Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 00505

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 08-06 тоотод оршин суух Цагаан хуулар овогт Володягийн Нэргүй /РЗ65032103/,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 05-03 тоотод оршин суух Наймынхан овогт Одгэрэлийн Алтантуяа /ПВ90091407/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 6 дугаар багт оршин суух Хар дархад овогт Баатарын Мөнхдулам /ФД89022300/-д холбогдох

6.870.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч В.Нэргүй, О.Алтантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,, хариуцагч Б.Мөнхдулам, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч В.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ.  Би Топ велнесс трейдинг ХХК-ийн салбарыг Хөвсгөл аймагт оруулж ирсэн бөгөөд давхар ажилтай учраас итгэмжлэгдсэн хүнд гэрээгээр шилжүүлэн ажиллуулдаг. 2014 онд Хөвсгөл салбарыг О.Алтантуяа эрхэлдэг байсан бөгөөд би борлуулалт сайжруулах зорилгоор иргэн Б.Мөнхдуламыг түүнтэй хамт сумдад явуулж ажиллуулах болсон. Гэтэл ийнхүү сумдад Алтантуяатай хамт явахдаа түүнийг авч явж байсан бараагаа гэртээ буулгасныг мэдэж байсныгаа ашиглан нөхрөөс нь “Нэргүй эгч аваад яв гэсэн” хэмээн худал хэлж, зөвшөөрөлгүйгээр аваад явсан ба борлуулалтын орлогыг тушаалгүй завшсанаас 3.045.000 төгрөгийн хохирол амссан. Би компанитай зээлийн гэрээ хийж барааг зээлээр авч, борлуулалт хийлгэдэг учраас борлуулалтын орлого саатсан тохиолдолд алданги хүлээдэг учраас тэр нөхцлөөрөө Мөнхдуламтай гэрээ хийж, 7 дугаар сарын 08-ны дотор төлүүлэхээр тохирсон. Уг мөнгийг гэрээнд заасан хугацаандаа эс төлбөл хүү алданги тооцохоор тохирч, гэрээнд тусгагдсан ба нотариатаар батлуулсан. Түүнээс гадна уг дутагдсан бараа нь компани дээр хуучин үнээрээ бүртгэлтэй байсан учраас барааны үнэ нэмэгдэхэд надад түүний зөрүүгээр дахин алдагдал гарахад хүрсэн. Түүнээс гадна энэ бүх асуудлаар хуулийн байгууллагаар явах, ээж ах нартай нь уулзах, утасдах, Мөнхдуламтай уулзах гэж өөрийнх нь араас хөөцөлдөх зэрэгт би маш их цаг заваа алдаж, сэтгэл санааны хувьд ч их хохирол амссан. Тэр нагац ахаасаа надад төлөх өрөө барагдуулна гэж 2.000.000 төгрөг авсан мөртлөө надад өгөөгүй болох нь сүүлд мэдэгдсэн. Хүнийг ингэж их чирэгдүүлсэн атлаа гэмшсэн шинжгүй байдаг хүн. Би түүнийг “төлбөр тооцоогоо хийгээч” гэж уйгагүй хөөцөлдсөн. Сүүлдээ хаана байгаагаа хэлэхгүй, утсаа ч авахгүй болсон. Баянзүрх суманд байдаг ээжээс нь асуухаар эхлээд хаана байгааг нь хэлдэг байснаа сүүлдээ нуудаг болсон. Тэгээд 2016 оны 9 дүгээр сард Цагаан-Уул суманд ажлаар явж байхдаа тус суманд байгаль хамгаалагчаар орсныг мэдсэн. Тэр удаа Б.Мөнхдуламтай биечлэн уулзаж, “төлбөр тооцоогоо барагдуулаач” гэхэд “Би ажилд ороод ганцхан хонож байна. Айлд байгаа. Тохижиж ч амжаагүй байна 11,12 сараас төлнө” гэсэн боловч нэг ч төгрөг өгөөгүй өдий хүрлээ. Мөн утсаа авсан мөртлөө юм ярихгүй “мессеж бич” гэдэг. Бичлээ ч хариу өгдөггүй. Сүүлдээ бас л утсаа авахаа больсон. Тэгэхээр нь сумын Санхүүгийн албаны мэргэжилтэн, сумын ЗДТГ-ын дарга зэрэг хүмүүсийг гуйж, “яриулж өгөөч” гэдэг болсон. Гэвч Мөнхдулам төлбөр тооцоогоо барагдуулах ямар ч оролдлого хийхгүй байна. Түүнийг 2 жил 3 сар 14 хоног хүлээсэн боловч амжилт олохгүй байгаа тул шүүхэд хандахаас өөр ямар ч гарцгүй боллоо.

Мөн Мөнхдулам анх надтай хамтран ажиллахаар тохиролцохдоо “Та надад эргэлтийн бараа өг. Боломжтой болохоороо би эргүүлж өгнө” гэсэн. Бас “том брэндийн бараа зардаг байж, муухай утастай явах ичмээр байна. Та өөрийнхөө нэр дээр гэрээ хийж, Iрhопе-5 маркийн гар утас аваад өгөөч. Би сар бүр алдалгүй төлнө” гэчихээд төлөөгүй. Гар утас нь миний тухайн үед барьж байсан 99067439 дугаарын дараа төлбөрт утсан дээр гэрээ хийгдэж авагдсан бөгөөд Мөнхдулам гэрээний төлбөрийг хийгээгүйгээс болж би уг дугаарыг алдахад хүрсэн. Уг нь тухайн үед хэрэглэгч нар иймэрхүү 9906 маягийн дараа төлбөрт утасны дугаарыг 400.000 төгрөгөөр өгөлцөж, авалцаж байсан. За одоо тэр нь ч яахав гэхэд яг энэ дугаараар харилцаж байсан олон худалдан авагчид, хэрэглэгчидтэй холбоо тасарсан нь надад багагүй хохирол авчирсан. Түүнээс гадна нэр төрийн хохирол бол тооцох аргагүй боловч маш гайтай зүйл болох нь харагддаг. Хамгийн наад захын жишээ гэхэд л ажлын байран дээр энэхүү гар утасны төлбөр тооцоотой холбоотой шүүхийн нэхэмжлэл ирэхэд л миний нэр төрд маш муухай сэв суулгаж байгаа юм. Энэ бүх асуудал үндсэндээ залилангийн шинжтэй байсан тул тэр үед цагдаад хандсан боловч эрүүгийн хэргийн бүрэлдэхүүнгүй гээд “шүүхэд ханд” гэсэн.

Дээрх үндэслэлээр би дараахь нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1. Борлуулалтын орлогын мөнгө болох 3.045.000 төгрөг мөн гэрээ ёсоор тооцогдох хүү алдангийг гаргуулж өгнө үү. Хүү алдангийг хугацаагаар нь тооцвол өчнөөн их мөнгө гарахаар байгаа боловч үндсэн мөнгөний 50% болох 1.522.500 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Нийт 4.567.500 төгрөг,

2. Мобиком компаний Хөвсгөл салбарт төлөх Iphопе-5 маркийн гар утасны төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүйгээс болж үүссэн 1.231.200 төгрөгийн төлбөр, энэ асуудлаар Мобиком компаний тэмдэгтийн хураамжийн 32.700 төгрөг, нийт 1.263.900 төгрөг надаас төлөгдсөн. Дараа төлбөрт утасны хэрэглэгч анх гэрээ хийхдээ 60.000 төгрөг барьцаанд үлдээдэг бөгөөд тэр нь энэхүү төлбөр тооцоонд суутгагдсан байдаг юм. Тиймээс гар утасны үнийн төлөөгүй үлдэгдэл 1.231.200 төгрөгөөс энэхүү 60.000 төгрөг хасагдаад 1.171.200 төгрөг болсон байгаа юм.

Иймд 1.231.200 төгрөгөөр тооцоог хийж байгаа билээ. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үйл ажиллагаатай холбоотой гэх 25.000 төгрөгийг нэмж төлсөн. Иймд эцсийн байдлаар гар утастай холбогдох 1.288.900 төгрөгийг гаргуулна. Үүнд:

Гар утасны үнийн үлдэгдэл 1.171.200 төгрөг, Барьцаанд байсан 60.000 төгрөг, Тэмдэггийн хураамж 32.700 төгрөг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн зардал 25.000 төгрөг

3. Хамтран ажиллах гэрээгээр бэлэн мөнгө болон эргэлтийн хөрөнгө нийлээд 554.0 мянган төгрөгийг гэрээ ёсоор би хүү алдангийн хамт эргүүлж авах ёстой бөгөөд түүний хүү алдангийг 277.0 мянган төгрөгөөр тооцож, нийт 831.0 мянган төгрөг нэхэмжилж байна,

4. Бас нэг удаа “Манай ээж Наранчулууны дансанд 60.0 мянган төгрөг хийчихээч. Би бонусаасаа төлнө” гэчихээд бас л өгөөгүй. Тэрнийг бас нэхэмжлэх нь зүйтэй.

Ингээд нийт 6.747.400 төгрөг болж байгаа ба түүнд дараахь тэмдэгтийн хураамжийг төлөв.

5.Тэмдэгтийн хураамжинд төлсөн 122.900 төгрөг…Бүгд 6.870.300 төгрөгийг Б.Мөнхдуламаас гаргуулахаар нэхэмжилж байна…гэжээ.

Хариуцагч Б.Мөнхдулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний би 2012 онд дээд сургуулиа төгсч, нутагтаа ирээд мэргэжпийн ажил хайж, ажилд орохоор 2 жил гаруй хугацаагаар хөөцөлдсөн боловч ажилд орж чадаагүй. Хөвсгөл аймгийн Мэргэжпийн хяналтын газарт ажилладаг өөрийн нутгийн эгч В.Нэргүйтэй уулзаж, ажил хайж байгаагаа хэлж ярилцаж байсан. Тухайн үед Нэргүй эгч Топ велнесс трейдинг ХХК-ийн салбарын үйл ажиллагааг эрхэлж байсан бөгөөд тэрээр өөрийнхөө ажилтан “О.Алтантуяагийн ажилд туслаж байгаарай” гэхээр нь би Алтантуяагийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнийг нь нааш цааш зөөж тээвэрлэх зэрэг ажилд нь тусладаг байсан. Түүнээс биш би дангаараа Нэргүй эгчээс бараа бүтээгдэхүүн авч, бусдад зарж борлуулах үйл ажиллагаа хийж байгаагүй. Би Алтантуяагийн ажилд туслаж сумдаар дагаж явж байсан болохоос зарж борлуулан тооцоо хийх ажилд огт оролцож байгаагүй. Мөн би Аптантуяа, түүний нөхрөөс огт бараа бүтээгдэхүүн авч байгаагүй. Хэрэв бараа бүтээгдэхүүн дутагдсан бол хариуцан ажиллаж байсан Алтантуяа энэ асуудлыг мэдэх байх гэж би бодож байна.

Нэргүй эгч бид хоёр Ренчинлхүмбэ сумын иргэд учир бие биенээ, нутаг усныханыг маш сайн мэддэг. Тухайн үед Нэргүй эгч манай хадам эцэг эх, нөхөр, түүний хамаатан садан нутаг усныхан бүгдэд “Мөнхдулам нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн, Цагдаагийн газар шалгагдан байцаагдаж байгаа гэмт хэрэгтэн” гэж хэлж мэдэгдэн ойлгуулсан байснаас болж нөхөр бид хоёр суманд амьдрах боломжгүй болж бүр сүүлдээ Ханх суманд очиж амьдарсан боловч хадам эцэг эх, хамаатан садан бүгд намайг үзэхгүй болж нөхөр бид хоёр салцгаасан. Энэ сэтгэл зүйн дарамт шахалт, гэр бүл хамаатан садны хэл ам миний хувьд маш хүнд дарамт болж байсан. Улмаар Нэргүй эгч намайг “бараа бүтээгдэхүүн дутаасан гэдгээ хүлээн зөвшөөр” гэж элдвээр хэлж дарамтлаж байснаа, “эгч нь чамайг төрийн албанд мэргэжпээр чинь ажилд оруулж өгнө, чи хэрэв нэг л удаа шүүх, цагдаагаар маргаан үүсгэж явбал дахин хэзээ ч төрийн албанд орж ажиллах эрхгүй болдог юм” гээд өөрийн ажпын өрөөний компьютерт шивж боловсруулсан гэрээг гарган ирж гарын үсэг зуруулж нотариат дээр очиж батлуулсан. Би тухайн үед төрийн албанд орохыг маш их хүсч мөрөөдөж байсан, удаан хугацаагаар ажилгүй /чамайг төрийн албанд, захиргаанд ажилд оруулж өгнө/ гэсэн уран үг, ятгалганд нь итгэж гэрээнд нь гарын үсэг зурсан. Гэвч тэрээр гэрээнд гарын үсэг зуруулж авсанаас хойш намайг ажилд оруулж ч өгөөгүй, бүр таг чиг алга болсон. Тухайн гэрээнд юу гэж бичигдсэнийг ч би огт уншаагүй, айж эмээж байсан, “ажилд оруулна” гэсэн үгэнд нь итгэсэн. Гэрээнд мөнгө төлөхгүй бол хүү алданги тооцно гэснийг ч би огт мэдээгүй. Нэхэмжлэлд гэрээнд зааснаар хүү, алданги тооцож авна гэсэн байна. Би Нэргүй эгчээс хүүтэй мөнгө зээлж аваагүй.

Би нагац ахаасаа өр зээл төлнө гэж огт мөнгө гуйж авч байгаагүй, Нэргүй эгч мөн л гүтгэн гүжирдэж байна. Энэ байдлын талаар манай нагац ахаас асууж тодруулах боломжтой.

Би Нэргүй эгчтэй хамтран ажиллахаар огт тохиролцож байгаагүй, түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, би түүнийг “төрийн өндөр албан тушаалтай юм чинь намайг ажилд оруулаад өгчих болов уу” гэж горьдож, түүний “хий” гэснийг нь хийж, түүний дургүйг хүргэхгүйг хичээж, ажилд нь тус болж байгаад төрийн албанд л орж ажилтай болчих санаатай хандаж байсан. Гэвч Нэргүй эгч миний энэ байдлыг өөрт ашигтай байдлаар намайг ашиглаж байсныг би сүүлд л мэдсэн.

Нэргүй эгч намайг Алтантуяад туслаж хөдөө сум руу яваад ирэхэд “чамайг яаж зүгээр байлгах вэ, эгч нь чамд утас авч өгъе” гээд надад Iphone-5 маркын гар утас өгсөн. Би ч ийм зүйл болно гэж огт бодоогүй уг утсыг барьж байсан болохоос “утас авч өг” гэж шаардаж шахсан зүйл байхгүй. Би Төрийн албаны сонгон шалгаруулалтанд оролцож тэнцээд, 2016 оны 8 сард Цагаан-Уул сумын байгаль хамгаалагчийн ажилд өөрийн хичээл зүтгэлээр ажилд орж ажиллаж байна. Гэтэл Нэргүй нь байнга Цагаан-уул сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, Төрийн сангийн мэргэжилтэн рүү удаа дараа залгаж, надтай яриулж өг гэсэн байдлаар миний удирдах албан тушаалтануудад дарамт шахалт үзүүлж байгаа байдал нь намайг ажил хийж амьдрахад маш их дарамт шахалт болж байна. Иймд түүний нэхэмжлэлд дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас 1 Iphone-5 маркын шинэ гар утсыг утсаар нь авч өгөхөд татгалзах зүйлгүй байна. Бусад шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэв.

Нэхэмжлэгч В.Нэргүй шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бусдад хохирол учруулах нь хэнд ч тохилдож болзошгүй эрсдэл. Гэхдээ түүндээ яаж хандаж байгаагаараа хүний мөс чанар харагддаг бололтой. Би Мөнхдуламын ээж аав болон өөртэй нь хүн ёсоор ярилцаж, нэхэмжилж байгаа авлагаасаа 1700.0 мянган төгрөг бууруулахаар тохирч, эвлэрлийн гэрээ хийхээр болсон. Мөнхдулам эвлэрлийн гэрээ хийхээр 2017 оны 04 дүгээр сарын 5-ны өдөр Цагаан-Уул сумаас зорьж ирсэн бөгөөд эцсийн мөчид “За би ямар ч байсан өмгөөлөгчөөсөө асуугаад ирье” гээд явсан боловч тэр чигээрээ алга болсон....Нийт 6.870.300 төгрөгийн нэхэмжлэлээс 1.700.000 төгрөгийг хасч 5.170.300 төгрөг болгож бууруулъя гэж бид тохирсон байсан. Төлбөр тооцоог хурдлуулах зорилгоор ингэж бууруулсан болохоос биш 6.870.300 төгрөг гэдэг бол яалт ч үгүй надад учирсан бодит хохирол. Үүссэн нөхцөл байдлаас үүдэлтэй гарсан бүх хохирлыг тэр болгоноор нь тооцоогүй ба тооцоход хүндрэлтэй мөнгөн хохирол, нэр хүнд, сэтгэл санаа, цаг зав гээд өчнөөн хохирол байхад ингэж бууруулж буулт хийж байгаагаа би тэр хүнд үзүүлж байгаа хөнгөлөлт, хүн чанар гаргаж байгаа хэрэг гэж бодсон.

2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр бичсэн тайлбартаа Б.Мөнхдулам “Нэргүй эгч намайг төрийн ажилд оруулж өгнө гэж амласан” гэжээ. Би Мөнхдуламыг төрийн албанд оруулж өгнө гэж хэзээ ч амлаж байгаагүй. Тэгэх шаардлага ч байхгүй. Харин ч шал өөр зорилгоор буюу борлуулалтын систем дээр ажиллуулах гэж 2014 онд “Похов” ч билүү монгол нэрээр “Галт шувуу” нэртэй сүлжээний компанид ажиллаж байхад нь би очиж уулзаж танилцсан. Баянзүрх суманд байдаг миний нагац эгч Бумаа “чиний наад ажлыг чинь хийж чадахаар нэг сэргэлэн охин байдаг юм. Модхүү гэдэг айлын охин” гэж ярихаар нь би ээж Наранчулуунаас нь утсыг нь асуулгаж олж аваад 2013 оны намар Мөнхдулам дээр очсон. Түүнээс хойш буюу 2014 оны 2, 3 сарын орчим Мөнхдулам над руу ярьж, “тэр ажлаа хийхээ больсон. Одоо би Дарханд явж байна” гэхээр нь “онц хийсэн ажилгүй бол хүрээд ирээч” гэж би хэлсэн. Удаагүй Мөнхдулам надтай ирж, уулзаж, миний санал болгосон ажлыг хийхээр болсон билээ. Ингээд би түүнтэй хамтран ажиллах гэрээ хийж, олон талаар дэмжиж ажилласан....Миний санал болгосон ажлын онцлог бол хэрэглэгчдийн хүрээ бий болгох, багаар ажиллах зарчмаар явдаг учраас Мөнхдулам дээр баг үүсгэж өгөх, улмаар Улаанбаатар хотод дээд хэмжээний арга хэмжээнд оролцуулах, бэлэн мөнгө өгөх зэргээр тусалж байсан. Гэтэл зүв зүгээр хүний ажилд туслаад гүйгээд байсан мэтээр бичжээ. Мөнхдулам “Топ велнесс трейдинг” ХХК-иас тогтсон журмын дагуу урамшуулал авч байсан.

Түүнээс гадна Мөнхдулам Алтантуяагийн нөхрөөс бараа авч байгаагүй гэж худал хэлсэн байна. За тэр гүтгэх ч яахав дүүрч гэхэд бараа аваад явсан нь үнэн учраас л бараа бүтээгдэхүүн хүлээн авсан баримтууд дээр гарын үсэг зурсан байгаа гэдгийг шүүх эрх биш харгалзан үзэх байх гэж итгэж байна.

Тэр үед над руу утсаар яриад “Би хөдөө явах гээд байна. Зоригоогоос бараа авах гэсэн чинь өгөхгүй байна” гэж над руу ярихаар нь “Эд хариуцах ажлыг нэг л хүн дагнаж хийнэ шүү дээ. Барааг гар дамжуулж болохгүй” гэж би хэлсэн. Гэтэл Зоригоод /Алтантуяагийн нөхөр/ “Нэргүй эгч ав гэж байна” гэж худлаа хэлээд Зоригоог ав гээгүй байхад шууд аваад явчихсан байсан. Алтантуяаг дэмжих зорилгоор би Мөнхдуламыг танилцуулан нэг баг болгож ажиллуулсан ба Аптантуяа ч гэсэн байдаг чадлаараа Мөнхдуламд тусалж байсан. Мөрөнд байх айл орох оронгүй гэхээр нь би таньдаг айлынхаа байрыг ярьж өгсөн. Гэтэл Мөнхдулам “юу юу ч үгүй байранд ороход хэцүү” гээд байхаар нь Аптантуяа түүнийг гэртээ байлгасан. Ингэж үй зайгүй ойр хамт ажиллаж явж байгаад эцэст нь нэгийгээ өрөнд оруулсныгаа Мөнхдулам өөрийнх нь буруу биш мэтээр мэдүүлэх нь хэтэрхий шудрага бус асуудал.

Би хэрвээ Аптантуяатай Мөнхдуламыг танилцуулаагүй бол Аптантуяа тийм эрсдэлд орохгүй байх байсан. “Манай нутгийн хүүхэд, маш сэргэлэн, боловсролтой, чадварлаг, хамгийн гол нь манайхай төстэй компанид ажиллаж байсан туршлагатай, өөрөө энэ бизнест сонирхолтой” гэхчлэн би Мөнхдуламыг магтаж Алтантуяатай танилцуулсан. Мөнхдулам өөрөө ч “Би төсвийн байгууллагын ажил хийх сонирхолгүй, хязгаарлагдмал орлоготой. Тийм учраас худалдааны ажил хийхээр шийдвэрлэсэн” гэж “Галт шувуу” гэдэг компанид ажиллаж байхдаа надад хэлж байсан. Тэгэхэд нь би “Надад яг чам шиг сонирхолтой хүн хэрэгтэй байна” гэж би хэлж байсан. Түүнээс биш би Мөнхдуламыг төрийн албанд ажилд оруулж өгнө гэж хэлээгүй.

2014 оны хавар би Мөнхдуламын асуудлыг цагдаад шилжүүлсэн бөгөөд тэр үед ээж нь “Төрийн албаны шалгалтанд оруулж, наад золигоор чинь ажил хийлгэж өөрөөр нь л төлүүлмээр байна” гэсэн ба нагац ах Нямжий нь бас “ирэх хавар ноолуур гарах үед төлбөрийг нь төлж өгье” гэж над руу ярьцгааж байсан. Ингээд Мөнхдулам 2014 оны 11 билүү 12 дугаар сард төрийн албаны шалгалтанд орсон. Тэгэхээр шалгалт өгөх гээд хугацаа зарцуулсан байх...Тэр үед би уулзаад “нөгөө төлбөр мөнгө яалаа, Идэшний үед өгнө гэсэн биз дээ” гэхэд “Нөхрийгөө ирэхээр өгнө. Манай хүн НАЗХ-ны тэргүүний залуу алтан медалиар шагнагдах учиртай. Дуудсан чинь ирэхгүй юм” гэж байсан. Мөнхдулам тэгэхэд Мөрөнд их удсан. Телевизээр Мөнхдуламын утасны дугаар бичигдсэн “мөнгөн эмээл, хазаар зарна” гэсэн зарлал ч явж байгаа харагдаж л байсан. Шинэхэн гэр бүл болсон хүн гэрээсээ хол Мөрөнд тийм удаан байхаар ар гэрт нь ямар нэг асуудал үүссэн байх магадлалтай л юм. Түүнээс биш миний нөлөөгөөр хадам аав ээж нь Мөнхдуламд дургүй болсон гэдэг бол эгээ худлаа үг...

“Гэрээ хийх үед айж эмээгээд уншаагүй” гэсэн байх юм. Хэр баргийн юмнаас айж эмээх хүн мөн үү...Тэгэхээр бичиг үсэг тайлагдаагүй хүн биш дээ уншилгүй зурчихаад нотариатаар батлуулаад явж байх уу. Хэтэрхий үнэмшилгүй юм бичсэн байна.

…Хуулинд ямарваа авлагыг хариуцагчаас огт нэхэмжлээгүй, шаардаагүй байж шууд шүүхэд хандахад хүлээж авдаггүй юм байналээ. Тийм учраас ярьж байсан шаардаж байсан гэдгээ нотлохын тулд ямар нэг аргаар ярихаас өөр арга байгаагүй. Гэтэл үүнийг “дарамталдаг” байсан баримт болгож, харуулахыг оролдсон ба айх эмээх үндэс болсон мэтээр тайлбарласан нь үнэнд нийцэхгүй. Төлбөр тооцоогоо хийхгүй байх үндэслэл гэж би бодохгүй байна.

... Б.Мөнхдулам бид хоёр 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тооцоо нийлж,   төлбөр тооцоо үүссэн хийгээд түүнийг барагдуулах гэрээ байгуулсан. Энэ гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа юм. Гэрээт ажил гүйцэтгэхэд урьдчилгаа болгосон барааны үнэ болон мөнгөн урьдчилгаа 554.00 төгрөгний алданги 277.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг татгалзаж байна. Төлбөр тооцоо үүссэн хийгээд түүнийг барагдуулах гэрээний дагуу барааны үнэ 3.045.000 төгрөг, алданги 1.522.500 төгрөг, гэрээт ажил гүйцэтгэхэд урьдчилгаа болгосон барааны үнэ болон мөнгөн урьдчилгаа 554.000 төгрөг, Iphопе-5 маркийн гар утсыг хугацаанд нь төлөөгүйгээс үүсэн төлбөрт 1.288.900 төгрөг, нийт 6.410.400 төгрөг,   Б.Мөнхдуламын гуйлтаар түүний ээж Наранчулууны данс руу шилжүүлж зээлсэн мөнгө болох 60.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамжинд төлсөн 122.900 төгрөг, нийт 182.900 төгрөг, бүгд 6.593.300 төгрөгийг Б.Мөнхдулмаас гаргуулж өгнө үү. Мөн  хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний бие хүсэлт гаргаж О.Алтантуяаг уг  хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцуулсан боловч Б.Мөнхдуламаас нэхэмжилсэн байгаа 6.593.300 төгрөгөөс О.Алтантуяад гаргуулах мөнгө үгүй тул хамтран нэхэмжлэгчээр оролцуулахаас татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгч О.Алтантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Топ велнөсс трейдинг ХХК-ийн Хөвсгөл салбарт 2013-2014 онд оператор менежерээр ажиллаж байсан ба бараа бүтээгдэхүүнээ хариуцаж, давхар нярвын ажлыг хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажилтан гэдэг орон тоон дээр гүйцэтгэж байсан. Гэхдээ хэрэглэгчийн баг үүсгэж, компаниас цалингаас гадна бонус урамшуулал авдаг учраас Нэргүй эгч надад Б.Мөнхдуламыг танилцуулахад би дуртай хүлээж авсан.

Би Мөнхдуламтай хамт сумдад явж ажиллан борлуулалт хийж байсан ба би бараагаа барьдаг, Мөнхдулам сургалтаа хариуцдаг байсан. Баянзүрх, Арбулаг сумдад эхлээд явсан. Дараа нь Шинэ-Идэр, Галт сум явсан. Шинэ-Идэр сум руу 2 ч удаа явсан. Ингээд яваад ирэх болгондоо би бараагаа эхлээд гэртээ буулгаад дараа нь ажил руугаа авч явдаг байсан. Нэг хэсэг Мөнхдулам манайд байсан. Тийм болохоор манай нөхөртэй танил болсон байсан учраас түүнийгээ ашиглаад нэг удаа намайг байхгүй хооронд гэрт очоод манай гэр бүлийн хүн Зоригоогоос “хөдөө явах гэж байна, бараа авна” гэсэн байсан. Манай нөхөр Зоригоо “Аптад өөрт нь хэлээч, тоог нь тулгаж байж авдаг юм байгаа биз дээ” гэхэд “чамд ямар хамаатай юм бэ, Энэ барааг чуулганд очиход компаниас надад зориулж өгсөн юм. Аптантуяад ч хамаагүй” гэсэн байсан.

Тэгээд Нэргүй эгч рүү утасдаад Зоригоог сонсож байхад “Энэ Зоригоо бараа өгөхгүй байна, хөдөө явах гэж байхад ажил саатууллаа” энээ тэрээ гэсэн юм ярьсан байгаа юм. Тэгснээ “Нэргүй эгч ав л гэж байна шүү дээ” гэж хэлээд Зоригоог “ав” гээгүй байхад шууд шүүрч аваад гараад явчихсан байсан.

Мөнхдулам надад хэлэхдээ “Нэргүй эгч чамайг энэ Аптантуяа олигтой сургалт ч явуулж чадахгүй, ажил унагаагаад байх юм гэж чамайг ярьдаг шүү дээ” гэх мэтээр Нэргүй эгчийг буруутгасан янз бүрийн юм хэлдэг байсан. Би ч дотроо “Мөнхдуламыг магтаад сүйд болоод байдаг юм билээ. Нутгийнх нь хүүхэд юм чинь намайг гаргаж, Мөнхдуламыг авах санаатай байгаа юм байгаа биз” гэж би боддог байсан. Тэгээд “Нэргүй эгч ав гэлээ” гэж хэлээд аваад явчихсан байхаар нь тэр үедээ тэгсэн л юм бодоод өнгөрсөн. Түүнээс хойш хэд хоногийн дараа Нэргүй эгч тооллого хийгээд “бараа дутлаа юу болов” энээ тэрээ гэхээр нь “Таны Мөнхдуламд өгсөн бараагаар л дутаж байна шүү дээ” гэж би хэлсэн. Тэгсэн Нэргүй эгч “Юун миний Мөнхдуламд өгсөн бараа вэ, Юу яриад байгаа юм бэ” болоод л явчихсан. Тэгсэн Мөнхдулам Нэргүй эгчийг “бараа аваад яв” гэж хэллээ гэж худлаа хэлсэн болох нь баригдсан. Сүүлд нь мэдэхнээ бид 2-оос бараа салгах гэсэн эртний бодолтой орж ирсэн юм байна гэж надад бодогдсон. Нэргүй эгчид бас намайг тэгж ингэж хэллээ тэглээ ингэлээ гээд худлаа яриад байсан юм билээ. Би болохоор “нутгийнхаа хүнийг дэмжиж байгаа юм байна” гэж ойлгоод Нэргүй эгч болохоор “жоохон охидуудын хооронд хов зөөгөөд байлтай биш” гээд надад бас юм хэлэхгүй бид 2 мэдээлэл солилцохгүй хөндий яваад байгаа байдлыг ашигласан юм шиг байна лээ.

Уг нь би тэр ажилдаа дуртай нэлээн гаршаад аятайхан болж ирж байтал Мөнхдулам орж ирээд бөөн будлиан хутгаад гэр бүлийн хүн ч дургүйцээд би ажлаасаа гарсан. ЕБС төгсөөд сургуульд явж чадаагүй байж байгаад хүнтэй суусан. Дараа нь хүүтэй болж, нялх хүүхэдтэй болсон зэргээр ямар нэг ажил хийж үзээгүй байгаад энэ компаний ажилд орсон. Надад маш их таалагдаж байсан. Мөнхдуламаас болоод дуртай ажпаасаа хөндийрөх шалтгаан болсон. Тэр нь эргээд надад маш их хохирол авчирсан гэж би боддог. Одоо надаас хойш орсон хүмүүс өчнөөн амжилт гаргаад явж байгааг харахдаа ингэж 2-3 жил хөндийрөөгүй бол би эд нараас илүү байх байсан даа гэж боддог.

Нэргүй эгч “би л бүтэлгүй хүнтэй холбож өгөөд чамайг баллачихлаа” гээд намайг төлбөр төл гэж хэлдэггүй ч компаниас байнга шаарддаг болохоор надад их хэцүү байдаг байсан.

…Мөнхдулам надаас “ирээд өгье” “ингээд өгнө, тэгэхээрээ өгнө” гэхчлэн янз бүрийн шалтгаанаар нийтдээ 800.000 гаруй төгрөг зээлсэн. Тэгээд эргүүлж өгөөгүй. Гэхдээ би үүнийг нэхэмжлэхгүй. Харин компаний бараатай холбоотой бүх тооцоон дээр хамтран нэхэмжлэгчээр оролцож байна. Борлуулалт хийгдээд орлого нь ороогүй барааны үнэ 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нэмэгдсэн үнийн зөрүү гарсан байгаа. Тэр үнийн зөрүүг Мөнхдулам төлөхгүй гэсэн. Тэгэхээр нь Нэргүй эгч “тэгвэл чи борлуулсан барааныхаа мөнгийг дариухан хий. Эс тэгвэл хүү тооцно” гэсэн. “Тэр болно” гээд Мөнхдулам нотариатаар батлуулж гэрээ хийхээр болсон. Иймд Мөнхдуламын надаас авч борлуулсан барааны орлогын мөнгө болох 3.045.000 мянган төгрөг мөн гэрээ ёсоор тооцогдох хүү алдангийн 1.522.500 төгрөгийг нэмж, нийт 4.567.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь зөв юм гэв.

Нэхэмжлэгч О.Алтантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би уг хэрэгт нэхэмжлэгчээр оролцохоос татгалзаж байна. Учир нь би Б.Мөнхдуламтай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй, нэхэмжлэгч В.Нэргүйгийн Б.Мөнхдуламаас нэхэмжилсэн мөнгөнөөс миний бие ямар нэгэн байдлаар мөнгө авахгүй   тул өөрийгөө нэхэмжлэгч биш гэж үзэж  татгалзаж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.Нэргүй, О.Алтантуяа нар нь хариуцагч Б.Мөнхдуламаас 6.747.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нар нь О.Алтантуяаг нэхэмжлэгчээр оролцуулахаас татгалзаж, нэхэмжлэгч В.Нэргүй нь хариуцагч Б.Мөнхдуламаас нэхэмжилсэн алданги 277.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, төлбөр тооцоо үүссэн хийгээд түүнийг барагдуулах гэрээний дагуу 6.593.300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа   тодруулсан байна.

Шүүх тодруулсан шаардлагыг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч В.Нэргүйгийн хариуцагч Б.Мөнхдуламаас төлбөр тооцоо үүссэн хийгээд түүнийг барагдуулах гэрээний дагуу бараа бүтээгдэхүүний үнэ 3.045.000 төгрөг, алданги 1.522.500 төгрөг, гэрээт ажил гүйцэтгэхэд урьдчилгаа болгосон барааны үнэ болон мөнгөн урьдчилгаа 554.000 төгрөг, нийт 5.121.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

 Талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгууллагдаж, Б.Мөнхдулам нь DHC брэндийн бараа бүтээгдэхүүний мэдээллийн спонсор хийж байхаар харилцан тохиролцсон байх ба 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр бараа бүтээгдэхүүний тооцоо хийж, Б.Мөнхдулам нь бараа бүтээгдэхүүний үлдэгдэл тооцоо  3.045.000 төгрөгийг  2014 оны 7 дугаар сарын 8-ны дотор төлж барагдуулах ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 5 хувийн хүү төлөх, гэрээт ажил гүйцэтгэхэд урьдчилгаа болгосон барааны үнэ болон мөнгөн урьдчилгаа 554.000 төгрөгийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй  бол 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахаар төлбөр тооцоо үүссэн хийгээд түүнийг барагдуулах  талаарх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь шүүх хуралдаанд “уг нэхэмжлэлийн шаардлагаас барааны үнэ 3.045.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин бусад шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь хүү болон гэрээт ажил гүйцэтгэхэд урьдчилгаа болгосон барааны үнэ мөнгөн урьдчилгаа 554.000 төгрөгийг төлөхөөр хийсэн гэрээ нь намайг хуурч мэхлэн төөрөгдөлд оруулж хийсэн гэрээ юм” гэж  тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж заасан байх боловч хариуцагч Б.Мөнхдуламын хувьд уг хэлцлээс гарах  хууль зүйн үр дагаврыг нь ойлгохгүй хийсэн байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтууд тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Мөнхдуламаас  5.121.500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Нэхэмжлэгч В.Нэргүйгийн хариуцагч Б.Мөнхдуламаас Iphопе-5 маркийн гар утсыг хугацаанд нь төлөөгүйгээс үүсэн төлбөрт 1.288.900 төгрөг, 60.000 төгрөг, тэмдэгтийн хураамж 122.900 төгрөг, нийт 1.471.800 /нэг  сая дөрвөн зуун далан нэгэн мянга найман зуу/  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд:

В.Нэргүй нь шүүх хуралдаанд “Б.Мөнхдулам нь 60.000 төгрөг манай ээжийн данс руу хийгээд өгөөч дараа нь таньд буцаагаад өгнө гэхээр нь түүний ээжийн данс руу 60.000  төгрөг шилжүүлсэн. Мөн Б.Мөнхдулам надтай хамтран ажиллаж байхдаа миний дугаар дээр надаар Iphопе-5 маркийн гар утсыг Мобиком компаний Хөвсгөл салбараас зээлээр авахуулсан. Ингээд гар утасны төлбөр тооцоог хугацаанд нь төлөөгүйгээс болж үүссэн 1.288.900/  төгрөгийг би түүний өмнөөс Мобикомд төлсөн. Иймд гар утасны төлбөр хийгээд 60.000 төгрөг, нийт 1.348.900 төгрөгийг Б.Мөнхдуламаас тул гаргуулж авна” гэж тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.   

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчийн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсний дараа өөрт учирсан хохиролоо шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч В.Нэргүй нь Iphопе-5 маркийн гар утсыг төлбөрт Мобиком компаний Хөвсгөл салбарт 1288.900 төгрөг нөхөн төлсөн эсэх нь тодорхойгүй,

Нэхэмжлэгч нь Мөнхдуламын гуйлтаар түүний ээж Наранчулууны данс руу 60.000/ жаран мянга/ төгрөг шилжүүлсэн  гэх боловч энэ нь   хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар давхар нотлогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д  “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгнө” гэжээ.

Нэхэмжлэгч В.Нэргүй нь нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч Б.Мөнхдулам нь Iphопе-5 маркийн гар утас буюу 300.000/ гурван зуун мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг өгч байх  тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 122.900/ нэг зуун хорин хоёр мянга есөн зуу/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлд улсын тэмдэгтийн хураамжыг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгохоор  хуульчилсан мөн нэхэмжлэгч В.Нэргүй нь алданги 277.000 төгрөгийг нэхэмжлэхээс  татгалзсан тул тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Иймд хариуцагч Б.Мөнхдуламаас 5.421.500 /таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.448.800 / нэг сая дөрвөн зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 122.900 /нэг зуун хорин хоёр мянга есөн зуу/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхдуламаас 5.421.500/ таван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга таван зуу/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 101.694 /нэг зуун нэг мянга зургаан зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон