Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/195

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт Х-д холбогдох эрүүгийн 2121000000187 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны ..... дугаар сарын .....-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, байгаль хамгаалагч, нөхөн сэргээлтийн мэргэжилтэй, “...........” ХХК-д ............. жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ............ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............ овогт Х /РД: ............./.

Шүүгдэгч Х нь 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах EF хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Б-тэй маргалдан улмаар нүүр рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа ойлгож байна” гэв.

Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн орчим EF хүнсний дэлгүүрээс 63,000 төгрөгийн бараа аваад тооцоогоо хийхдээ кассын ажилтанд “Танайх авсан барааг савлаж өгдөггүй юм уу, баахан оочирлоод байна” гэж хэлсэн чинь касс нь манайх ууталж өгдөггүй юм гэж хэлсэн. Тэгтэл хажууд байсан шар үстэй эмэгтэй чи эндээс гар, зайл гэх мэтчилэн над руу дайрсан. Тэгээд би дэлгүүрийн гадаа шар үстэй эмэгтэйтэй байж байтал түгээлтийн хоёр залуу машинаас бууж ирээд чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ гэж арай намхан залууг хэлэхээр нь чамд хамаагүй гэхэд тэр залуу над руу ойртохоор нь би “та нартай зодолдохгүй, маргалдмааргүй байна” гэж хэлэхэд намхан залуу миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэр үед би газар унахад нөгөө жижиг залуу намайг өшиглөсөн. Ингээд миний амнаас цус гараад байхаар нь эмнэлэгт очиж үзүүлэхэд “Эрүү хугарсан байна, Дорнод аймагт эрүү хадахгүй, Улаанбаатар хот руу яв” гэсэн...” гэжээ. /хх-ийн 07-10/

Гэрч М.Одончимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Х танихгүй залуу хоёр гараад нөгөө залуу Х-ыг шууд заамдаж аваад малгайтай цамцнаас нь дараад нүүр хэсэг рүү нь цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгахад ахиад нэг удаа цохиход нь Х ганц удаа цохисон. Тэгээд тэр хоёр зууралдаж байгаад Х нөгөө залууг газарт унагаасан. Тэгэхээр нь очиж болиулсан...” гэжээ. /хх-ийн 17-21/

Гэрч Б.Оргилмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...цагдаагаас утсаар яриад дэлгүүрийн гадаа хүрээд ирэх үү гэхээр нь яваад очсон чинь манай нөхрийн хувцас нь урагдчихсан, амнаас нь цус гарсан, шүлсээ хаяж чадахгүй, эрүү хөндүүр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд эмнэлэг дагуулж яваад үзүүлэхэд эрүүний хугарал байна гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 22-26/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 232 тоот дүгнэлтэд:

1. Б-ийн биед эрүүний ооч хэсэг болон зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 28-29/

Х мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул EF хүнсний дэлгүүрт ачаа буулгахаар очсон. Бараагаа аваад дэлгүүрт ороход саравчтай малгайтай үл таних залуу манай касс Алтанзагасыг цохих гэж байсан. Тэгэхээр нь би “болиоч, эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би машин дээрээс дахин бараа авах гээд гарсан чинь нөгөө залуу араас гарч ирээд хэрүүл хийгээд намайг өдөөд байсан. Тэгээд “чам шиг гаруудыг бол зөндөө зодоод мөнгийг нь өгөөд явж байсан, чамайг ална шүү” гэх мэтчилэн доромжилж байгаад намайг барьж аваад малгайтай цамцнаас доош нь дараад нүүр хэсэг рүү цохиж эхэлсэн. Тэгээд би салгах гэсэн боловч салахгүй байхаар нь салгах гэж оролдож байхдаа дэгээдээд газар унагаасан...” гэжээ. /хх-ийн 48-52/

Хохиролтой холбоотой баримт /хх-ийн 33-34/

Эмнэлгээс өвчтөн илгээх 13Б маягт, эмчийн тэмдэглэл /хх-ийн 35, 36, 39-41/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37-38/

Бийн хохирол төлбөртэй холбоотой гаргасан хүсэлт /хх-ийн 61/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-56/

Х-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-16/

Х-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 42/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас шинээр гаргаж өгсөн Х-ын ам бүлийн тодорхойлолт, “.........” ХХК-д ажилладаг талаарх тодорхойлолт /2 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд сидид бичсэн камерын бичлэгийг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Х-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

   Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ...... овогт Х нь 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах EF хүнсний дэлгүүрийн гадна хохирогч Б-тэй маргалдан зодолдож, түүний биед эрүүний ооч хэсэг болон зүүн сэртэнгийн зөрөөтэй хугарал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч Х-ын “...бараагаа авах гээд гарсан чинь нөгөө залуу араас гарч ирээд хэрүүл хийгээд намайг доромжлоод миний малгайтай цамцнаас дараад нүүр хэсэг рүү цохихоор нь би салгах гэсэн боловч салахгүй байхаар нь дэгээдээд газар унагаасан” гэх, хохирогч  Б-ийн “...тэр намхан залуу миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэр үед би газарт унахад тэр залуу намайг өшиглөсөн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч М.Одончимэгийн “...би дундуур нь ороод тэр хоёрыг салгахад танихгүй залуу нэг удаа цохиход Х ганц удаа цохисон. Тэгээд тэр хоёр зууралдаж байгаад Х нөгөө залууг газарт дэгээдээд унагаасан...” гэх, гэрч Б.Оргилмаагийн “...би дэлгүүр рүү яваад очиход нөхрийн хувцас нь урагдчихсан, амнаас нь цус гарсан, шүлсээ хаяж чадахгүй эрүү нь хөндүүр байна гээд байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 232 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмнэлгээс өвчтөн илгээх 13Б маягт, эмчийн тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Х нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Х-ын үйлдлийн улмаас хохирогч Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 232 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Х-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг гарахад хохирогч Б-ийн зүй бус харилцаа нөлөөлсөн байхаас гадна шүүгдэгч Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, тодорхой эрхэлсэн ажилтай, тогтмол орлоготой зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэс заслын төлбөр 3,008,241 төгрөг, эм тарианы зардал 77,000 төгрөг, шинжилгээний төлбөр 60,000 төгрөг, замын зардал 225,000 төгрөг нийт 3,370,000 төгрөгийг нэхэмжилж холбогдох баримтыг гаргаж өгчээ. Иймд хохирогч Б нь эмчилгээ болон замын зардалд 3,370,000 төгрөгийг зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эмчийн тэмдэглэл /хх-ийн 35, 39-41/, эмнэлгээс өвчтөн илгээх 13Б маягт /хх-ийн 36/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 37-38/, төлбөрийн баримт /хх-ийн 33-34/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх төлбөрийг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Хаас эмчилгээ болон замын зардалд 3,370,000 төгрөгийг гаргуулж хохирогч Бд олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт Х-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 3,370,000 /гурван сая гурван зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, ........... тоотод оршин суух, Б /РД: ............/-д олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 /нэг/ ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА