Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/189

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, Ерөнхий шүүгч Л.Батжаргал, шүүгч Г.Намуунтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Иргэдийн төлөөлөгч

Улсын яллагч Х.Насанжаргал

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогч М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох /онлайн/

Шүүгдэгч Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт Ч-т холбогдох эрүүгийн 2121000000124 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, ................. тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...... овогт Ч /РД: .............../.

Шүүгдэгч Ч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 27-ны 23 цагийн орчим Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, “Дуун-Өргөө” караокед иргэн М-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл болох хутгаар цээжин тус газар нь хутгалж, М-гийн биед цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт, хуйханд духны зүүн тал, зүүн зулай хамарсан няцарсан шарх, 2 дал орчмын хатгагдаж зүсэгдсэн шарх, бүсэлхий хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, аймхай зүсэгдсэн шарх, баруун мөр, баруун тохой, баруун бугалганы зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн орой архи ууж, согтсоноосоо болоод хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Надад хохирогч М-д өс санасан зүйл байхгүй. Би хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, гарсан зардлыг боломжоороо төлсөн” гэв.

Хохирогч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан шүүгдэгчээс 6,000,000 төгрөг нэмж авахаар болсон боловч Ч өгөөгүй. Энэ хүний үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирсон. 6,000,000 төгрөг өгөөгүй учраас гомдолтой байна” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ч нь хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон тул түүнд зохих ёсны шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Хохирогч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 02 дугаар сарын 26-ны орой 19 цаг өнгөрч байхад найз ******* хамт сумын төвд байх “Дуун-Өргөө” нэртэй караокед орж хүний 3 шил Нийслэл пиво авч дуулж сууцгаасан. Тэгээд ууж байсан пиво дуусаад дахиад 3 пиво авч уусан. Зааланд нь бүжиглэж байхад манай сумын Ч найзуудын хамт сууж байгаа харагдсан. Тэгж байхад Ч-ийн нэг найз нь согтоод Ч хүргэж өгөх гэж байсан юм шиг байна лээ. Хажуугаар нь би гарахдаа Ч-той маргалдаад тэндээ зодолдсон. Тухайн үед согтсон байсан учраас яг юунаас болж зодолдсоноо сайн мэдэхгүй байна. Тэгсэн чинь баарны хүн бид нарыг хөөгөөд гаргасан бөгөөд буцаад орж байснаа мэдэж байгаа бөгөөд дотор юу болсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан сэргэхэд эмнэлэг рүү оруулж байсан. Намайг буцаж ороод Ч-той муудалцаад Ч намайг хутгалсан гэдгийг эмнэлэг дээр ирээд мэдсэн. ...Би эмчилгээний зардалд Ч-оос 2 сая төгрөг авсан бөгөөд Ч нь эмчилгээг сайн хийлгүүлж өгсөн. Цаашид Ч-т гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 17-19, 20-21/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би кабинаас гараад зааланд М-тай уулзаад миний дүү чи их согтсон байна гэртээ харьж амар гээд ярьж байхад Ч баарны хаалгаар орж ирснээ М-г шууд барьж аваад тэр хоёр хоорондоо зодолдсон. Араас нь Ч-ийн ах ******* нь ороод ирсэн. Бид хоёр салгахад Ч-ийн гарт хутга байсан. Тэгэхээр нь би хутгатай гараас нь бариад чи одоо хүн алах нь уу гээд сандал дээр суулгасан...” гэжээ. /хх-ийн 26-29/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...23 цагийн үед караоке хаах үеэр М Ч нар хоорондоо маргалдаад байсан. Тэр хоёр яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Гадаа гарахаар нь гарч харахад хоорондоо хоёр биенийхээ энгэрээс зууралдаад байсан. Тэгээд М нь Ч-ийн хамар руу цохисон чинь Ч-ийн хамарнаас цус гарсан. Хоорондоо зодолдсон. Би ганцаараа салгаж чадахгүй байсан. Удалгүй Чийн ах ******* ирээд тэр хоёрыг салгаад дүүгээ аваад явсан. Тэгэхээр нь би караокедоо орсон. Харин М миний араас орж бааранд кабинд сууж байсан хүмүүс рүү орохоор нь араас нь ороод чи одоо гэртээ харь гээд аваад гарсан. Харин тэр зааланд зогсчихоод явж өгөхгүй байгаад байсан. Кабинд сууж байсан ******* гэх залуу гарч ирээд миний дүү гэртээ харь гээд текний хажууд яриад сууж байсан. Өөр ширээн дээр 5-6 эмэгтэй хүмүүс сууж байсан. Тэр хэдийг гарахаар нь хаах гээд байж байхад Ч гаднаас орж ирсэн. ...Ч орж ирээд М-г чи муу намайг цохидог хэн бэ гээд цохиж байсан, би цохиод байна гэж харсан. Харин нэг нь наадах чинь хутгалчихлаа гэж бахирсан. Тэгээд *******, ******* хоёр салгасан. Удалгүй цагдаа орж ирсэн. Ч зөрөөд гараад явсан. М дээшээ хараад унаад өгсөн...” гэжээ. /хх-ийн 30-33/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие өөрийн найз болох , нарын хамтаар тухайн караоке, баараар үйлчлүүлж байсан. Караоке хаах болсон тул бид тооцоо хийгээд гарч байхад баарны гарах үүдэнд гаднаас Ч биднийг мөргөчих шахаад орж ирсэн. Тэгээд би эргээд харсан чинь караоке, баарны цаад талын өрөөнөөс манай сумын М гарч ирсэн байсан. Яг тэр үед Ч М-д хандаж чи намайг цохидог хэн бэ гээд шууд ханцуйнаасаа хутга гаргаж ирээд түүний нуруу орчим хутгалчихсан. Энэ асуудал маш хурдан болсон. Тэгээд М газар унасан тул би эмнэлгийн тусламж үзүүлэхээр түүн рүү очсон. Миний мэдэхээр цээж, нуруу орчмоос нь цус гараад байсан...” гэжээ. /хх-ийн 38-41/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 141 тоот дүгнэлтэд:

1. М-гийн биед цээжний урд зүүн хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт, хуйханд духны зүүн тал, зүүн зулай хамарсан няцарсан шарх, 2 дал орчмын хатгагдаж зүсэгдсэн шарх, бүсэлхий хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, аймхай зүсэгдсэн шарх, баруун мөр, баруун тохой, баруун бугалганы зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи хуйханд духны зүүн тал, зүүн зулай хамарсан няцарсан шарх, баруун мөр, баруун тохой, баруун бугалганы зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр 2021.02.26-ны өдөр үүссэн байх боломжтой.

3. Цээжний урд зүүн хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, бусад хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь тус бүртээ, хуйханд духны зүүн тал, зүүн зулай хамарсан няцарсан шарх нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун мөр, баруун тохой, баруун бугалганы зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 67-69/

 

Ч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн үед их ууртай байсан болохоор хаанаас хутга аваад яагаад М-г хутгалснаа мэдэхгүй байсан бөгөөд гэнэт л хажуунаас хүмүүс чи М-г хутгалчихлаа гээд тал талаас хэлээд гаднаас манай ах орж ирээд намайг аваад гадагшаа гарахад араас гарч ирээд намайг ална, хутгална гээд бахираад ахын гэр рүү ортол араас бахираад яваад байсан. Надад М-тай муудалцах ямар нэгэн шалтгаан байхгүй. Тухайн үед архи ууснаас болж М-тай муудалцсан. Өмнө нь ямар нэгэн байдлаар хэрэлдэж муудалцаж байгаагүй. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн үед их согтуу байснаас ийм асуудал боллоо. Дахиж ийм асуудал гаргахгүй...” гэжээ. /хх-ийн 75-77/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12/

Мөрдөгчийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-ийн 13/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15/

Гэрч Б.******* мэдүүлэг /хх-ийн 42-45/

Гэрч А.*******ын мэдүүлэг /хх-ийн 46-49/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 60-63/

Ч-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-25/

Яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 65-66/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/

сумын Ташгай багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 79/

Ч-ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 80/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч Чоос шинээр гаргаж өгсөн хохирогч Мд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,150,000 төгрөг төлсөн талаарх ХААН банкны депозит дансны хуулга, сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Ч, нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, , , , нарын төрсний гэрчилгээний хуулбар /нийт 12 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хар өнгийн хуванцар бариултай, бариул хэсэгтээ 3 ширхэг хадаасны цагаан өнгийн тавтай, ажлын хэсэг дээр TESCOM гэсэн бичиглэл бүхий нэг ширхэг хутгыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ч-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ..... овогт Ч нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг, “Дуун-Өргөө” караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хутгаар цээжин тус газарт нь хутгалж, түүний биед цээжний хөндий рүү нэвтэрч хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт, хуйханд духны зүүн тал, зүүн зулай хамарсан няцарсан шарх, хоёр дал орчмын хатгагдаж зүсэгдсэн шарх, бүсэлхий хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, аймхайн зүсэгдсэн шарх, баруун мөр, баруун тохой, баруун бугалганы зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч Ч-ийн “...тухайн үед их ууртай байсан болохоор хаанаас хутга авч яагаад М-г хутгалснаа мэдэхгүй байсан. Гэнэт л хүмүүс хажуунаас чи М-г хутгалчихлаа гээд тал талаас хэлээд байсан ба гаднаас ах орж ирээд намайг аваад гарсан. Надад М-тай муудалцах ямар нэгэн шалтгаан байхгүй. Тухайн үед архи ууснаас болж Мтай муудалцсан...” гэх, хохирогч М-гийн “...тухайн үед хэн хэн нь согтуу байсан учраас хоорондоо муудалцаж Ч намайг хутгалах болсон байх...” гэх мэдүүлэг, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой гэрч *******, *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 141 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, яаралтай тусламжийн хуудас, эмчийн үзлэгийн тодорхойлолт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч нь хутга хэрэглэн хохирогч М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 141 тоот “М-гийн биед цээжний урд зүүн хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт, хуйханд духны зүүн тал, зүүн зулай хамарсан няцарсан шарх, хоёр дал орчмын хатгагдаж зүсэгдсэн шарх, бүсэлхий хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх, аймхай зүсэгдсэн шарх, баруун мөр, баруун тохой, баруун бугалганы зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. ... хурц ир, үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр 2021.02.26-ны өдөр үүссэн байх боломжтой. ...Цээжний урд зүүн хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээр дурдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн “шүүгдэгчийг гэм буруутай” гэх дүгнэлт нь үндэслэлтэй юм.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Ч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.  

Шүүгдэгч Ч-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн Ч-ийн “... шалан дээр хэвтэж байхаар нь би хажуу талынх нь ширээнд сууж байсан , М нарыг хүргээд өгчих гэхэд М миний өөдөөс би согтуу хүн хүргэж өгдөг хүн биш гээд надтай муудаад бид хоёр барьцалдаад авахад тэр миний нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн. Тэгтэл баар ажиллуулдаг ******* бид хоёрыг салгасан...” гэх /хх-ийн 25/, гэрч *******ын “... бид хоёр кабинд ороод юм яриад сууж байхад М бидний сууж байсан кабинд орж ирээд манай найз г чи намайг зодсон ална гэхэд караоке баар ажиллуулдаг ******* ирээд хүмүүс зүгээр суулга, гар яв, гэртээ харь чи гээд аваад гарсан...” гэх /хх-ийн 27/, гэрч *******ын “...М тухайн бааранд хүн дуулуулахгүй, хажууд ирээд орилоод л маш согтуу байсан...” гэх /хх-ийн 41/ мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Мөн түүнчлэн хохирол төлбөр зарцуулсан талаар баримтгүй байхад шүүгдэгч Ч нь хохирогч М-д 4,150,000 төгрөг төлснөөс гадна анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ам бүл 6, эхнэр болон 4-11 насны 4 хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийг хүлээн авах боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Хохирогч М нь “Ч надад нэмж 6,000,000 төгрөг өгнө гээд өгөөгүй учраас түүнд гомдолтой” гэж санал хүсэлтээ илэрхийлж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэх зохицуулалт юм.   

Иймд шүүгдэгч Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч Ч-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 03 дугаар сарын 11, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Ч-т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Ч миний эмчилгээг сайн хийлгүүлж өгсөн...“ гэж тус тус мэдүүлж байжээ. Гэвч шүүх хуралдаанд хохирогч М нь “Чоос 4,150,000 төгрөг авсан нь үнэн. Энэ мөнгийг миний эмчилгээний зардалд аав ээж маань зарцуулсан бөгөөд тэр талаарх баримт надад байхгүй. Миний бие цаашид эмчилгээ хийлгэх бөгөөд эмчилгээний зардалд нэмж 6,000,000 төгрөг авахаар болсон боловч Ч өгөөгүй. Энэ хүний үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирсон. 6,000,000 төгрөг өгөөгүй учраас гомдолтой байна. Иймд Ч-оос 6,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэж иргэний нэхэмжлэлийнхээ талаар тайлбарлаж, шүүгдэгч Ч нь “Би хохирогчийн эмчилгээтэй холбоотой гарсан бүх зардлыг төлөхөө илэрхийлсэн. Эмнэлгээс гарсны дараа дахин эмчилгээ хийлгэх талаар ярьсан. Одоогоор би эрхэлсэн тодорхой ажилгүй. Олсон мөнгөө хохирогчид цувуулж өгсөөр байгаа. Хохирогчид дансаар шилжүүлсэн мөнгө нь 4,150,000 төгрөг болсон. Надаас сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн. Би 10,000,000 төгрөг өгөх боломжгүйг тайлбарлаж 6,000,000 төгрөг өгөхөөр болсон” гэж мэтгэлцэж байх бөгөөд хохирогч М нь шүүгдэгч Ч-ийн төлсөн 4,150,000 төгрөгөөр ямар эмчилгээ хийлгэж юунд зарцуулсан болон цаашид ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгөөгүй, шүүхэд ирүүлээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж зааснаар хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлаад шүүгдэгч Ч хохирогч М-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,150,000 төгрөг төлсөн, одоогоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоож, хохирогч М нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Чоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар бариултай, бариул хэсэгт 3 ширхэг хадаасны цагаан өнгийн тавтай, ажлын хэсэг дээр TESCOM гэсэн бичиглэл бүхий нэг ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ..... овогт Ч-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Ч-т 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч-т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар бариултай, бариул хэсэгт 3 ширхэг хадаасны цагаан өнгийн тавтай, ажлын хэсэг дээр TESCOM гэсэн бичиглэл бүхий нэг ширхэг хутгыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ч нь цагдан хоригдоогүй, хохирогч М-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,150,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч М нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Чоос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА

                         ШҮҮГЧИД                            Л.БАТЖАРГАЛ

                                                                            Г.НАМУУНТУЯА