| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00278/И |
| Дугаар | 427 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 427
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,11 дүгээр хороо, 7 хэсгийн 72 дугаар байрны 3 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, РД:ЧЖ58042470, Шаазгана овогт Цэрэлийн Мэндбаярын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 11-16 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эрэгтэй, РД:ОО77040610, Мээрэнгүүд овогт Жамбалын Лхагважавд холбогдох,
Зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөг, хүү 2.321.800 төгрөг, алданги 3.048.000 төгрөг, ашиг 11.831.847 төгрөг, нийт 23.201.647 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нутгийн лам хүү Ж.Лхагважавтай анх шашны сургуульд сурч байхад нь танилцсан, их л эвдрээгүй сайн хүүхэд байсан. Бид олон жил хуурай ах дүүс байсан юм. 2016 оны зун би гэр бүлээрээ нутагтаа Увс аймагт очиж амарсан. Тэгэхэд Ж.Лхагважав биднийг Хандгайтын боомтоор гаргаж Тува үзүүлсэн ба дараа нь гэртээ их л найрсаг хүлээн авах үедээ цаа бугын гутлын наймаа хийдэг талаараа ярьж байсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр надтай Ж.Лхагважав утсаар яриад “Увсаас ирээд нилээн хэд хонолоо” гэсээр манай гэрт орой нь ирсэн. Манайд ирээд юм ярьж байхдаа “Би нөгөө цааны гутлын наймаагаа хийх гээд надад 7.000.000 төгрөг бэлэн байна, би хүнээс 10.000.000 төгрөг хүүтэй зээлэх гэж байна, Увсад гутал авах гэсэн хүмүүс нь бэлэн, надад захиалга өгөөд байгаа, одоо очиход цааны арьсан гутал шууд л борлоно” гээд намайг “Мөнгө зээлж чадах уу, уул нь зуун гутал авчихвал маш богино хугацаанд эргэнэ” гэж хэлсэн. Би “Ингэхэд хир зэрэг баталгаатай юм бэ?” гэхэд Ж.Лхагважав “Хамгийн гол нь хүмүүст лизенгээр зарах учир хүмүүс зовлонгүй авдаг юмаа, би танд Билэг их дэлгүүрт яаж гутал зарагдаж байгааг үзүүлье” гэсэн. Маргааш нь Ж.Лхагважавтай хамт эхнэр Болорыг дагуулан гурвуулаа “Билэг” их дэлгүүр дээр очиход үнэхээр цаа бугын гутлын тасаг хүн шаваастай байсан. Гэтэл Ж.Лхагважав “Манай Увс монголын хамгийн хүйтэн цэг, бүгд л “Унти” (цаа бугын гутал) өмсөнө шүү дээ” гэж хэлээд тэдний рекламны зургийг “Дараад өг” гэхэд би зургийг нь дараад сүүлд нь fасеЬоок-ээр явуулсан. Энэ бүгдээс надад Ж.Лхагважавтай хамтарч ажиллаж болох итгэл үнэмшил төрсөн. Орой нь дахиад манайд хонож байхдаа “Миний хүнээс авах 10.000.000 төгрөг жоохон ашиг муутай юм аа, тиймээс нэг мөсөн таниас зээлвэл ямар вэ?, мөн миний 7.000.000 төгрөг бас бүтэхгүй боллоо, учир нь би байр худалдан авч байгаа юм, эхнэр сая утасдаад байрны мөнгө нэхэгдээд байна гэсэн, тэгэхээр нэг мөр танаас л зээлчихье” гэсэн. Маргааш нь тооцоо хийгээд 40.000.000 төгрөгийн зээл авахаар тохирч бид хоёр Хан-Уул дүүргийн Капитал банк дээр хамт очоод миний хадгаламжийг барьцаалан 40.000.000 төгрөг авахаар гэрээ хийж эхэлтэл гэнэт Ж.Лхагважав “Мэндээ ах нэгэнт ингэсэн юм чинь 50.000.000 төгрөг зээлчихье” гэхэд би тулгамдаад яагаад гэхэд тэр “Зүгээр зүгээр болно” гэсэн. Ингээд би зээлээ 50.000.000 төгрөг болгон зээлж Ж.Лхагважав бид 2 зээлийн гэрээгээ Хан-Уул дүүргийн нотариат дээр байгуулсан. Бид Буриадаас гутлаа авч ирсний дараа ашиг орлогоо тооцож дараахь хавсралтыг гаргаж ашгийг тооцож үзсэн. Энэ тооцоог хоёулаа хамт хийж зөвшилцөөд нэг хувийг буулгаж аваад явсан. Ж.Лхагважав төлбөрөө 2017.01.06-ны өдөр хийж эхэлсэн ба хамгийн сүүлд 2017.03.28-ний өдөр хийж нийт 44.000.000 төгрөг төлсөн. Сүүлийн тооцоо хийснээс хойш Ж.Лхагважав олон удаа утсаа салгаад 7-10 хоног алга болдог байсан ба маш их гуйлгаж төлбөр хийдэг байсан. Өнгөрсөн 12 дугаар сард гэхэд л Ж.Лхагважав “Одоо борлосон мөнгөөрөө Буриад руу дахиад нэг эргээд гутал авч ирнэ” гэж байсан. Тэр үед мөн л гэнэт утас нь салаад алга болсон. Үүнээс үзэхэд тэр Буриад болон Тува хоёрт олон эргэж наймаа хийсэн гэж бодож байна. 3 дугаар сард нэг ярихдаа “Мэндээ ахаа нийт 80.000.000 төгрөг л болох юм байна” гэж байсан. Хамгийн сүүлд 4 дүгээр сарын эхээр нэг ярихдаа “Би сая Тува яваад ирлээ, лизенгээр 3.000.000 орсон байна, бас дахиад 1-2 сая орж ирнэ, тэгээд би таньруу шилжүүлнэ” гэсэн. Тэгээд л дахиад утсаа авахаа больсон. Миний бие Ж.Лхагважаваас болж Капитал банкнаас хадгаламж барьцаалж зээл авч зээлийн хүү төлж байгаа юм. Одоо үндсэн төлбөрөөс 11.249.800 төгрөгийг одоо болтол төлж өгөхгүй, утсаа авахгүй зугатах боллоо. Иймд миний зээлсэн мөнгөний үлдэгдэл 6.000.000 төгрөг, түүний хүү 2.321.800 төгрөг, алданги 3.048.000 төгрөг, ашиг 11.831.847 төгрөг, нийт 23.201.647 төгрөгийг Ж.Лхагважаваас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Ж.Лхагважав нар 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрийн гэрээндээ: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Ж.Лхагважав бид зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон ашиг нийт 23.201.647 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас харилцан тохиролцож, хамтарч наймаа хийсний ашиг 10.000.000 төгрөг, зээл, хүүгийн төлбөрт 10.619.800 төгрөг, нийт 20.619.800 төгрөгийг хариуцагч Ж.Лхагважав нь нэхэмжлэгч Ц.Мэндбаярт төлж барагдуулахаар, үлдэх 2.581.847 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Мэндбаяр гаргуулахаас татгалзаж эвлэрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мэндбаяр нь хариуцагч Ж.Лхагважаваас зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөг, хүү 2.321.800 төгрөг, алданги 3.048.000 төгрөг, ашиг 11.831.847 төгрөг, нийт 23.201.647 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Ж.Лхагважав нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ц.Мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагаас 20.619.800 төгрөгийг хариуцагч Ж.Лхагважав төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Ц.Мэндбаяр нь үлдэх хэсэг болох 2.581.847 төгрөгийг гаргуулахаас татгалзаж тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Ж.Лхагважав нарын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Иймд зохигчдын эвлэрийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 273.958 төгрөг төлсөн ба зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас зохигчдын эвлэрсэн хэмжээ буюу 20.619.800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 261.049 төгрөгний тал хувь 130.525 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 143.433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Лхагважаваас 130.525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мэндбаярт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Ж.Лхагважав нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Ц.Мэндбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 23.201.647 төгрөгөөс 2.581.847 төгрөгийг нь авахгүй байхаар тохирч, 20.619.800 төгрөгийг нь хариуцагч Ж.Лхагважав төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар Төрийн сан /150000941 тоот данс/-аас 130.525 төгрөг, хариуцагч Ж.Лхагважаваас 130.525 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Мэндбаярт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Лхагважав нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР