Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 09

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Гомдол гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У дүгнэлттэй,

Хариуцагч: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч С.М-т холбогдох,

           Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.М-ын 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0172893 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч прокурор П.У, хариуцагч хяналтын улсын байцаагч С.М, гуравдагч этгээдээр зөрчилд холбогдогч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч С.М зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан Улаангом сумын 3 дугаар багийн иргэн Б.Л “Улаангом сумын 3 дугаар багийн нутагт нийтийн эзэмшлийн талбай руу хэмжээ хэтрүүлэн барилга барьсан” гэх зөрчилд хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0172893 дугаартай шийтгэлийн хуудсаар 30000 төгрөгний торгууль оногдуулж шийдвэрлэсэн байна. Дээрх материалыг хянахад иргэн Б.Л нь Улаангом сумын 3 дугаар багийн нутагт дуудлага худалдааны зарчмаар олгогдсон 400 м2 газарт барилга барихдаа нийтийн эзэмшлийн талбай руу 4 метр сунгаж барилга барьсан, батлагдсан зураг төсөлгүйгээр барилга угсралтын ажил явуулсан зөрчлийг тус тус үйлдсэн байхад улсын байцаагч С.М нь Зөрчлийн хуулийг буруу хэрэглэж “Орон сууц төлөвлөлт барилгын үндсэн бүтэц, хийц инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслөөс өөрчилсөн гэж Б.Л үйлдсэн зөрчлөөс өөр зүйл ангиар арга хэмжээ авсан байна. Иймд Б.Л Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авсан 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 0172893 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичсэн болно” гэжээ.

           Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч С.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн өргөдлийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 3-р багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа иргэн Б.Л-ын барилгад хяналт хийж шийтгэлийн хуудсаар 30 мянган төгрөгийн торгууль оногдуулсан. Зөрчлийн тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь заалтуудыг үндэслэн шийтгэл оногдуулах ёстой байсан бөгөөд шийтгэлийн хуудас дээр хуулийн зүйл ангийг андуурч 12.4.1 гэж буруу бичсэн байна...”гэв.

         Гуравдагч этгээд Б.Л шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анх 2017 онд дуудлага худалдаанд оролцож газар эзэмших болсон. Уг газарт газрын албанаас мэргэжилтэн Ж цэг хатгаж үүний дагуу хашаагаа барьсан.

Барилга барьж байтал хажуугийн байрны оршин суугчид барилга ойрхон барих гэж байна гэсэн гомдол ирсэн. Мэргэжлийн хяналтын байцаагч Ж ирж хянахад барилгын хөндлөн талын хоорондох зай 8 м байсан. Хуулийн дагуу 10 м байх ёстой гэсэн шаардлага тавьсан.

         Газрын алба анх цэг тавьж өгөхдөө хууль бус цэг тавьж өгсөн байсан. Барилга хот байгуулалтын Г гэж хүн ерөнхий төлөвлөгөөний зургаа батлуулаад барилгын ажлаа эхэл гэсэн боловч газрын албаны мэргэжилтэн Ч нь кординат зөрүүтэй байгаа гээд батлуулаагүй. Цэгийг газрын алба зөв байрлалд тогтоож өгөөгүй.

        2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ч намайг дуудаж уулзаад миний анх байгуулсан газар эзэмших гэрээ, кадастрын зургийг авсан. Тэгээд бүх гэрээ зургийг өөрөө дур мэдэн өөрчилсөн. Барилга барих зөвшөөрөл олгож зураг өөрчилж өгөх гэж байсан хүн маргааш нь шууд барилгыг чинь нураана, барилга барих үйл ажиллагаагаа зогсоо  гэж хэлсэн. Эхлээд цэг хатгаж өгөхдөө буруу цэг хатгаж өгсөн байсан. Хажуу талын барилгад 7.8 метр ойрхон цэг хатгаж өгсөн. Би барилга барьж эхлэх гэж байтал Мэргэжлийн хяналтын газрын Ж.Ж байцаагч ирээд барилга хоорондын стандарт зай хамгийн багадаа 10 метр байх ёстой гэж хэлсэн. Тэгээд би Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Ч гэж хүнтэй очиж уулзаад таны хатгаж өгсөн цэгүүд барилга хоорондын стандарт зөрчсөн байна. Та 2 метр татаж цэг тавьж өгөөч гэж хэлээд 2 сар гаруй энэ асуудлаар ярилцсан.  Ч би Мэргэжлийн хяналтын газрын Ж ирлээ гээд би шийдэхгүй гээд хөдлөөгүй. Тэгээд би хажуу тал руу нь 2 метр татаад ажлаа эхэлсэн. Тэгээд барилгаа барьж байтал 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр намайг дуудаж уулзаад гэрээгээ аваад ир чамд зөвшөөрлийг чинь өгөөд цэгийг чинь тавиад өгье гэж хэлсэн. Би гэрээгээ авч очоод өгсөн чинь гэрээ, кадастрын зургийг шинэчилсэн байна. Тэгээд нэг хувийг  Мэргэжлийн хяналтын газарт өгсөн байсан. Тэгээд би аймгийн Засаг даргад энэ болсон асуудлаа хэлсэн чинь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүсэлтээ өгөөд шийдвэрлүүл гэж хэлсэн. Тэгээд би Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргасан. Би анх тавьж өгсөн цэгээс хойшоо тавьж барилга бариагүй гэтэл намайг дур мэдэн хойшоо тавьж барилга барьсан гээд миний барилгыг нураан гээд байгаа. Миний анх дуудлага худалдаагаар авсан газрын кадастрын зургийг сольсон. Анх авсан газрын кадастрын зургийн эх хувь байхгүй болсон...”гэв.

 

         Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У  Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч С.М-ын 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0172893 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

            Шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар ,геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч С.М-ын 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 0172893 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

         Шүүх хуралдаанд гомдол гаргагч нь прокурорын дүгнэлтээ дэмжиж, улсын байцаагч С.М Зөрчлийн хуулийг буруу хэрэглэж “Орон сууц төлөвлөлт барилгын үндсэн бүтэц, хийц инженерийн шугам сүлжээг зөвшөөрөлгүйгээр анхны зураг төслөөс өөрчилсөн”  гэж Б.Л-ын үйлдсэн зөрчлөөс өөр зүйл ангиар арга хэмжээ авсан гэх үндэслэлээр 0172893 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тайлбар гаргаж оролцов.

         Хариуцагчийн зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбараа дэмжиж “Шийтгэлийн хуудас дээр Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтыг андуурч буруу бичсэн байна” гэх тайлбар гаргав.

Гуравдагч этгээд буюу зөрчилд холбогдогч Б.Л “ Газрын албаны хүмүүсийн зааж тэмдэглэж өгсөн газарт барилга барьсан” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

          Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч С.М-н үйлдсэн 2019 оны 07 сарын 06-ны өдрийн 0172893 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Б.Л-ыг Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг буюу орон сууцны тухай хууль зөрчих зөрчилд ногдуулах хуулийн зүйл хэсгийг баримтлан 30000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

         Хяналтын улсын байцаагч С.М нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2019 оны 07 сарын 03-ны өдрийн 512 дугаартай албан бичгээр ирүүлсэн “иргэн Б.Л-ын барьж буй барилга нь олгогдсон газрын гадна буюу нийтийн эзэмшлийн зам, талбай руу 4 м сунгаж барилга хоорондын зайг баримтлалгүй барилга баригдаж эхэлсэн нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчиж батлагдсан зураг төсөлгүйгээр барилга угсралтын ажил явагдаж байна” гэх гомдол мэдээллийн дагуу зөрчлийг шалган хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

         Шүүх хуралдаанд хяналтын улсын байцаагчийн зүгээс иргэн Б.Л-ыг Зөрчлийн тухай хуулийн  12.3 дугаар зүйлийн 4.1, 4.2- д заасан зөрчлийг гаргасан тул 30000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан талаар тайлбарласан ба тус хуулийн зүйл хэсэгт “эдлэн газар нэгж талбарын хэмжээ байршлыг дур мэдэн өөрчилсөн”, ”хил заагийг тогтоосон цэг тэмдэгтийг хөдөлгөсөн, эсхүл гэмтээсэн, эсхүл устгасан” зөрчлийг хуульчилсан байх бөгөөд зөрчилд холбогдогч зөрчил үйлдээгүй талаар тайлбар гаргаж байгаа болно.

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлахаар заажээ.

             Тус хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэхийг шалгаж тогтоосон байхыг шаардсан байна.

          Өөрөөр хэлбэл зөрчилд холбогдогч зөрчлийн хэрэгт зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа тайлбар гаргаснаас үл хамааран зөрчлийн хэрэгт холбогдох ажиллагааг хуульд нийцүүлэн хийх ёстой болно.

          Зөрчлийн хэрэгт авагдсан 2019 оны 07 сарын 05-ны өдрийн үзлэг хийсэн тухай  тэмдэглэлд газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Ж хэмжилт хийсэн талаар дурдаж иргэн Б.Л-г анх олгосон газрын хэмжээг хэтрүүлэн барилга барьсан нөхцөл тогтоогдсон гэж дурдсан байгаа боловч хэрхэн хэмжилтийг хийсэн, анх олгосон газрыг хичнээн хэмжээгээр хэтрүүлэн барилга барьсан зэрэг үйл баримтыг тогтоогоогүй байна.

        Мөн түүнчлэн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаар дурдаагүй, ямар нотлох баримтанд үндэслэсэн, зөрчилд холбогдогч ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байна.

         Ингэснээрээ Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлох” агуулга бүхий хууль ёсны зарчмыг зөрчсөн байна.

           Иймд хариуцагч хяналтын улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Зөрчлийн тухай хууль болон зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан дээр дурдсан журмыг зөрчиж иргэн Б.Л-т шийтгэл оногдуулсан байх тул прокурорын дүгнэлт бүхий гомдлыг хүлээн авч Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч С.М-ын 2019 оны 07 сарын 06-ны өдрийн 0172893 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Зөрчлийн хэрэгт эрх бүхий албан тушаалтнаас цуглуулсан баримтууд хуулийн шаардлага хангаагүй,өөрөөр хэлбэл нотлох баримт эх хувиараа эсвэл байгууллагын хуулбар үнэн тэмдэгтэй байх, нотариатаар батлуулсан байх зэрэг шаардлагыг хангаагүй байгааг дурдаж, цаашид анхаарах нь зүйтэйг тэмдэглэв.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.У-ын 2019 оны 08 сарын 01-ний өдрийн  04 дугаартай дүгнэлт бүхий гомдлыг хангаж Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч С.М-ын  2019 оны 07 сарын 06-ны өдрийн 0172893 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.