, хариуцагч Н.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 320 550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “А Ф”ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1975 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01574 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 83 750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.А хяналтын гомдолдоо: 1975 дугаар шийдвэрт гомдол гаргаж байна. 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр “А Ф”ББСБ ХХК-аас 8 000 000 төгрөг зээлсэн . Голомт банкны 2715006022 дугаар дансанд 2015.09.28-нд 320 000, 2015.10.07-нд 320 000, 2015.12.23-нд 640 000, 2016.02.03-нд 100 000, 2016.05.12-нд 1 200 000, 2016.09.26-нд 393 000, 2017.03.29-нд 1 000 000, 2017.03.09-нд 323 000, 2017.10.25-нд 300 000 төгрөг, нийт 4 596 000 төгрөг тушаасан байна. Тус байгууллага зээлийн хүүг хугацаандаа төлж чадахгүй байгаа шалтгаанаар хуримтлагдсан хүүгийн өрийн дүнгээр 2 удаа зээлийн гэрээний үнийн дүнг өөрчилж байна хэмээн гарын үсэг зуруулсан. Түүний хамгийн сүүлийнх болох 2017.12.06 өдрийн 3Г/17/07тоот гэрээгээр нэхэмжлэл ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байгаа болно. ЗГ/17/07 тоот гэрээгээр 14 000 000 төгрөг хүлээн аваагүй. Энэ дүн 2015.08.14-ний өдрийн ЗГ/15/05 тоот зээлийн гэрээний хүүг зээл гаргасан хэмээн хуурамчаар бичиг баримт бүрдүүлж хүүгийн хүүг давхар, давхар тооцон нэхэмжилсэн байна. ...Анхан шатны шүүхэд өмгөөлөгч авч оролцоно гэж тооцож байсан боловч аргагүй ажлын шаардлагаар оролцож чадаагүй бөгөөд үүнийгээ мэдэгдсэн боловч намайг эзгүйд хурлын шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн хурал дээр нэхэмжлэгчийн төлөөлөгч өмгөөлөгч нар “энэ хүнтэй анхны гэрээ хийсэн нь энэ, өмнө нь харьцаж байгаагүй” хэмээн шүүгчийн асуултанд худал хэлсэн. Мөн давж заалдах шатны шүүх хуралд “нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “энэ хүнтэй ямар нэгэн харьцаа байгаагүй, анх байгуулсан гэрээ нь энэ” хэмээн хэнэг ч үгүй гүтгэн худал хариулт өгч байхыг харж, сонсоод харамсах сэтгэл төрлөө. ... “А Ф”ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 18 480 000 төгрөгөөс 4 300 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Тэмдэгтийн хураамжид илүү нэхэмжлэгдэж байгаа 70 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

“А Ф”ББСБ ХХК нь Н.Аээс зээлийн гэрээний үүрэгт 18 480 000 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 16 710 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж, 18 480 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ ихэсгэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасныг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах боломжтой байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1-т нийцээгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэлийн үндэслэл болох 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээг зохигч талууд бичгээр байгуулсан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор бусдын өмчлөлийн Ү-0000000000 дугаарын улсын бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 2-р байрны 69 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагад нийцсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

“А Ф”ББСБ нь гэрээний дагуу 14 000 000 төгрөгийг, 30 хоногийн 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлж, үүргээ биелүүлжээ. Гэрээний хугацаа 2018 оны 12 дугаар сарын 06-нд дуусахаар байна.

Н.А нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, 2018 оны 05 сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцаа, гэрээг цуцлах үндэслэл, журам, барьцааны зүйлээс үүргийг хангуулах талаар хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Харин “А Ф”ББСБ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “зээлдэгч үүргээ зөрчснөөс зээлийн гэрээг цуцалсан” гэж тодорхойлсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүрэг буюу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлж, нэхэмжлэлээ ихэсгэсэн нь үндэслэл муутай байжээ. Гэрээг цуцалж байгаа бол цуцалснаас хойш гэрээний үүргийг шаардах эрх байхгүй байна.

Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас 16 710 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1975 дугаар магадлал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01574 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...бүгд 18 480 000 /арван найман сая дөрвөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А Ф”ББСБ ХХК-д олгосугай...” гэснийг “16 710 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А Ф”ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 770 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, шийдвэрийн 3 дах заалтад “хариуцагч  Н.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 320 550 төгрөгийг...” гэснийг “хариуцагч Н.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 241 500 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УНДРАХ

  ШҮҮГЧ                                                      П.ЗОЛЗАЯА