Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0188

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 23 өдөр                  Дугаар                                     Улаанбаатар хот

          221/МА2023/0188              

 

 

“МУАХ” ТББ-ын

 Нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч ерөнхийн шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 909 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Ч.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2019/0010/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч МУАХ ТББ-аас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдууланТөрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 909 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч МУАХ ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунаагаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Шүүх маргаан бүхий байрны өмчлөгчийн талаар ташаа дүгнэлт гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нэг үндэслэл нь маргаан бүхий барилгыг “МУАХ” ТББ-ын өмч гэж үзэж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 142 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсон юм.

Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах тухай заасан Монгол Улсын Үндсэн хуулийн болон Иргэний хуулийн зохицуулалтыг бид сайн мэднэ. ТӨБЗГ нь МУАХ-ны өөрийн хөрөнгөөр бий болсон, хуулийн дагуу хувьчилж авсан, эсхүл гэрээний дагуу худалдаж авсан зэргээр, өөрөөр хэлбэл ямар ч эргэлзээгүйгээр хуулийн дагуу өмчлөлдөө авсан хөрөнгийн асуудлаар тогтоол гаргаагүй билээ. Тийм ч учраас 142 дугаар тогтоол үндэслэлтэй гарсан гэдгийг нотлохын тулд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 18 дугаар байр хаягт байрлах 2 давхар орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эзэмшил, ашиглалттай холбоотой болон уг барилга төрийн өмчийн болохыг нотлох хангалттай баримтуудыг гаргасан боловч манай тайлбар, нотлох баримтуудыг шүүх үнэлж, дүгнэсэнгүй.

3.2. Маргаан бүхийн барилгын өмчлөгч нь МУАХ гэж үзсэн анхан шатны дүгнэлт нь дараах үйл баримтаар үгүйсгэгдэнэ. 

ТӨБЗГ-ын 2019 оны 142 дугаар тогтоолоор хариуцагч 500 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар /ДБҮЭГ/-ын уг хөрөнгийг эзэмших, ашиглах эрх сэргэсэн. Өөрөөр хэлбэл 500 дугаар тогтоол ДБҮЭГ-ын эрхийг зөрчсөн байхад яагаад зөвхөн 142 дугаар тогтоол бусдын эрхийг зөрчсөн гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна. 500 болон 142 дугаар тогтоолууд хоёулаа уг барилгын хувьд анхдагч тогтоол биш, 500-ийн өмнө нь 294 дүгээр тогтоол гэж байгаа. 294 дүгээр тогтоол бол 1997 онд гарсан бөгөөд 1996 онд батлагдан мөрдсөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө төрийн өмч байна” гэж хуульчилсны дагуу гарсан анхны тогтоол. Тухайн үеийн бүртгэл тооллого болон хэрэгцээ шаардлагад үндэслэн төр өөрийн өмчийн эзэмшил, ашиглалтыг зохицуулсан бодит байдалд нийцсэн тогтоол юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдсан тул Төрийн өмчийн хороо 1996 оны 50 дугаар тогтоолоороо “Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг данснаас хасах журам”-ыг батлан мөрдүүлсэн бөгөөд энэ журмын дагуу НҮБ-ын гудамж дахь 18 дугаар байрыг төрийн өмчөөс хассан, шилжүүлсэн ажиллагаа хийгдээгүй. Дээрх үйл баримтууд нь “... хариуцагчийн эзэмшилд нь шийдвэр байхгүй, түр шилжүүлсэн гэх тайлбар няцаагдаж байна” гэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байна. 

3.3. Нөгөө талаар анхан шатны шүүх маргаан бүхий байрыг тухайн үеийн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдсэн МУАХ-ны өмч болох нь нотлогдсон гэж үзсэн. 

Шүүх маргаан бүхий байрны эзэмшил, ашиглалт, өмчлөлтэй холбоотой дүгнэлт хийхдээ “нэхэмжлэгч Соёлын яамны шийдвэрээр балансад нь шилжүүлсэн байраар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйлчилгээний аж ахуйн хэлтсийн даргын шийдвэрээр сольж авсан” нь тухайн үеийн үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэж, МУАХ-д хууль ёсоор өмчлөх эрх шилжсэн үйл явц ерөөсөө биш. Учир нь маргаан бүхий байртай сольсон гэх барилгын хувьд Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас тусгай байрыг Соёлын яамны эзэмшилд шилжүүлсэн, Соёлын яам эрх хэмжээний хүрээнд соёл, урлагийн үйл ажиллагааг дэмжихийн тулд Урлагийн ажилтны холбооны хорооны ашиглалтад өгсөн. Энэ тусгай байрыг маргаан бүхий байраар сольсон. Энэ солигдсон барилгыг МУАХ-ны эзэмшил, ашиглалтад урлагийн өргөө болгон ашиглуулахаар шилжүүлсэн. Энэ үйл баримт нь төрийн байгууллага хооронд үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөн хийгдсэн болохыг харуулж байгаа болохоос Засгийн газрын шийдвэрээр уг барилгыг МУАХ-ны захиран зарцуулах эрхэд бүр мөсөн шилжүүлж өгсөн үйл явдал ерөөсөө биш юм.

Хэрэв ийнхүү бүр мөсөн өмчлөлд нь өгч байгаа бол хөрөнгийн хувьд Засгийн газрын шийдвэр гарсан байна. Мөн эд хөрөнгө тус бүр дээр шийдвэр гарсан байхыг ойлгоно. Тиймээс НХАЯ-аас Соёлын яаманд шилжүүлснийг Засгийн газрын шийдвэр гэж үзэхгүй.  Солигдсон 18 дугаар барилга дээр Засгийн газрын байтугай Соёлын яамны ч шийдвэр гараагүй.

 Харин 1990 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Засгийн газрын хуралдааны 16 дугаар протоколын 2 дугаар заалтаар БНСУ-аас тус улсад суугаа Элчин сайдын яамны байрлаж байсан нэгдсэн үндэстний гудамжны 26 дугаар байрыг Франц улсын Элчин сайдын яаманд олгохоор болж, уг байрыг 1991 оны 07 дугаар сарын 01-ний дотор чөлөөлж, Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

3.4. Түүнчлэн анхан шатны шүүхээс МУАХ, Гадаад хэргийн яамны хооронд байгуулагдсан хэлцлийг бодит байдлаас эсрэгээр тайлбарлан, маргаан бүхий байрны талаар маргаагүй байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Бодит байдал дээр уг барилгын хувьд маргаантай байсан учраас 18 дугаар барилгыг буулгахад Дипломат албыг хариуцдаг Гадаад хэргийн яамны зөвшөөрөл хэрэгтэй болсон, хууль бус шийдвэр гаргуулж авсан гэдгээ мэдэж байсан учраас дахин баригдах барилгаас Гадаад хэргийн яаманд 500 м.кв талбай зоорийн давхарт 2 болон 3 автомашины зогсоол өгөхийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Энэ үйлдлээрээ 18 дугаар байрыг МУАХ хууль бусаар өмчлөлдөө авсанаа цайруулж Гадаад хэргийн яамыг хохиролгүй байлгах гэж барилгаас хуваалцаж байгаа, Гадаад хэргийн яам өөрийн харьяа дипломат албанд ашиглагддаг байр нь ашиглах боломжгүй болсон тул МУАХ-г дахин барилгажуулахыг зөвшөөрч, тодорхой хөрөнгүүдийг эзэмшилдээ авснаар Төрийн өмчийн хорооны 500 дугаар тогтоолоор хууль бусаар төрийн өмчөөс гараад явчихсан хөрөнгийг буцаан авах тохиролцоо хийгдсэн байдаг. Ийм тов тодорхой хэлыэл байхад яагаад шүүх уг барилгын талаар маргаангүй гэж үзээд байгааг, яагаад МУАХ-ны өмчлөлийнх гэж үзээд байгааг ойлгохгүй байна.

Нөгөө талаар 500 дугаар тогтоол МУАХ-ны эрх ашиг сонирхолд нийцсэн, 142 дугаар тогтоол зөрчсөн гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогддоггүй. Учир нь 500 дугаар тогтоолоор солигдсон 8 айлын орон сууцны барилгыг биш НАХЯ-аас шилжүүлсэн анхны тусгай байрны асуудал яригддаг, 2-рт 500 нь Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбооны хорооны өмч болох нь нотлогдож байгаа гэж 2001 онд оршин байгаагүй этгээдийн нэр заасан байсан. Гэвч энэ тогтоолыг баримталсан НҮБ-ын гудамжинд байрлах 8 айлын 18 дугаар байрыг МУАД-ын мэдэлд шилжүүлсэн нь сөрөг үр дагаварт хүргэсэн.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн 142 тоот тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй.

3.5. Түүнчлэн энэ шүүх хуралдаанаар гуравдагч этгээд ДБҮЭГ-аас 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг мэдсэн. Энэ талаар шийдвэрт дурдагдсан. Хэрэв шүүх 500 дугаар тогтоол нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөлтэй гэж үзэж байсан, энэ тогтоолын талаар нэхэмжлэгч, хариуцагч нараас өөр өөр байр суурьтай тайлбарлаж байхад 500 дугаар тогтоолыг шүүхээс эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл 142 дугаартай холбоотой энэ хэргийг түдгэлзүүлэх үндэслэлтэй байсан. Гэсэн хэдий ч ийм арга хэмжээ аваагүй. 500 дугаар тогтоолоос үүссэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй үр дагавар бий болсонд гомдолтой байна.

3.6. Шүүх шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шийдвэрийн 1 дэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсгийг баримталсан нь хуулийг хэрэглэхэд алдаа болсон гэж үзэж байна.

ТӨБЗГ нь 142 дугаар тогтоол гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх оролцоог хангах, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах зэрэг захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг, 24.1-д шийдвэр гаргах үйл явцад хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-т Шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг шинжлэн судлах, 26.1-д эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд санал, тайлбар санал гаргах боломж олгоно, 27.1-д хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг тодорхойлно гэсэн зарчмууд болон хуулийн шаардлагуудыг баримталсан болохыг өмнөх тайлбаруудаараа нотолж байна. Харин 500 дугаар тогтоол нь ДБҮЭГ-ын эд хөрөнгө эзэмших, ашиглах зөрчигдсөн эрхийг зөрчсөн, сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр байсан тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. 48 дугаар зүйлийн 48.1-т хамаарах тул 48.2, 48.3 дах хэсгийг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Төрийн болон нутгийн удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг баримталсан нь хууль бус.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0909 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “... нэхэмжлэгч этгээдэд Иргэний хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрх үүсээгүй бөгөөд гагцхүү ТӨХ-ны 2001 оны 500 дугаар тогтоолыг үндэслэн 2001 онд Улсын бүртгэлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлж маргаан бүхий байранд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хороо 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор Нэгдсэн үндэстний гудамж дахь БНКУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Олон улсын хүүхдийн байгууллага Юнисефийн байрлаж байгаа барилгыг гуравдагч этгээдийн балансад бүртгүүлж, Элчин сайдын яам байрлуулах зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү гуравдагч этгээдэд үүссэн төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших эрх Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Иргэний хууль болон бусад хуульд заасны дагуу дуусгавар болоогүй өнөөдрийг хүртэл тус газрын балансад бүртгэлтэй байгаа юм. 

Тодруулбал тухай үеийн Төрийн өмчийн хороо нь 2001 оны 500 дугаар тогтоолыг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрх үүсээгүй байхад хуульд заасан үндэслэлээр гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг дуусгавар болголгүйгээр зөвхөн Төрийн өмчийн хорооны 1997 оны 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоол гаргасан байна. Төрийн өмчийн хороо нь Засгийн газраас шилжүүлэх тухай шийдвэр гаргасан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх шийдвэр гаргах эрхтэй байхад Засгийн газраас ийм шийдвэр гаргаагүй байхад төрийн өмчийн хороо 2021 оны 500 дугаар тогтоолыг гаргах эрхгүй байжээ. Гэтэл шүүх энэ байдалд огт дүгнэлт хийгээгүй төдийгүй нэхэмжлэгчид Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолоор өмчлөх эрхийг шилжүүлсэн, уг тогтоолыг үндэслэж нэхэмжлэгч маргаан бүхий байрны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрх үүссэн хэмээн нэхэмжлэгчид хуульд заасны дагуу өмчлөх эрх нь үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн дээрх нэхэмжлэлийн шаардлагаар энэ хэргийг шийдвэрлэхэд 500 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийг дүгнэхгүй, харин маргаан бүхий актын хувьд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хуульд нийцсэн эсэх, шийдвэр нь хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн эсэх хүрээнд дүгнэв гэж бичих атлаа энэ дүгнэлтээ үгүйсгэж

4.2. Шүүх нэхэмжлэгчид маргаан бүхий байрны өмчлөх эрхийг яагаад хуульд заасныг дагуу үүссэн гэж үзээд түүний өмчлөх эрхэд зөвхөн хуульд заасны дагуу халдах эрхтэй хэмээн үзэж шийдвэрээ гаргасан нь ойлгомжгүй. Мөн шүүх Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг дүгнэхгүй гэсэн атлаа уг тогтоолгох хууль ёсны өмчлөх эрх нь нэхэмжлэгчид үүссэн гэж уг тогтоолыг хууль зүйн үндэслэлийг дүгнээд байгаа нь ойлгомжгүй.

Хэрвээ шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд хариуцагчийг хууль бусаар халдсан гэж үзэж байгаа бол гуравдагч этгээдийн өмчлөлд байсан байрыг шилжүүлсэн үйл баримтад дүгнэлт хийхгүй байгаа нь бас л ойлгомжгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн эрхийг илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээд маргаан үүсгэж Н.Дуламсүрэн шүүгч дээр хянагдаж байгаа бөгөөд энэ хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзсэн байхад шүүх үүнийг харгалзаж үзэхгүй нэхэмжлэгчийг хууль ёсны өмчлөгч гэж үзээд хариуцагчийг өмчлөгчийн эрхэнд хууль ёсоор халдаагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

4.3. Маргаан бүхий акт болох ТӨБЗГ-ын 2019 оны 142 дугаар тогтоолд нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн талаар огт дурдаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн.

4.4. Мөн Захиргааны хэргийн шүүх өмчлөгчийн эрхэнд хуульд заасан үндэслэлээр халдаагүй гэх үндэслэлийг гаргахдаа иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдэх маргааныг энэ шийдвэрээрээ дүгнэлт хийснээрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн.

4.5. Маргаан бүхий байранд өнөөдрийн байдлаа Засгийн газрын шийдвэрийн дагуу Тендерийн үндэсний хороо нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ, нарын гурвалсан гэрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хэрвээ нэхэмжлэгч маргаан бүхий байрны өмчлөгч байсан бол өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэлд яагаад нэхэмжлэгч өөрөө Иргэний хууль болон бусад хуульд заасны дагуу өмчлөгч болоогүй болохыг тод харуулдаг.

4.6. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолоор баталсан хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалтын 18-т “Монгол Улс дахь бусад улсын элчин сайдын яамны байшин дахь орон сууцууд Монгол Улсын Их хурлын 1999 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт”-ын 4-т “Монгол Улс дахь гадаад улсын дипломат байгууллагуудын болон олон Улсын байгууллагуудын ажилтнуудын ажиллаж амьдарч байгаа, байр орон сууц” гэж тус тус заасан байхад ийнхүү төрийн өмчийн хөрөнгийг МУ-ын ЗГ-ын шийдвэргүйгээр төрийн бус хуулийн этгээдэд хариу төлбөргүйгээр шилжүүлсэн нь үндэслэлгүй байхад энэ байдалд шүүх огт дүгнэлт хийхгүй байгаад гомдолтой байна.

4.7. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно гэж заасан байдаг. Гэтэл шүүх Захиргааны ерөнхий хуулийн 48.1 дэх заалтыг өмчлөгчийн эрхэнд халдах, өмчлөгчийн эрхийг хязгаарлах заалт биш гээд маргаан бүхий актыг өмчлөгчийн эрхэнд халдсан акт гэж буруу дүгнэлт хийж, шийдвэрээ гаргасан.

Мөн шүүх маргаан бүхий актыг нэхэмжлэгчид сөрөг нөлөөлөлтэй гэдгийг үйлдвэртээ хүлээн зөвшөөрч байгаа хирнээ, сөрөг нөлөөлөл бүхий хууль бус актыг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран хүчингүй болгох заалтыг хэрэглэсэн хариуцагчийг зөвтгөх байтал энэ байдлаа үгүйсгэж, 48.1-ийг хэрэглэж, захиргааны акт гаргах эрхгүй гэж дүгнэх нь ойлгомжгүй юм. Нөгөө талаас 48.1 дэх заалтыг хэрэглэж , өмчлөгчийн эрхэнд халдах эрхгүй гэж дүгнэснээрээ нэхэмжлэгчийг Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолоор өмчлөх эрхтэй болсон гэж шууд ойлгогдохоор дүгнэжээ. Гэтэл захиргааны хэргийн шүүх өмчлөх эрхэнд халдсан маргааныг дүгнэх харьяаллын бус шүүх юм. Эндээс шүүх Захиргааны ерөнхий хуулийн 48.1 дэх заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байгаа болно.

4.8. Маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 48.2 дахь заалтыг огт үндэслээгүй байхад үндэслэсэн мэтээр шүүх дүгнэлт хийх нь ойлгомжгүй, нөгөө талаас төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийг шүүх дүгнэхгүй гэсэн атлаа ... 500 дугаар тогтоол нь нэхэмжлэгчид эерэг нөлөлөөл бүхий акт учраас түүнийг 18 жилийн дараа хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэх нь зохимжгүй байна.

4.9. Нэхэмжлэгч болох шүүх 2-лаа нэхэмжлэгчийг 1989 оноос маргаан бүхий байрны өмчлөгч байсан байна гэж дүгнээд байгаа атлаа гуравдагч этгээдэд ТӨХ нь 1997 оны 294 дүгээр шийдвэрээр маргаан бүхий байрыг эзэмшүүлээд байхад нэхэмжлэгч үүн дээр өнөөдрийг хүртэл маргадаггүй төдийгүй, энэ тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдаагүй байдаг.

4.10. Анхан шатны шүүх 48.2-т заасан тохиолдол үүссэн гэж дүгнэсэн боловч энэ үйл ажиллагаанд итгэл хамгаалах зарчим үйлчлэхгүй гэж тайлбарласан тул шүүх 48.2-ыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн нэхэмжлэгч хууль ёсоор маргаан бүхий байрыг эзэмшүүлээгүй тул итгэл хамгаалах зарчим яригдахгүй.

4.11. Засгийн Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 09 дүгээр тушаалаар “Дэд ерөнхийлөгчийн шинээр орох өвлийн сууц, хуучин амьдарч байсан барилга байгууламжийг хүлээлгэн өгч, хүлээн авах Засгийн газрын үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн комиссыг томилж, Урлагийн ажилтны холбоонд уг барилга байгууламж, эд аж ахуйг анх хүлээлгэн өгсөн протокол бусад баримт материалын дагуу бүрэн хүлээн авч ажлын комиссын нарийвчилсан акт үйлдэхийг комисст даалгасан” байх бөгөөд тус комисс МУАХны мэдэлд байсан “Өргөө байрыг албан ёсны шийдвэр хүлээхгүйгээр актаар” хүлээн авсан байдаг.

Улмаар 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Засгийн газрын Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын мэдэлд байсан 8 айлын сууцыг Урлагийн ажилтны холбоонд шилжүүлэх тухай дээд байгууллагын албан ёсны шийдвэр гарах хүртэл хугацаанд актаар хүлээлгэн өгсөн байдаг. Өнөөдрийг хүртэл тэрхүү дээд газрын албан ёсны шийдвэр нь гараагүй байгаа.

4.12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээс ... уг дүгнэлтийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч өөрийнхөө захирамжийн биелэлтийг шүүх хангахгүйгээр шүүх хуралдаан хийсэн бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж байсныг ноцтой зөрчсөн.

4.13. Монгол Улсын Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагаар хуралдаанаар Бүгд Найрамдах Куба Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамны байрлаж байсан Нэгдсэн үндэстний гудамжны 26 дугаар байшинг /одоогийн 18 дугаар байр/ Франц улсын Элчин сайдын яаманд олгохоор бодож уг байрыг 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж, Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө төрийн өмч байна гэж заасан байдаг бөгөөд энэ хууль 1996 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг. Үүний дараа Гадаад харилцааны яамны саналыг үндэслэн Төрийн өмчийн хороо 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 294 дүгээр тогтоолоор Нэгдсэн үндэстний гудамж дахь Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яам МУАХ болон Монгол дахь олон улсын хүүхдийн байгууллага Юнисефийн байрлаж байсан барилгыг Гадаад харилцааны яамны мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Үүний дараа Гадаад харилцааны яамны саналыг үндэслэн Төрийн өмчийн хороо 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 294 дүгээр тогтоолоор Нэгдсэн үндэстний гудамж дахь Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа  Элчин сайдын яам, МУАХ болон Монгол дахь Олон улсын хүүхдийн байгууллага Юнисефийн байрлаж  байсан барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын Үйлчилгээ, аж ахуйн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Мөн уг тогтоолын 2 дахь заалтаар “Уг барилгыг тайлан тэнцэлдээ тусган Элчин сайдын яам байрлуулах зориулалтаар эзэмшихийг Гадаад харилцааны яамны дэргэдэх  Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газарт даалгасугай” гэж, 3 дахь заалтаар “Дээрх барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газарт хүлээлгэж өгөхийг Төрийн өмчийн агентлагийн Төрийн өмчийн байрны ашиглалт, зохицуулалтын газарт даалгаж тус тус шийдвэрлэсэн байдаг.

Мөн дээрх тогтоолын хэрэгжилтийг хангаж манай байгууллага энэхүү байрыг тайлан тэнцэлдээ тусгасан бөгөөд энэ нь өнөөдрийг хүртэл хүчинтэй манай байгууллагын тайлан тэнцэлд бүртгэлтэй байдаг төдийгүй энэ талаар Төрийн өмчийн хорооны танилцуулгад бүртгэлтэй болох нь нотлогддог.

4.14. Нэхэмжлэгч байгууллага өөрсдийгөө 1975 онд байгуулагдсан бөгөөд энэ үеэс маргаан бүхий байрыг эзэмшиж ашиглаж байсан гэж тайлбарлаж, энэ үндэслэлээр маргаан бүхий байрыг өмчилдөг гэж тайлбарладаг боловч 1975 оны Монголын урлагийн ажилтны нийгэмлэгүүдийн холбооны хорооны эрх залгамжлал нь одоогийн нэхэмжлэгч байгууллагад эрх залгамжлаагүй, энэ талаар баримт байхгүй, тухайн үеийн төрийн байгууллагад хамаарч байсан. Монголын урлагийн ажилтны нийгэмлэгүүдийн холбооны хороо нь өнөөдрийн шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа төрийн бус байгууллагад эрх залгамжилсан талаар шийдвэр байхгүй тул нэхэмжлэгчийг 1975 онд байгуулагдсан Монголын урлагийн ажилтны нийгэмлэгүүдийн холбооны хорооноос эрх залгамжилсан байгууллага гэж үзэх боломжгүй юм.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2.  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

            2.1. Анхан шатны шүүх “ ... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолоор өмнө гаргасан 2001 оны 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон бөгөөд гуравдагч этгээд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-аас “Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор мөн тус шүүхэд нэхэмжлэл гаргасан маргаж байх тул шүүх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаар энэ хэргийг шийдвэрлэхэд 500 дугаартай тогтоолын хууль зүйн үндэслэлийг дүгнэхгүй, маргаан бүхий актын хувьд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа, шийдвэр нь хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн эсэх хүрээнд ... дүгнэж шийдвэрлэлээ” гэсэн агуулга бүхий үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Учир нь,

2.2. Маргаан бүхий акт болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолоор “... Төрийн өмчийн хорооны 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоолоор Нэгдсэн үндэстний гудамж дахь Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МУАХ болон Монгол дахь Олон улсын хүүхдийн байгууллага Юнисеф-ийн байрлаж байсан барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ “МУАХны эзэмшиж байгаа барилга нь тус холбооны өмч болох нь нотлогдож байна” гэж үндэслэлгүй дүгнэлт гаргаж, төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бус этгээдэд хууль бусаар шилжүүлсэн” гэсэн үндэслэлээр Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгч МУАХноос Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дээрх 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар “... манай байгууллагад төрөөс 1990 оны эхээр дэмжлэг үзүүлэн одоогийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 18 дугаар байр хаягт байрлах 2 давхар байшинг эзэмшил, ашиглалтад нь шилжүүлэн өгсөн... Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоолыг үндэслэл болгосон бөгөөд энэ тогтоолоор төр энэхүү хөрөнгө нь МУАХ ТББ-ын хөрөнгө мөн болохыг хүлээн зөвшөөрсөн... Төрийн өмчийн хорооны 1997 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 294 дүгээр тогтоол гарахдаа Гадаад харилцааны яамны саналыг үндэслэн шилжүүлсэн. Гэтэл 1996 оны 03 дугаар сараас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлд төрийн өмчид эд хөрөнгө олж авах үндэслэлийг хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчид байсан эд хөрөнгө гэж заасан. 1996 оны 06 дугаар сард энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх үед энэ барилга төрийн өмчид байгаагүй. ... Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 142 дугаар тогтоол нь үндэслэлгүй, нотлох баримтгүй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үгүйсгэж, өмчлөгчийн эрхэд халдаж, шийдвэр гаргасан ...” гэсэн үндэслэлээр маргасан байна.

2.4.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... уг үл хөдлөх хөрөнгө нь Төрийн  болон орон нутгийн өмчийн тухай хууль батлагдахаас өмнө төрийн өмчид байсан, тухайн үед мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хууль ёсны шийдвэр, төрийн өмчөөс хассан тухай аливаа эрх зүйн акт гараагүй тул төрийн өмчийн бус этгээдэд төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзээд алдаатай гаргасан шийдвэрийг залруулж, зөвтгөсөн ... 1991 онд барилгыг түр шилжүүлэн авсан этгээдийн эрх залгамжлагчаар нэхэмжлэгчийг тогтоосон шийдвэр байхгүй, өөр регистрийн дугаартай тул нэг этгээд гэж үзэхгүй ...” гэж,

2.5. Гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “...1990 онд энэхүү байрыг анхнаасаа Элчин яамны зориулалтаар Гадаад харилцааны мэдэлд олгож шийдвэрлэсэн, Засгийн газрын тогтоол гарч байсан ... Монгол улсын Засгийн газраас Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн Үндэсний гудамж, 18 дугаар байрыг Урлагийн ажилтны холбоо ТББ-д шилжүүлэх ямар нэг шийдвэр гараагүй, зөвшөөрөл олгоогүй байхад төрийн өмчийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн Төрийн өмчийн хорооны 2001 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоол нь хууль бус шийдвэр байсан ... Төрийн өмчийн хөрөнгийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэргүй, төрийн өмчийн бус хуулийн этгээдийн өмчлөлд дуудлага худалдаа болон бусад хэлбэрээр хариу төлбөргүйгээр шилжүүлэх нь хууль ёс хийгээд шударга ёсонд үл нийцэх тул төрийн өмчийг хууль бусаар төрийн бус байгууллагад шилжүүлсэн үйлдлийг залруулж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолоор Төрийн өмчийн хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаартай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон нь үндэслэлтэй ...” гэж тус тус маргасан байна.

2.6. Ийнхүү хэргийн оролцогчид тэр дундаа нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас тус бүр өөрийн өмчлөлийн хөрөнгө хэмээн маргаж буй  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 18 тоот хаягт байрлах 2 давхар тоосгон хийцтэй барилгыг Төрийн өмчийн хорооны 1997 оны 294 дүгээр тогтоолоор “... Нэгдсэн үндэстний гудамж дахь Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МУАХ болон Монгол Улс дахь Олон улсын хүүхдийн байгууллага ЮНИСЕФ-ийн байрлаж байгаа барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газарт эзэмшүүлж, уг барилгыг тайлан тэнцэлдээ тусган Элчин сайдын яам байрлуулах зориулалтаар эзэмшихийг Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газарт даалгаж”,

 2.7. Төрийн өмчийн Хорооны 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор “... БНМАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам, Соёлын яамны сайдын 1989 оны Б/398/392 тоот тушаал, Соёлын яамны коллеги, МУАХны хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөний 1990 оны 12/16 тоот тогтоол, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн даргын 1991 оны 09 тоот тушаал, барилга хүлээлцсэн актуудаар Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбооны хорооны эзэмшиж байгаа барилга нь тухайн үеийн үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх эрх зүйн актын дагуу шийдвэрлэгдэн Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбооны хорооны өмч болох нь нотлогдож байгааг үндэслэн Төрийн өмчийн хорооноос Тогтоосон ... Төрийн өмчийн холбооны 1997 оны 07 дугаар сарын 1-ний өдөр 294 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон” байна. 

2.8. Улмаар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолоор “...2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоор хүчингүй болгож ... Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах Нэгдсэн үндэстний гудамжны 18 дугаар байрыг “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын эзэмшилд хэвээр үлдээх”-ээр тус тус шийдвэрлэсэн байна.

2.9. Ийнхүү нэхэмжлэгчийн маргаж буй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолоор МУАХны эзэмшиж байгаа барилга нь “тус холбооны өмч болох нь нотлогдож байна” гэсэн үндэслэлгүй дүгнэлт гаргаж шилжүүлсэн үндэслэлээр  өмнө гаргасан өөрийн 2001 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 500 дугаар тогтоолоо хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүх маргаж буй тушаалын үндэслэл болсон 500 дугаар тогтоол, уг тогтоолоор шийдвэрлэсэн асуудлыг нэг мөр нэгтгэн дүгнэж шийдвэрлэхгүйгээр хэргийн үйл баримтад эцэслэн дүгнэлт өгөх хууль зүйн боломжгүй байхад анхан шатны шүүх ”... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолоор өмнө гаргасан 2001 оны 500 угаар тогтоолыг хүчингүй болсон тооцсон бөгөөд гуравдагч этгээд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-аас “Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, маргаж байх тул “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар энэ хэргийг шийдвэрлэхэд 500 дугаартай тогтоолын хууль зүйн үндэслэлийг дүгнэхгүй ...” хэмээн дүгнэж маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт тайлбар өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

2.10. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актаар Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон, уг 500 дугаар тогтоол нь барилгыг Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломат байгууллагуудын үйлчилгээ, аж ахуйн газарт эзэмшүүлсэн Төрийн өмчийн хорооны 1997 оны 294 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, эдгээр шийдвэрүүд нь нэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөл эзэмшлийн асуудлыг өмнөх шийдвэрээ хүчингүй болгох замаар нэг нэгнээсээ үндэслэн гарсан шийдвэр байхад маргаж буй актын үндэслэл болсон өмнөх захиргааны шийдвэрийн талаар дүгнэхгүйгээр хэргийг нэг мөр шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байхад анхан шатны шүүх “500 дугаартай тогтоолын хууль зүйн үндэслэлийг дүгнэхгүй” гэсэн дүгнэлт, үндэслэлийг зааж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн  107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж  тус тус заасантай нийцээгүй байна.

Хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн “... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаар энэ хэргийг шийдвэрлэхэд 500 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлийг дүгнэхгүй, харин маргаан бүхий актын хувьд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хуульд нийцсэн эсэх, шийдвэр нь хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн эсэх хүрээнд дүгнэв гэсэн атлаа  нэхэмжлэгчийг Төрийн өмчийн хорооны 2001 оны 500 дугаар тогтоолыг үндэслэж, улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх нь хууль ёсны дагуу үүссэн мэтээр дүгнэсэн ...” гэх гомдол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд маргаан бүхий барилгыг өмчлүүлсэн шийдвэрүүд нэг шийдвэрээ хүчингүй болгох замаар дараагийн шийдвэр нь гарсан, хоорондоо хамаарал бүхий шийдвэрүүд байх тул шүүх эдгээр шийдвэрүүдээр байрыг өмчлүүлэхдээ хуульд үндэслэн шийдвэрлэсэн эсэх, хууль ёсоор өмчлөх эрх үүссэн эсэхийг тогтоохгүйгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг тогтоох, улмаар тэрхүү зөрчигдсөн эрхийг шүүх сэргээн тогтоох ойлголт байх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актаар шийдвэрлэгдэж буй байрны өмчлөл эзэмшил анх хэрхэн үүссэн, улмаар хэрхэн шилжсэнтэй холбогдуулан эдгээр шийдвэрүүдийн шалтгаан үндэслэлийг шалган тогтоохгүйгээр зөвхөн маргаж буй актын хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.   

2.11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Урлагийн ажилтны холбоо нь 1975 онд байгуулагдахдаа БНМАУ-ын соёл урлаг, уран сайхны ажлыг өрнүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт авьяас билгээ зориулсан театр, кино, цирк, соёлын орднуудын найруулагч, зураач, жүжигчин, дуучин, оператор, инженер техникийн ажилтнуудыг нэгтгэсэн олон нийтийн байгууллагын хэлбэрээр Монголын урлагийн ажилтны нийгэмлэгийн холбоо нэртэйгээр байгуулагдсан, 1997 оноос Монголын ард түмний болон бусад үндэстний дэвшилт, хүмүүнлэг, энэрэнгүй, уламжлалт урлагийн аливаа төрлийг бүхий л талаар дэмжин дэлгэрүүлэх, Монгол улсынхаа соёл-урлагийн өв санг арвижуулан, ард олноо соён гийгүүлэх сайд үйлсэд үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх бөгөөд 1990 онд Уран бүтээлчдийн мэргэжил, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх төв болгон ашиглуулахаар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, нэгдсэн үндэстний гудамж, 18 тоот хаягт байрлах 8 айлын орон сууцны зориулалттай байрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн.      Үүнээс хойш 2018 онд хуулийн этгээдийн нэр, дүрэмд өөрчлөлт оруулж МУАХ нэртэйгээр Монгол улсын мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах уран бүтээлчдийн урын сан, ур чадварыг дээшлүүлэх, Монгол улсын нэрт уран бүтээлчдийн бүтээлийг мөнхжүүлэх, шинэ залуу авъяастнуудыг төрүүлэн гаргах дэлхийн сонгодог болон үндэсний урлагийг эх орондоо хөгжүүлэх энэ чиглэлээр нийгэмд үйлчилдэг соёл урлагийн ажилтан, уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, сургалт сурталчилгаа явуулах мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа нь 1975 онд байгуулагдсан урлагийн ажилтны холбооны эрх залгамжлагч мөн эсэхийг тодруулж дүгнэх нь анх Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, нэгдсэн үндэстний гудамж, 18 тоот хаягт байрлах 8 айлын орон сууцны зориулалттай байрыг тус холбооны өмчлөл, эзэмшилд шилжүүлэх болсон үндэслэлийг өдгөө нэхэмжлэгчээс тус байрыг хэрхэн эзэмшиж ашиглахаар зорьж буй хүсэл эрмэлзэлтэй нь дүйцүүлэн дүгнэхэд ач холбогдолтой байж болохоор байна.  

2.12. Түүнчлэн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/5024 дүгээр албан бичгээр “... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлд тусгагдсан төрийн өмчийн хорооны 500 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлыг судлах ажлын хэсгийг байгуулсан шийдвэр, уг ажлын хэсгийн энэ талаарх дүгнэлт ...”-ийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас гаргуулахаар шаардсан атлаа уг албан бичгийн хариу ирээгүй байхад энэ талаарх баримт байгаа эсэх, шаардсан баримт хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй гэж үзсэн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн үүнтэй холбогдуулан гаргасан “... ажлын хэсгийн 2001 оны 500 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар дүгнэлт гаргасан ...” гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч өөрийнхөө захирамжийн биелэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг зөрчсөн ...” гэх гомдол үндэслэлтэйг дурдах нь зүйтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 909 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                 ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

       ШҮҮГЧ                                                   Д.ОЮУМАА

 

                  ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ