Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0094/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                          Ж.Б

Хохирогч                                                            Д.Б 

Шүүгдэгч                                                             Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Г.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баас  Эрүүгийн хуулийн 11.3 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Гын Бт холбогдох 2139000000099 дугаартай хэргийг 2021 оны 04 сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн,  44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт,  Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар баг, Улаан-Өндөр 11-4 тоотод оршин суух /Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 15-09 тоотод түр оршин суух/ улсаас авсан гавьяа шагналгүй,  1995 оны 05 дугаар сарын 03-ны 127 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 5 жилийн хугацаагаар тэнссэн,  Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 06 сарын 16-ны өдрийн 230 дугаар таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 07 дугаар сарын 26-нд өршөөн суллагдсан,  Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 05 сарын 30-ны өдрийн 112 дугаар таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,  Х овгийн Гын Б /рд:СЕ76101218/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Г.Б нь 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 18-12 тоотод байх иргэн Аын гэрт Д.Быг хаалганы босгонд бүдэрч унаж байхад нь хутгатай гараараа түшсэний улмаас түүний цээжний зүүн талд хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч Г.Б нь “хохирогчийг согтуу гэрийн босгонд бүдрэх үед нь мах хэрчиж байгаад хутгатай гараараа түшиж авах үедээ хутгалсан байсан, шархыг нь архиар цэвэрлэх санаатай гэрээс гарч яваад тэгээд гэртээ очоод унтсан байсан, хүн хутгалсан мэс гэрт байлгадаггүй болохоор хутгыг гаргаж хаясан” гэжээ.

Хохирогч Д.Б нь “тухайн үед би согтуу байсан болохоор босгонд бүдрэх үед Б мах хэрчиж байгаад хутгатай гараараа тосож авах гэж байгаад хутгалсан, маргалдаж муудалцаагүй, эмчилгээний зардалд 1.478.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэжээ.

 

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Д.Бы өгсөн:...2021  оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл их бага хэмжээгээр тасралтгүй 7 хоног согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн. 2021 оны 2 сарын 20-21-ний өдрүүдэд Хийдийн 18-12 тоотод найз Аынд хонож, архи уусан. 02 дугаар сарын 22-ны өдөр найз Бтой утсаар холбогдож дотор засах 1 шил архи авч өг гэж хэлсэн. Б удалгүй 0.75 граммын Хараа нэртэй архи авч ирээд А  бид 3 хувааж уусан. А архинаас уугаад согтоод гэрийнхээ баруун орон дээр унтсан. Б болон миний бие их согтуу байсан. Би гэрээс гарч бие засаад орж ирэхдээ гэрийн хаалга босгонд бүдрэхэд Б намайг түшиж авсан юм. Тэр үед миний зүүн талын суга орчмоос цус гарсан Б миний цамцыг урж цусан дээр дарж, цусыг тогтоогоод гараад явсан. Түүний дараа би Аыг дуудаж  сэрээгээд түргэн дуудуулсан. Тэгээд эмч үзээд эмнэлэг дээр авч ирсэн. Бид огт маргалдаж, муудалцаагүй. А, Б бид 3-аас  өөр хүн байгаагүй. А гэрийнхээ баруун талын орон дээр унтаж байсан. Б гэрийн зүүн урд талд ширээн дээр хөлдүү мах зороод сууж байсан...Бид огт муудаж, маргалдаагүй. Энэ үйл явдал нь санамсаргүй болсон явдал байгаа юм. Надад гомдол санал байхгүй. Эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, эм тарианы үнэ болон шарх цэвэрлэхээр гаднаас авч байгаа цацлага  зэргийг нэхэмжилнэ. Ер нь бол эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

 

Гэрч Д.Аийн өгсөн:...Биеийн байдал хүнд байна. Шархыг цэвэрлэж, нэмэлт зүсэлт хийж угаасан. Д.Бы цээжний зүүн талд суганаас доошоо 2 сантиметр орчим гүн 15 миллиметр орчим хөхний доогуур хавж хатгасан байна. Шарх бохирлогдсон. Цээжний хөндийд нэвтэрсэн байж болзошгүй байна. Цаашид шинжилгээ хийх шаардлагатай арга хэмжээг авна...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/

Гэрч С.Аын өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 18-12 тоотод ганцаараа амьдардаг юм. Би сүүлийн  6 хоног их, бага хэмжээгээр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Д.Б 2021 оны 02 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд манайд хоносон юм. 2021 оны 02 дугаар сарын  22-ны өдөр найзууд болох Д.Б, Г.Б нарын хамт өөрийн гэртээ 0.75 граммын савлагаатай “Хараа” нэртэй архи уугаад жоохон согтоод байхаар нь гэрийнхээ баруун талд байх орон  дээрээ унтаад өгсөн юм. Нэг мэдэхэд Д.Б ёоё гээд байж байхад нь сэрсэн. Тэгээд босоод харахад Д.Бы зүүн талын суга орчмоос бага зэрэг цус гарч байхыг хараад гэрт байсан "бүрцлин" /шарх цэвэрлэх үйлчилгээтэй цацдаг шингэн/-ийг 2 удаа цацсан. Тэгээд цус нь тогтохоор нь эмнэлэгт мэдэгдсэн...Бид огт маргалдаж муудалцаагүй...Намайг сэрэхэд гэрт Д.Баас өөр хүн байгаагүй ба зүүн талын суга орчмоос бага зэрэг цус гарч  байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Г.Б намайг ийм болгочихлоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/

Гэрч Д.Оийн өгсөн:.. Бид гэр бүл болоод 16 жил болж байна. Гэр бүлийн батлахтай, дундаасаа хүүхэдтэй болоогүй юм. Миний нөхөр Б нь бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуур мөн сантехникийн ажил хийдэг. Хүмүүс миний нөхрийг гагнуур маш сайн хийдэг гэж ам дамжин ярилцдаг.  Б байнга уугаад ажлаа алдаад байдаггүй,  хааяа найз нөхдүүдтэйгээ нийлж уудаг нь үнэн. Нэг уухаараа 2-3 хоног уучих гээд байдаг юм. Архи уусан үедээ түргэн ууртай. тэгээд амархан уур нь гарчихдаг зантай. Архи ууж, тамхи татахаас өөр ямар нэгэн гаж муу зуршилгүй. Архи уухаараа амархан унтаад өгдөг юм. Уг нь хүнтэй муудалцаж гар зөрүүлээд байдаггүй, томоотой тохитой хүн байгаа юм. Гэр бүлдээ анхаарал халамж маш сайн тавьдаг, намайг орой ажлаас тарах үед ирж авдаг, ажилтай байх үед маань хоол, цай хийгээд аваад ирдэг мөн гэрийнхээ ажлыг ихэвчлэн хийдэг. Хувиараа ажил хийгээд татах тамхины мөнгө болон гэрийнхээ хүнсийг бэлдчихдэг юм...гэх мэдүүлэг  /хх-ийн 23 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн  122 дугаартай  дүгнэлт

1. Д.Бы  биед цээжний зүүн талд шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2.3.  Дээрх  гэмтэл нь  хурц, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д заагдсанаар амь насанд  аюултай тул  гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт   /хх-ийн 32-34 хуу/

Яллагдагч Г.Бийн өгсөн:.. 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 12 цагийн орчимд манай найз Б утсаар яриад бид уулзаж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг  “Зол жигүүр” дэлгүүрээс 0.75 граммын савлагаатай Хараа нэртэй архи аваад хийдийн 12-18 тоот буюу найз Аын гэрт очиж  бид 3 хувааж уусан юм. Түүний дараа А согтоод гэрийнхээ баруун талын орон дээр унтсан. А, Б нар олон хоног архи уусан байсан тул амархан согтсон. Би өлсөөд байсан болохоор мах гаргаад хөлдүү мах зорж байхад Б гарч бие засаад орж ирэхдээ хаалганы босгонд бүдрэхэд нь би хутгатай гараараа түшиж авах гэж байгаад зүүн талын суга орчимд нь хутганы үзүүр хүргэчихсэн юм. Энэ үйл явдал нь санамсар болгоомжгүй болсон. Тухайн үед Аыг дуудсан  боловч сэрэхгүй унтаад байхаар нь би Бы дотуурх цамцыг нь ураад цусыг дарж тогтоогоод шархыг нь архиар цэвэрлэх гээд  эхнэрийн ажил руу буюу “Хан Хэрлэн” дэлгүүрт очиход эхнэр архи өгөхгүй болохоор нь гэртээ харьж унтсан. Би Аын гэрээс  гарахдаа хутгыг хашааны ард тал руу чулуудсан. Яагаад гэвэл хүний биед хүрсэн мэсийг гэрт байлгадаггүй болохоор хутгыг гаргаж шидсэн юм. Гэртээ харьж унтаж байгаад 20 цагийн орчимд эргээд эхнэрийн ажил дээр очиход цагдаа нар ирээд намайг цагдаагийн газар авч ирсэн...Би Бы биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна аа. Быг би хутгалъя гэж хутгалаагүй, бид маргаж муудалцаагүй,  бүдрэхэд нь түшиж авах гэж байгаад санамсаргүй зүүн талын суга орчимд нь хутганы үзүүр хүргэчихсэн юм. Би Бы эмчилгээний төлбөрийг нэн яаралтай өгнө.  Эмнэлгийн нэхэмжлэх хуудсыг авсан байгаа...гэх мэдүүлэг  /хх- 51-52 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 3-7 хуу/

 Г.Боос  27 см урттай хутгыг  хураан авах тухай прокурорын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаартай зөвшөөрөл /хх-ийн 11 хуу/

Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 хуу/

Г.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 хуу/

Д.Бы  өвчний түүхийн хуулбар /хх-ийн 89-102 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 107-108 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.  

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Г.Б нь  2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр  16 цагийн үед согтуурсан үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 18-12 тоотод байх иргэн С.Аын гэрт хохирогч Д.Бы цээжинд болгоомжгүй үйлдлийн улмаас хутгалж, цээжний хөндий рүү нэвтэрч цээжний хөндийд хий, шингэн хуралдалт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Г.Б нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө болгоомжгүй үйлдлийн улмаас буюу хохирогч Д.Быг согтуугаар бүдрэх үед нь мах хэрчиж байсан хутгатай гараараа түшсэний улмаас цээжинд нь хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон уг ажиллагааны үеэр бэхжүүлж авсан гэрэл зургуудаас харахад шүүгдэгчийг тухайн үед мах хэрчиж байсан гэж үзэх ул мөр, эд мөрийн баримт  тогтоогдоогүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Гэвч хохирогч болон шүүгдэгч нарын өгсөн “хохирогчийг бүдэрч унах үед нь мах хэрчиж байсан хутгатай гараараа түшсэний улмаас хутгалсан” гэх мэдүүлгийг үгүйсгэх, няцаах нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх бөгөөд гэрч С.А нь “хохирогчийг хутгалагдах үед унтаж байсан” гэж мэдүүлэг өгчээ.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Д.Быг хутгалсны улмаас хохирогчийн биед үүссэн цээжний зүүн талд шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт гэмтэл амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.   

Иймд хохирогч болон шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүгдэгч Г.Бийг болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч нь эмчилгээний зардалд тооцож 1.478.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

            Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж, уг ялыг тэнсэх дүгнэлтийг тус тус  гаргажээ.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар  буюу хохирогчийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, шүүгдэгчийн хувийн байдал буюу өмнө нь 3 удаа ял шийтгүүлж байсан, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид зохих тусламж үзүүлэхгүй орхиж явсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг гэрээс гаргаж хаясан зэргийг харгалзан галт зэвсэг эзэмших эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урттай хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн даавуун цамцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Бт хорих ял оногдуулсан тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Гын Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг галт зэвсэг эзэмших эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгчид оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Бт оногдуулсан  галт зэвсэг эзэмших эрхийг 1 жилийн хугацаагаар хасах  ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасны дагуу хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолсугай.

5. Хохирогч Д.Бы эмчилгээний зардалд тооцож нэхэмжилсэн 1.478.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Г.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урттай хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн даавуун цамцыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ