Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/387

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Г, М.Ж, тэдгээрийн өмгөөлөгч Б.Адилбек нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт М-ы А, Ш овогт М-ы Ж нарт холбогдох эрүүгийн -*********** дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, **** оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн *********** суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, ***************ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********************* оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт М-ы А /РД: **************/.

2. Монгол Улсын иргэн, **** оны 07 дугаар сарын 01-ний өдөр ********** суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, *********** мэргэжилтэй, ********************* ажилтай, ам бүл 1, ************* тоотод оршин суух урьд ял шийтгэлгүй, Ш овогт М-ы Ж /РД: *******************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г, М.Ж нар бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ************ тоотод хохирогч Т.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж газар унаган нүүр толгой, цээж хэсэгт гараараа болон хөлөөрөө өшиглөж баруун нүдний дээд, доод зовхи, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, цээж, зүүн тохой, хүзүү, баруун шууны цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д/ зааснаар бүлэглэж үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г мэдүүлэхдээ: “...Гэм буруу дээр маргахгүй. Харин бүлэглэж үйлдсэн гэдэг дээр манай дүү М.Ж хохирогчид гэмтэл учруулаагүй...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ж мэдүүлэхдээ: “...Тухайн үед хохирогчийн дагз руу өшиглөсөн зүйл байхгүй, би унтаж байсан болохоор хөл нүцгэн байсан тул гэмтэл учруулаагүй. Мөн манай ахын дээр Т.М сууж байгаа болохоор би түүнийг цохих учиргүй. Иймд надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй..” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Т.М-ын:

“...Би 2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн үед А над руу залгахаар нь би Сансарт явж байна чи машинтай явж байгаа юм чинь хороололд хүргээд өгөөч гэсэн юм. Тэгээд Х, А бид 3 хорооллын эцэст явж байгаад А-ийнд орсон. Тэгээд А-ийн гэрт ороод гал тогооны өрөөнд нь А, Х бид 3, 4 том 2 литрийн пиво ууцгаасан. Тэгээд пиво ууж дуусчхаад гаръя гээд Х намайг татаад сэрээсэн. Тэгээд Х согтчихсон олон юм яриад зогсож байтал А гал тогооны шүүгээнээс жижиг хутга гаргаж ирээд “манай гэрт ирээд агсам согтуу тавилаа” гээд Х руу хутга бариад дайрч гадуурх хүрмийг нь урахаар нь би дундуур нь ороод А-ийг бариад авсан. Тэгтэл А миний хоолойг боогоод хутга хүзүүнд тулгахаар нь би хутгыг нь ходуулах гэтэл миний гарыг зүсчихсэн. Тэр үед Х-г Ж хөөгөөд гаргачихсан байсан. Тэгээд хутгыг салгасны дараа намайг түлхээд газарт унагаагаад миний дээр гараад нүүр рүү олон дахин гараараа цохисон. Тэгтэл дүү Ж нь ирээд дагз руу нэг удаа өшиглөөд А-ийг миний дээрээс татаж босгохоор нь би том өрөө рүү зугтаж орсон. Тэгтэл миний араас А ороод ирэхээр нь би зугтаад орон дээр нь үсрээд гартал дүү Ж нь араас нь орж ирээд А-ийг барьж авахаар нь би гараад зугтаасан. Тэгээд орц руу гарахад өөдөөс 2 цагдаа Х-тай хамт ирчихсэн байсан. Тухайн өдөр А хутга бариад ах Х руу дайрахаар нь би дундуур нь ороход над руу хутга тулгаж дайраад байхаар нь би хутгыг нь өөрөөсөө холдуулах гэтэл миний гарыг хөндлөн татаад зүссэн. Тэгээд бид 2 хутга булаацалдаж хутга газарт унахад А намайг дэгээдэж газарт унагаад дээрээс олон дахин цохиж учруулсан гэмтлүүд байна. Харин дагзны ар тал руу Ж ирж өшиглөсөн. А миний дээр гарчихсан намайг цохиж байхад Ж ирж нэг удаа ар дагз руу өшиглөсөн юм. Тэгээд А намайг цохиод байж байтал Ж буцаж ирээд одоо болно гээд салгасан...” гэсэн мэдүүлэг /хх 9-12/,

2. Гэрч А.Х-н:

“...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би эхнэрийнхээ дүү М-тай 100 айлд уулзаад гадуур явж байтал М-ын найз А гэх залуу бид хоёрыг Сансараас очиж аваад бид 3 хороололд ирсэн. Тэгээд М 1 том 2.5 литр пиво аваад бид 3 А-ийнд орж уухаар болсон. Тэгээд А гэх залуугийн гэрт нь очиж гал тогооны өрөөнд нь ороод 1 том пиво ууж дуусгачхаад дахиад А-ийн гэрээс 2 том 2.5 литрийн пиво аваад ууж байтал гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Тэгээд тавуулаа пиво ууж сууж байгаад би цаг хартал шөнийн 03 цаг өнгөрч байхаар нь явах гээд М ширээ дэрлээд унтаад байхаар нь баруун хацар руу нь нэг алгадаад сэрээсэн. Тэгтэл М сэрээд жаахан байж байгаад явъя гээд унтаад байсан. Тэгтэл гаднаас орж ирсэн 2 үл таних залуу явлаа гэхээр нь би хамт явъя гээд босож байтал М сэрж ирээд та явахгүй надтай хамт яв гээд намайг заамдаж газарт унагаагаад дээрээс нүүр рүү 2 удаа цохиж байтал А цаанаас нэг жижиг хутга авч ирээд над руу дайраад “манай гэрт ирээд агсам тавилаа” гээд миний гадуурх хүрмийг зүүн талаас 2 удаа хутгаар зүсээд тэгээд би бултсан чинь миний хүрэмний цээж хэсэгт хутгаараа мөн нэг удаа зүсээд тэгтэл хажуу өрөөнөөс А-ийн дүү гарч ирээд намайг газраас босгоод шууд гадагш гаргасан. Тэгээд би гадагш гараад цагдаа дуудаад байр руу ортол М үүдэн дээр нь гараас нь цус гарчихсан сууж байсан. Намайг гарсны дараа М, А хоёрын дунд юу болсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 24-25, 29-30/,

3. Гэрч А.Х-айн:

“...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагийн үед найз А гэртээ дуудсан. Тэгээд би найз Гадастай хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2а дугаар байрны 54 тоотод А-ийнд очсон. А-ийнд очиход М, М-ын хүргэн ах А 3 пиво уугаад сууцгааж байсан. Тэгээд тавуулаа нийлээд 2 том 2 литрийн пиво ууцгаасан. Пиво ууж дуусчхаад явах гэж байхад М ширээ дэрлээд унтаж байсан. Тэгтэл М-ын хүргэн ах нь М-ын толгой руу нэг удаа алгадаж сэрээж байсан. Тэр үед нь би үүдний хаалган дээр Г-тай хамт хувцсаа өмсөж байсан. Тэгтэл гал тогоонд М хүргэн ахтайгаа заамдалцаад зогсож байсан. Тэгтэл А хажууд айл байдаг болохоор та 2 хурдан яваа би энэ хоёрыг аргалаад салгаад гаргаад явуулчихна гэж хэлээд Г бид хоёрыг гаргасан. Тэрний дараа юу болсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 35-36/,

4. Гэрч Э.С-ын:

“...2021 оны 01 дүгээр сарын 17-нд ******************* тоотод хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага мэдээллийг өглөөний 6 цагт аваад дуудлагаар очиход орцны үүдэнд М гэх залуу хөл нүцгэн, баруун гарын хуруу нь зүсэгдсэн байдалтай зогсож байсан. Тэгээд байр руу ороход коридорт Х гэх залуу ил харагдах гэмтэл шархгүй, хувцас хунар нь бүрэн зогсож байсан. Тэгээд 54 тоот айлд ороход ах дүү 2 залуу байсан бөгөөд мөн биед нь ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй, гэрт нь ямар нэгэн цус болохоор зүйл байгаагүй харин угаалгын өрөөнд нь цустай орны даавуу байсан. Тэгээд гэрээс нь хутга хайгаад шүүгээ сав гал тогооны өрөө гээд бүх газруудыг нь нэгжээд хутга олоогүй бөгөөд гэрт байсан ах дүү 2 залуугаас асуухад манайх угаасаа хутгагүй гэсэн, тэгээд дуудлага өгсөн М гэх залуугаас ямар шалтгааны улмаас дуудлага өгсөн, юу болсон талаар асуухад “А гэх залуу намайг зодсон, харин дүү нь гарч ирээд бид хоёрыг салгасан” гэсэн тул А гэх залуу болон М гэх залууг аваад дуудлагаасаа гарч ирсэн. А, М гэх 2 залуу дунд зэргийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх 38-39/,

5. Гэрч З.Т-ний:

“...2021 оны 01 дүгээр сарын 17-ны өглөөний 6 цагт Баянгол дүүргийн ***********тоотод хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага мэдээллийг аваад дуудлагаар эргүүлийн цагдаа С-ын хамт очиход орцны үүдэнд М гэх баруун гарын дунд хуруу зүсэгдчихсэн, цус гарсан байдалтай зогсож байсан. Тэгээд байр руу ороход коридорт Х гэх дуудлага өгсөн залуу ил харагдах гэмтэл шархгүй, хувцас хунар нь бүрэн бүтэн зогсож байсан. Тэгээд Х, М гэх 2 залуутай хамт маргаан зодоон болсон гэх 54 тоот айлд ороход А, Ж гэх 2 залуу байсан. Тэгээд гэрт орж дуудлага өгсөн гэх залуугаас юу болсон талаар асуухад М гэх залууг А гэх залуу зодсон. Тухайн үед дүү Ж нь гарч ирж салгасан гэсэн. Тэгээд хутганы талаар асуухад М гэх залуу “А гэх залуу намайг зодож, хутга гаргаж ирээд над руу дайрч миний гарыг зүссэн, харин дүү Ж нь гарч ирээд А-ийг над дээрээс татаж босгосон” гэсэн тул Аээс хутга хаана байгааг асуухад мэдэхгүй, манайд ямар ч хутга байхгүй гэхээр нь гэрт хутга хайсан боловч олоогүй. Тухайн үед гэрт нь цус болсон зүйл байгаагүй харин угаалгын өрөөнд цустай орны даавуу байсан. Тэгээд гэрээс нь хутга хайгаад шүүгээ сав гал тогооны өрөө гээд бүх газруудад хутга хайсан боловч олоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 41-42/,

6. Шүүгдэгч М.Ж-ын: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 60-62/,

7. Шүүгдэгч Г-ийн: “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 71-73/,

8. 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын шинжээчийн ***** дугаартай:   

“...Т.М-ын биед баруун нүдний дээд, доод зовхи, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, цээж, зүүн тохой, хүзүү, баруун шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 44-45/,

9. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон хохирогчид хохирол төлбөр төлсөн талаарх баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г, М.Ж нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Г, М.Ж нар нь бүлэглэж хохирогч Т.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “Шүүгдэгч Гийн хувьд гэм буруу дээр маргахгүй. Харин шүүгдэгч М.Ж нь дээрх гэмт хэргийг үйлдээгүй. Хохирогч Т.М нь мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгдөггүй. Шүүгдэгч нараас мөнгө нэхдэг. Дараа нь мэдүүлгээ өөрчилж дагзны гэмтлийг М.Ж учруулсан гэж мэдүүлдэг. М.Ж-ийн хувьд ах нь зодуулж байсан бол өөр хэрэг. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г, М.Ж нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г, М.Ж нар нь: бүлэглэж 2021 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2а дугаар байрны 54 тоотод хохирогч Т.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж газар унаган нүүр толгой, цээж хэсэгт гараараа болон хөлөөрөө өшиглөж баруун нүдний дээд, доод зовхи, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, цээж, зүүн тохой, хүзүү, баруун шууны цус хуралт, зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д/ зааснаар бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн болох нь:

- Хохирогч Т.М-ын “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн үед А над руу залгахаар нь би Сансарт явж байна чи машинтай явж байгаа юм чинь хороололд хүргээд өгөөч...” гэсэн юм. Тэгээд Х, А бид 3 хорооллын эцэст явж байгаад А-ийнд орсон. А-ийн гэрт ороод гал тогооны өрөөнд нь А, Х бид 3, 4 том 2 литрийн пиво ууцгаасан. Пиво ууж дуусчхаад гаръя гээд Х намайг татаад сэрээсэн. Тэгээд Х согтчихсон олон юм яриад зогсож байтал А гал тогооны шүүгээнээс жижиг хутга гаргаж ирээд “манай гэрт ирээд агсам согтуу тавилаа” гээд Х руу хутга бариад дайрч гадуурх хүрмийг нь урахаар нь би дундуур нь ороод А-ийг бариад авсан.

Тэгтэл А миний хоолойг боогоод хутга хүзүүнд тулгахаар нь би хутгыг нь ходуулах гэтэл миний гарыг зүсчихсэн. Тэр үед Х-г Ж хөөгөөд гаргачихсан байсан. Тэгээд хутгыг салгасны дараа намайг түлхээд газарт унагаагаад миний дээр гараад нүүр рүү олон дахин гараараа цохисон. Тэгтэл дүү Ж нь ирээд дагз руу нэг удаа өшиглөөд А-ийг миний дээрээс татаж босгохоор нь би том өрөө рүү зугтаж орсон.

Бид 2 хутга булаацалдаж хутга газарт унахад А намайг дэгээдэж газарт унагаад дээрээс олон дахин цохиж учруулсан гэмтлүүд байна. Харин дагзны ар тал руу Ж ирж өшиглөсөн. А миний дээр гарчихсан намайг цохиж байхад Ж ирж нэг удаа ар дагз руу өшиглөсөн юм...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч А.Х-н “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр би эхнэрийнхээ дүү М-тай 100 айлд уулзаад гадуур явж байтал М-ын найз А гэх залуу бид хоёрыг Сансараас очиж аваад бид 3 хороололд ирсэн. Тэгээд М 1 том 2.5 литр пиво аваад бид 3 А-ийнд орж уухаар болсон.

Тэгээд А гэх залуугийн гэрт нь очиж гал тогооны өрөөнд нь ороод 1 том пиво ууж дуусгачхаад дахиад А-ийн гэрээс 2 том 2.5 литрийн пиво аваад ууж байтал гаднаас үл таних 2 залуу орж ирсэн. Тэгээд тавуулаа пиво ууж сууж байгаад би цаг хартал шөнийн 03 цаг өнгөрч байхаар нь явах гээд М ширээ дэрлээд унтаад байхаар нь баруун хацар руу нь нэг алгадаад сэрээсэн.

Тэгтэл гаднаас орж ирсэн 2 үл таних залуу явлаа гэхээр нь би хамт явъя гээд босож байтал М сэрж ирээд та явахгүй надтай хамт яв гээд намайг заамдаж газарт унагаагаад дээрээс нүүр рүү 2 удаа цохиж байтал А цаанаас нэг жижиг хутга авч ирээд над руу дайраад “манай гэрт ирээд агсам тавилаа” гээд миний гадуурх хүрмийг зүүн талаас 2 удаа хутгаар зүсээд тэгээд би бултсан чинь миний хүрэмний цээж хэсэгт хутгаараа мөн нэг удаа зүсээд тэгтэл хажуу өрөөнөөс А-ийн дүү гарч ирээд намайг газраас босгоод шууд гадагш гаргасан. Тэгээд би гадагш гараад цагдаа дуудаад байр руу ортол М үүдэн дээр нь гараас нь цус гарчихсан сууж байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч А.Х-н “...2021 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагийн үед найз А гэртээ дуудсан. А-ийнд очиход М, М-ын хүргэн ах А 3 пиво уугаад сууцгааж байсан.

М-ын хүргэн ах нь М-ын толгой руу нэг удаа алгадаж сэрээж байсан. Тэр үед нь би үүдний хаалган дээр Гадастай хамт хувцсаа өмсөж байсан. Тэгтэл гал тогоонд М хүргэн ахтайгаа заамдалцаад зогсож байсан. Тэгтэл А хажууд айл байдаг болохоор та 2 хурдан яваа би энэ хоёрыг аргалаад салгаад гаргаад явуулчихна гэж хэлээд Г бид хоёрыг гаргасан. Тэрний дараа юу болсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Э.С-ын “...2021 оны 01 дүгээр сарын 17-нд Баянгол дүүргийн 13 дугаар хороо 2а-54 тоотод хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага мэдээллийг өглөөний 6 цагт аваад дуудлагаар очиход орцны үүдэнд М гэх залуу хөл нүцгэн, баруун гарын хуруу нь зүсэгдсэн байдалтай зогсож байсан.

Тэгээд 54 тоот айлд ороход, ...угаалгын өрөөнд нь цустай орны даавуу байсан. Тэгээд гэрээс нь хутга хайгаад шүүгээ сав гал тогооны өрөө гээд бүх газруудыг нь нэгжээд хутга олоогүй, ...дуудлага өгсөн М гэх залуугаас ямар шалтгааны улмаас дуудлага өгсөн, юу болсон талаар асуухад “А гэх залуу намайг зодсон, харин дүү нь гарч ирээд бид хоёрыг салгасан” гэсэн тул А гэх залуу болон М гэх залууг аваад дуудлагаасаа гарч ирсэн. А, М гэх 2 залуу дунд зэргийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч З.Т-ний “...дуудлагаар эргүүлийн цагдаа С-ын хамт очиход орцны үүдэнд М гэх баруун гарын дунд хуруу зүсэгдчихсэн, цус гарсан байдалтай зогсож байсан, ...гэрт орж дуудлага өгсөн гэх залуугаас юу болсон талаар асуухад М гэх залууг А гэх залуу зодсон. Тухайн үед дүү Ж нь гарч ирж салгасан гэсэн. Тэгээд хутганы талаар асуухад М гэх залуу “А гэх залуу намайг зодож, хутга гаргаж ирээд над руу дайрч миний гарыг зүссэн, харин дүү Ж нь гарч ирээд А-ийг над дээрээс татаж босгосон” гэсэн тул А-ээс хутга хаана байгааг асуухад мэдэхгүй, манайд ямар ч хутга байхгүй гэхээр нь гэрт хутга хайсан боловч олоогүй. Тухайн үед гэрт нь цус болсон зүйл байгаагүй харин угаалгын өрөөнд цустай орны даавуу байсан. Тэгээд гэрээс нь хутга хайгаад шүүгээ сав гал тогооны өрөө гээд бүх газруудад хутга хайсан боловч олоогүй...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэг шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн *****дугаартай “...Т.М-ын биед баруун нүдний дээд, доод зовхи, дух, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын 3 дугаар хурууны шарх, цээж, зүүн тохой, хүзүү, баруун шууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч М.Ж нь дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй гэж гэм буруугийн талаар маргасан.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогч Т.М-ыг газарт унасан, шүүгдэгч Г хохирогчийн дээр гарчихсан түүнийг цохиж байхад шүүгдэгч М.Ж нь тэднийг салгахдаа хохирогчийн ар дагз руу өшиглөсөн гэх хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр “...дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт...” бүхий гэмтлүүд тогтоогдсон талаар дүгнэсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй. Иймд хохирогч Т.М-ад учирсан гэмтэл нь шүүгдэгч нарын дээрх үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Мөн хуульд зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж нь нотлох баримтгүй байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл ба, шүүгдэгч Г, М.Ж нар нь бүлэглэн хохирогч Т.М-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г, М.Ж нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд уг гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал болон бусад гэм хорын зардалд хохирогч Т.М нь 3.270.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримтаар тогтоогдож байгаа 128.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул тэднийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.142.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Т.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Г, М.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчид учирсан хохирол төлбөрт баримтаар тогтоогдож байгаа 128.000 төгрөгийг төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч Гд 600.000 төгрөгийн, шүүгдэгч М.Ж-д 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Г, М.Ж нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдгээрт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гэд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Ж-эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлаас гадна цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын халдвар өндөр, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн. 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ыг хуульчилсан байдаг ба энэ зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэсэн зохицуулалтад дээрх нөхцөл байдал нийцнэ.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 21050021500410 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г, М.Ж нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт М-ы А, Ш овогт М-ы Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Ж нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулин ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г, М.Ж нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г, М.Ж нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.М-ын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3.142.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Т.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г, М.Ж нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Г, М.Ж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г, М.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ДАЛАЙХҮҮ