Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Т

Шүүгдэгч Н.Ц, Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Ц,                        Ш.Г нарт холбогдох 2116000480052 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын  25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, И овогт Н-н Ц.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О овогт Ш-н Г.

    Шүүгдэгч Н.Ц, Ш.Г нар  нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан 2-р багийн нутаг “Чонын овоо” гэх нэртэй газраас ховор амьтан болох эр хүйсийн нэг тооны Хар сүүлт /Gazella subgutturosa/-ийг  зохих зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль экологид 1700000 төгрөгийн хохирол учруулсан, хар сүүлтийн махыг улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 маркийн мотоциклиор тээвэрлэн түүхий эд болох толгой, 2 ширхэг гуя, 3 ширхэг хавирга, 1 ширхэг шаант чөмөг, арьс зэргийг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан 2-р багийн нутаг “Ямаан ус” гэх нэртэй газарт байрлах Н.Ц-н өвөлжөөний банаг, амбаарт хадгалсан  гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч                        Н.Ц, Ш.Г нар  нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан 2-р багийн нутаг “Чонын овоо” гэх нэртэй газраас ховор амьтан болох эр хүйсийн нэг тооны Хар сүүлт /Gazella subgutturosa/-ийг  зохих зөвшөөрөлгүйгээр агнаж байгаль экологид 1700000 төгрөгийн хохирол учруулсан, хар сүүлтийн махыг улсын дугааргүй, улаан өнгийн Мустанг-150 маркийн мотоциклиор тээвэрлэн түүхий эд болох толгой, 2 ширхэг гуя, 3 ширхэг хавирга, 1 ширхэг шаант чөмөг, арьс зэргийг Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Чандмань хайрхан 2-р багийн нутаг “Ямаан ус” гэх нэртэй газарт байрлах Н.Ц-н өвөлжөөний банаг, амбаарт хадгалсан үйлдэл нь хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ан агнах” буюу ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.Ц, Ш.Г нар гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Н.Ц-н шүүх хуралдаанд өгсөн “...Би хар сүүлт агнасан нь үнэн. Хавх зүүсэн байсан түүнийгээ эргэх гэж яваад шархадсан амьтантай таарсан. Шархадсан байсан болохоор нь ийм болчихсон юм чинь гэж бодоод алсан. Тэгээд шархгүй байсан хэсгийг нь ялгаж авсан. Толгойг нь хазаар ногтны цах хийх гээд авсан. Ийм үнэтэй гэдгийг мэдээгүй. Гэм буруугаа ойлгож байна. Миний буруу...Мотоциклийг би хүнээс худалдаж авсан юм” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Ш.Г-н шүүх хуралдаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын үед би Баян-Уул сум руу идэш хийхээр явсан. Тэгээд Н.Ц-н гэрт очиж хоносон. Эдний хотонд 2 хоногийн өмнө чоно орсон байсан. Хавх зүүсэн байгаа хоёулаа хамт эргээд ирье гэхээр нь хамт явсан. Тэгээд хавхаа эргээд гэр рүүгээ буцаад явж байх замд тэр амьтан таарсан. Дөхөөд яваад очсон чинь хоолойдоо шархтай хар сүүлт байсан. Тэгээд 5-10 минут хажуул нь харж байгаад амьтан зовоогоод юу гэх вэ? гээд алсан. Толгойгоор нь морины цах хийнэ гээд авсан. Махыг нь идэж үзээд болохгүй бол нохойд өгнө гээд авсан. Тэгээд би Н.Ц-н гэрт ирээд Б гэдэг айлд очиж 2 хоноод аймгийн төв рүү буцсан... Мөнгөө бэлдсэн. Дансыг нь мэдэхгүй болохоор хохирлоо төлөөгүй” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Т-н шүүх хуралдаанд өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хэсгийн төлөөлөгч Г.Д-д хууль бусаар ан агнасан гэсэн мэдээлэл ирээд түүний дагуу байгаль хамгаалагч, байцаагч, би, нэг жолооч, хэсгийн төлөөлөгч, олон нийтийн цагдаа бид нар хэрэг газар гарсан буюу хадгалж байсан газар болох Ямаан ус буюу Н.Ц-н гэрт очсон. Бид нарыг очиход ямар ч хүн байгаагүй. Бид нар очоод тэнд байсан зүйлсийг хурааж авсан. Г.Д тэгээд хэргийн ажиллагааг явуулсан. Хэргийн материалтай танилцсан. Нөхөн төлбөр хийх дансны тухайд журмыг нь судлаад үзэхэд сумын дансанд нь орох ёстой юм байна лээ. Хэргийн материалтай танилцахад өөр нэг данс бичигдсэн байсан. Түүнийг би мөрдөгчдөө манай данс бичигдэх ёстой байх гэж хэлээд үлдээсэн. Тийм болохоор дансны асуудал гарсан байж магадгүй. Хохирлоо нөхөн төлөөд гэм буруугаа ухаарч байвал манай зүгээс өөр санал гомдол байхгүй...Хохирлоо Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын торгууль, нөхөн төлбөр хийдэг төрийн сангийн дансанд хийлгэхээр нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн “... Чандмань хайрхан багийн Ямаан-Ус гэх газар нь ертөнцийн зүгээр баруун урагш байдаг юм. Багийн төвөөсөө 15 километр орчим байна... Чандмань хайрхан багийн нутаг Чонын овоо гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газарт орохгүй...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ66-67/,

Гэрч Н.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “... Г манайд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр миний машин Говь-Алтай аймагт засварт байсан юм. Тэгээд миний машиныг засвараас гарахад Г Баян-Уул сумд хүргэж ирсэн юм... Ц-нд Г очиж өвлийн хоол хүнсээ хийсэн ...Г манай гэрт ирээд явахдаа .... маркын буутай ирсэн юм... буу яах гэж авч явснаа надад огт яриагүй... Г 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр замын машинд суугаад ганцаараа явсан гэж Ц надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ99-100/,

Шинжээч Г.О-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би тухайн амьтны нас болон арьсны хэмжээ, анатомын бүтэц, хөл мах зэргээр харьцуулан тогтоосон ...Хар сүүлт зээрийн эм нь эвэргүй, эр нь эвэртэй байдаг. Насны хувьд толгойн ерөнхий хэмжээ, шүдний элэгдэл, эврийн ургацаар тогтоосон 2-3 настай бие гүйцсэн залуу ооно гэж тогтоосон ... Тухайн амьтны хорогдлын анхдагч болон хоёрдогч шалтгаан тодорхой бус, гуравдагч шалтгаан нь хүний гаралтай мэст зүйл ашиглан арьсыг өвчиж авсан, бусад эд эрхтэн дутуу учир магадлал муутай ... хар сүүлт зээрийн махыг хүнсний зориулалтаар бэлтгэсэн байсан тул зэрлэг амьтан эсхүл чононд бариулсан эсэхийг тогтоох боломжгүй юм...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ151-152/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ6-11/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ12-19/, шинжээч Г.Олонбаатарын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/01 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р ХХ112-113/, шинжээч Б.Түвшинбаатарын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 833 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р ХХ129-130/, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтууд зэрэг яллах болон өмгөөлөх талуудын шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тус тус хуульчилсан тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэж, шүүгдэгч Н.Ц, Ш.Г нарыг бүлэглэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирлын хэмжээ болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р ХХ221-222/, Биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Г.Олонбаатарын амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 2021/01 дугаартай үнэлгээ /1-р ХХ112/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох Мустанг-150 загварын мотоциклийг 891000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ний ТХҮ-820/129 дугаартай үнэлгээ /1-р ХХ120-122/, гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би Ц-т мотоциклио бэлэн мөнгөөр худалдсан юм. Одоо бид хоёрын хооронд мөнгө төгрөгийн өрний асуудал байхгүй. Би мотоциклио Ховдоос худалдаж авахдаа бичиг баримтгүй авсан юм. Тэгээд Ц-т бичиг баримтгүй худалдсан...” гэсэн мэдүүлэг/1-р ХХ67-69/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 11 дугаартай тогтоол /ХХ32-33/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл  зэрэг нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Ц, Ш.Г нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, 3 дахь хэсэгт “ Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж заасны дагуу шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Ц-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Мустанг-150 загварын улсын дугааргүй 891000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж, шүүгдэгч Н.Ц-н төлөх гэм хорын хохирлоос хасах хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-т 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Г-д 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг, тусгай зэрэглэлд 2 жил, түүнээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл хаалттай хорих ангиас болон нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлээс хуульд заасан журмын дагуу нээлттэй хорих ангид үргэлжлүүлэн ял эдлүүлэхээр шилжүүлсэн, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хоригдлыг ял эдлүүлнэ” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Н.Ц-т оногдуулсан1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Г-д оногдуулсан  1 жилийн хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлүүдийг ашиглаад ялаас чөлөөлөөд ял оногдуулахгүйгээр тэнсэн, хянан харгалзаж өгнө үү?” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх бөгөөд шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөөгүй,  нөхөн төлөхөө илэрхийлсэн талаар бичгээр гаргасан баримт хэрэгт авагдаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй байна.

Мөн шүүгдэгч нарын гэмт буруутай үйлдлийн улмаас амьтны аймагт 3400000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс үүссэн хор уршиг / ховор амьтан болох эр хүйсийн нэг тооны Хар сүүлт зээрийн амь үрэгдсэн/ бүрэн арилах боломжгүй тул шүүгдэгч нарт хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод нийцэхээр байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Ц, Ш.Г нарын гэм буруутай үйлдлийн улмаас амьтны аймагт 3400000 төгрөгийн хохирол учирсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, Н.Ц-н төлөх гэм хорын хохирол 1700000 төгрөгөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 891000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-150 загварын улсын дугааргүй мотоциклийн үнийг хасаж,  шүүгдэгч Н.Ц-с 809000 төгрөг, Ш.Г-с 1700000 төгрөгийг тус тус гаргуулж төрийн сан банкин дахь 1000500000954 тоот дансанд олгохоор шийдвэрлэлээ.

 Шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, мэргэжлийн байгууллага  нь байгаль орчинд учруулсан хохирлыг энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан аргачлалын дагуу тогтоохоор зохицуулсан байх тул Мэргэжлийн хяналтын газрын төрийн сан банкин дахь 1000500000954 тоот дансанд амьтанд учирсан хохирлыг олгох үндэслэлтэй гэж үзлээ.

            Мөрдөгч тус хэрэгт мэргэжлийн хяналтын газрыг хохирогчоор тогтоож, тус газрын  Байгаль орчны хяналтын улсын байцаагчийг төлөөлөгчөөр оролцуулаагүй, мөн шинжээчээр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын биологийн төрөл зүйл, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнийг шинжээчээр томилсон зэрэг нь Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан дээрх журмыг зөрчсөн зөрчил гаргасан байна.

Хойшид Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа  дээрх үндэслэлүүдийг болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан “Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх” журмыг анхаарах шаардлагатай байгааг тэмдэглэх нь зүйтэй  гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гол төмөр, замаг ********** дугаартай ИЖ-18М маркын Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн Дробинка бууг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, хар сүүлт зээрийн 1 ширхэг толгой, 2 ширхэг гуя, 1 ширхэг арьс, 3 ширхэг хавирга, 1 ширхэг шаант чөмгийг устгаж, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ш.Г-н хөрөнгийг битүүмжлээгүй, гэм хорын хохирол нөхөн төлөгдөөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овгийн Ш-н Г, И овгийн Н-н Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.Ц-г 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Ш.Г-г 1 жилийн хугацаагаар хорих ялаар   тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Г-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц, Ш.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээрийн хэрэгсэл болох шүүгдэгч Н.Ц-н эзэмшлийн Мустанг-150 маркын 891000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклийг хурааж, шүүгдэгч Н.Ц-н төлөх гэм хорын хохирол 1700000 төгрөгөөс хасах хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-с 809000 төгрөг, Ш.Г-с 1700000 төгрөгийг тус тус гаргуулж төрийн сан банкин дахь 1000500000954 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гол төмөр, замаг *********** дугаартай ИЖ-18М маркын Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн Дробинка бууг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, хар сүүлт зээрийн 1 ширхэг толгой, 2 ширхэг гуя, 1 ширхэг арьс, 3 ширхэг хавирга, 1 ширхэг шаант чөмгийг устгасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Ш.Ган-Эрдэний хөрөнгийг битүүмжлээгүй, гэм хорын хохирол нөхөн төлөгдөөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ц, Ш.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.САРАНТУЯА