Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2019/00145

 

 “Ц” СӨХны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/02457 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1927 дугаар магадлалтай,

“Ц” СӨХны нэхэмжлэлтэй

Я.М   д холбогдох

Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 378 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Я.Мын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантуяа, хариуцагч Я.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” СӨХны гишүүн, сууц өмчлөгч Я.М нь 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны СӨХны төлбөр болох нийт 378 000 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд хуулийн дагуу өөрийн төлөх үүрэгтэй дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаа тус СӨХнд төлж барагдуулах талаар удаа дараагийн мэдэгдэл, шаардлагыг биелүүлэхгүй байсаар өдийг хүрлээ. “Ц” СӨХ нь Иргэний хууль болон СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, дүрэмд заасан үүргийн дагуу хариуцсан байрнуудад шаардлагатай засвар үйлчилгээг хийж, үүний дагуу хөлс авдаг. Хариуцагч нь жижүүр байхгүй, цэвэрлэгээ хийдэггүй гэж байна. Энэ талаарх гомдлоо СӨХнд тавиад шийдвэрлүүлэх ёстой. Жил бүр бүх гишүүдийн хурал хийж тайлангаа тавьдаг. Улирал бүр аудитын шалгалт хийгдээд явдаг. Хариуцагчийн нэг сарын төлбөр нь 2 өрөө байрнаас 4 000 төгрөг, цэвэрлэгээ 4 500 төгрөг, жижүүр 1 500 төгрөг, орцны гэрэл 400 төгрөг, баримт 100 төгрөг, нийт 10 500 төгрөг, нийт 36 сарын төлбөр 378 000 төгрөг болсон. Иймд хариуцагчаас 378 000 төгрөгийг гаргуулж “Ц” СӨХнд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Я.М миний бие нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 3 дугаар байрны 46 тоотод оршин суудаг. Уг байрны дээр 2006, 2007 оны үед давхарлаж мансард барьсан. Үүнээс болж манай балкон руу мансардны ханын шороо байнга нурж орж ирдэг болсон, мөн бохирын шугамнаас байнга ус шүүрч, мөөгөнцөр үүсч маш хүнд байдалд байна. Анх барилгын ажил хийгдэж байх үед ч гэсэн манай бүх цахилгааны монтажнууд шатсан, дээрээс ус алдаж өөрийн зардлаар байрандаа бүтэн засвар хийж байсан. Энэ талаар тухайн үед нь би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан байгаа болно. Учир нь “Ц” СӨХ нь ажлаа хийхгүй байгаагаас болж иргэн миний өөрийн байрандаа тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа тул “Ц” СӨХны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ СӨХны үйл ажиллагаанаас болж маш их хохирч байгаа учир баримт материалаа бүрдүүлэн өөрт учирсан хохирлоо сөрөг нэхэмжлэх болно. СӨХны жижүүрийн хөлс гэж 1500 төгрөг нэхэмжилж байна. СӨХ нь жижүүр, харуул хамгаалалттай байх ёстой, гэтэл би энэ байранд амьдарснаас хойш маш олон удаа хулгайд эд зүйлээ алдаж байсан. Жижүүр гэх хүн байдаггүй. Өдрийн цагаар шөнө орой дандаа согтуу хүмүүс орж хонодог. Удаа дараа мэргэжлийн байгууллагад хандаад СӨХны үйл ажиллагаа буруу байна гэх дүгнэлт гарчихаад байхад миний төлбөрийг барагдуулахгүйгээр яагаад төлбөр нэхэмжлээд байгаа юм бэ. СӨХны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд СӨХ нь дундын өмчлөлийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, шугам, сүлжээний засвар, түүнтэй холбоотой гарсан зардлыг гаргах мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сууц өмчлөгчдөөс сонгож, тайланг нь хэлэлцэх, тэдний үйл ажиллагаатай холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэх, засвар үйлчилгээг хийх, бохир усны байшингийн шалнаас дотогш бүх шугам сүлжээг хариуцах ёстой. Гэрээний дагуу засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд зардлыг төлүүлнэ. СӨХ нь холбогдох бүх зардлыг хариуцна гэж байна. Мөн ашиглалтад хүлээлгэж өгөөгүй барилгын ажлын явцад шаардах дулаан, халуун усаар хангах ёсгүй гэж байгаа. СӨХны төлбөр төлөөгүй олон айл байхад яагаад зөвхөн намайг онцолж шаардаад байгаа юм бол. Бохирын ус дээд айлаас алдаагүй, барилгын ажил дууссаны дараа хананы завсар байсан ус алдсан учир СӨХ хариуцах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/02457 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.Маас 378 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ц” СӨХнд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Маас улсын тэмдэгтийн хураамжид 11 990 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц” СӨХнд олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1927 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/02457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.М хяналтын гомдолдоо: Я.М миний бие ...Иргэний хэргийн анхан шатны шүүх намайг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 болон 107.3-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй гэж үзсэн ба миний бие нь тус шүүхэд МХ Газрын улсын байцаагчийн дүгнэлт болон техникийн комиссын акт гэх хоёр баримтыг гаргаж өгсөн. Миний хувьд дээрх нотлох баримтууд нь хэргийн нөхцөл байдал тогтооход зайлшгүй хэрэгтэй бөгөөд нотлох чадвартай баримт бичгүүд юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь ч мөн дээрхийн адил намайг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн гэж ойлгож байна. Иймд миний бие давж заалдах шатны шүүхийг нотлох баримтыг минь анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-д заасны дагуу уг магадлалд гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Ц” СӨХ нь Я.Мд холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 378 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Хариуцагч Я.М нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 3 дугаар байрны 46 тоот, 28 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөгч тул заавал тухайн СӨХны гишүүн байхыг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй болохыг, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т тус тус заасан, 2015 оны 5 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны 378 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна.

Сууц өмчлөгч хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй. Харин СӨХ ажлаа хийгүйгээс ус алдаж, байр мөөгөнцөртсөн, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаа бол энэ талаар тусдаа шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэл биш болохыг шүүх хуулийн үндэслэлтэй дүгнэжээ.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/02457 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1927 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

                          ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА