| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00316/и |
| Дугаар | 325 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 325
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Баруутуруун сумын Баян-Айраг багт оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОД62072215, Тайж овогтой Пэрэнлэйн Батхүүд холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.545.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Батхүү нь 2014 онд “Сум хөгжүүлэх сан”-аас 5.000.000 төгрөгийг тахиа худалдан авах зориулалтаар төслийн хүрээнд жилийн 2 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатайгаар авсан болно. Уг зээлийн гэрээний дагуу төлөгдөж дуусаагүй үлдэгдэл болох 1.500.000 төгрөг нь гэрээний хугацаа дуусаад есөн сараар хугацаа хоцролттой явж байна. Энэ хугацаанд ажлын хэсэг албан мэдэгдэл, Засаг даргын албан шаардлага хүргүүлэн ажилласан болно. Иймд үндсэн зээл болох 1.500.000 төгрөг алданги 45.000 төгрөг нийт 1.545.000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно” гэжээ.
Хариуцагч болон хариуцагч П.Батхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баруунтуруун сумын Засаг даргын нэхэмжилсэн 1.545.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэхэд төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгчийн Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг дарга С.Лхагвасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн П.Батхүүгийн гаргасан 2 сарын хугацаанд /6 дугаар сарын 17-ны өдөр гэхэд/ өр төлбөрөө барагдуулахаар гаргасан хүсэлтийг танилцлаа. Хариу тайлбарыг зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг дарга нь хариуцагч П.Батхүүгээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.545.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Батхүү нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1.545.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь дээрх хугацаанд үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч П.Батхүүгээс 1.545.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 39.670 төгрөгийн 50 хувь буюу 19.835 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн Хаан банк дахь 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Батхүү нь “2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн дотор 1.545.000 /нэг сая таван зуун дөчин таван мянга/ төгрөгийг төлж барагдуулахаар” нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын “Сум хөгжүүлэх сан”-ийн зөвлөлийн дарга, Баруунтуруун сумын Засаг даргын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч П.Батхүүгээс 19.835 /арван есөн мянга найман зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 1500000941 тоот дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА