| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0079/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/117 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0079/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийн нарийн бичгийн дарга Д.Болортуяагаар хөтлүүлж,
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн Дын Эд холбогдох 2039003670258 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металлурги инженер мэргэжилтэй, Ачит ихт ХХК-д технологийн мастер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг баг 11-р хороолол 17Б-14 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 71А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулиар 3 жилийн хорих ялыг өршөөн хассан, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 237 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, О овгийн Дын Э /рд: ФМ83070913/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Э нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, “Хөлийн бүрд” гэх газарт 00-02 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч М.Цын эрүүл мэндэд хүнд, Ц.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Шүүгдэгч Д.Э нь “гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байгаа, гэр бүл найз нөхдийн харилцаатай хүмүүс гэмтсэн, ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ц.Оын өгсөн:...Би 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баян-Адарга сумаас Хэнтий аймаг руу 3 машинтай найзууд хамт хөдөлсөн. Б бид хоёр тухайн үед найз Бгийн машинд сууж явсан. Тэгээд Бэрх тосгоноос хойш 20 километрт жолооч Б нь хөдөө байдаг найзынх руугаа явахаар болоод Б бид хоёр Эын жолоодож явсан саарал өнгийн Ланд-200 маркийн 00-02 СБА дугаартай машинд нь зорчиж явахаар болсон. Тэгээд Б бид хоёр хойд талын суудал дээр суугаад харин урд зорчих хэсгийн зорчигчийн суудал дээр Эын эхнэр Ц болон охин Г нар зорчиж явсан. Хэнтий аймгаас зүүн хойд хэсэгт аймгийн төв ороход 30 орчим километр зайтай шороон замаар явж байхад Э нь замдаа таарсан шалбаагийг тойрч гарах гэж байгаад осолдсон. Тухайн үедээ 3 удаа машинтайгаа хөрвөөх шиг болсон...Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...70-80 километр цагийн хурдтай явж байсан. Осол болох үед машин 3 удаа хөрвөөсөн тэгэх үед гэмтсэн байх, би сайн санахгүй байна. Ослоос өмнө миний өвчүү зүгээр байсан...надад гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/
Хохирогч М. Цын өгсөн:... Нөхөр Э, Э. Б, Э.Г 2 хүүхэд, найз Х, А тэдний 3 хүүхэд, Б бид хэд Орхон аймгаас 2020 оны 8 сарын 02-ны өдөр 2 тээврийн хэрэгсэлтэй Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаар аялах зорилгоор гарсан. Орхон аймгаас гарахдаа 00-02 СБА улсын дугаартай Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэлд нөхөр Э 2 хүүхдийн хамт бид 4 суун явж байсан...Намайг харахад шороон замаар явж байгаад том хэмжээний тогтоол ус байхаар нь манай нөхөр тогтоол усыг тойрч гарах гэж байтал машин жолоочийн тал руу хазайгаад 2 дугуйн дээрээ хажуулдаж босож ирсэн. Тэгээр миний оюун санаа балартаж ухаан алдаад би юу болсоныг мэдэхгүй байгаа. Би ухаан ороод сэрэхэд газар 2 гараараа тулан, 2 хөлөөрөө өвдөглөсөн байдалтай байхад 00-02 СБА улсын дугаартай машин миний баруун талд 3-5 метрийн зайд байсан. Охин Г машины цаана уйлаад байх шиг болохоор охиноо дуудтал нөхөр машины баруун талын цонхоор гарч ирэн охиноо аваад байж байтал ард хамт явж байсан машин гүйцэж ирсэн...Шороон зам болохоор энд тэндгүй тогтоол ус их байсан...миний зүгээс гаргах гомдол санал хүсэлт байхгүй... гэж мэдүүлсэн /хх-ийн 25 хуу/
Иргэний нэхэмжлэгч Д.Өын өгсөн:...Манай ах Д.Э нь 2020 оны 8 сарын эхээр гэр бүлийн найзуудтайгаа аялаж зугаалаад ирье гээд минйи 00-02 дугаартай ланд 200 маркийн саарал өнгийн машиныг гуйгаад аваад явсан. Тэгээд 2020 оны 8 сарын 14-ний өдөр Хэнтий аймгаас ирж явахдаа осолд орчихсон гээд гэмтлийн эмнэлэгт эхнэртэйгээ хэвтсэн гэдгийг нь л мэдэж байна. Миний машин мөнгөлөг өнгийн landcriuser маркийн 00-02 гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Би 2018 онд 59 сая төгрөгөөр авч байсан...Би өөрийн төрсөн ах Д.Эаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, гомдол санал хүсэлгүй...гэж мэдүүлсэн хх-ийн /28 хуу/
Гэрч Т.Хгийн өгсөн:...Би өөрийнхөө машинтай Эын унаад явж байсан саарал өнгийн ланд 200 маркийн 00-02 СБА гэсэн улсын дугаартай машин ардаас нь 60 метр орчим зайд дагаад явж байсан. Тэгээд Хэнтий аймгийн төв ороход 30 км орчим дутуу байхад манай машины урд явж байсан Эын унаж байсан ланд 200 маркийн 00-02 СБА гэсэн улсын дугаартай машины баруун хойд талын дугуй буудаад багаажны доор байрлаж байсан запаас дугуйндаа цохигдох шиг болоод урд хамар дээрээ босоод ирсэн. Тэгээд 2-3 удаа хөрвөөсөн. Эын эхнэр Ц сугараад уначихсан. Харин охин Г нь агаар дээр шидэгдээд гараад ирсэн. Тэгээд машин нь зүүн гар талаараа хажуу тийш харсан байдалтай унасан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуу/
Гэрч М.Бгийн өгсөн:.. Тэгээд шороон замаар явж байхад урд нь шалбааг ус тогтсон байсныг жолооч Э тойрох гэж байгаад осолдсон. Тэгээд осолдохдоо саарал өнгийн ланд 200 маркийн 00-02 СБА гэсэн улсын дугаартай машин 2-3 удаа хөрвөөгөөд жолооч буюу зүүн гар талаар хажуу тийш харсан байдалтай унасан байсан. Би яг осол болох үед шоконд орсон. Тухайн машиныг Э жолоодож явсан. Охин Гг Ц нь өвөр дээрээ авсан байдалтай урд талын жолоочийн хажуу талын суудал дээр зорчиж явсан. О бид 2 хойд талын суудал дээр сууж явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-37хуу/
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 673 дугаартай дүгнэлт
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 458 дугаартай дүгнэлт
1.М.Бгийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 46 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 477 дугаартай дүгнэлт:
1. Ц.Оын биед өвчүүний дээд хэсэгт хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл ба зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт/хх-ийн 51-53 хуу/
Шүүхийн. шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 10018 дугаартай дүгнэлт:
1. М.Цын биед нугас дарагдал, сээрний 12-р нугалам, бүсэлхий 1-5-р нугалмын хугарал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун 6,7,8,9-р зүүн 5,6,7-р хавирганы зөрүүгүй хугарал, нуруу, баруун өвдөгт шарх, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-т болон 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 58-60 хуу/,
Мөрдөгчийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн магадлагаа....00-02 СБА улсын дугаартай саарал өнгийн Ланд 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлгөөнд оролцсон О овогт Дын Э /ФМ83070913/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтыг зорчсон, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Д.Э нь Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн бүртгэл хайлт лавлагаагаар жолоочийн 367049 дугаарын В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй /хүчинтэй/ байна. /хх-ийн 78-79 хуу/
Яллагдагч Д.Эын өгсөн:..Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 91 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд, хэргийн газрын бүдүүвч зураг /хх-ийн 5-10 хуу/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад амьсгалд спиртын агууламж илрээгүй тухай тэмдэглэл /хх-ийн 12 хуу/
0002 сба улсын дугаартай Ланд-200 маркийн автомашины эвдрэлийн үнэлгээг 19.850.000 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 6230 дугаартай дүгнэлт / хх-ийн 64-65 хуу/
0002 сба улсын дугаартай Ланд-200 маркийн автомашин нь Дын Өын нэр дээр бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 95 хуу/
Д.Эын жолоочийн лавлагаа /хх-ийн 92 хуу/
Д.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 93 хуу/
Д.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 98 хуу/
Шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 101-110 хуу/
Эын Ггийн /2017 онд төрсөн/ төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 115 хуу/
Оролцогч нарт хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 117-119 хуу/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Э нь 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, “Хөлийн бүрд” гэх газарт 00-02 СБА улсын дугаартай land cruiser 200 маркийн автомашин жолоодож явахдаа онхолдож хохирогч М.Цын биед нугас дарагдал, сээрний 12-р нугалам, бүсэлхий 1-5-р нугалмын хугарал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун 6,7,8,9-р зүүн 5,6,7-р хавирганы зөрүүгүй хугарал, нуруу, баруун өвдөгт шарх, зүүн өвдөгт зулгаралт бүхий гэмтэл, хохирогч Ц.Оын биед өвчүүний дээд хэсэгт хөндлөн хугарал бүхий гэмтэл тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Тухайн үед 0002 СБА улсын дугаартай land cruiser 200 маркийн автомашиныг Д.Э нь жолоодож байсан болох нь шүүгдэгч Д.Э болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Д.Э нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Д.Э нь замын ховилд тогтсон усыг тойрон гарах үйлдэл хийж байх үедээ онхолдсон болох нь хохирогч М.Цын өгсөн “намайг харахад шороон замаар явж байгаад том хэмжээний тогтоол ус байхаар нь манай нөхөр тогтоол усыг тойрч гарах гэж байтал машин жолоочийн тал руу хазайгаад 2 дугуйн дээрээ хажуулдаж босож ирсэн” гэх мэдүүлэг, гэрч М.Бгийн өгсөн “тэгээд шороон замаар явж байхад урд нь шалбааг ус тогтсон байсныг жолооч Э тойрох гэж байгаад осолдсон” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд ... шороон замын зүүн ховил хонхор хэсэгт урдаас хойш чиглэлд сунаж тогтсон усны баруун талд 50 см орчим зайд тээврийн хэрэгслийн баруун гар талын дугуй хэсгийн мөр замын гол овгор хэсэгт хойноос урагш чиглэлтэй үүссэн...гэж тусгасан болон ослын газрын бүдүүвч зураг /хх-ийн 8-10 хуу/ хэргийн газрын үзлэгийн явцад авсан 11, 12, 13, 14, 15-18 дугаар гэрэл зургуудаар /хх-ийн 9-10 хуу/ нотлогдож байна гэж үзлээ.
Уг зам тээврийн осол нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөний улмаас гарсан талаар мөрдөгчийн магадлагаанд тусгагдсан байх бөгөөд энэ нь ослын шалтгааныг бодитой тогтоосон, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар батлагдаж байна гэж дүгнэв.
Зам тээврийн ослын улмаас хохирогч М.Цын эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл, хохирогч Ц.Оын эрүүл мэндэд эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэснийг болон уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэснийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч Д.Э нь зам тээврийн осол гаргаж хохирогч Ц.Оын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч М.Цын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Ц.О, М.Ц нар нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүгдэгч нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал буюу эхнэр М.Ц нь ослын улмаас хүнд гэмтсэн, мөн бага насны хүүхдийн хамт амьдардаг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1жил 6 сарын хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул мөн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Эд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Дын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3 . Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Эд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хязгаарлалт зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Д.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ