Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1275

 

 

 

 

 

 

 

 

 

“Даией пробис монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00540  дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Даией пробис монгол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Монголиан коммодити трейдинг” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 89 057 815 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, урьдчилгаанд төлсөн 30 855 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Чулуунсүх,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Мөнхжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Диваачамба,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 2015/01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд хэрэгжүүлэх /грийн хилл/ гэх нэртэй аялал зуучлалын ерөнхий төлөвлөлтийг боловсруулах ажил гүйцэтгэхийг тохиролцож, хавсралтаар гэрээгээр хийж гүйцэтгэх ажлыг нарийвчлан тусгасан. Уг гэрээ байгуулагдахаас өмнө 2014 оны 8 дугаар сараас эхлэн талууд уулзаж эхэлсэн. Жаргалантын аманд хариуцагч компанийн өмнөх захирал Халиунбатын хувийн 2 орон сууц баригдсан бөгөөд улмаар энэхүү ажлыг төсөл болгох зорилгоор хүмүүстэй уулзаж, Монгол, Хятад, Япон гэх гурван улсаас Япон Улсын компанийг сонгон авсан. “Даией пробис” ХХК нь Монгол Улсад бүртгэлтэй Монгол Улсын хуулийн этгээд боловч хувьцаа эзэмшигчид нь Япон Улсын иргэд байдаг бөгөөд архиктектор нь Япон Улсын иргэн байсан нь давуу тал болсон. Гэрээний зүйл нь барилгын эх загвар зургийн өмнөх шатны ажил үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл скиз зургийн хамгийн эхний шатны ажил бөгөөд тусгай зөвшөөрөл шаардлагагүй ажил юм. Энэ талаар талууд анхнаасаа мэдэж байсан бөгөөд захиалагч компанийн хянагч байгууллагаар “Алаган” ХХК нь байнгын хяналт тавьж ажилласан. “Алаган” ХХК нь гүйцэтгэгч байгууллагатай 7 хоног бүр уулзалт хийж, нийт 9 удаагийн хурал хийж, 12 удаагийн зөвшөөрлийн хуудас үйлдэж, зөвшөөрлийн хуудсан дээр хийж гүйцэтгэх ажлыг зааж өгдөг байсан. Гэрээний хугацаанд ажлын гүйцэтгэл буюу хувь хэмжээг 4 удаа дүгнэсэн. 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 29.6, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 51.3, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 90,93 хувийн гүйцэтгэлтэй гэж үнэлсэн. Сүүлд 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлыг бүрэн хийж дуусгаж, скиз зургийг захиалагч компани болон хяналт хэрэгжүүлж байсан “Алаган” ХХК-д  тус тус зургийг цахим хэлбэрээр хүргүүлсэн. 2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр ажлаа дахин хүлээн  авсан, энэ талаар хариуцагч тал маргаан  гаргаагүй.  Ажлаа нэгэнт бүрэн хийж дуусгасан учраас урьдчилгаа төлбөрт 30 855 000 төгрөг буюу 30 хувийг хүлээн авсан. Гэрээний нийт төлбөрт 102 850 000 төгрөг бөгөөд үлдэгдэл 71 995 000 төгрөг үлдсэн. Захиалагч компани нь банкны баталгаа гаргах талаар нэхэмжлэгч компаниас шаардсан бөгөөд 2 удаагийн банкны баталгаа гаргасан. Гүйцэтгэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ нэгэнт хийж гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 71 995 000 төгрөг, алданги нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрөөр тооцож 17 062 815 төгрөг, нийт 89 057 815 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулж  өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Гэрээгээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байрлах /грийн хол/ төслийн ерөнхий төлөвлөгөөний зургийг зурах, түүнийг батлуулах гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх гэрээний гол үр дүн нь ажлын үр дүн байдаг. Бидний хүлээж байсан үр дүнд хүртэл ажиллаж чадаагүй. Учир нь кадастрын хэмжээнээс хэтрүүлэн зургийг төлөвлөсөн. Монгол Улсын дархан цаазат бүс нутагт хамаардаг.  2015 оны 05 сарын 01-ний өдөр үйлдэгдсэн Б/07 дугаартай  тэмдэглэлд талууд зургийг улсын болон холбогдох ямар байгууллагуудаар батлуулдаг эсэх талаар, мөн холбогдох хууль дүрэм журам, бичиг баримтын бүрдүүлбэрийг судлахаар тохиролцсон талаар тусгагдсан. Ингээд дээрх асуудлуудыг судлахад тухайн зураг төслийг эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий байгууллагаар батлуулах нь зүйтэй гэдгийг мэдсэн. 2009 оны 204 дүгээр Засгийн газрын тогтоолоор зургийг тусгай зөвшөөрөлтэй компаниар гүйцэтгүүлэх ёстой гэсэн заалтын дагуу шалгахад уг гүйцэтгэгч компани нь улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад зураг төсөл боловсруулах зөвшөөрөлгүй компани байсан. Мөн талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд гүйцэтгэгч компанийг төлөөлж эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй болохыг анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай тал 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж байна.  Гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 30 855 000  төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.6-д зааснаар тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж дээрх ажлыг гүйцэтгэх ёстой байсан боловч энэхүү харилцаатай холбоотой хууль тогтоомж зөрчигдсөн гэж үзэж байна.  Гэрээ байгуулах үед н.Чулуунсүх нь амаар итгэмжлэл авсан гэдэг нь сөрөг нэхэмжлэлийн агуулгатай уялдаж байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн боловч  талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан хэдий ч төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд байгуулаагүй учраас гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Эхний нэхэмжлэлийн үндсэн шаардлагын дагуу талууд гэрээг байгуулагдсан гэж үзэх боломжгүй учраас гэрээнээс татгалзах гэх үйл баримтыг тодруулах боломжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулсан гаргасан хариу тайлбартаа: Ажил гүйцэтгэх гэрээг байгуулах тусгайлсан итгэмжлэл байхгүй боловч гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах итгэмжлэл байсан. Шүүх хуралдаан дээр итгэмжлэлийг авчирах боломжгүй байсан. Гэрээнээс татгалзах, мөн гэрээг байгуулах эрхтэй этгээд байгуулсан. Нэхэмжлэгч тал н.Чулуунсүхэд олгосон итгэмжлэл байгаа учраас гэрээг төлөөлөх эрхтэй этгээд байгуулсан гэж үзэж байна. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд Иргэний 263 дугаар зүйлд зааснаар зохицуулагддаг. Гэрээнээс татгалзсан тохиолдолд гүйцэтгэгч байгууллагын хийсэн ажилд асуудал гарч ирнэ. Хэрвээ гэрээнээс татгалзсан тохиолдолд  биет байдлаар эргээд гүйцэтгэгч компанид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэжээ.                 

 

    Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Монголиан коммодити трейдинг” ХХК-иас 62 666 505 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Даией пробис монгол” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 391 310 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар “Даией пробис монгол” ХХК-д 2015.02.09-ний өдрийн ажил гүйцэтгэх тухай 2015/01 тоот гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, урьдчилгаа төлбөрт төлсөн 30 855 000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн “Монголиан коммодити трейдинг” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Даией пробис монгол” ХХК-ийн  төлсөн 603 240 төгрөг, хариуцагч “Монголиан коммодити трейдинг“ ХХК-ийн төлсөн 603 240 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, харуцагчаас 471 282 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

                Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж эхний ээлжийн санхүүжилтанд 30 855 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр олгосон. Гэтэл гүйцэтгэгч тал болох "Даией пробис монгол" ХХК нь ажлын зургийг дутуу хагас шаардлага хангахгүй, Монгол улсын байгаль цаг уурын нөхцөл байдалд нийцээгүй, кадастрын хэмжээнээс хэтрүүлэн төлөвлөсөн, Хаусны унтлагын өрөө нь гараашийн чанх дээр, цонхгүй байхаар төлөвлөсөн, хотхоны голд хадан дундаас халуун рашаан гаргахаар мөрөөдөл мэт байж боломжгүй, хийгдэх боломжгүй төлөвлөлт зэрэг захиалагчийн санал, шаардлага, хүсэл зориг, эдийн засгийн хувьд ч нийцээгүй төлөвлөлтүүд хийсэн. Үүнээс үзвэл мэргэжлийн бус компани Монгол улсын хууль тогтоомж, барилгын норм дүрмийг зөрчиж гэрээ байгуулсан. "Даией пробис монгол" ХХК нь нэхэмжлэлдээ "энэхүү ерөнхий төлөвлөлт нь барилгын ажлын зураг, барилгын эх загвар зураг боловсруулахын өмнөх хамгийн эхний шатны ажил байсан тул экспиртезээр оруулах шаардлагагүй байсан гэж тайлбарладаг. Гэтэл хууль, дүрэм журамд заасан байдлаар эх загвар зургийг орон тооны бус мэргэжлийн зөвлөл, экспертүүдээр хянагдаж зураг төсөлд магадлал хийгдээгүй нөхцөлд чанарын шаардлага хангахуйц зураг төсөл болсон гэж үзэх үндэслэлгүй байна. Үүнээс үзвэл заавал экспиртезээр хянагдаж, мэргэжлийн тусгай мэдлэг чадвартай этгээд тусгай зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэхээр байна. Мөн манай төсөл хэрэгжүүлэх газар маань Богдхан уулын дархан цаазат газар буюу тусгай хамгаалалттай газар нутаг юм. Тиймээс уг газарт Архитектур төлөвлөлтийн даалгавар, Байгаль орчны үнэлгээгүйгээр зураг төлөвлөх ямар ч боломжгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс ерөнхий төлөвлөгөөний эскиз/загвар/-ын ажил нь зураг төсөл боловсруулах зөвшөөрөлцөх, батлах дүрмийн дагуу хийгдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Гүйцэтгэгч компани барилгын зураг төсөл гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй атлаа гэрээ байгуулж, чанарын шаардлага хангахгүй зураг төлөвлөж, гүйцэтгэгч тал хариуцлагагүй хандсанаас манай төлөвлөсөн ажил бүхэлдээ хэрэгжих боломжгүй болсон. Учир нь төслийн ажлыг чанарын шаардлага хангахгүй зураг төслөөр гүйцэтгэх боломжгүй учраас өөр тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий компаниар дахин зураг төлөвлөх шаардлага үүссэн. Хариуцагч талын татгалзлыг нотлох баримтаар үнэлээгүй. Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны №1/143 албан тоот, ажил гүйцэтгэх гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй,  тусгай хамгаалалттай газар нутгийн кадастрын зураг,  Монгол Улсын Байгаль орчин, аялал жуучлалын яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, Монгол улсын зөвлөх архитектур н.Цэвэлмаагийн "Грийн хилл ресорт" төслийн ажлыг дүгнэсэн дүгнэлт зэрэг үндэслэлүүдээр хариуцагч талын татгалзал хангалттай нотлогдож байхад үнэлээгүй зөвхөн нэхэмжлэгч талын санал, шаардлага, нотлох баримтуудыг үнэлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасанчлан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хүчин төгөлдөр бус байх хуулийн үндэслэл нь дээрх ажлыг гүйцэтгэх хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байх хуулийн шаардлагатай шууд холбогдож байгаа болно. Хуулийн хориглосон зохицуулалтын агуулга нь цаанаа иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхол, өмч хөрөнгөтэй салшгүй холбоотой юм. Тийм ч учраас зайлшгүй зураг төслийн мэргэжлийн байгууллага байх хуулийн шаардлага байна. Иймд талуудын хооронд байгуулсан   ажил гүйцэтгэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар урьдчилгаа төлбөрт төлсөн 30 855 000 төгрөгийг буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй атал хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна . Иймд  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

            Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 17 062 815 төгрөгийн алдангиас, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь тус тус татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71 995 000 төгрөгийг нэхэмжлэгчид дараах журмаар төлж барагдуулахаар тохиролцов. Үүнд: Талууд гэрээ байгуулснаас хойш хуанлын 7 хоногийн дотор “Даией пробис монгол” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн дундах үе шатны ажил /60 хоногийн дараах явцын үр дүнг/-ыг дүгнэн баталгаажуулж, шаардлагатай бол хариуцагчийн өмнө нь өгч байсан саналууд ороогүй дутуу байгаа бол үүнтэй холбоотой өөрчлөлт оруулах ба ийнхүү баталгаажуулсанаас хойш хуанлын 3 хоногийн дотор хариуцагч нь гэрээний дундах шатны төлбөр болох 30 855 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.

“Монголиан коммодити трейдинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй "Грийн хилл ресорт" төслийн ерөнхий төлөвлөлт буюу эксизийг боловсруулах ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаж, эрх бүхий байгууллагаас баталсанаас хойш хуанлын 3 хоногийн дотор хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 41 140 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.

Хариуцагч нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох байгууллагаас өөрөө хариуцан авах ба нэхэмжлэгч нь шаардлагатай санал, өөрчлөлтийг зураг төсөлд оруулж хариуцагчид дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Талууд дундах үе шатны ажлыг дүгнэж, дундах шатны төлбөрийг нэхэмжлэгчид төлсөний дараа 2015 оны 2 сарын 09-ний өдрийн 2015/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад зааснаар ажил дуусах /120 хоногийн дараах үр дүн/  хүртэл хийгдсэн байгаа ажлыг дүгнэж, цаашид нэмж хийгдэх ажлын жагсаалт гаргаж баталгаажуулна. Талууд тохиролцож ажлын төлөвлөгөө гаргаж болно.

Нэхэмжлэгч нь гэрээний дундах шатны төлбөр төлөгдсөний дараа хариуцагчийн санал хүсэлтийг бичгээр хүлээн авч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгах ба Монголын зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагатай хамтран ерөнхий төлөвлөлт буюу эскизийг эрх бүхий батлагдах хэмжээнд бэлэн болгож хариуцагчид  хүлээлгэн  өгнө. Хариуцагч ерөнхий  төлөвлөлт буюу эскизийг  эрх бүхий  байгууллагаар батлуулах ажлыг  хариуцах ба  эрх бүхий байгууллагад  төлөх холбогдох зардлаа өөрөө хариуцна. Эрх бүхий байгууллагаас ерөнхий төвөвлөлттэй холбоотой  санал, шүүмж өгсөн тохиолдолд нэхэмжлэгч нь үүнийг засч өөрчилж өгөх бөгөөд ерөнхий төлөвлөлт батлагдах хүртэл засвар өөрчлөлтийг оруулна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг шүүхэд гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс эвлэрлийг батлан шийдвэрлэх боломжтой байна.

 

          Нэхэмжлэгч “Даией пробис монгол” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 89 057 815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Монголиан коммодити трейдинг” ХХК эс зөвшөөрч, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, урьдчилгаанд төлсөн 30 855 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

 

 Анхан шатны шүүх хариуцагчаас 62 666 505 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 391 310 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

 

Гэвч зохигчид харилцан тохиролцож, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтээ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан байна.

 

            Зохигчдын эвлэрлийн гэрээнд “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 17 062 815 төгрөгийн алдангиас, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь тус тус татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71 995 000 төгрөгийг нэхэмжлэгчид дараах журмаар төлж барагдуулна. Үүнд:

Талууд гэрээ байгуулснаас хойш хуанлын 7 хоногийн дотор “Даией пробис монгол” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн дундах үе шатны ажил /60 хоногийн дараах явцын үр дүнг/-ыг дүгнэн баталгаажуулж, шаардлагатай бол хариуцагчийн өмнө нь өгч байсан саналууд ороогүй дутуу байгаа бол үүнтэй холбоотой өөрчлөлт оруулах ба ийнхүү баталгаажуулсанаас хойш хуанлын 3 хоногийн дотор хариуцагч нь гэрээний дундах шатны төлбөр болох 30 855 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.

“Монголиан коммодити трейдинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй "Грийн хилл ресорт" төслийн ерөнхий төлөвлөлт буюу эксизийг боловсруулах ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаж, эрх бүхий байгууллагаас баталсанаас хойш хуанлын 3 хоногийн дотор хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 41 140 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.

Хариуцагч нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох байгууллагаас өөрөө хариуцан авах ба нэхэмжлэгч нь шаардлагатай санал, өөрчлөлтийг зураг төсөлд оруулж хариуцагчид дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Талууд дундах үе шатны ажлыг дүгнэж, дундах шатны төлбөрийг нэхэмжлэгчид төлсөний дараа 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 2015/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад зааснаар ажил дуусах /120 хоногийн дараах үр дүн/  хүртэл хийгдсэн байгаа ажлыг дүгнэж, цаашид нэмж хийгдэх ажлын жагсаалт гаргаж баталгаажуулна. Талууд тохиролцож ажлын төлөвлөгөө гаргаж болно.

Нэхэмжлэгч нь гэрээний дундах шатны төлбөр төлөгдсөний  дараа хариуцагчийн санал хүсэлтийг  бичгээр хүлээн авч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгах ба Монголын зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагатай хамтран ерөнхий төлөвлөлт буюу эскизийг эрх бүхий батлагдах хэмжээнд бэлэн болгож хариуцагчид  хүлээлгэн  өгнө. Хариуцагч ерөнхий  төлөвлөлт буюу эскизийг  эрх бүхий  байгууллагаар батлуулах ажлыг  хариуцах ба  эрх бүхий байгууллагад  төлөх холбогдох зардлаа өөрөө хариуцна. Эрх бүхий байгууллагаас ерөнхий төвөвлөлттэй холбоотой  санал, шүүмж өгсөн тохиолдолд нэхэмжлэгч нь үүнийг засч өөрчилж өгөх бөгөөд ерөнхий төлөвлөлт батлагдах хүртэл засвар өөрчлөлтийг оруулах” нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.

 

 Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ.

 

 Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй болно.

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/00540 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 17 062 815 төгрөгийн алдангиас, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь тус тус татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 71 995 000 төгрөгийг нэхэмжлэгчид дараах журмаар төлж барагдуулна. Үүнд:

Талууд гэрээ байгуулснаас хойш хуанлын 7 хоногийн дотор “Даией пробис монгол” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн дундах үе шатны ажил /60 хоногийн дараах явцын үр дүнг/-ыг дүгнэн баталгаажуулж, шаардлагатай бол хариуцагчийн өмнө нь өгч байсан саналууд ороогүй дутуу байгаа бол үүнтэй холбоотой өөрчлөлт оруулах ба ийнхүү баталгаажуулсанаас хойш хуанлын 3 хоногийн дотор хариуцагч нь гэрээний дундах шатны төлбөр болох 30 855 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.

“Монголиан коммодити трейдинг” ХХК-ийн хэрэгжүүлж буй "Грийн хилл ресорт" төслийн ерөнхий төлөвлөлт буюу эксизийг боловсруулах ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаж, эрх бүхий байгууллагаас баталсанаас хойш хуанлын 3 хоногийн дотор хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 41 140 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.

Хариуцагч нь шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох байгууллагаас өөрөө хариуцан авах ба нэхэмжлэгч нь шаардлагатай санал, өөрчлөлтийг зураг төсөлд оруулж хариуцагчид дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Талууд дундах үе шатны ажлыг дүгнэж, дундах шатны төлбөрийг нэхэмжлэгчид төлсөний дараа 2015 оны 02 сарын 09-ний өдрийн 2015/01 тоот ажил гүйцэтгэх гэрээний хавсралтад зааснаар ажил дуусах /120 хоногийн дараах үр дүн/  хүртэл хийгдсэн байгаа ажлыг дүгнэж, цаашид нэмж хийгдэх ажлын жагсаалт гаргаж баталгаажуулна. Талууд тохиролцож ажлын төлөвлөгөө гаргаж болно.

Нэхэмжлэгч нь гэрээний дундах шатны төлбөр төлөгдсөний  дараа хариуцагчийн санал хүсэлтийг  бичгээр хүлээн авч гэрээнд заасан ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгах ба Монголын зураг төслийн тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагатай хамтран ерөнхий төлөвлөлт буюу эскизийг эрх бүхий батлагдах хэмжээнд бэлэн болгож хариуцагчид  хүлээлгэн  өгнө. Хариуцагч ерөнхий  төлөвлөлт буюу эскизийг  эрх бүхий  байгууллагаар батлуулах ажлыг  хариуцах ба  эрх бүхий байгууллагад  төлөх холбогдох зардлаа өөрөө хариуцна. Эрх бүхий байгууллагаас ерөнхий төвөвлөлттэй холбоотой  санал, шүүмж өгсөн тохиолдолд нэхэмжлэгч нь үүнийг засч өөрчилж өгөх бөгөөд ерөнхий төлөвлөлт батлагдах хүртэл засвар өөрчлөлтийг оруулах”-аар зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                                                                                        

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Монголиан коммодити трейдинг” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын   тэмдэгтийн хураамжид төлсөн 603 240 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                     ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

                              

                                                                                                            Г.ДАВААДОРЖ