Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 15

 

Я.Б-ад холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

226/2018/0014

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам,

Прокурор: Я.С,

Хохирогч: Б.Ц,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Б,

Шүүгдэгч: Я.Б- нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч  Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Я.Б-ад холбогдох эрүүгийн 1839000000081 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймагт 1985 онд төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 11-19 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гаьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн гэх Халбин овогт Я.Б /РД: СЙ85050211/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Халбин овогт Я.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Я.Б-ад 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ад холбогдуулан Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гарсан 62 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, тухайн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан Я.Б-ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолын дагуу оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 02 /хоёр/ жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-ад Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02/ хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Я.Б- нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хамтран амьдрагч Б.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцэж 62 дугаартай шийтгэх тогтоолоо улсын яллагчид 4 дүгээр сарын 23-ны өдөр гардуулж өгсөн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн хугацаа өнгөрөөгүй буюу давж заалдах, эсэргүүцэл бичих хугацаа дуусаагүй, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй  байхад шүүгдэгчийн сүүлд үйлдсэн хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Я.С нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Я.Б-ад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлээр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Я.Б- нь  согтуугаар 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэнгийн 11-19 тоотод хамтран амьдрагч Б.Цогжаргалыг зодож зүүн гарын шуу хэсэгт төмрөөр цохиж зүүн шуу ясны далд хугарал, дагзны хуйханд шарх, баруун хацар, баруун дунд, ядам, чигчий хуруунд зулгаралт, 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          Хохирогч Б.Ц-ын мөрдөн байцаалтын явцад өгсөн: 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр намайг гэртээ байхад согтуу ирж ямар нэг шалтгаангүй миний дал, нуруун дээр цохихоор нь миний уур хүрээд Баярбатыг хэл амаар доромжилсон нь үнэн.  Баярбат миний толгой, нүүр рүү цохиж урт хар хүрэн өнгийн төмрөөр урьд хугарсан гар руу цохьсон. Тэгээд би айгаад гэрээсээ гарч явахдаа гэрт байсан чулуунд тээглэж унаад толгойныхоо ар хэсгийг хагалсан. 2 нүд хөхөрч, хөл гар маань хөх няц болж толгойны ар хэсэг маань унахдаа хагарч эмч 1 оёдол тавьсан...” /хавтаст хэргийн 13-14  дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 152 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэргийн 20  дугаар хуудас/

            Шүүгдэгч Я.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Цогжаргал намайг гэрээсээ хөөж туугаад хэл амаар доромжлоод байдаг юм. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

            Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр  Я.Б-ын  үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн  байна.

            Хэнтий аймаг дахь сум дундын шүүх  2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Я.Б-ад Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссэн  бөгөөд тэнссэн хугацаанд шүүгдэгч  санаатай гэмт хэрэг үйлдсэн учраас шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулан ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэхдээ  оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн хугацаа өнгөрөөгүй буюу давж заалдах, эсэргүүцэл бичих хугацаа дуусаагүй, анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад шүүгдэгчийн сүүлд үйлдсэн хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

          

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Я.Б- нь шийтгэх тогтоол гарснаас хойш 51 /тавин нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

3. Шүүгдэгч Я.Б-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

4. Тус шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.СҮХГОМБО

                                 ШҮҮГЧ                                                Я.АЛТАННАВЧ

   Б.ДЭНСМАА