| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2021/0190/э |
| Дугаар | 2021/ШЦТ/196 |
| Огноо | 2021-06-23 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/196
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт О-д холбогдох эрүүгийн 2121000000148 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр баг, “............” гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ...... овогт О /РД: ............/.
Шүүгдэгч О нь Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр баг, “..........” гэх газарт 2020 оны 01 дүгээр сарын орчимд иргэн А-ын эзэмшлийн 35 тооны алдуул хонь, ямаанаас 10 ямааг завшиж, бусдад 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 сарын эхээр шиг санагдаж байна. Өөрийн мал дээрээ очоод хонио тоо ёсоор нь тулья гэж бодоод тоолсон чинь 35 тооны хонь, ямаа дутсан. Ингээд тухайн үед хонь харж байсан Амарсанаатай уулзахад “О 2 хоногийн өмнө Батчулуунтай архи ууж байсан. Тэгээд унтаад явахгүй шөнө 3 цагт гэр рүүгээ явлаа гээд явсан. Амарсанаа маргааш өглөө нь хонио бэлчээрт гаргахад хонины хашааны амыг уясан уяа нь өөр болсон байсан” гэж хэлсэн. ...Ингээд би О-гийн гэр рүү очсон чинь гэртээ байхгүй, эгч Нарантогосын гэрт очиход байж байсан ба өөрийн машиндаа суулгаад “Батчулуунтай архи уугаад орой нь хонь авсан байна, манай хонь дутсан байна ахдаа гаргаад өг” гэж хэлсэн. Тэгэхэд О “би аваагүй” гэж байгаад 1 цаг орчмийн дараа “би авсан” гэж хэлээд “10 тооны ямааг махлаад явуулсан. Ишиг төлөг хурганууд эгч Нарантогосын хашаанд байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн хурга, ишгээ ялгаж аваад том дутуу байсныг нь Нарантогосын малаас тоо ёсоор нь хүлээж авсан. Учир нь О “манай эгч хүний ямаа махалсан гэвэл уурлана, та манай эгч Нарантогост намайг мөнгө зээлсэн гээд хэлчих” гэхээр нь би зөвшөөрөөд эгч Нарантогост “О надаас мөнгө зээлсэн, одоо авна” гэж хэлээд малаа тоо ёсоор нь ачаад авч явсан. ...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрийн малаа буцаагаад тоо ёсоор нь бүрэн бүтэн хүлээж авсан...” гэжээ. /хх-ийн 8-11/
Гэрч Т.Амарсанаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын эхээр шиг санаж байна /яг он сарыг санахгүй байна/ шөнө гэртээ эхнэр Бурмаа, хадам ээж Нэргүй нарын хамт унтаж байсан чинь 04 цагийн орчимд А ахын адууг хардаг Батчулуун ахын эхнэр Алимаа “О согтуу байж гэр рүүгээ явна гээд байна. Нууранд унахвий дээ” гэж орилсон. Тэгэхээр нь би сэрээд харсан чинь О харагдахгүй байхаар нь гэртээ ороод унтаад өгсөн /гадаа их харанхуй байсан/. Маргааш өглөө нь сэрээд хонио бэлчээрт гаргаад нөгөөдөр нь А ах аймгийн төвөөс ирээд хонио тоолоод “30 гаруй тооны хонь, ямаа дутсан байна” гэсэн. Тэгэхээр нь би А ахад “2 хоногийн өмнө О, Батчулуун ахтай хамт архи ууж байгаад шөнө гэртээ харьсан” гэж хэлсэн. ...Би хонийг гэрээс зүүн урд зүгт гаргаж бэлчээгээд өдөр жоохон дагаж явж байгаад гэр рүүгээ харихаар оройдоо өөрсдөө ирдэг юм. Хонь, ямааг бол өдөр болгон тоолно гэж байхгүй, сардаа 1 удаа тоолдог ба оройдоо тоололгүй шууд хашдаг...” гэжээ. /хх-ийн 99-101/
Гэрч Ш.Батчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна. Гэртээ байж байсан чинь орой 21 цагийн орчим саахалт айлын залуу О манай гэрт 2 ширхэг 0,75 литрийн архитай өөрөө нэлээн уусан орж ирсэн. Ингээд О бид 2 архиа ууж байгаад нэг мэдсэн чинь би унтаад өгсөн байсан. Өглөө сэрээд адуундаа яваад оройхон ирэхэд “хонь дутсан байна” гэж ярьж байсан. Энэ үед малын эзэн А аймгаас ирж таараад өөрийн хонио тоолсон юм байна лээ. О манай гэрт ирээд маргааш нь явахад хонины хашаанаас тууж гарсан малын мөр байгаагүй. Манай хонь бол гэрээ тойроод хаашаа ч хамаагүй бэлчдэг байсан. О-гийн гэр 2-3 км орчим зайтай байдаг. Хааяа хааяа бол хонь мал нийлж, тасарч явах тохиолдол гардаг л юм. Хонийг бол сард 1 удаа тоолдог. О-г манай гэрт ирдэг орой хонийг тоолж хашаагүй. Харин маргааш нь аймгийн төвөөс А өөрөө ирж таараад хонио тоолоход дутсан юм байна лээ. Орой Амарсанаа уяаг нь уяад хашсан гэж байсан. Тэрнээс биш хонь дутсан талаар мэдээгүй байсан...” гэжээ. /хх-ийн 104-105/
Гэрч Б.Алимаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 сарын дундуур шиг санаж байна. Гэртээ байж байсан чинь саахалт айлын залуу О 2 шил 0,75 граммын архитай орж ирээд хувааж уусан. Манай нөхөр нилээн ууж байгаад согтоод унтаад өгсөн ба О бас нилээн согтсон байсан. Ингээд О орой “гэр рүүгээ явж унтана” гээд манайхаас гарч явахаар нь би унтсан. Маргааш өдөр нь А аймгийн төвөөс ирээд хонио тоолоход “дутсан байна, ойр орчмоор хэн явсан бэ” гэж асуухаар нь би “О манайд урьд шөнө ирээд архи ууж байгаад шөнө явсан” гэж хэлсэн. О их согтуу, манай гэрээс үүр цайгаагүй байхад гарсан. Манай гэрийн гадаа мотоциклоо үлдээгээд явсан. Миний бодлоор шөнө хонь тууж явах боломжгүй. Учир нь шөнө хонь, ямаанууд хэдэн тийш тараад алга болдог юм. Тэгээд ч О их согтуу хонь мал тууж явах чадваргүй байсан гэж бодож байна. О манай гэрт ирдэг орой хонио тоолоогүй. Амарсанаа шууд хашсан байх. Учир нь хонь, ямаагаа сард нэг л удаа тоолдог юм. Маргааш нь бол хонь, ямаа тууж явсан мөр байгаагүй шиг санагдаж байна. Манайх бол О-гийнхтай их олон жилийн өмнөөс айл саахалт болон амьдарч байгаа. Өмнө нь огт хонь мал дутаж байгаагүй...” гэжээ. /хх-ийн 108-109/
Гэрч С.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 онд дөнгөж шинэ жил өнгөрөөд байсан шиг санаж байна. Би Чойбалсан сумын “Хөх нуур”-ын айл орчмоос хүнээс адуу авахаар явж байсан чинь О хонио хариулж байгаад тааралдаад ирж уулзаад “хэдэн ямаа худалдаж авахгүй биз дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “худалдаж авъя” гэхэд “за би янзалж байя” гэж хэлээд гэртээ үлдсэн. Ингээд би адуугаа айлаас аваад буцаад О-гийн гэрт нь очиход 7 ямаа ажилласан, 3-ыг нь махалж амжаагүй байсан. Ингээд нийлүүлээд 750.000 төгрөгөөр худалдаж аваад явсан...” гэжээ. /хх-ийн 45-48/
О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...манайхаас баруун урагш 500 м орчим зайд манай бэлчиж байсан хонины цаад талд 20 гаруй тооны хонь, ямаа байсан. Дандаа бага голдуу ишиг, хургатай хонь, ямаа байсан. Тэгээд би манай хоньтой нийлчихэж магадгүй гэж бодоод өөрийнхөө хонийг нааш нь туугаад гэртээ ирээд орой нь хонио хотлуулж байхдаа 10 том ямаа нь нийлчихсэн байсныг мэдсэн. Нөгөө 20 гаруй хонь, ямаа нь тасраад цааш явсан. Би тухайн үед хэний хонь, ямаа гэдгийг нь мэдээгүй. Маргааш өдөр нь Амбуук гээд бүтэн нэрийг нь мэдэхгүй, манайхаас урагш байдаг залуу хэдэн хонь, ямаа асуухаар нь “тасраад явж байхаар нь манай эгч тууж ирээд хашаад байж байна” гэж хэлсэн. Тухайн үед би өөрийнхөө хонинд нийлсэн 10 ямааг хэлэлгүй байж байгаад 7-8 хоногийн дараа Чулуунхороот суманд мал, мах худалдан авдаг Цэцэгмаа гэд ченжид 10 ямааны махыг нь 750.000 төгрөгөөр зарсан...” /хх-ийн 84-86/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/
Гэрч Б.Хуучинтогосын мэдүүлэг /хх-ийн 13-14/
Гэрч Б.Нарантогосын мэдүүлэг /хх-ийн 34-35/
О-гийн 2020 оны малын А дансны тооллого /хх-ийн 54-55/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 57/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ..... овогт О нь 2020 оны 01 дүгээр сарын орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр баг, “..........” гэх газарт хохирогч А-ын эзэмшлийн 35 тооны алдуул хонь, ямаанаас 10 ямааг завшиж, бусдад 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...орой нь хонио хотлуулж байхдаа 10 том ямаа нь нийлчихсэн байсныг мэдсэн. Нөгөө 20 гаруй хонь, ямаа нь тасраад цааш явсан. ...өөрийнхөө хонинд нийлсэн 10 ямааг хэлэлгүй байж байгаад 7-8 хоногийн дараа Чулуунхороот суманд мал, мах худалдан авдаг Цэцэгмаа гэд ченжид 10 ямааны махыг нь 750.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч А-ын “...О “10 тооны ямааг махлаад явуулсан. Ишиг төлөг хурганууд эгч Нарантогосын хашаанд байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийн хурга, ишгээ ялгаж аваад том дутуу байсныг нь Нарантогосын малаас тоо ёсоор нь хүлээж авсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Амарсанаа, Ш.Батчулуун, Б.Алимаа, С.Цэцэгмаа, Б.Хуучинтогос, Б.Нарантогос нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч О-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О-г алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч О-гийн анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирогч А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Өөрийн малаа буцаагаад тоо ёсоор нь бүрэн бүтэн хүлээж авсан” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ..... овогт О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-д 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О-д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Од мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ............ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА