Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0109/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                             Б.Н

Шүүгдэгч нарын өмгөөлөгч            Б.Ж

Шүүгдэгч                                   Л.Б, Я.М нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Болортуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нээс Эрүүгийн хуулийн 24.6 дугаар   зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З овогт Лын Б, Б овогт Яын М нарт холбогдох 2139000520069 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

  1. Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүрэг 5 дугаар хороо Багагүний 8 дугаар гудамж 01 тоотод оршин суух бүртгэлтэй, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг, Хавцлын ам гэх газарт түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овгийн Яын М /рд:НЧ68091214/
  2. Монгол Улсын иргэн, 1958 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 63 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотын Багануур дүүрэг 3 дугаар хороо, хөдөө хэсэгт оршин суух хаягтай, одоогоор Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг, Хавцлын ам гэх газарт түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, З овгийн Лын Б /рд: УГ58060110/

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Я.М, Л.Б нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг N47*43`36.6, E108*31`51.0 солбицлын цэг буюу “Хавцлын ам” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 24 ширхэг, 1.2 м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэж байгаль экологид 364.295 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:]

Хохирогч Д.Бын өгсөн:.. Цагдаагийн байгууллагаас хууль ёсны төлөөлөгч томилох тоот ирсний дагуу миний бие Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг хариуцсан байгаль хамгаалагчийн хувьд уг хэрэгт хохирогчоор оролцож байна. Тус сум ойн ангитай учраас мод бэлтгэх эрхийн бичгийг ойн ангиас олгоно. Гэм буруутай этгээдээс ойн санд учирсан хохирлыг төлж барагдуулах  санал, хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/

Гэрч Д.Нын өгсөн:...Хэнтий аймаг Цэнхэр мандал сумын согоот 3 дугаар баг Хавцалын ам гэх газар 2021 оны эхээр өдөр сайн мэдэхгүй байна. Уулнаас уртаар нь мод хүмүүс чирч байх үед очиход М, Б 2 байсан. Яагаад мод хийгээд байгаа юм гэж хэлтэл Б, М надад хэдэн шургааг унгааж өгөөч гэж хэлсэн гэж байсан.  Жалган  дотор би уулзаад гэр лүүгээ харьсан. Олсоор хүлээд модыг уртаар нь чирч байсан. Хэд хоногийн дараа очиход жалганд мод хураасан байсан. Тухайн газар чулуу, гуу жалга ихтэй, налуу газар учир машин явах боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31хуу/

Гэрч Г.Уийн өгсөн:...Би Я.Мтай амьдраад 5 жил болж байна... Модны асуудлаас үүдэж 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар баг Хавцалын ам гэх газар малдаа өглөө яваад орой ирэх үед зүрх өвдөөд байна гээд суугаад байснаа гэнэт уулын орой дээгүүр баахан цэргийн хувцастай хүмүүс яваад байна намайг зодох гээд байна, гэрийн тоонон дээр нэг буутай хүн, өө 2 буутай хүн болчихлоо гээд яриад эхэлсэн. Тамхи татаж байснаа тухайн тамхийг цогтой нь зажилж идсэн. Энэ асуудлаас үүдээд Багануур дүүргийн эмнэлэгт 24-ний  орой үзүүлэхэд биеийн байдал хүнд 2 хүн сахиж хэвтсэн. Маргааш өглөө нь эмч нар үзээд  цагдаагийн хамгаалалттай Улаанбаатар хот руу Шархад эмнэлэгт хүргэгдэж очоод 10 хоног эмчилгээ хийлгээд ирсэн. Бие байдал нь ядруу хэвийн байдлаасаа их турж эцэж ирсэн. Одоо ч гэсэн үе үе зан авир, үг яриа нь өөрчлөгддөг...гэх мэдүүлэг /хх-ийн 34хуу/

Яллагдагч Я.Мын өгсөн:... Би өөрөө цөөхөн хэдэн тооны малтай болохоор хавар хэдэн ямаа төллүүлэх саравч байхгүй болохоор Э ахын өвөлжөөний хажуухнаас буюу "Хавцалын ам" гэх газраас хэдэн мод аваад саравч барих санаатай мод хөрөөдөж байхад Б ах малд явж байгаа гээд над дээр ирсэн, тэгээд Б ах тухайн үед миний гарыг амрааж өгье гээд надад туслаад 5 ширхэг шургааг хөрөөдөж цагаалж өгсөн, тэгээд Б ах хөрөөдөж цагаалсан модоо уяагаар оосорлоод доошоо чирч жалганд аваачиж хураасан, тэгээд Б ах надад тэр өдрөө тусалчихаад яваад өгсөн, би харин Б ахыг явснаас хойш дахиж нэмж хэдэн ширхэг мод бэлтгээд жалганд хураасан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Гар хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэсэн. Тэр миний хөрөө байгаа юм, мод бэлтгэж байгаад хугалчихсан...гэж мэдүүлсэн хх-ийн /83-84хуу/

Яллагдагч Л.Бын өгсөн:... М дүүд нь хэдэн шургаагийн хэрэг байна гээд мод бэлтгэхээс хэд хоногийн өмнө хэлж байсан юм. Тэгээд тухайн үед ажил гараад очиж тусалж амжаагүй юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр үхэртээ явж байхад М Хавцалын зүүн суганд мод хөрөөдөөд байж байсан, тэгээд би Мыг урьд нь гуйж байсан болохоор тусалж өгөх санаатай ах нь гарыг чинь амраагаад хэдэн ширхэг мод унагаагаад цагаалаад өгье гээд 5 ширхэг мод хөрөөдөж унагаад цагаалсан. Тэгээд цагаалсан модоо М бид хоёр уяагаар оосорлоод уулын уруу чирч буулгаад жалганд хураасан. Тэгээд мод жалганд хурааж байхад саахалт айлын Н морьтой ирээд та хоёр мод хийж болж байгаа юм уугэж хэлчихээд буцаад яваад өгсөн. Тэгээд би өөрийнхөө хийж бэлтгэсэн модыг зөөж дуусгачихаад харих гэж байхад М дүү нь ямаагаа харж байхдаа дахиж нэмж хэдэн мод цагаалаад өөрөө зөөчихнө гэж хэлж байсан. Тэгээд 2 хоногийн дараа мөн үхрээ хураагаад явж байхад М нэмээд хэдэн мод цагаалаад нөгөө жалгандаа хураачихсан байсан. Модны эрхийн бичиг авсан үгүйг нь асуугаагүй, туслаад өгье гэж л бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 91 хуу/

            Л.Б, Я.М нар нь Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын байгаль хамгаалах сангийн Төрийн сангийн 100180655408 дугаарын дансанд 2021 оны 03 дугаар сарын 10, 2021 оны 03 дугаар сарын 24-ий өдөр “модны үнэ Б, М у-95146134” гэсэн гүйлгээний утгаар нийт 1.094.295 төгрөг шилжүүлсэн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-ийн 121 хуу/

            Төлбөрийн хүсэлт “ буруу орсон орлого залруулсан тухай”  /хх-ийн 169 хуу/

            Хэргийн газарт үзлэг хийж хэрэг болсон газар нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг N 47 43 30.4,  E 108 32 28.6 солбилцолын цэг буюу Хавцалын ам гэх газар байх бөгөөд уг газарт 10-15 см диаметртэй 24 ширхэг модны хожуул  байсныг тэмдэглэж авсан тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 9-11 хуу /

            Эдийн мөрийн баримтаар 30 сантиметрийн урттай тоосгоны хөрөөний хугархай ир, 4,80 метрийн урттай цагаан өнгийн олс, 6.80м-10м урттай 24 ширхэг шинэс мод  хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16 хуу /

   Уг эрүүгийн хэрэгт байгаль хамгаалагч ажилтай Д.Быг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны   өдрийн Б/09 дугаартай захирамж /хх-ийн 24 хуу/

 Л.Б, Я.М нарын бэлтгэсэн мод нь 1.2 м3 хэмжээтэй, экологи эдийн засгийн үнэлгээ нь 364.295 төгрөг болохыг тогтоосон Хэнтий аймгийн Цэнхэрмандал  сумын ойн ангийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 41-42 хуу/

Хөрөө, олсны үнэлгээг нийт 32.500 /гучин хоёр мянга таван зуу/-н төгрөгөөр тогтоосон  Хөрөнгийн үнэлгээний  Фэйр валуэшн ХХК-ний шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны  өдрийн 2021/ШД40 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-55 хуу /

 

Яллагдагч Я.Мын сэтгэцийн байдлыг тодорхойлсон шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 3 дугаартай дүгнэлт:

  1. Я.Мад одоогоор сэтгэцийн талаас илрэх өөрчлөлт үгүй.
  2. Я.М нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай /хх-ийн 64 хуу/

 

N 47 43 30.4,  E 108 32 28.6 цэг нь Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт хамаарахгүй тухай Хан Хэнтийн  улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаартай албан бичиг /хх-ийн 94 хуу/

Л.Б, Я.М нарын иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 113, 114 хуу/

Л.Б, Я.М нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119, 120 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 124-126 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Л.Б, Я.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Я.М, Л.Б нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багийн нутаг “Хавцалын ам” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 24 ширхэг буюу 1.2 м3 хэмжээтэй шинэс модыг гар хөрөө, олс ашиглан бэлтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Я.М, Л.Б нар нь ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн  зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй  болно.

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд яллагдагч Я.М нь “мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй” гэж мэдүүлэг өгсөн байх тул Я.М, Л.Б нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэж дүгнэв. 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр Я.М, Л.Б нарын бэлтгэсэн модын хэмжээг 1.2 м3,  уг  модны экологи эдийн засгийн үнэлгээг 364.295 төгрөг гэж тогтоосон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /364.295х3=1.094.2951.094.295 төгрөг гэж үзлээ.

Шүүгдэгч Я.М, Л.Б нар нь 1.094.295 /нэг сая ерэн дөрвөн мянга хоёр зуун ерэн таван/ төгрөгийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын төлбөрт тооцож төлсөн болох нь Төрийн банкны  мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул тэднийг  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Аймгийн Прокурорын газраас Я.М, Л.Б нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагч нараас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 122, 123 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 129 хуу/ гарган яллагдагч нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, гэмт хэрэг үйлдэж олсон 24 ширхэг, 1.2 м3 хэмжээтэй шинэс модыг улсын орлого болгох,  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хөрөө болон олсыг устгах, оршин суугаа газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээх, мансууруулах бодис согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ авах саналыг яллагдагч нарт танилцуулсныг яллагдагч Я.М, Л.Б   хүлээн зөвшөөрч /хх-ийн  183, 186 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Я.М, Л.Б  нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  заалтад заасан  гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас  анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Я.М, Л.Б  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 30 см урттай хөрөөний хугархай ир, 4.80 см урттай олсыг устгаж, 6.80-10 м урттай 24 ширхэг, 1.2 м3 хэмжээтэй шинэс модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  З овгийн Лын Б, Б овгийн Яын М нарыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Я.М, Л.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус  2 / хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.М, Л.Б нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй. 

4. Шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5  дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Я.М, Л.Б нарт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 30 см урттай хөрөөний хугархай ир, 4.80 см урттай олсыг устгах, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 6.80-10 м урттай 24 ширхэг, 1.2 м3 хэмжээтэй шинэс модыг хураан улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

6. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн 6.80-10 м урттай 24 ширхэг, 1.2 м3 хэмжээтэй шинэс модыг улсын төсөвт шилжүүлэхээр, эд мөрийн баримтаар хураагдсан 30 см урттай хөрөөний хугархай ир, 4.80 см урттай олсыг устгахаар шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6.80-10 м урттай 24 ширхэг, 1.2 м3 хэмжээтэй шинэс модыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.М, Л.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ