Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/377

 

                                                                                                                                                                                                  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч Г.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт О-ын Г-т холбогдох эрүүгийн ************дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 05 дугаар сарын 15-ны өдөр ***** аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, “***********” ХХК-д гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, ------------------------- оршин суух,

- урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 373 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б овогт О-ын Г /РД: ТЗ79051515/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Г нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Магнай трейд” шатахуун түгээх станцын орчим Б.Г-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед баруун гайморовын хөндийн гадна ханын цөмөрсөн хугарал, баруун хацар, баруун зовхи, хамарт цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Г-гийн:

“...2021 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцын ойролцоо ****** улсын дугаартай автомашин дотор эгч Ундралын хамт сууж байгаад гар утсаараа оролдож сууж байгаад гар утсаа унагаагаад тонгойгоод утсаа авах гэтэл автомашиныхаа сигналыг дарсан юм. Тэгтэл хажуугаар явж байсан 3 ах хүрээд ирсэн тэр гурван хүний бүдүүн махлаг ах шууд ирээд автомашины хаалга онгойлгоод миний нүүрний хацар хэсэг рүү гараараа цохисон.  ...анх цохисон бүдүүн ах дахиад нүүр лүү хоёр удаа цохисон. Би шууд нүүрээ дараад тонгойгоод суусан чинь нөгөө ах дахиад намайг татаж байгаад нүүр лүү цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх 19-20/,

2. Гэрч Ж.Н-ийн:

“...10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцын хажууд найз Г, О нарын хамт явж байтал нэг машин сигналдсан тэгээд тэр машин руу бид 3 очсон юм. Тэгээд манай найз Г тэр автомашины жолоочийн суудалд сууж байсан залуутай юм ярьж байгаад маргалдаад тэр залуугийн нүүр толгой руу цохиж тэр бариад авахаар нь Очирбат бид хоёр салгаад бид 3 цаашаагаа явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

3. Гэрч Ц.О-ын:

“...Г жолоочийн суудлын хойно сууж байсан эрэгтэйг хаалгыг нь онгойлгоод шууд нүүр лүү нь хэд хэд цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг /хх 28-29/,

4. Гэрч Б.Ц-ын:

“...тухайн шөнийн 4 цаг 50 минутын орчимд манай дүү над руу залгаад намайг хүн зодоод аллаа гэхээр нь би сандраад шөнө гэрээсээ 10-р хороололд ирсэн. Тэгтэл манай аавын машин онгорхой машины хажууд гурван залуу зогссон. Манай дүү Г өөрөө байхгүй байсан. Би очсоныхоо дараа Г рүү залгаж дуудсан. Г-гийн нүүр хавдсан автомашин дотор нь тэр чигтээ цус болсон байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 32-33/,

5. Гэрч Ж.У-ын:

“...Г гар утсаа оролдож байгаад унагаагаад утсаа авах гээд тонгойхдоо автомашины автомашиныхаа сигналыг дарсан юм. Тэгтэл хажуугаар явсан 3 эрэгтэй хүн хүрээд ирсэн. Тэр 3 хүний арай бүдүүн нь шууд жолоочийн хаалга онгойлгоод Г-гийн нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 37/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1450 дугаартай:

“...Б.Г-гийн биед баруун гайморовын хөндийн гадна ханын цөмөрсөн хугарал, баруун хацар, баруун зовхи, хамарт цус хуралт баруун зовхи, хамарт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх 51/,

7. Шүүгдэгч О.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...тэр залуугийн нүүр лүү цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 60-62/,

8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 20/196 дугаар “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай” тогтоол /хх 58/,

9. Хохирогчид хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Гт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч О.Г нь хохирогч Б.Г-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч О.Г нь гэм буруу дээр маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Г-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч О.Г нь: 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Магнай трейд” шатахуун түгээх станцын орчим Б.Г-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед баруун гайморовын хөндийн гадна ханын цөмөрсөн хугарал, баруун хацар, баруун зовхи, хамарт цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Б.Г-гийн “...Машин дотор эгч У-ын хамт сууж байгаад гар утсаараа оролдож сууж байгаад гар утсаа унагаагаад тонгойгоод утсаа авах гэтэл автомашиныхаа сигналыг дарсан юм. Тэгтэл хажуугаар явж байсан 3 ах хүрээд ирсэн тэр гурван хүний бүдүүн махлаг ах шууд ирээд автомашины хаалга онгойлгоод миний нүүрний хацар хэсэг рүү гараараа цохисон.  ...анх цохисон бүдүүн ах дахиад нүүр лүү хоёр удаа цохисон. Би шууд нүүрээ дараад тонгойгоод суусан чинь нөгөө ах дахиад намайг татаж байгаад нүүр лүү цохисон ...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ж.Н-ийн “...10-р хорооллын “МТ” шатахуун түгээх станцын хажууд найз Г, О нарын хамт явж байтал нэг машин сигналдсан тэгээд тэр машин руу бид 3 очсон юм. Тэгээд манай найз Г тэр автомашины жолоочийн суудалд сууж байсан залуутай юм ярьж байгаад маргалдаад тэр залуугийн нүүр толгой руу цохиж тэр бариад авахаар нь О бид хоёр салгаад бид 3 цаашаагаа явцгаасан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ц.О-ын “...Г жолоочийн суудлын хойно сууж байсан эрэгтэйг хаалгыг нь онгойлгоод шууд нүүр лүү нь хэд хэд цохих шиг болсон...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Б.Ц-ын “...Манай дүү над руу залгаад намайг хүн зодоод аллаа гэхээр нь би сандраад шөнө гэрээсээ 10-р хороололд ирсэн. Г-гийн нүүр хавдсан автомашин дотор нь тэр чигтээ цус болсон байсан ...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ж.У-ын “...Г гар утсаа оролдож байгаад унагаагаад утсаа авах гээд тонгойхдоо автомашины автомашиныхаа сигналыг дарсан юм. Тэгтэл хажуугаар явсан 3 эрэгтэй хүн хүрээд ирсэн. Тэр 3 хүний арай бүдүүн нь шууд жолоочийн хаалга онгойлгоод Г-гийн нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1450 дугаартай “...Б.Г-гийн биед баруун гайморовын хөндийн гадна ханын цөмөрсөн хугарал, баруун хацар, баруун зовхи, хамарт цус хуралт баруун зовхи, хамарт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл юм.

Мөн шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал болон бусад хохирол төлбөрт 2.000.000 төгрөгийг шүүгдэгч О.Г нь хохирогч Б.Г-д төлсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч О.Г нь хохирогчид учруулсан гэмтэлтэй холбоотой хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул торгох ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав. 

Шүүх: шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч О.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 180 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2105003810252 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт О-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-ыг 1300 /нэг мянга гурван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 180 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       М.ДАЛАЙХҮҮ